| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/02129/и |
| Дугаар | 2362 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2362
| 2017 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2017/02362
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогтой, Б-ийн Б нэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, к7 байр, 11 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ94093018/
Хариуцагч: И овогтой, Б-ийн Энхсайханд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд хороолол, 23 дугаар байр, 143 тоотод оршин суух, регистрийн дугаар УК93112804, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 22 дугаар байр, 31 тоотод оршин суух бүртгэлтэй/
Хариуцагч: “И” ХХК-д холбогдох,
/Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Санжаагийн гудамж, БСХҮТ төв, 3 давхар, 6 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011512005, регистрийн дугаар 5891353/
Хариуцагч Б.Эаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.267.943 төгрөг гаргуулах, орон сууцнаас чөлөөлүүлэх, хариуцагч “И” ХХК-иас барьцаа 650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунсувд, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч А.Болорцэцэг, нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүү Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 23 дугаар байр, 143 тоот 2 өрөө орон сууцыг иж бүрэн тавилгатай нь Б.Эд 1 сарын 650.000 төгрөгөөр 2015 оны 12 сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд зуучлалын байгууллагын бэлдсэн Орон сууцны зориулалтаар байр хөлслүүлэх гэрээгээр хөлслүүлсэн. Гэрээний 2.2-т түрээсийн төлбөрийг 3 сараар нь сар бүрийн 24-ний өдөр түрээслүүлэгч талд төлөхөөр тохиролцсон ба түрээслэгч Б.Э нь эхний 3 сарын түрээсийн төлбөр болох 1.950.000 төгрөгийг зуучлагч А.Болорцэцэгт өгсөн байсанг надад цувуулан 1.406.190 төгрөгийг төлсөн. Б.Э нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийг өгсөн. Гэрээний 6.5-д түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсний дагуу гэрээний 2.2-т зааснаар түрээсийн төлбөрийг 3 гурван сараар өгч байна гэсэн тул 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 90 хоногийн алданги 1.122.214 төгрөг, үүнээс Б.Эы өгсөн 1.050.000 төгрөгийг хасаад алдангид 72.214 төгрөг болж байгаа юм. Түрээслэгч Б.Э нь түрээсийн төлбөрийг төлөхгүй байсаар байсан бөгөөд намайг хөлс, мөнгөө төл гэхээр боломжгүй байна гэхдээ төлнө бид гэрээнийхээ хугацааг сунгана гэчихээд таг болсон. Тэгсэн мөртлөө төлбөрөө төлөхгүй утсаа ч авахгүй байрны СӨХ-ны төлбөр, ус, цахилаан, дулаан гээд бүх төлбөрийг төлөхгүй нөхөр Д.Бат-Оршихын нэрээр болон надад төлбөрийг төлөх талаар орон сууцны контороос мессеж ирэх болсон. Ингээд би аргаа бараад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Э нь одоо болтол байрыг минь суллаж өгөхгүй, түлхүүрийг минь ч өгөхгүй эзэмшиж ашигласаар байгаа болно. Б.Эы эзэмшиж ашиглаж байсан хугацааны СӨХ-ны 181.685 төгрөг, цахилгааны төлбөр 834.234 төгрөг, ус халаалтын 486.000 төгрөг бүгд 9.267.943 төгрөгийг Б.Эаас гаргуулах мөн орон сууцыг чөлөөлж өгнө үү. “Их найман гал” ХХК-аас барьцаанд байгаа 650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Их найман гал” ХХК-ийн төлөөлөгч А.Болорцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 23 дугаар байрны 143 тоот Батнямын тавилгатай 2 өрөө байрыг Н.Оюунсувдын зөвшөөрөлтэйгөөр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түрээслүүлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунсувд, түрээслэгч Б.Э нартай Орон сууцны зориулалтаар байр, өрөө, тасалгаа хөлслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай 3 талын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан хөлслүүлсэн. Энэхүү гэрээний 1.4-т тусгаснаар түрээсийн орон сууцны 1 сарын түрээсийн төлбөрийг 650.000 төгрөг байхаар түрээслүүлэгч болон түрээслэгч тал тохиролцон түрээсийн төлбөрийг улирал тутамд 3 сараар бөөнд нь төлж байхаар тохиролцсон. Мөн түрээсийн үүргийн биелэлтийн барьцаа болох 650.000 төгрөгийг Б.Э манай зуучлалын байгууллагын дансанд байршуулсан болно. Үүнээс хойш 2016 оны 7 дугаар сард Б.Э түрээсийн явц болон түрээслэгч талууд төлбөрийн нөхцөлийн байдлыг гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээнээс гадна хоорондоо аман байдлаар тохиролцсон. Иймд түрээслүүлэгч тал болон түрээслэгч талын харилцан тохиролцоо биелээгүйд манай зуучлалын байгууллага хариуцлага хүлээх боломжгүй юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түрээслэгч талтай утсаар ярихад гэрээгээ дахин сунгаж түрээслэнэ, энэ талаар Н.Оюунсувд эгчтэй ярьж тохирсон гэж байсан. Үүний дараа 2017 оны 6 дугаар сард Н.Оюунсувд надтай утсаар ярьж олон сарын төлбөр төлөгдөөгүй, байрандаа очихоор хүн байхгүй, хаалгаа тайлж өгөхгүй байна, түлхүүрээ авмаар байна, намайг яаралтай түлхүүр авч өг гэж хэлсэн. Ингээд энэ талаар түрээслэгч талтай утсаар холбогдож хэлэхэд Н.Оюунсувд эгчтэй ярьсан, төлбөрийг бид тохиролцсон гэсэн хариу өгсөн. Нэгэнт түрээслэгч төлбөрөө төлөөгүй тул барьцаа болох 650.000 төгрөгийг түрээслүүлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эаас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.267.943 төгрөг гаргуулах, түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “И” ХХК-иас орон сууц хөлслөх гэрээний барьцаа 650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Орон сууцны зориулалтаар байр, өрөө хөлслүүлэх” тухай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар гэрээгээр хөлслүүлэгч Н.Оюунсувд нь Б.Бын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, Рапид харш, Махатма ганди гудамж, 23 дугаар байр, 143 тоот, 2 өрөө, тавилгатай орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч Б.Э нь 1 жилийн орон сууц хөлслөх төлбөрт нэг сард 650.000 төгрөгөөр тооцож, 3 сар тутамд 1.950.000 төгрөг төлөх, зуучлагч “И” ХХК нь талуудтай уулзалт зохион байгуулж, хууль зүйн болон эдийн засгийн зөвлөгөө өгч, гэрээний эхийг бэлдэж, зуучлалын хөлсийг авч, барьцаа байршуулахаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хуулийн хүчин төгөлдөр Орон сууц хөлслөх гэрээ, Зуучлалын гэрээний шинжийг агуулсан холимог гэрээг байна.
Гэрээний дагуу хөлслөгч Б.Э нь “2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн орон сууцны хөлсөнд” 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.406.190 төгрөгийг зуучлагчаар дамжуулан төлсөн, мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийг хөлслүүлэгч Б.Бд төлсөн, түүнчлэн гэрээний барьцаанд 650.000 төгрөгийг зуучлагчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй болно.
1. Нэхэмжлэгчийн “...хариуцагч “И” ХХК-иас барьцаа 650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “И” ХХК нь хүлээн зөвшөөрч “...хөлслөгч орон сууц хөлслөсөн төлбөрөө дутуу төлсөн байгаа тул барьцаа 650.000 төгрөгийг хөлслүүлэгчид олгохыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарыг үндэслэн талуудын байгуулсан гэрээний 6.4, 6.6, 11.4, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас барьцаа 650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.
2. Хөлслөгч Б.Э нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд 12 сарын орон сууц хөлслөсний төлбөрт 7.800.000 төгрөг төлөхөөс 6.706.190 төгрөгийг хөлслүүлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул үлдэх 1.093.810 төгрөгөөс “хариуцагч “И” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох барьцаа 650.000 төгрөг”-ийг хасаж тооцон хариуцагч Б.Эаас 443.810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасантай нийцэж байна.
3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д зааснаар хөлслөгч Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 3 сарын хөлс 1.950.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 3 сарын хөлс 1.950.000 төгрөг төлөхөөс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөгийг төлсөн байх тул гэрээний 6.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 3.600.000 төгрөгийн 0.5 хувийн алдангид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 72.214 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.
4. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан хэдий боловч хөлслөгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгаа, мөн гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан хөлслөгч Б.Э, хөлслүүлэгч Б.Б нарын “гэрээ сунгав” гэсэн баримт зэргээр нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар талууд орон сууц хөлслөх гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байх тул хөлслөгч тал нь гэрээгээр тохирсон хөлсийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны төлбөрийг хөлслөгч Б.Э төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 7 сарын хөлс 4.550.000 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
5. Орон сууц хөлслөх гэрээний 7.2-т “түрээслэгч тал нь сар тутмын хэрэглээний зардал /СӨХ, тог, ус, дулаан, кабел/ төлнө” гэж заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Цэнгэлдэх ОСНААК-ын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар нэхэмжлэхийг үндэслэн уг орон сууцны ус, халаалтын “2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын” зардалд 486.000 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгов.
Харин нэхэмжлэгчийн “...СӨХ-ны төлбөрт 181.685 төгрөг, цахилгааны төлбөрт 834.234 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хавтаст хэрэгт дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон баримт авагдаагүй болно.
Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор ирүүлсэн Төрийн банкны 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102856410 дугаар баримтаар “...уг орон сууцны 2015 оны 11, 12 дугаар саруудын төлбөр” байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнд дээрх хугацааны төлбөр нь хөлслөгч Б.Эд хамааралгүй юм. Мөн “Улаанбаатар хотын даатгал ХХК-ийн төлбөрийг төлөх эсэхийг харилцагчаас лавлана уу” гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримт шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
6. Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 158 дугаар “Орон сууцны зориулалтаар байр, өрөө хөлслүүлэх гэрээ”-ний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан, гэрээний 6.3-т “...түрээслэгч гэрээний хугацаа дуусмагц орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хөлслөгч Б.Э нь уг орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, үргэлжлүүлэн ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Б.Эы нэхэмжлэлийг хүлээн авахад шүүхэд мэдүүлсэн хаяг зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Эы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 23 дугаар байр, 143 тоот, 2 өрөө орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 302 дугаар зүйлийн 302.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас барьцаа 650.000 төгрөгийг гаргуулан, хариуцагч Б.Эаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны орон сууцны хөлс 443.810 төгрөг, алданги 72.214 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны орон сууцны хөлс 4.550.000 төгрөг, орон сууцны ус, халаалтын 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын зардалд 486.000 төгрөг, нийт 5.552.024 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.715.919 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Эы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 23 дугаар байр, 143 тоот, 2 өрөө орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Эд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар уг үүргээ биелүүлээгүй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэп хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Эы шүүхэд мэдүүлсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 23 дугаар байр, 143 тоот гэсэн хаягаар шуудангаар хүргүүлсэн, мөн Шүүгчийн туслах Н.Бат-Уянга нь түүний 99600005 гэсэн дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1, 302 дугаар зүйлийн 302.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Эаас 5.552.024 төгрөг гаргуулан, хариуцагч “И” ХХК-иас 650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.715.919 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Эы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 23 дугаар байр, 143 тоот, 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Н.Оюунсувдын улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 173.637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 103.782 төгрөгийг гаргуулан, хариуцагч “И” ХХК-иас 20.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД