| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0192/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/194 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/194
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Хохирогч Б.*******
Иргэний хариуцагч Л.*******
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус сумын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох 1932000000176 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Завхан аймаг Тэлмэн суманд **** оны **** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сумын ***** дугаар баг, ******* **** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Шүүгдэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Гачуурт” гэх газарт 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Б.*******г дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд; 1.Шүүгдэгч П.******* нь мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 25-ны орой модоо ачиж дуусчихаад машиндаа ус нэмчхээд уулын дээш өгссөн зам руу нийлэх гээд хойш ухарч байх үед, хамт явсан ******* урд гарч зогсоод надад дохио зангаагаар “жолооны хүрдээ баруун, зүүн тийш нь дар” гэж зааж өгч байсан юм. Тэгээд уулын дээш өгсдөг ховилтой зам руу ухарч ороод тэгээд уул өөд нэлээн өндөр хаазтайгаар хөдөлгөөн эхэлсэн. Өгсөөд багцаагаар 30 орчим метр явж байх үед баруун гар талаас нүдний буланд нэг юм харагдах шиг болсон. Яг тэр тэр үед нь би, юу билээ гэж бодмогцоо коонс, тоормосоо гишгээд зогссон юм. Би тэр даруй буугаад эргэн тойрноо харсан чинь ******* байхгүй, би машин доогуураа харсан чинь хүн байхаар нь ******* гээд дуудсан чинь хөдлөхгүй байсан ба тэр хүн ******* байсан. ******* машины тэнхлэг доор, дарагдаад ямарч хөдөлгөөнгүй байсан ба нас барчихсан байх шиг байхаар би сандарч, тэр чигтээ түрүүлээд явсан *******, нарт хэлэхээр уулын өөд гүйсэн юм. Би хамт мод бэлтгэсэн Л.*******ын эзэмшлийн 3ил-131 маркийн СБА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Машины тэвшин дээр 16 ширхэг хуурай гуалин мод ачсан байсан. Яг дээш хөдөлж байхад баруун гар талд машинаас 7-8 орчим метрийн зайд ******* зогсож байсан. Уулын өөд, ховилтой замаар өгсөж байгаа болохоор өөрийнхөө талын буюу зүүн гар талаа харж явсан. Яагаад гэхээр машиныг ховилоос нь гаргахгүйн тулд, мөн машины хамраас 3 орчим метрийн зайд зам харагддаггүй учраас зүүн талаа ихэвчлэн харж явсан. Би баруун талд нүдний буланд юм харагдах үед машинаа шууд зогсоосон. Яг тэр үед машины леботек хэрэглэх шаардлага байгаагүй. Би *******г машины урдуур гэнэт ороод ирнэ гэж огт бодоогүй. Яах гэж урдуур орох болсныг мэдэхгүй байна. Зам шавартай, замын нөхцөл муу байхад ямар зорилгоор машины урдуур орж ирсэн юм бол, хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж байна. Асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаа. Яг тухайн үед ******* бид хоёроос өөр хүн байгаагүй, хамт явсан *******, нар машинтайгаа түрүүлээд өгсөөд явсан байсан. Болсон явдлыг хол ойроос харсан хүн байхгүй байхаа гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-69-р ху/,
2.Шүүгдэгч П.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр модонд явж байгаад хамгийн сүүлчийн модоо ачаад урд талд ******* машинтайгаа түрүүлээд явсан. Араас нь талийгаач ******* бид хоёр явсан. Мод ачаад явж байсан зам нэлээн өгсүүр хальтиргаа шавартай байсан тул талийгаач машинаас буугаад “ийшээ дар тийшээ дар” гэх мэтээр надад зааж чиглүүлж өгч байсан. Тэгээд удалгүй машин хүч алдаад нэг ховил руу орсон. Тэгтэл талийгаач “одоо эрчтэйхэн шиг хаазлаад яваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаазаа нэмээд хүчтэйхэн явсан. Талийгаач замын хажууд дагаад явж байсан. Нэлээн өгсөөд явж байтал нүдний өмнө нэг зүйл бүртэсхийх шиг болсон. Тэр даруйд нь зогсоод машинаа тойрч харахад талийгаач харагдахгүй байсан. Машиныхаа доогуур хартал талийгаач дарагдсан байсан. Би сандарсандаа урд талд явж байгаа ******* дээр очоод энэ тухай хэлсэн. Тэгээд ******* бид хоёр буцаад ирсэн. ******* ирээд талийгаачийг “өнгөрсөн байна” гэж хэлээд цагдаа дуудахаар явсан. Харин би тэр газартаа үлдсэн. Миний бие энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй ч гэсэн нэг хүний алтан амь нас хохирсонд маш их харамсаж байна. Хохирлын хувьд бүгд 3.150.000 төгрөг төлсөн. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Энэ асуудал болсон цагаас хойш миний бие сэтгэл санааны хувьд маш хэцүү байсан. Үнэхээр их харамсаж байна. гэх мэдүүлэг,
3.Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Миний дүү Б.******* 1977 оны 07 дугаар сарын 11- нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд айлын 5 дахь хүү болж төрсөн, 1 ах, 3 эгч, 2 дүүтэй байсан, бүрэн дунд боловсролтой, ямар нэгэн өвчин хуучгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед байхаа миний ажил дээр орж ирээд надаас тамхины мөнгө 5000 төгрөг аваад гарсан. Хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй. Тэр өдрөө л уул руу явсан юм байна лээ. Би тэр өдрөөс хойш 2 хоног харагдахгүй болохоор нь асууж сураглахад *******той хамт уул руу мод бэлтгэхээр явсан гэж сонссон юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дүүгээ ууланд нас барсан тухай хүмүүсийн ярианаас сонсож мэдсэн юм. Миний дүү Б.******* 2008 онд Буян-өлзий гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхлээд 2010 оны 03 дугаар сард охинтой болсон. Одоо охин нь 9 настай юм. 2016 онд эхнэр нь өөр хүнтэй суугаад гэр бүл салсан юм. Түүнээс хойш миний ээжтэй амьдарч байгаад ээж маань энэ оны 5 дугаар сард нас барсан юм. Хэдийгээр зам тээврийн осол санаатай биш ч гэлээ миний дүүгийн алтан амь үрэгдлээ, маш харамсалтай байна. Хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,
4.Хохирогч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Миний дүү ******* нь манай ээжтэй хамт амьдардаг байсан. Ээж нь маань 2019 оны 05 дугаар сарын 20-нд нас барснаас хойш дүү маань ганцаараа нэг гэрт амьдарч байсан юм. Модон явсан гэх өдрийнхөө урд өдөр нь над дээр ирээд “аниа мах чанаж идмээр байна” гэхээр нь би мах өгөөд явуулсан. Маргааш нь над дээр ахиад ирэхэд нь би “картнаас мөнгө авах хэрэгтэй байна” гэхэд дүү маань “би яваад ирье” гээд явсан. Тэгээд 10 орчим минутын дараа мөнгө авч ирж өгөөд “тамхины мөнгө өгчхөөч” гэхээр нь би 5,000 төгрөг өгсөн. Тэгээд гараад явсан. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа ч бүтэн сайн өдөр манай нөхөр “дүүгийнд очиход гэртээ байхгүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд би тэр оройноос эхлээд сураглаж эхэлсэн. Утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь буюу 1 дэх өдөр гэдэг найз руу нь залгаад “манай дүү хаагуур явааг мэдэхгүй биз” гэж асуухад “хөдөө ажлаар явж байна гээд утасных нь сүлжээ орж гараад ярьж байсан” гэж надад хэлсэн. Ингээд маргааш нь ахиад дүүгийнхээ утас руу нь залгаж үзэхэд бас л холбогдохгүй байсан. Би ажил дээрээ яваад очтол зах дээр зогсдог нэг найз маань “танай дүү чинь аваарт орсон гэж сонслоо, зүгээр биздээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би хэн тэгж хэлсэн юм бэ?” гэхэд “одоогоор сайн тодорхой мэдсэн зүйл алга” гэж хэлсэн. Ингээд ярьсан хүнийг нь ирэхээр нь асуутал “өчигдөр талхны цех дээр танай дүүгийн овог нэрийг бүтнээр нь хэлээд машинд дайруулчихсан байна гээд яриад байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь дүүгийнхээ найз руу залгаж “хүмүүс манай дүүг машинд дайруулсан гэж яриад байна чамд сонссон зүйл байна уу” гэхэд “би юу ч сонсоогүй” гэж хэлсэн. “Хэнтэй явсан юм бол” гэж асуухад “*******той хамт явсан” гэж хэлсэн. Би *******ын гэрийг хаягийг нь мэддэг болохоор тэднийх рүү явж байтал замд дүүгийн маань найз залгаад “эгчээ наад яриа чинь үнэн юм байна, овог нэртэйгээ таарч байна” гэж хэлсэн. *******ынд очиход ******* байхгүй эхнэр нь байхаар нь “Хүмүүсийн яриад байгаа зүйлийн талаар асуухад “баттай сураг сонсоогүй нэг тиймэрхүү зүйл яригдаад л байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манай дүү танай нөхөртэй цуг модонд явсан юм уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Тэгээд би тэднийхээс гараад цагдаа сэргийлэхээс асууж байгаад дүүгээ нас барсан болохыг олж мэдсэн. Хэдийгээр энэ явдал золгүй байдал боловч би ганц дүүгээ алдсандаа үнэхээр их харамсаж байна. Надад үнэхээр хэцүү байна. Би гомдолтой байна гэх хэцүү гомдолгүй байна ч гэж хэлэх хэцүү байна. Хуулийн дагуу л шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,
5.Иргэний хариуцагч Л.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би компанитай мод зөөх гэрээ хийсэн. Тэгээд *******тай би гэрээ хийгээд түүнийг цалинжуулахаар ярьж тохироод өөрийнхөө машиныг бариулсан юм. Нэгэнт би өөрийн эзэмшлийн машиныг шилжүүлж өгсөн нь үнэн тул иргэний хариуцагчаар татагдсан. Тэгээд хохирогчид учирсан хохирлыг төлнө. Гэхдээ бөөнөөр шууд өгөх боломж муу байгаа. ...гэв
6.Гэрч Л.*******ын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би П.*******, Б.*******, нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас мод бэлтгэхээр 2019 оны 08 дугаар сарын 22-нд явсан юм. Би Зил-131 маркийн ОРХ улсын дугаартай автомашиныг, харин П.******* миний эзэмшлийн 3ил-131 маркийн СБА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан бөгөөд тухайн газарт очоод 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Иэнбэрс” компаний модыг бэлтгэсэн юм. Ингээд мод бэлтгэж дуусаад 17:00 цагийн үед бид 2 машинтайгаа уул өөд өгсөөд явсан. Бид хоёрыг нилээд дээш буюу 500 орчим метр явж байхад ******* явганаар гүйцэж ирээд “******* машин доогуур орчихлоо” гэж айж сандарсан байдалтайгаар хэлсэн юм. Тэгэхээр нь бид хоёр мод ачсан машинаа үлдээчхээд *******ын хамт уул уруудаад очиход *******ын жолоодож явсан машины тэнхлэг доор ******* дарагдаад нас барчихсан байсан юм. Ингээд би буцаж дээш өгсөж машинаа жолоодоод давааны орой дээр гарч модоо тэр дор нь буулгачхаад цагдаагийн байгууллагад мэдээлэхээр машинтайгаа явсан юм. Явсаар байгаад 2019 оны 08 дугаар сарын 26-ны 01:00 цагийн үед “Шивэрт” гэх газарт утасны сүлжээ орохоор нь болсон явдлын талаар цагдаагийн хэлтсийн жижүүрт мэдэгдсэн ба цагдаагийн хэлтэс рүү очсон юм. ******* надад “машинаа жолоодоод уул өөд хазлаад эрчтэй өгсөж байсан чинь ******* баруун талаас гэнэт гарч ирээд машины купер дээр суух гэсэн оролдлого хийх шиг болоод алга болчихсон, яг тэр үед зогсоод бууж харахад машинд дайруулаад нас барчихсан байсан” гэж хэлсэн. Автомашин ховилтой замаар дээш өгсөх үед хий эргээд явахгүй байх үед нь леботек /автомашин өөрийгөө чирэгч/ -ний тороосыг модноос ороохын тулд машин дагаж явган явалгүй, машинд сууж, буулгүйгээр амарчилж автомашины купер дээр сууж явах тохиолдол гараад байдаг юм, түүнийг хэлж байгаа юм. Бид нар ууланд очоод 3 хоносон байсан. Бидний хэн нь ч архи, дарс хэрэглээгүй байсан. Би “Иэнберс" компанийн модонд явдаг гэрээт жолооч юм. Мод бэлтгэх эрхийн бичигт нь үндэслэсэн хяналтын хуудсыг авч явж мод бэлтгэ гэж зааж өгсөн газраас нь модыг бэлтгэдэг юм. Би өөрөө ажилчин олоод явдаг юм. Хөлсний ажилчиддаа “Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж бай” гэж компаний зүгээс дэвтэр өгсөн. Би тэр дэвтрийг ер нь ашиглаагүй бөгөөд хамт ажиллаж байгаа грушикүүддээ болгоомжтой ажиллах талаар байнга анхааруулж зааварчилдаг юм. Уг автомашин миний эзэмшлийн автомашин мөн болно. Тухайн авто машины тэвшин дээр нь 14-15 ширхэг хуурай нарсан гуалин ачсан байсан. П.******* В, С, Е ангиллын тээврийн хэрэгслүүдийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө надтай хамт мод бэлтгэлтээр явж байсан. Түүнээс хойш хамт яваагүй байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 22-ны захын хажууд тааралдаад “модонд явж байна уу, ажил хайж байна” гэхээр нь “одоо модонд явах гэж байна” гэж хэлсэн чинь “хамт явъя” гээд явсан юм. Нэг ачаа мод бэлтгэхэд 60,000 төгрөг төлдөг юм. П.*******, Б.******* хоёрын хооронд ямар ч маргаан болоогүй. Миний машин замыг нь тагласан байсан болохоор модны татлагыг татаж дуусаад түрүүлээд хөдөлсөн. Араас тэр хоёр ирэх байсан юм. Гэвч харамсалтай нь ******* машинд дайруулж нас барсан байсан юм. 3ил-131 машины дугуйгаар үүсгэгдсэн, уул өөд өгссөн гүнзгий ховил бүхий тод зам юм. Замын хажуугийн ойр орчмоос мод бэлтгэж ачаад тухайн замаар өгсөж уруудаж явдаг юм. Бидний мод бэлтгэх өдрүүдэд бороо орсон, халтиргаатай байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р ху/,
7.Гэрч Б.ын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Л.*******, П.*******, Б.******* бид нар ууланд мод бэлтгэж дуусаад бэлтгэсэн моднуудаа 2 машинд хувааж ачаад, эхлээд Л.******* бид хоёр уул өөд өгссөн. Харин П.*******, Б.******* нар араас хөдөлнө гээд үлдсэн юм. Л.******* 3ил-131 машинаа жолоодоод дээш өгсөөд машин хүч алдаж дугуй нь хий эргэсэн газарт би машинаас нь бууж леботекны троссыг модонд өлгөж явсан. Тэгээд дээш өгссөөр байгаад бараг уулын орой дээр гарах үед намайг леботекний тороос модонд өлгөх гээд зогсож байхад доороос хүн орилоод байсан. Би юу болсон юм бол гээд хараад байж байтал ******* амьсгаадсан байдалтайгаар гүйж ирээд жолооч *******той уулзаад, тэр хоёр доошоо яаруу, сандруу уруудсан. Тэгэхээр нь би тэдний араас явсаар байгаад очиход *******, ******* нарын машин байсан газрын ойролцоо *******ын жолоодож явсан 3ИЛ 131 маркийн автомашин уул өөд өгсөх ховилтой зам дээр зогссон байсан бөгөөд машин доор нь ******* нас барчихсан байсан юм. Тийм юм хараад миний зүрх салгалаад дахиж ойртож хараагүй бөгөөд бид буцаад “хурдан явж цагдаагийн байгууллагад мэдэгдье” гэж шийдсэн юм. ******* тухайн үед “би одоо яах вэ” гээд уйлж унжаад байсан. Машинтай дээш өгсүүр рүү зүтгүүлж явахад ******* леботекны тороосыг хэрэглэх гэж байсан байх, “гэнэт хажуу талаас орж ирээд дайрагдчихлаа” гэж яриад байсан Угаасаа тэр газарт леботекний тросс модонд өлгөж машинаа гаргадаг газар юм. Леботекний тороос хэрэглээгүй байдалтай байсан. Бид нар ууланд 2-3 өдөр мод бэлдсэн. Осол болсон өдөр сүүлийн өдөр байсан. Эхний 2 өдөр бэлдсэн модоо ачиж давааны орой дээр орхисон чиргүүл рүүгээ цагаалахаар уул өөд машин өгсөх үед ******* машиндаа суулгүйгээр леботекний троссыг хэрэглэхийн тулд машины купер дээр үсэрч суучхаад байсан юм. Тэгээд тухайн өдөр бас л купер дээр нь үсэрч суух гэж байгаад л осолдсон байх гэж таамаглаж байна. Яг тухайн газарт зөвхөн бид 4 л байсан, өөр хүн ойр хавьд байгаагүй. Бид нар ууланд 4-5 хоног болсон. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй, бүгд л эрүүл байсан. ******* бид хоёр тухайн газарт леботек ашиглаж гарсан. Тэр газарт машин яалт ч үгүй хий эргэдэг юм. Би тросс өлгөдөг том модны хожуулыг хөрөөдсөн, тэгэхгүй бол хажуугаар нь гарч байгаа машины ачаа тээглээд байсан юм. Тэр газраар гарахад заавал леботек хэрэглэхгүй бол гарахгүй учраас леботек хэрэглэх гэж байгаад гэнэдчихсэн байх гэж бодож байна. ******* биднийг “Иэнберс” гэдэг компаний модыг бэлтгэнэ гээд модонд авч явсан юм. Бид нар модонд явахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. Зам бол хэцүү дээ, шавартай, гарсан зам нь гүнзгий ховилтой. өгсүүр газар учраас ер нь байнга машины дугуй хий эргэж леботек хэрэглүүлж явдаг бартаа саад ихтэй уулын зам юм. Намайг хүмүүс Жагаа гэж дууддаг юм. Тэд миний бүтэн нэрийг гэдэг байх гээд гэж мэдүүлсэн байх, осол болсон газарт гэдэг нэртэй хүн байгаагүй болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р ху/,
8.Гэрч П.ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний дүү ******* 8-р анги төгссөнөөсөө хойш нэг хэсэг хугацаанд Зүүнхараа дахь мод боловсруулах үйлдвэрт, мөн уул уурхайн компанид ажилласан. Одоогоор манай ээж 74 настай тэй хамт амьдарч байгаа бөгөөд тодорхой орлого байхгүй. Мөн банк санхүүгийн байгууллагад өр зээл байхгүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Төлөв даруу зантай. Нэг хэсэг хугацаанд Өмнөговь аймгийн уул уурхайн компанид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд тэр ажлаа хийхээ болиод Мандал суманд ирж зүгээр сууж байхаар гээд хүмүүстэй нийлж модонд явж ажлын хөлс авна гээд ажилладаг байсан. Тэгээд жолооч болохоор ЗИЛ-131 маркийн машин жолоодсон байх. Гэхдээ ууланд ер нь машин барьж байгаагүй байх. П.*******ад бол хохирол төлөх ямарч боломжгүй. харин ар гэрийнхэн бид нар хохирлыг төлж өгнө гэж үзэж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху,
9.Гэрч Б.ын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би П.*******ыг танихгүй, уг хүн манай компанид ажилладаггүй. Л.******* бол манай компанид гэрээгээр модонд явдаг жолооч юм. Сүүлийн хэдэн жил гэрээгээр ажиллаж байгаа юм. Манай компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 2 дугаар багийн нутаг “Майн өндөр уулс” гэх ерөнхий нэршилтэй газрын “Гангат” гэх газраас дээрх хугацаанд мод бэлтгэж байсан. Би Б.******* гэдэг хүнийг бол танихгүй. Миний ойлгосноор бол уг хүн Л.*******той хамт модонд явсан гэсэн. Манай компаний ажилчин биш юм. Би Л.*******д хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Харин зааварчилгааны дагуу Л.******* мод бэлтгэж байгаа хүмүүстээ зааварчилга өгдөг эсэхийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,
10.Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 06- ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач Б.*******гийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагз яснаас гавлын дунд , арын хонхор , суурь ясны нийлмэл хугарал, аалзан бүрхэвч доорх цус харвалт, эрүүний яс, баруун, зүүн, 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгт яс, сүүжний зүүн дэлбэн, зүүн шилбэ ясны далд хугарал, хүзүү цээж, хэвлий баруун зүүн гарын бугалга, шуу, зүүн ташаа, баруун зүүн гуя, шилбэнд зулгаралт, хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчин, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зам тээврийн осол гэмтлийн үед үүсгэгдсэн байх боломжтой. 2.Талийгаач Б.*******гийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл юм. 3.Талийгаач Б.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. гэх дүгнэлт, /хх-ийн 58-59-р ху/,
11.Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт: 1.“Зам”-тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан хучилттай буюу шороон зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, унадаг дугуйн зам, тусгаарлах зурвас замд хамаарна;, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15 “зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг зам гэнэ. “Зам тээврийн осол” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал юм. Дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн. 2.Зил-131 маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заапт зөрчсөн. 3.Явган зорчигч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: д/ “ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалт зөрчсөн. 4.Зил-131 маркийн маркийн улсын дугаартай автомашины жолооч П.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан, явган зорчигч Б.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. ...гэх дүгнэлт, /хх-ийн 52-р ху/
