Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 98

 

Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, Ц.Амармэнд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан хийж, Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2016/0045 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцацралын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.Түмэн-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 700 м.кв газрыг иргэн Г.Эрхэмбаярын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2017/0045 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амармэнд, Г.Амартүвшин нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжаар Д.Түмэн-Эрдэнэд газрын гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон.

Тухайлбал, /хх-ийн 40/ Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсанд Д.Түмэн-Эрдэнийн газар эзэмших талбайн хэмжээг 437 м.кв гэж тэмдэглэсэн ба түүний эзэмшихээр хүссэн газрын нэр “Хадат зуслан” гэх газар байдаг. Гэтэл Газрын албанаас түүнд “Бэлх зуслан”-д 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасныг зөрчсөнөөс гадна тухайн газарт хүсэлт гаргаж эзэмшиж байгаа нэхэмжлэгчийн тодорхой ашиг сонирхлыг зөрчсөн байгааг шүүхүүд анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр, иргэн Д.Түмэн-Эрдэнэ өөрөө газар эзэмших хүсэлт гаргаагүй, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Газрын албатай байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг эзэмших хүсэл зориг анхнаасаа түүнд байсан гэж үзэхэд эргэлзээтэй /түүний нэрээр өөр этгээд газар эзэмших хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан/ үйл баримтыг шат шатны шүүхүүд анхаарч үзэхгүй, уг үйлдлийг зөвтгөсөн дүгнэлт хийсэн, гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнийн бүртгэл засвартай байгаа хэдий ч Г.Эрхэмбаярын өмнө өргөдлөө өгсөн тул түүнд олгосон газар эзэмших эрх нь хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Захиргааны байгууллагын дээрх үйлдэл нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын алба тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ...” гэж заасныг зөрчсөн байхад шүүхүүд “хууль ёсны байна” гэж дүгнээд байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнэ нь тухайн маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг Газрын албанд гаргаагүй, гэрээг байгуулаагүй гэдгээ тайлбарлаж мэдэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсаны зэрэгцээ шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа. Харин нэхэмжлэгчийн хувьд маргаж буй газрыг эзэмших хүсэл сонирхлоо удаа дараа илэрхийлж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь түрүүлж газрын албанд гаргасан асуудлаар талууд маргадаг бөгөөд “Бүртгэлийн дэвтэр”-т бусдын өргөдөл, хүсэлтийн бүртгэлийг дарж /арилгаж/ байгаад Д.Түмэн  -Эрдэнийн нэрийг /нөхөж/ бичсэн байдаг бөгөөд түүний хүсэлт эх хувиараа архивын баримтаас гарч ирээгүй. Үүнээс үзэхэд Д.Түмэн-Эрдэнийг нэхэмжлэгчээс түрүүлж өргөдөл гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх эргэлзээгүй, үнэн зөв болохыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, талуудын маргаж байгаа үйл баримтыг бүрэн нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “Д.Түмэн-Эрдэнийн нэрийг шохойгоор дарж бичсэн нь үндэслэлтэй, түүний нэрийг урагшлуулан бүртгэснийг буруутгах боломжгүй” гэж нотлох баримтад тулгуурлаагүй, талуудын маргаж буйгаас өөр өнцгөөс дүгнэлт хийсэн.

Шүүх “Д.Энхтайваны хашааны газрыг баталгаажуулахаар хүсэлт өгснийг зуслангийн газрын бүртгэх дэвтэрт бүртгэснээ залруулан “Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 172 дугаарт 05 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагчийг гуравдагч этгээдийг урагшлуулан бүртгэсэн гэж буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн ба маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг хэн түрүүлж гаргасныг шүүх эргэлзээгүй, үнэн зөвөөр тогтоож чадаагүй, гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнийн нэрийг нэхэмжлэгч Г.Эрхэмбаярын нэрийн өмнө оруулах зорилгоор нөхөж бичсэн үйлдэл илэрхий байдаг юм.

Мөн гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнэ газрын кадастрын зургийн огноог урагшлуулан “Шинэ кадастр” ХХК-аар гаргуулсан болох нь нотлогдсон байхад шүүх ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр дээрх үйлдлийг зөвтгөсөн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй газарт хэн анх амьдарч бодитоор ашиглаж, эзэмшиж байсан нь бүрэн тогтоогдоогүй. Гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй байхад бусад баримтаар эргэлзээгүй нотлох ажиллагааг хийгээгүй.

Гуравдагч этгээдийн “би тус маргаж буй газрыг анх эзэмшиж, ашиглан өөрийн хашааг байрлуулсан” гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, тэрээр хэдэн онд, ямар улиралд газарт хашаа байршуулснаа ч тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгчийн хувьд тус газарт холбогдох баримт бичиг, газар эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн газрын албанд өгсөн боловч газар эзэмших хүсэлтийг авахгүй байгаа гэдэг үндэслэлээр буцааж байсан атлаа өргөдлийг хүлээн авсны дараа бусдад газрыг хууль бусаар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн шударгаар, тэгш эрхийн үндсэн дээр газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцацрал нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/465 дугаар захирамжийн Д.Түмэн-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 700 м.кв газрыг иргэн Г.Эрхэмбаярын нэр дээр эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гаргахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх, маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/465 дугаар захирамжаар Д.Түмэн-Эрдэнэд тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлхэд байрлах 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцсэн байна.

Маргаан бүхий газарт Д.Түмэн-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр нараас гадна С.Янжмаа, Ж.Энхбат нарын иргэд өөрсдийн модон хашааг анх барьж, газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэж маргасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас эдгээр иргэдийн газар эзэмших талаарх нотлох баримт /хашаа барьсан, газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан/-ыг үндэслэн, түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан этгээдэд уг газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдэж байжээ.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-д заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа ... дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх ...” гэж заасан байна.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх хадатын ам гэх газарт 700 м.кв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар эзэмшихээр 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Шинэ кадастр” ХХК-иар кадастрын зураглалыг хийлгэсэн байх ба  Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасныг тус албаны бүртгэл хяналтын картын Б140521053 дугаарт, нэхэмжлэгч Г.Эрхэмбаяр газар эзэмших хүсэлтээ 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасныг бүртгэл хяналтын картын Б140530043 дугаарт тус тус бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнэ түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан нь тус дүүргийн Газрын албаны бүртгэл хяналтын картад бүртгэгдсэн байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнийн түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасны дагуу бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан газрыг түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэж гаргасан А/465 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй, шүүхүүд маргаан бүхий актын үндэслэлд зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар “нэхэмжлэгч Г.Эрхэмбаяр 2011 онд хашаа барьж, Газрын албанд хандахад тухайн үед газар олгох өргөдөл авахгүй байсан, газар эзэмших хүсэл зоригоо удаа дараа илэрхийлж, хүсэлт гаргаж байсан” гэж тайлбарлах боловч гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнийн буулгасан гэх модон хашааг нэхэмжлэгч барьсан, түүний өмч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, тэрээр Газрын албанд газар эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагүй, түүнд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байх тул хариуцагчийг Д.Түмэн-Эрдэнэд хууль бусаар газар олгосон гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн “Д.Түмэн-Эрдэнэд Хадат зусланд 435 м.кв газар хүссэн байхад Бэлх зусланд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн, бүртгэлийн дэвтэр засвартай, түүний нэрийг нөхөж бичсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь, гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнийн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан газар эзэмших хүсэлт, газрын тойм зураг зэргээр Бэлх зусланд 700 м.кв газар эзэмшихээр хүсэлт гаргасан нь тогтоогдсоноос гадна тухайн үед маргаан бүхий газар бусдад эзэмшүүлээгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байжээ.

Тус дүүргийн Газрын албаны Өргөдөл, гомдлын бүртгэлээс үзэхэд иргэн Д.Энхтайванаас 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “14-р хороо, Хандгайтын 36-4256 тоот” хашааны газрыг баталгаажуулахаар хүсэлт өгснийг хариуцагч байгууллага “Өргөдөл гомдлын бүртгэл” /хашаа/ дэвтэрт бүртгэх байтал зуслангийн бүртгэлийн дэвтрийн 276 дугаарт буруу бүртгэснээ залруулан, гуравдагч этгээд Д.Түмэн-Эрдэнийн мөн өдөр гаргасан зуслангийн газар эзэмших хүсэлтийг 276 дугаарт бүртгэсэн зэргээс үзэхэд шүүхийн “хариуцагчийг Д.Түмэн-Эрдэнийн нэрийг урагшлуулан бүртгэсэн гэж үзэх үндэсгүй” гэсэн дүгнэлт буруу биш байна.

Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “...шүүх талуудын маргаж байгаа үйл баримтыг нотлох баримтыг цуглуулаагүй, нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлээгүй ...” гэх хяналтын гомдлыг хүлээн авах  боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 733 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2016/0045 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                           Б.МӨНХТУЯА