| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0017/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/52 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 12.3.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/52
2022/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Буяндалай
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Иргэдийн төлөөлөгч: Ц.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Агийн Бт холбогдох эрүүгийн 2112001540302 дугаар хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Батцэнгэл .......... суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Агийн Б/РД:ХМ............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн ............. гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, 15 нас, 02 сар, 23 хоногтой хохирогч Б.Хгийн хүсэлт зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлд нь байгааг далимдуулан хүчээр бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн буюу бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Насанд хүрээгүй хохирогч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумаас манай “Гэр бүл хөгжлийн газрын дэргэдэх түр хамгаалах байр”-нд ирж байрлаж байсан. Хохирогч нь ирэхдээ бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байсан. Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолоор миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр орсон байгаа. Бид хохирогчийг түр хамгаалах байранд байх хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ боловсролын үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээг тасралтгүй хүргэж ажилсан. Одоо 01 дүгээр сарын 27-ны өдөр Хгийн ээж Б гэх эмэгтэйд түүний хүсэлтийн дагуу болон хохирогчийн хүсэлтийн дагуу ээжийнх нь асрамжийн дагуу түр хамгаалах байрнаас гаргаж хүүхдийг өгсөн байгаа. Хэргийн тухайд хохирогч маань насанд хүрээгүй, 15 настай, хамт амьдарч байсан ээжийнхээ нагац ах болох А.Баас удаа дараа хүүхдийн эрхийг зөрчиж байсан хүүхдийн эсрэг үйлдэл хийдэг байсныг Хгийн мэдүүлэг зэргээр харж болно. Сэтгэл санааны хувьд сэтгэл зүйн дарамтад орсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Бид цаашдаа хохирогчийн сэтгэл санааны байдлыг засахын тулд өөр байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа гарах төлбөр мөнгийг иргэний журмаар тухай бүрд нь нэхэмжлээд явна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2112001540302 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн өгсөн:
“...2021 оны 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө миний ээжийн төрсөн ах болох А.Б гэх тал пивотой өөрөө пиво уусан байдалтай гэртээ ирсэн. Тэгээд Сийг хойд хуц ухна байгаа байран дээр очиж хоно гээд явуулсан. Би Сийг гаднаас явуулж өгөөд орж ирэхэд А.Б ах гэртээ тал 0.5 литрийн савтай пиво тавьсан ууж байсан. Тэр пивоноос надад сэнжтэй цайны аягаар 6 удаа шахаад уулгасан. Тэгээд пиво нь дууссан. Тэгээд толины урд байсан ваартай монгол архийг аваад жижиг хундагаар ууж эхэлсэн. Тэр архинаас надад 7-8 удаа шахаж байгаад уулгасан. Архи дуусаад А.Б ах баруун талын орон дээр унтах гээд хэвтсэн, миний толгой эргээд эвгүй оргиод байхаар нь би гарч бие засчихаад зүүн талын орон дээр хувцастайгаа хөнжлөө нөмрөөд унтаж байхад А.Б ах миний орон дотор ороод ирсэн. Тэгээд миний бэлхүүсээр тэврээд хүзүүн дээр үнсээд байсан. Би А.Б ахыг болиоч гээд түлхээд А.Б ах болихгүй байсан. Улмаар миний дотуур хувцас болох түрсикийг бага зэрэг доошлуулаад миний бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Тэгээд би уйлаад та болиоч би таныг ээжид хэлнэ шүү гэж хэлсэн. Тэгээд энэ үйл явц 15-20 минут үргэлжлээд намайг уйлаад байхаар А.Б ах болиод өөрийн унтаж байсан ор руугаа яваад өгсөн. Тэгээд намайг өөрийн ор руугаа дуудаад намайг очиход саяны явдлыг хүнд битгий хэлээрэй хэрвээ хүнд хэлвэл яахыг мэдэж байгаа биз дээ гээд айлгаад байсан. Тэгээд би өөрийн унтаж байсан орондоо ороод унтаад өглөө 07 цагт босоод А.Б ах, Сэ нарт хоол хийж өгсөн. Шөнө болсон явдлыг Сэд хэлж чадаагүй. Тэгээд өдөр хониндоо өөрийн ээж рүүгээ залгаж болсон явдлын талаар хэлсэн. Яг энэ үйл явдал болоход А.Б ах бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Үйл явдал болох намайг цохиж зодоогүй, миний хоолойг боосон. Өмнө нь буюу 3-4 хоногийн өмнө хонь, хуц, ухна нийлүүллээ гээд миний толгой болон нүүр рүү цохисон, лай болохоор зай бол чамайг алчихаад шоронд явж чадна шүү гэж загнаж байсан. Миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн өөр зүйл хийгээгүй. Би өөрийн хөл болон гараараа түлхсэн мөн уйлсан, ээжид хэлнэ шүү гэж хэлсэн. Миний биед шарх гэмтэл мөн өмсөж байсан хувцасанд урагдал гэмтэл үүсээгүй. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-46 дугаар тал/
*Гэрч А.Бгийн өгсөн:
“...Анх 2021 оны 09-р сарын 07-ны өдөр үдээс хойш над руу утсаар залгаад ээжээ гээд уйлаад А.Б ах урьд шөнө надад монгол архи, пиво уу гээд шахаад байсан. Тэгээд унтах гээд хэвтсэний дараа намайг оролдоод миний хүзүүн болон уруул дээр үнссэн бас турсик дотор нь гараа хийгээд бэлэг эрхтэнг нь оролдоод байсан гэж ярьсан. Миний охин Б.Х бол нэг их нээлттэй хүүхэд биш их дотогшоо хүүхэд би өөрийн охин Б.Хтай байнга утсаар ярьдаг надтай л бүх зүйлээ ярьдаг өөр хүнд нэг их нээлттэй яриад байдаггүй ээ. Би Б.Хг төрүүлээд хамт байж байгаад амьдралын боломжгүй шалтгааны улмаас хүүхдээ хөдөө байдаг өөрийн ээж рүүгээ явуулсан юм. Тэгээд Б.Х тэндээ сургуульд сууж байгаа, хичээлийн амралт тааруулаад Улаанбаатар хот руу ирж надтай хамт хэд хонодог байсан. Надад энэ талаар ярьж байгаагүй, би Б.Хгийн чатын кодыг мэддэг учраас байнга шалгадаг Б.Хд найз банди болон үерхдэг хүүхэд одоогоор байхгүй. Б.Х өмнө бэлгийн харилцаанд орж байгаагүй, энэ талаар Б.Х надад яриагүй ээ. А.Б гэх хүн нэлээд ууртай намайг хүүхэд байхад маш их зоддог байсан. Одоо ч гэсэн ууртай хэвээрээ хөдөө байдаг хүүхдүүдийг зоддог гэж би сонссон маш их зандрангуй дээрэлхүү хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/
*Гэрч Ч.Огийн өгсөн:
“...Манайх Улаанбаатар хотод байж байгаад хөдөө буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт 2013 онд нүүж ирсэн санагдаж байна. Б.Х нь 2013 оны сүүлээр над дээр ирж миний гар дээр өссөн хүүхэд байгаа юм. Б.Хгийн ээж нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд тухайн үед амьдралын боломжгүй болоод над дээр хүүхдээ үлдээсэн. Б.Хгийн аав нь ямар хүн байдгийг эмээ нь мэдэхгүй, над дээр байх хугацаанд аав нь гэж хүн огт ирээгүй, миний охин А.Б нь Б.Хгийн эцгийн талаар юм хэлдэггүй байсан. Одоо энэ асуудлыг шийдэж дуусахаар эмээ нь Б.Хг ээжид нь өгөх бодолтой байна. Эмээ нь нарийн ширийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хамт амьдарч байсан зээ охин Б.Хг л оролдсон гэж эмээ нь сонссон. Тухайн үйл явдал болох үед би Улаанбаатар хотод явж байсан. Тэгээд Архангай аймагт байх гэртээ ирэхэд Б.Х нь надад хэлэхдээ Болдоо ах намайг айлгасан, намайг оролдсон тэгээд цагдаад хэлээд Болдоо ахыг цагдаа аваад явсан гэж хэлсэн. өөр юм хэлээгүй, хэд хоногийн дараа хүү А.Б нь гэртээ ирэхэд юу болсон талаар асуухад юм хэлэхгүй, дугарахгүй байсан, тэгээд би болохгүй юм хийсэн байна даа л гэж ойлгосон. А.Б нь миний мэдэхийн Б.Хг цохиж зодсон асуудал гаргаж байгаагүй, даалгасан ажил, хэлсэн үгийг нь биелүүлэхгүй болохоор хааяа нэг загнаж, үглэж харагддаг, цохиж зодсон асуудал гаргаж байгаагүй. Миний хүү А.Б нь хүнд их тусархаг, хааяа архи дарс уудаг болсон, залуудаа эхнэр аваад салсан, нэг хүүхэдтэй бөгөөд салаад 20 орчим жил болсон байна, эхнэр хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг сурагтай, холбоо барьдаггүй юм, одоо Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт амьдарч байгаа, айлын том хүү байгаа юм. Бага наснаасаа эцэг, эхийн хажууд өссөн, 10 жилийн сургуулийн Улаанбаатар хотод 8 дугаар ангийг Нийслэлийн 17 дугаар сургуулийг төгссөн, 1990-1992 онд цэргийн алба хаасан хүүхэд байгаа юм...”гэх мэдүүлэг/хх-ийн 124-125 дугаар тал/
*Гэрч Ж.Мын өгсөн:
“...Ж.М миний бие нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн засаг даргын ажлыг 2016 оноос хойш одоог болтол хийж байна. Б.Х гэх сургуулийн сурагч хүүхэд нь А.Бтай 2014 оноос хойш хамт нэг гэрт амьдарч байгаа. Нэлээн хэдэн жил амьдарч байгаа. Б.Х нь А.Бын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Б.Хгийн ээж нь хотод амьдардаг, Б.Х нь эмээ дээрээ өссөн. Намайг багийн засаг даргын ажлыг хийх хугацаанд А.Б нь Б.Хг цохиж зодсон талаар юм сонсогдоогүй, би энэ талаар мэдэхгүй байна, зодлоо гэж юм сонсоогүй. Би нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Гайгүй байдаг байх. А.Б нь манай багт малчин, хуц ухна хардаг байсан бөгөөд ажилсаг, хөдөлмөрч зантай, архи дарс уугаад байдаггүй, хааяа жаахан уудаг байх, ээж, Б.Х, бас нэг бандитай хамт амьдардаг. Улаанбаатар хотод амьдарч байгаад манай багт шилжиж ирсэн хүн байгаа юм. Эхнэр авч байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Манай нутагт ирээд эхнэр авч байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 138-139 дүгээр тал/
*Яллагдагч А.Бын өгсөн:
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Б.Хг оролдсон нь үнэн. Б.Хг уйлахаар нь би өөрийн үйлдлээ зогсоосон. Бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 334 дугаартай:
“...Б.Хгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Х нь бэлгийн бойжилт олсон. Охин хальс хуучин гэмтэлтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 342 дугаартай:
“...А.Бын биед бэлгийн замын халдварт өвчин байхгүй болно...” гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 396 дугаартай:
“...Б.Хгийн нян судлал, ийлдэс судлалын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 80-81 дүгээр тал/
*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай:
“...Шинжлүүлэгч А.Б нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Шинжлүүлэгч А.Б нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан. Шинжлүүлэгч А.Б нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэг хариуцах чадвартай. Шинжлүүлэгч А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй тул албадан эмчилгээ хийлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт/хх-ийн 128-129 дүгээр тал/
*Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн төрсний бүртгэлийн лавлагаа, түүний насыг тоолсон тэмдэглэл/хх-ийн 108-109 дүгээр тал/
*Архангай аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйчийн сэтгэл зүйн дүгнэлт/хх-ийн 169-176 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаар
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б 2021 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Шовх толгой гэх газарт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 15 нас, 02 сар, 23 хоногтой насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн хүсэлт зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн буюу бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн хүчиндсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Энэ гэмт хэргийг шүүгдэгч А.Б үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн”...2021 оны 09 сарын 06-наас 07-нд шилжих шөнө миний ээжийн төрсөн ах болох А.Б тал пивотой өөрөө пиво уусан байдалтай гэртээ ирсэн. Тэгээд Сийг хойд хуц ухна байгаа байран дээр очиж хоно гээд явуулсан. Би Сийг гаднаас явуулж өгөөд орж ирэхэд А.Б ах гэртээ тал 0.5 литрийн савтай пиво тавьсан ууж байсан. Тэр пивоноос надад сэнжтэй цайны аягаар 6 удаа шахаад уулгасан. Тэгээд пиво нь дууссан. Тэгээд толины урд байсан ваартай монгол архийг аваад жижиг хундагаар ууж эхэлсэн. Тэр архинаас надад 7-8 удаа шахаж байгаад уулгасан. Архи дуусаад А.Б ах баруун талын орон дээр унтах гээд хэвтсэн, миний толгой эргээд эвгүй оргиод байхаар нь би гарч бие засчихаад зүүн талын орон дээр хувцастайгаа хөнжлөө нөмрөөд унтаж байхад А.Б ах миний орон дотор ороод ирсэн. Тэгээд миний бэлхүүсээр тэврээд хүзүүн дээр үнсээд байсан. Би А.Б ахыг болиоч гээд түлхээд А.Б ах болихгүй байсан. Улмаар миний дотуур хувцас болох түрсикийг бага зэрэг доошлуулаад миний бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Тэгээд би уйлаад та болиоч би таныг ээжид хэлнэ шүү гэж хэлсэн. Тэгээд энэ үйл явц 15-20 минут үргэлжлээд намайг уйлаад байхаар А.Б ах болиод өөрийн унтаж байсан ор руугаа яваад өгсөн. Тэгээд намайг өөрийн ор руугаа дуудаад намайг очиход саяны явдлыг хүнд битгий хэлээрэй хэрвээ хүнд хэлвэл яахыг мэдэж байгаа биз дээ гээд айлгаад байсан. Тэгээд би өөрийн унтаж байсан орондоо ороод унтаад өглөө 07 цагт босоод А.Б ах, Сэ нарт хоол хийж өгсөн. Шөнө болсон явдлыг Сэд хэлж чадаагүй. Тэгээд өдөр хониндоо явахдаа өөрийн ээж рүүгээ залгаж болсон явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Бгийн”...2021 оны 09-р сарын 07-ны өдөр үдээс хойш над руу утсаар залгаад ээжээ гээд уйлаад А.Б ах урьд шөнө надад монгол архи, пиво уу гээд шахаад байсан. Тэгээд унтах гээд хэвтсэний дараа намайг оролдоод миний хүзүүн болон уруул дээр үнссэн бас турсик дотор нь гараа хийгээд бэлэг эрхтэнг нь оролдоод байсан гэж ярьсан. Миний охин Б.Х бол нэг их нээлттэй хүүхэд биш их дотогшоо хүүхэд би өөрийн охин Б.Хтай байнга утсаар ярвдаг надтай л бүх зүйлээ ярьдаг өөр хүнд нэг их нээлттэй яриад байдаггүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Огийн”...Ямар ч байсан хамт амьдарч байсан зээ охин Б.Хг л оролдсон гэж эмээ нь сонссон. Тухайн үйл явдал болох үед би Улаанбаатар хотод явж байсан. Тэгээд Архангай аймагт байх гэртээ ирэхэд Б.Х нь надад хэлэхдээ Болдоо ах намайг айлгасан, намайг оролдсон тэгээд цагдаад хэлээд Болдоо ахыг цагдаа аваад явсан гэж хэлсэн. өөр юм хэлээгүй, хэд хоногийн дараа хүү А.Б нь гэртээ ирэхэд юу болсон талаар асуухад юм хэлэхгүй, дугарахгүй байсан, тэгээд би болохгүй юм хийсэн байна даа л гэж ойлгосон...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мын”...Б.Х гэх сургуулийн сурагч хүүхэд нь А.Бтай 2014 оноос хойш хамт нэг гэрт амьдарч байгаа. Нэлээн хэдэн жил амьдарч байгаа. Б.Х нь А.Бын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Б.Хгийн ээж нь хотод амьдардаг, Б.Х нь эмээ дээрээ өссөн. Намайг багийн засаг даргын ажлыг хийх хугацаанд А.Б нь Б.Хг цохиж зодсон талаар юм сонсогдоогүй...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын хүч хэрэглэж эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байдлыг нь далимдуулан бусдын хүсэл зоригийн эсрэг хурьцал үйлдсэн, хохирогчтой бэлгийн харилцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хууль дахь хууль тогтоогчийн албан ёсны тайлбарт “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгохоор, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Х нь шүүгдэгч А.Бын төрсөн дүүгийн хүүхэд бөгөөд бага наснаас эхлэн эмээ Б.О болон нагац ах А.Б нартай хамт нэг гэрт амьдарч байсан талаар гэрч болон насанд хүрээгүй хохиргч нар мэдүүлсэн тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч А.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн бэлэг эрхтэнд өөрийн хуруугаа хийсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, мөн шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүнийг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт цугларсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанаар нэхэмжлэх зүйлгүй, цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул энэ зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч А.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин насанд хүрээгүй хохирогч цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүний эсрэг, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч А.Быг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүний эсрэг, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Одгэрэл нь шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.Бын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тогтоосон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай байна дүгнэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч А.Б нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй, түүний ар гэрийн буюу ээж нь өндөр настай ганцаараа байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялаас доогуур ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Учир нь шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийн эсрэг дээрх гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.Бын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгчийн овгийг А гэхийг Агваанцэрэн гэж буруу бичсэн, мөн гэрч Б.Огийн мэдүүлгийг бичихдээ А.Б гэж нэрийг нь ташаа бичсэн байгааг бичиг техникийн алдаа гэж үзсэн, А.Быг яллагдагчаар татсан тогтоол болон ял шалгах хуудсанд түүний овог нэрийг зөв бичсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд саад болохуйц нөхцөл байдал үүсгэхгүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Агийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүний эсрэг, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 9/ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 9/ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 92/ерэн хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн зардлыг шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийг дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧИД Р.АЛТАНЦЭЦЭГ
Б.ОТГОНЦЭЦЭГ