Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0567

 

Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.З*******баатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаП.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, хариуцагч татварын улсын байцаагч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэртэй, Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С*******гийн Т*******ын улсын байцаагч Б.Э*******, Ц.З******* нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн С*******гийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э*******, Ц.З******* нар Э******* ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2,504,894,3 мянган төгрөгийн зөрчилд 246,773,4 мянган төгрөгийн нөхөн татвар, 123,262,7 мянган төгрөгийн торгууль, 106,3 мянган төгрөгийн алданги, 738,4 мянган төгрөгийн хүү, нийт 370,880,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 0006856 тоот актыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэн, тус компанид шуудангаар явуулжээ.

Иймд С*******гийн Т*******ын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарым 23-ны өдрийн 0006856 тоот актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С*******гийн Т*******ын улсын байцаагч Б.Э*******, Ц.З******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн компани нь Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны борлуулалт болох үндсэн үйл ажиллагааны 2,483,512.6 төгрөгийн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д тусган Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлогын заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар худалдах зориулалттай шинээр баригдсан орон сууцны байр, түүний хэсэгт 13.1.8 дахь заалт буюу Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт үйлчлэхгүй гэсэн байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээ гэсэн заалтыг тус тус зөрчсөн учир акт тогтоосон гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2. 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С*******гийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006856 тоот актыг хүчингүй болгуулах тухай Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Э******* ХХК нь 2012 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 48 дугаар байрыг барьж 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба зохих тайланг харъяа татварын албандаа татварын хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь тайлагнаж иржээ.

 

2012 оны санхүү болон татварын тайлан мэдээнд борлуулалтын орлогоо тусгахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу үйл ажиллагааны орлогоор бүрэн тусган оруулсан байна.

Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасныг мөрдлөг болгосон.

Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал-ын 4.2.2-т Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн борлуулалтад тооцон ногдуулна гэж заасан бөгөөд Жишээ нь: Барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч Т компани 128 айлын орон сууцны зориулалттай барилгыг 2007 оны 4 дүгээр сард барьж эхэлсэн бөгөөд уг барилгыг 2008 оны 6 дугаар сард ашиглалтад оруулж, бүх байрыг зарсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт болон хасалтыг эцсийн борлуулалт хийгдсэн 2008 оны 6 дугаар сард хийнэ гэж тайлбарлажээ. Гэтэл хариуцагчийн тайлбарт 77 айлын орон сууцнаас 73 нь зарагдсан, 4 байр л үлдсэн байсан. Өөрсдийнх нь байр гэж байсан. Улсын комисст 71 айлаар хүлээлгэн өгсөн тул 2012 онд 100 хувь орсон байсан гэж үзсэн. Дээрх байдлаас харахад ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээгээр улсын комиссын акт гараагүй ч борлуулалт хийгдсэн, борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийн орлогын тайланд орлогоор тусгаад тайлагнасан ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа чөлөөлөх хэсэгт буруу тусгасан гэж бичжээ. Энд бүх байр зарагдаж дуусаагүй, 4 байр чухам хэнийх гэдэг нь баримтаар нотлогдоогүй, улсын комиссын акт гарч ашиглалтад хүлээж аваагүй байхад татварын байцаагчид өөрийн үзэмжээр ашиглалтад авсанд тооцсон байх юм.

Иймд борлуулалт тооцох нийт 2,7 тэрбум төгрөгөөс тухайн тайлант хугацааны 2012 онд 227,7 сая төгрөгт Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгийн борлуулалт бүрэн хийгдээгүй байсан тул эцсийн борлуулалт хийгдсэн үед нь Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцно гэж тооцоолоод, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягтад тухайн дүнг бичих мөр олдохгүй байсан тул хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн хүснэгтэд тавьсан байна. Өмнө хэрэглэгдэж байсан маягтуудад Дуусаагүй үйлдвэрлэл гэсэн мөр байдаг байхад хаана тусгах нь тодорхой байдаг байсан билээ.

Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх гэж заасны дагуу бодит зөвлөгөө, тайлбар өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Тус барилгыг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч 2013 оны жилийн эцэс гэхэд мөнгөө гүйцэд төлөөгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хараахан гараагүй байрууд бас л үлдсэн байсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд эцсийн борлуулалт нь хийгдээгүй 2,4 тэрбум төгрөгөөс 1,2 тэрбум төгрөгийг нь тусган оруулжээ.

Цаашид борлуулалт хийгдсэн тухай бүрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.1.2 дахь заалтын дагуу үлдэгдэл 1,2 тэрбум төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох борлуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж явах юм.

Хяналт шалгалт хийх явцдаа татварын байцаагчид тус компанийн нягтлан бодогчтой уулзаж санхүүгийн бүртгэл хөтлөлт, татварын тайлагналын талаар асууж тодруулаагүй, ямар нэгэн тайлбар аваагүй бөгөөд татварын актыг компанийн хаягаар шуудангаар илгээсэн байна.

Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана, 30 дугаар зүйлийн 30.1.5, 30.1.6-д заасан татварын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг зөрчин актаар өр үүсгэсэн байгаа нь татварын албаны гэм буруутайг харуулж байна.

УИХ-аас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль-ийг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус батлан гаргасан нь татварын шинэ орчинд татвар төлөгчид нэг ижил шинэ гарааны цэгээс ажиллаж эхлэх ёстой гэсэн зарчмын хэрэгжилт билээ. Мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд тунхагласан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчмыг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006856 дугаар актаар 2,504,894.3 мянган төгрөгийн зөрчилд 246,773.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 123,262.7 мянган төгрөгийн торгууль, 106,3 мянган төгрөгийн алданги, 738,4 мянган төгрөгийн хүү, нийт 370,880.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасныг мөрдлөг болгосон. Тус барилгыг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэвч 2013 оны жилийн эцэст өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байрууд үлдсэн байсан тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд эцсийн борлуулалт нь хийгдээгүй 2,4 тэрбум төгрөгөөс 1,2 тэрбум төгрөгийг тусган оруулсан. Иймээс эцсийн борлуулалт хийгдсэн үед нь нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцно гэж, хариуцагчаас ...Э******* ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны борлуулалт болох үндсэн үйл ажиллагааны 2,483,512.6 мянган төгрөгийн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д тусган нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх орлогын заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн гэж тус тус маргажээ.

Э******* ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 48 дугаар байр буюу 71 айлын орон сууцны борлуулалтын орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хэсэг-т тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй нь буруу байна. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй гэж заасныг нэхэмжлэгч зөрчжээ.

Учир нь энэхүү орон сууц нь 2010 оны 09 дүгээр сараас баригдаж эхлэн 2012 оны 12 дугаар сард ашиглалтад орсон байх бөгөөд захиалагч айл өрхүүд нь орон сууцандаа амьдарч, орон сууцны хэрэглээний төлбөрүүдээ төлж байсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн худалдахаар шинээр барьсан орон сууцны борлуулалтын орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 2012 оны 12 дугаар сард нийт борлуулалтын орлогыг 2,7 тэрбум гэж тайлагнасан ч нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаачөлөөлөх хэсэг-т буруу тусгасан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогджээ.

Э******* ХХК-ийн эрхэлсэн үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээнд хамаарч байгаа болох нь тус компанийн татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтууд зэргээр нотлогдсон байна.

Түүнчлэн Э******* ХХК нь 71 айлын орон сууцны барилгыг 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гаргаж, ашиглалтад оруулснаар эцсийн борлуулалт хийгдсэн гэж үзэх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бол эцсийн борлуултад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж зааснаар эцсийн борлуулалт хийгдсэнээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгах талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Учир нь тус компани 2,483,512.6 мянган төгрөгийн борлуулалтын орлогоо 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа хүлээн зөвшөөрч бүртгэсэн, оршин суугчид нь байранд орсон байсан, уг барилга байгууламжийг 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын комисс хүлээж авсан байх тул барилга байгууламж барьж борлуулсны орлого гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн тухайн орон сууцны эцсийн борлуулалт хийгдсэн үед нэмэгдсэн өртгийн албан татварыг тухай бүрт нь тайланд тусгах замаар тооцно, зарим байр нь одоо ч гэсэн зарагдаагүй байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан Э******* ХХК-ийн 9011062138 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Ц.Гантулга, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс С.Догмиддулам тус тус бүртгэгдсэн бөгөөд С*******гийн Татварын хэлтсээс 2013 оны 5 дугаар сараас эхлэн гүйцэтгэх захирал С.Догмиддуламтай харьцаж байсан болох нь түүнтэй ярилцлага хийсэн тэмдэглэл, Татварын улсын байцаагчийн актыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тус компанийн захирал Ц.Гантулга байхад татварын байгууллагаас түүнтэй огт харьцаж байгаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН