Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д.Шинэбал Хохирогч Л.Ёндон Шүүгдэгч Саарлынхан овогт Мөнхийн Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Энхболдод холбогдох 2023000000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Алдархаан сумын Мандаат багт хувийн мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Саарлынхан овгийн Мөнхийн Энхболд /хоч нэр Батзана/, регистрийн дугаар ИА77112815.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч М.Энхболдыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.Энхболд нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10-11 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг дэвсгэр “Буурлын ар” гэх газарт “Малаа өвөлжөө рүү битгий туу” гэж хэллээ гэсэн шалтгаанаар иргэн Л.Ёндонтой маргалдаж, улмаар түүнийг газар унагааж гараараа нүүр болон бусад газарт нь цохиж зодож “баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хянга ясны хугарал, хамрын таславчны муруйлт, зүүн хацарын төвгөрт, баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт, нурууны ар хэсэгт цус хуралт” гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 269 дугаартай “...Иргэн Л.Ёндонгийн биед: баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хянга ясны хугарал, хамрын таславчны муруйлт, зүүн хацрын төвгөрт ,баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт, нурууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлтээр /хх-ийн 16-р хуудас/ хохирогч Л.Ёндонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Л.Ёндонгийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч М.Энхболд учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогч Л.Ёндонгийн өгсөн: “...Тэр өдөр манай өвөлжөө рүү малаа бэлчээхээр нь адилхан мал маллаж амьдрах гэж байж битгий өвөлжөө рүү малаа бэлчээгээд бай гэсэн чинь бууц нь чинийх болохоос бусад газар чинийх юм уу гээл намайг хавсарч унагаад хэд хэдэн удаа цохисон. Үүнээс болж би Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаад ирсэн. Эмчилгээтэй холбоотой гарсан 3,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч М.Энхбодын өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэдгийг ойлгож байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Л.Ёндонгийн өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн үед Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Буурлын ар” гэх газарт хонио хариулаад явж байгаад Батзана дээр очсон юм. Би Батзанад “миний дүү адилхан амьдрах гэж байж манай өвөлжөө рүү малаа битгий туу” гэсэн чинь Батзана надад хандаж “бууц нь чинийх, бусад газрыг чи мэддэг юм уу?, Буурлын арыг тэр чигээр нь чи мэддэг болчихсон юм уу?, чамайг гэрчгүй, сорвигүй алаад зээгт аваачаад хаячихна шүү” гээд намайг тонгорч дээш нь харуулж байгаад гараа дээлийнхээ ханцуйгаар ороож битүүлж байгаад миний нүүр, цээж рүү нэлээн хэдэн удаа цохисон юм. ...Батзана намайг зодож байхыг харсан хүн байхгүй. Батзана намайг хөдөө хээр зодсон юм. Би ирээд эхнэртээ хэлсэн учраас манай эхнэр Алтанцэцэг мэдэж байгаа. ...Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, нуруугаар хатгаж байгаад гайгүй болсон, эмнэлэгт үзүүлсэн чинь хамрын таславч мурийлттай, баруун талдаа хянга хугарсан, зөрөөтэй, баруун талын нүдний ухархайн дотор хана 2.4 см урттай, 0.8 см гүн цөмөрсөн хугаралтай гэсэн онош тавьсан. ...Би маш их гомдолтой байна. Миний нүд ямар нэг зүйлийг 2 болгож хараад байна. Цаашид хараагүй болчихвол яах юм бэ?. Энэ нөхөрт хуулийн дагуу арга хэмжээ авахгүй бол хүн амины хэрэг гаргах нь байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/ - Гэрч Т.Алтанцэцэгийн өгсөн: “...Тэр өдөр намайг гэртээ байж байтал манай нөхөр Ёндон өөрийнхөө 95845152 дугаарын утсаар миний 98305152 дугаарын утас руу 11-ээс 12 цагийн үед залгаж “Батзана намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд хонио туугаад 13-аас 14 цагийн үед гэртээ ирэхээр нь би юу болсон талаар нь асуусан чинь “Батзана намайг зодчихлоо, чи Чагнаадорж руу яриад цагдаа дуудаадах” гэхээр нь би өөрийнхөө 98305152 дугаарын утсаар Чагнаадоржийн 92060644 дугаарын утас руу ярьсан чинь Чагнаадорж хөдөө явж байна гэсэн юм. ...Манай нөхрийн баруун талын нүдний дээд хэсэг нь жаахан зурагдаад шалбарчихсан байсан, мөн шанаа нь хөх хүрэн болоод цус хурчихсан байсан, нуруу нь хөхөрчихсөн байсан. Эмнэлгээс гарсан онош нь баруун ухархайных нь яс цөмөрч хугарсан байна гэсэн.Манай нөхөр надад хэлэхдээ намайг хавсарч унагаад цээжин дээр сууж байгаад зодсон гэж ярьсан. Одоо манай нөхрийн баруун талын нүд нь угруугаа халуу оргиж өвдөөд орой болохоор халуураад байгаа. Үүнээс өөр өвдөж байгаа зүйл мэдэгдэхгүй байна. ...Манай охин Бямбасүрэн аймгийн төвд дадлага хийж байсан юм. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүүхдээ дуудаад манай охин мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/ - Гэрч Ё.Бямбасүрэнгийн өгсөн: “...Манай аав 2020 оны 08 дугаар сарын 06- ны өдөр манай сумын Мандаат багийн нутаг “Бууралын ар” гэх газарт Батзана ахад зодуулсан гэж манай ээж Алтанцэцэг надад утсаар ярьж хэлсэн юм. ...Намайг хөдөө гэрт очиход манай аав надад “өчигдөр Батзанад зодуулчихсан хөдөлж болохгүй байна, нуруу өвдөөд байна” гээд хэвтэж байсан юм. Зүүн талын нүдний зовхи, шанаа нь хөхөрчихсөн байсан, нүд хамрын орчимд жаахан халцарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Гэрч Г.Чагнаадоржийн өгсөн: “...Алтанцэцэг эгч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 59 минутад над руу 98305152 гэсэн дугаараасаа 2 удаа залгасан байсныг би сонсоогүй. Би Балдандорж руу чатаар яасан юм ахын дүү юу болов гээд comment хэсэгт 12 цаг 29 минутад миний 92060644 гэсэн дугаар руу 95845152 гэсэн дугаараас ярьсан. ... Алтанцэцэг эгч надтай ярихдаа Ёндонг Батзана зодчихлоо. Ёндон ахын чинь хамар нь мурийсан байдалтай бие нь өвдөөд хониндоо явж чадахгүй байна гэж ярьсан. ...Батзана Ёндон ахын өвөлжөө рүү хонио хариулснаас болсон гэсэн. Батзана Ёндон ахыг хавсарч унагаагаад дээр нь сууж байгаад нүүр рүү нь цохисон гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, - Шүүгдэгч М.Энхболдын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед намайг хонио хариулаад байж байсан чинь Ёндон гуай ирээд “Чи өвөлжөө битгий идүүлээд бай, малаа ийш нь битгий туугаад бай” гэхээр нь би “Бууц нь чинийх болохоос биш бусад газар нь чинийх биш” гэж хэлсэн чинь “Чи намайг зодлоо” гэхээр нь би Ёндонг барьж аваад хавсарч унагаасан юм. Тэгж хавсарч унагаахдаа мөрөн дээрээс нь барьчихсан байсан гараараа Ёндонгийн нүүр лүү цохичихсон юм. Тэгээд бид хоёр салаад Ёндон малаа туугаад гэр лүүгээ чиглээд явсан. Би хонин дээрээ үлдсэн. ...Намайг зүгээр хонио хариулаад явж байхад Ёндон ирж өөрийнх нь өвөлжөө рүү “хонио хариуллаа” гэж хэлснээс болсон юм. ...Би Ёндонг 1 удаа хавсарч унагаасан. Ингэхдээ мөрөн дээрээс нь барьж байсан гараараа нүүр, хамар хэсэг рүү 1 удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. ...Баруун нүдний орчимд жаахан зурагдсан байсан, өөр юм ажиглагдаагүй. ...Би Ёндон ахаас уучлалт гуйсан, мөн хохирлоо төлөхөөр тохиролцсон байгаа. Би портер маркийн машинаа зарж хохирлыг нь төлөхөөр болсон байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч М.Энхболдын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Энхболдын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ёндонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч М.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Л.Ёндон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч М.Энхболдоос нэхэмжлэх эрхтэй. Хохирогч Л.Ёндон нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн улмаас надад 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учирсан. Хохирогч М.Энхболд надад 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн. Үлдсэн хохирлыг гаргуулж өгнө үү” гэв. Хохирогч Л.Ёндон нь мөрдөн байцааалтын шатанд хохиролтой холбоотой 861099 /найман зуун жаран нэгэн мянга ерэн ес/ төгрөгийн баримт ирүүлсэн байна. Үүнээс шүүх эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой 792,460 /долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг шүүгдэгч М.Энхболдоос гаргуулж, хоол хүнс, ундаа зэрэг зүйлд зарцуулсан 68,639 /жаран найман мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хохиролтой холбоотой баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч М.Энхболдоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Энхболд шүүхийн шатанд хохирогч Л.Ёндонд 800,000 /найман зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Энхболдыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх М.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч М.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.Энхболд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч М.Энхболд нь бусдыг цохих үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч М.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч М.Энхболдын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч М.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Энхболдын хувьд ногдох эд хөрөнгө болох 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 10 ямаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч М.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Саарлынхан овгийн Мөнхийн Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхболдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхболдод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Энхболд хохирогч Л.Ёндонд 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлснийг дурдаж, 68,639 /жаран найман мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хохиролтой холбоотой баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч М.Энхболдоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Энхболдын хувьд ногдох эд хөрөнгө болох 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 10 ямаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