Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2020/0032

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ГХБХБГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгох”-ыг нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон байгууллагын ажилчдын төлөөлөгч газрын дарга К.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 218 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  конторын барилга барих зориулалтаар 324 м2 газар олгосон боловч  2017 онд улсын хөрөнгө оруулалтаар хөрөнгө нь шийдэгдэж, төсөв нь батлагдсан ба уг барилгыг нэг талаас хотын үзэмж, нөгөө талаас хүрэлцэхүйц төсөв батлагдсан тул хуучин барилгыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрлөөр нурааж сууринд нь шинэ барилга барьсан.  Байгууллагын эзэмшилд өмнө авсан 324 м2 газар нь байгууллагын балансад бүртгэлтэй, тухайн газрыг эзэмших гэрчилгээ, гэрээтэй,  сул чөлөөтэй газраар хэвээр үлдсэн. Уг газар нь байршлын хувьд  олон нийтийн орон сууцны бүсэд хамаардаг тул Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5, хамт олны тэмдэглэлийг үндэслэн  аймгийн Засаг даргад саналаа гаргахад уг саналыг дэмжээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/172 захирамжаар газрын анхны  зориулалтыг өөрчлөн орон эзэмшүүлсэн.  Уг газарт байгууллагын авто машины гарааж, агуулах, мөн орон сууцны барилгын нэг давхарт 30 000 гаруй газрын  нэгж талбарын хувийн хэрэг болон бусад баримт материал хадгалах архивын өрөөтэй, дээр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 12 айлын орон сууц барихаар шийдвэр гаргуулсан. Үүний дараа “Асгаткент” ХХК-тай гэрээ хийж, орон сууц барих ажлыг 2019 оны 04 дүгээр сараас эхэлсэн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аудитын газраас албан шаардлага ирсэн. Тухайн албан шаардлагад Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газрыг дуудлага худалдаанд оруулах гэсэн заалттай байсан. Тэрний дагуу бид  тайлбараа бичээд хүргүүлсэн. Аливаа газарт дуудлага худалдаа явуулах, бусдад газар эзэмшүүлж, өмчлүүлэх асуудал аудитын байгууллагын эрх мэдлийн асуудал биш учраас  уг албан шаардлагыг хуульд нийцэхгүй гэж үзнэ.  Газар эзэмшүүлэх өмчлүүлэх асуудал нь  бүх шатны Засаг даргын эрх хэмжээнд байгаа. Аймгийн Засаг дарга албан шаардлагыг зөвшөөрөөд 2019 оны А/172 дугаар захирамжаар өөрийнхөө өмнөх захирамжийг хүчингүй болгосон. Засаг дарга захирамж гаргахдаа эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг баримталсан. Гэхдээ энэ захирамж өөрөө хүчин төгөлдөр акт биш гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн зарчим байгаа. Зарчим гэдэг нь дагаж мөрдөх хэм хэмжээ. Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зохицуулалттай, А/106 дугаар захирамж гаргах болсноо манайд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй.

Хариуцагчаас шүүхэд “Төрийн аудитын газрын албан шаардлагыг биелүүлсэн” гэх тайлбар ирүүлсэн байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тухайн аудитын байгууллагын хийх ажлын хүрээг тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө.” гэж заасан. Гэтэл аймаг дахь Төрийн аудитын газар өөрт  хамаагүй асуудлаар бидэнд албан шаардлага хүргүүлсэн. 

Хуульд Үндэсний аудитын газрын бүрэн эрх, мөн орон нутаг дахь Төрийн аудитын газрын бүрэн эрхийг тусдаа заагаад өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан. Тиймээс уг Төрийн аудитын газрын албан шаардлага өөрөө хууль бус акт гэж үзэж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч талаас Төрийн аудитын газрын дарга М.Хуанган, ахлах аудитор М.Айнур нарыг гэрчээр асууж өгөх хүсэлт гаргасан. Гэрчээр асуугдсан М.Хуанган, М.Айнур нарын гэрчийн мэдүүлгээс харахад, Үндэсний аудитын газрын удирдамжийн дагуу шалгалт хийсэн гэсэн байна. Гэтэл уг удирдамжид заасан аудитын шалгалт нь 2015-2018 оны хоорондох газар өмчлөх, эзэмших аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй холбоотой асуудал байсан. Энэ нь  улсын хэмжээнд явагдсан.

Аудит хийх хугацаа нь 2019 оны 06 дугаар сарын 10-нд дуусаад, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шалгалтын дүн тайланг хүргүүлсэн. Уг тайлантай танилцаад санал хүсэлт байвал мөн өдөрт багтаан ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн байсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Үндэсний аудитын газраас ирүүлсэн удирдамж цаг хугацааны хувьд дууссан. Бүр 6 сар өнгөрсний дараа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр албан шаардлага хүргүүлж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа юм.

Засаг даргаас А/106 дугаар захирамжийг гаргахад үндэслэсэн орон нутаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага нь өөрөө хууль бус учраас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/106 тоот захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/172 тоот шийдвэртэй холбогдуулан аймгийн Аудитын газраас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 423 тоот албан бичгээр ирүүлсэн 01/115 ҮАГ-НАГ-2018/07-НА дугаартай албан шаардлагыг биелүүлж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/106 тоот захирамжаар 2019 оны А/172 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  нь аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 218 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргах үндэслэлээр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 324 м2 газрыг 60 жилийн хугацаагаар төрийн байгууллагын зориулалтаар эзэмшдэг байжээ.

Өлгий сумын тухайн 5 дугаар багийн нэр 11 дүгээр баг болж өөрчлөгдсөн байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/172 дугаартай “Байршил өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамжаар дээрх 218 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох хэсгээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан төрийн байгууллагын эзэмшлийн 324 м2 газрын байршлыг аймгийн ерөнхий архитекторын байршлын зургийн дагуу гэх үндэслэлээр өөрчилж 540 м2  газар болгож, нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, орон сууцны орчны газрын гадна талбайг 398 м2-аар тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А/106 дугаартай захирамж гаргаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасныг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/172 дугаартай “Байршил өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгожээ.

Хариуцагчаас  маргаан бүхий захиргааны актыг гаргасан үндэслэлээ “...Засаг даргын 2019 оны А/172 дугаар захирамжтай холбогдуулан аймгийн Төрийн аудитын газраас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 423 тоот албан бичгээр ирүүлсэн 01/115 ҮАГ-НАГ-2018/07-НА дугаартай албан шаардлагыг биелүүлж, А/172 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.” гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газрын 01/115 ҮАГ-НАГ-2018/07-НА дугаартай албан шаардлагаас үзэхэд  Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамжаар хийсэн “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх” сэдэвт нийцлийн аудитын явцад иргэдээс өгсөн мэдээллийн дагуу гэх үндэслэлээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 218 дугаар захирамж, 2019 оны А/172 дугаар захирамжийн үндэслэлийг хянаж, маргаан бүхий газарт нэхэмжлэгч байгууллагаас “Асгаткент” ХХК-тай  орон сууц барих гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр  ажилчдадаа орон сууц авахаар тохиролцсон, тус компани нь барилгын ажлаа эхлүүлсэн гэх үйл баримтыг дурдаж, аймгийн Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг болон Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзээд аймгийн Засаг даргын 2019 оны А/172 дугаар захирамжийг хүчингүй болгож, тухайн газрыг дуудлага худалдаагаар худалдах буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахыг шаардаж, аудитаар илэрсэн зөрчлийг арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг аймгийн Засаг даргад хариуцуулсан байжээ.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас дээрх байдлаар шалгалт хийхэд үндэслэсэн “Үндэсний аудитын газрын 2019 оны “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх” асуудлаар  шалгалт хийх аудитын төлөвлөгөө нэртэй баримтаас үзэхэд  ...2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үйл ажиллагааг  хамруулж шалгахаар байгаа ба аудитын гүйцэтгэлийн үе шатны ажлыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс, тайлагналын  үе шатны ажлыг 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэн гүйцэтгэж, аудитын нэгдсэн тайланг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор баталгаажуулж, холбогдох газарт хүргүүлэхээр заажээ. Уг төлөвлөгөөний дагуу Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас холбогдох шалгалтыг хийж, бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд холбогдох зөрчлийг илрүүлж, энэ талаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр10/100 ҮАГ-НАГ-2019/07/НА, 11/101 дугаартай албан шаардлага гаргаж байсныг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Гэтэл аймаг дахь  Төрийн аудитын газар нь  аудитын шалгалт хийх хугацаа өнгөрсөн  “Үндэсний аудитын газрын 2019 оны “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр , үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх” нэртэй аудитын төлөвлөгөөг үндэслэж, уг төлөвлөгөөнд тодорхойлсон 2015-2018 онд үл хамрах  аймгийн Засаг даргын 2011 оны 218 дугаар, 2019 оны А/172 дугаар захирамжууд нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх талаар нийцлийн аудит хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө.”, 5 дугаар зүйлийн 5.1-д “төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ.”, 5.4-т “Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана.”, 15 дугаар зүйлийн 15.2-т “төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараах бүрэн эрх эдэлнэ:”, 15.1.2-т орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно.”  гэж  тус тус зааснаас үзвэл төрийн аудитын байгууллага нь тухайн захиргааны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх хэмжээтэй байх ба харин Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Төрийн аудитын тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит гэдэг нь тухайн байгууллагын төсвийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж буй эсэхийг хянах мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан аудитын төрөл байна. 01/115 ҮАГ-НАГ-2018/07-НА дугаартай албан шаардлагад Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасан “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4.1-д “...дараах алдаа зөрчилд төрийн аудитын байгууллага албан шаардлага өгнө.” гэж заасныг тус тус баримтлахдаа эдгээр зохицуулалтуудыг зөрчиж, санхүүгийн үйл ажиллагааны улмаас илэрсэн төлбөр, санхүүгийн зөрчлийг барагдуулах асуудлаар биш Газрын тухай хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийсэн нь Төрийн аудитын тухай хуулийн зорилгод нийцээгүй, өөрт олгогдоогүй чиг үүргийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

            Ийнхүү өөрийн чиг үүрэгт үл хамаарах Газрын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар нийцлийн аудит хийж гаргасан 01/115 ҮАГ-НАГ-2018/07-НА дугаартай Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага нь тухайн асуудлаар аудитын шалгалт хийх эрх хэмжээгүй этгээдээс гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэлийг агуулсан илт хууль бус захиргааны акт байна.  Иймээс хариуцагчаас уг хууль бус шийдвэрийг биелүүлж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/172 дугаартай “Байршил өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож Засаг даргын 2020 оны А/106 дугаар захирамж гаргасан нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасантай нийцээгүй, ингэснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул А/106 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас А/106 дугаар захирамжийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй оролцогчийн хувиар сонсох, тайлбар санал гаргах боломж олгох зэргээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгч талаас маргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад дээрх ажиллагаа явуулаагүйг хүлээн зөвшөөрсөн ба ингэснээр хуулийн дээрх зохицуулалтыг мөн зөрчсөн гэж үзэх үндэслэл байгааг дурдах нь зүйтэй.

            Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус байгууллагын ажилчид болох Х.Асхар нарын 12 хүнээс гаргасан байх ба төсвийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм.  Харин тус байгууллагын ажилчид Х.Асхар нарын 12 хүнээс гаргасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хувийн эрх буюу Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг эдэлж, орон сууцаар хангуулах  эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой байх тул нэхэмжлэгч Х.Асхар нарын 12 хүнээс  улсын тэмдэгтийн хураамжид хуульд заасан журмаар 70 200 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.2.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгч тус байгууллагын ажилчид Х.Асхар нарын 12 хүнээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Асхар нарын 12 хүнд олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.РИЗА