12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /ххийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /ххийн 03-15-р ху/, хохирогчийн болон хохирлын талаархи баримтууд, /хх-ийн 28-38–р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, /хх-ийн 17-18-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /ххийн 19, 24, 32,-р ху/, “ИЭНБИРС” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр /хх-ийн 20-23-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 50,60 -р ху/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 51-57-р ху/,задлан шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 58-59-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 63-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 65-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 72-75, 77-78, 90-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 76-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 68-69-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл ,/хх-ийн 86-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 83-р ху/, оролцогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 84-р ху/, гэрч, хохирогч, хариуцагч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Гачуурт” гэх газарт 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед зам тээврийн осол гаргаж иргэн Б.*******г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын талаархи баримтууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, “ИЭНБИРС” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, задлан шинжилгээний дүгнэлт, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч, хохирогч, хариуцагч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч П.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэрэг гарахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгох нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг ялтан П.*******ад үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй. Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” мөн хуулийн 499-р зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар овогт гийн *******ыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс иргэний хариуцагчаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Хохирогч талаас оршуулгын зардалд хэрэгт авагдсан баримтаар 8.116.472 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс шүүгдэгчийн урьдчилан төлсөн гэх 3.150.000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 4.966.472 төгрөгийг иргэний хариуцагч Л.*******оор төлүүлэх нь зүйтэй. Харин хохирогчийн амьд ахуйдаа ХААН банкинд цалингийн зээл гэж шүүхийн шийдвэрээр төлж байсан гэх төлбөрийг иргэний хариуцагчаар төлүүлэх эсэхийг энэ шүүх хурлаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй. Учир нь энэ зээлийг хэзээ хаанаас авсан, яагаад шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлөх болсон зэрэг нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолооны №331535 тоот үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсд даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч П.*******ад үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.*******ад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгчийн жолооны №331535 тоот үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, СДИ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
7.Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1, 499.4-д зааснаар иргэний хариуцагч Л.*******оос оршуулгын зардал 4.966.472 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын **** багийн гудамж **** тоотод оршин суух овогт ий *******д олгож, 3.328.979 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8.Шүүгдэгч П.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН