| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0382/Э |
| Дугаар | 0006 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0006
Ө.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгч Ө.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, Л.Ц Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолтой, Ө.Б-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ү овогт Ө-н Б,
Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд аймгийн сумын баг “Х” хотхоны ертөнцийн зүгээр урд зүгт байрлах зүүн тийш харсан хаалгатай агуулахад нэвтрэн орж 4 ширхэг бүтэн үхрийн мах, 35 ширхэг хонины гулууз мах, 24 ширхэг үхрийн шийр, 6 ширхэг үхрийн толгой, 2 ширхэг үхрийн гэдэс зэргийг хулгайлж 8.236.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ү овогт Ө-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. зааснаар шүүгдэгч Ө.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-н цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б- урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 2018 оны 01.03-ны хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1 гэх зүйл ангиар эрүү үүсэж шалгагдаж цагдан хоригдсон. Миний бие тус өдөр хорооллын “Х” хотхоны урд байрлах өөрийн ах болох Б-н найз О-н грашнаас мах авч зарахдаа Б-д утсаар ярьж грашны түлхүүр асуухад гэрт компьютерийн ширээний шургуулганд байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү нөгөө мах авах хүнтэйгээ очиж грашны түлхүүр аваад буцаад граш руу дагуулж очиж махыг тухайн хүнд зарсан. Тэгээд өөрийн ах болох Б рүү утсаар ярьж мах зарчихлаа гэж хэлээд 300.000 төгрөг ахдаа өгсөн. Иймд хохирогч гээд байгаа О-д учруулсан хохирол гомдол байхгүй, тулгаад байгаа 17.1 зүйлийн 2.1 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие нь надад тулгаад байгаа 17.1.2 гэх зүйл анги 3 жилийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Орхон аймгийн анхан шатны шүүх нь миний биеийг хүчээр тулган тасалсанд гомдолтой байна. Иймд миний бие нь давж заалдах хуралдаа өөрийн биеэр оролцох 3 хүсэлтэй байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Ө овогтой Б-д холбогдох эрүүгийн хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.12-ны өдрийн 395 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Ө.Б-г “бусдын хөрөнгийг нууц, далд аргаар тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Ө.Б-н үйлдэл нууц аргаар, үйлдэгдсэн гэмт хэрэг эсэхийг шийдвэрлэхдээ эд хөрөнгийн эзэн буюу хохирогч О түүнд махыг зараад өгөөч гэж хэлээгүй байхад авсан талаар дүгнэлт хийсэн. Хохирогч О-с махыг зарах талаар асуугаагүйг Б, хохирогч О, мөн яллагдагч Ө.Б өөрөө мэдүүлдэг, харин махыг зарчих уу гэж Бнс асууж, гражийн түлхүүр хаана байгааг Б-с асууж махыг авч зарсан болох нь хэрэгт нотлогдсон. Махыг нь зарах үед хохирогч болон Б нар нь өөр өөр аймагт ажлаар явж байсан үед хэрэг учрал болсон нь нотлогдсон. Хохирогч тухайн махыг зарах эсвэл гэрч Б-г бууз баншны цехдээ бууз банш хийхдээ хэрэглээрэй гэж зөвшөөрлийг өгснөө, мөн Б-д махыг урь идэхээс өмнө махыг зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан зэрэг нь хэрэгт нотлогдсон. Эдгээр нотлогдож байгаа байдлаас “нууц аргаар” хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Нууц арга гэдэг нь хэнд ч өөрийн үйлдлээ мэдэгдэхгүй, бусдад мэдэгдэхгүй, үзүүлэхгүй далдлах зорилготойгоор үйлдэгддэг арга бөгөөд гэрч Б-с махыг зарчих уу гэж асуугаад түлхүүрийг нь заалган аваад байгаа нь нууц далд аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрч Б-с гражийн түлхүүр байгаа газрыг заалган, түлхүүрийг авч махыг зарсан нь тусгайлан хамгаалсан агуулах саванд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл гэж үзэх эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Гражийн түлхүүрийг хохирогч О, Б-д өгсөн талаар мөрдөн байцаалт болон шгүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба гэрчээс түлхүүрийг авч махыг зарсан нь тусгайлан хамгаалагдсан агуулах саванд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь заалтыг үндэслэн гэм буруутай үйлдэл нотлогдохгүй байна гэж үзэж байх тул Ө овогтой Б-д холбогдох эрүүгийн хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.12-ны өдрийн 395 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ө.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Б-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 4 дүгээр зүйлийн 1.д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа,анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд аймгийн сумын багийн “ Х” хотхоны урд зүгт байрлах иргэн Ц.О-н гражийн зориулалттай агуулахын цоожийг нь онгойлгон нэвтрэн орж, агуулахад байсан үхрийн бүтэн мах 4 ширхэг, хонины гулууз мах 35 ширхэг, үхрийн шийр 24 ширхэг, үхрийн толгой 6 ширхэг, үхрийн гэдэс 2 ширхэг зэргийг хохирогчид мэдэгдэлгүй нууцаар хууль бусаар авч 8 236 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б-г тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нь хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ө.Б нь төрсөн ах Ө.Ба-с мах хадгалсан байсан гражийн түлхүүрийг авч дотор нь байсан махыг зарж борлуулж мөнгийг нь авсан гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Ц.О нь өөрийнхөө эзэмшлийн грашид хадгалж байсан мах, махны төрлийн дайвар бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, захиран зарцуулах зөвшөөрлийг Ө.Ба болон түүний дүү Ө.Б нарт өгөөгүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Б нь хохирогч Ц.О-н эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 8 236 000 төгрөгийн үнэлгээ бүхий мах, бусад дайвар бүтээгдэхүүнийг 1 700 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж, мөнгийг нь өөртөө зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гэж тодорхойлсон байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Ч болон шүүгдэгч Ө.Б нарын мэдүүлэгт “2017 оны 12 дугаар сарын сүүлчээр” гэж дурьдсан байх тул тухайн гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хохирогч Ц.О-н хөрөнгөө хадгалж байсан граж нь машин хадгалах зориулалттай боловч бусад эд хөрөнгө хадгалах боломжтой, цоожтой, тусгайлан хамгаалагдсан агуулах сав гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ө.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын 5 давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Ө.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА