| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0178/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/199 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/199
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Сэнгээгийн Баярхүүд холбогдох эрүүгийн 2031002010181 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Сэнгээгийн Баярхүү, Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 20 настай, 10 настай, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Хонгорморьт” 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг, 199 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 11 сар, 21 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, “Хонгорморьт” 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 199 тоотод байх өөрийн хашаанд иргэн *******той үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 3 дугаар баг, “Хонгорморьт” 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 199 тоотод байх өөрийн хашаанд иргэн *******той үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч *******ийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 06 дугаар сарын 13-нь өдрийн 13 цаг өнгөрч байхад гэртээ “Хараа" нэртэй 0,33 граммын нэг шил архи ганцаараа уусан. Ингээд 15 цаг болж байхад би гэрээсээ ганцаараа гарч яваад ******* ахын гэрт очиход ******* ах найзтайгаа хоёулаа байсан. Тухайн үед ******* ах машинтайгаа явах гэж байгаа бололтой байхаар нь би түүнээс “та хаашаа явах гэж байгаа” талаар асуухад ******* ах “би Баярхүүгээр мод зүсүүлэх гэж байна” гэхээр нь “би хамт явъя” гэж хэлээд бид гурав машинтай Баярхүүгийн гэрт очсон. Тэгэхэд Баярхүүгийн хашаанд Баярхүү, Ариука /Ариунсэргэлэн/ хоёр байсан. Баярхүү "Хараа” нэртэй 0,5 граммын нэг шил гаргасан. Энэ архийг тэнд байсан Баярхүү, Ариунсэргэлэн бид гурав хувааж уусан. ******* ахтай хамт явж байсан залуу энэ архинаас бага зэрэг уусан. ******* ах архи уугаагүй. Ингээд бид нар Ингээд бид нар Баярхүүгийн хашаанд ******* ахын модыг зүсэж дуусаад модыг нь ачиж өгсөн. Дараа нь ******* ах, Баярхүү 2 дэлгүүрээс "Хараа’' нэртэй 0.75 граммын нэг шил архи, ундаа авчирсан Энэ архийг хэн нь авсныг би мэдэхгүй. Тэгээд би нэг хэсэг ухаан алдсан байсан ба орой 8 цаг өнгөрч байхад салсан эхнэр *******гийн гэрт ухаан орсон. Тэгэхэд миний баруун суганы дотор хэсэгт зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарсан байхыг би мэдсэн. Ингээд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт түргэний машинаар очсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хаана яагаад ийм гэмтэл авснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч *******ийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр 0.33-ын архи ганцаараа уучихсан байсан болохоор халамцуу байсан. Сүүлд Ариунсэргэлэнгийн найз Мөнхбат 1 шил архи авчирч өгсөн, тэрнээс ууж байгаад тасарчихсан байсан. Уг нь хэрүүл маргаан хийх шалтгаан байхгүй байсан. ******* ахыг эртнээс танина. Хоорондоо хуурай ах дүү гэж явдаг. Өөрөөр нэг нэгэндээ хар буруу санаад байдаг зүйл байхгүй. Миний биеийн байдал хэвийн. Ямар нэг өөрчлөлт хүндрэл гарсан зүйл байхгүй. Хийлгэх ёстой эмчилгээгээ бүрэн хийлгэсэн...” гэх мэдүүлэг[3],
4. Насанд хүрээгүй гэрч *******ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг болж байхад манай аав ******* согтуу гэртээ ирэхдээ өмсөж явсан хар өнгийн футволка, цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн пүүз зэрэг нь баруун талаараа цус болсон байдалтай ганцаараа ирсэн. Би аавын өмсөж явсан футволкыг дээшээ сөхөж харахад баруун талын суганы дор хутгалсан шархнаас цус гарч байсныг хараад ааваасаа “таныг хэн хутгалсан юм бэ” гэж асуухад надад хариу хэлээгүй. Би өөрийнхөө 95120890 гэсэн дугаарын утсаар ээжийн утас руу залгаад “аав хүнд хутгалуулсан байна” гэж хэлсэн. Ингээд 5 минутын дараа ээж Туяа, найз Амараа гэгч эгчтэй хамт ирээд эмнэлэг дуудсан. Удалгүй эмч ирээд аавыг аваад явсан. Энэ өдрийн маргааш нь орой 22 цагийн үед манай аав надтай утсаар ярихаар нь би дахин ааваас “таныг хэн хутгалсан юм бэ” гэж асуухад “Баярхүү хутгалсан” гэж хэлсэн. Ингэж ярихдаа аав эрүүл байсан. Тэр үед муужирч унах гэж байгаа юм шиг согтуу байсан. Би аавыг тэр өдөр хэнтэй хаана архи уусныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч *******ын 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт ******* гэгч залуу 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед “Бонго” маркийн машинтай ганцаараа ирсэн. Би Баярхүүг “хашааны мод хөрөөнд оруулаад өгөөч” гэхэд “за тэгье” гэсэн. Тэгээд Ганзориг, Шижирээ бид 3 Баярхүүгийн гэр лүү явсан. Тэдний гэрт Ариука гэгч залуу байгаа харагдсан. Би хашаан дотор нь модоо буулгаж байх хооронд Шижирээ, Ганзориг 2 Баярхүүгийн гэр лүү орж байгаа харагдсан. Ингээд Баярхүү, Ганзориг 2 жижиг цахилгаан хөрөөнд хашааны тайны 20 хүрэхгүй модыг голоор нь нэг удаа зүсэж өгсөн. Үүний дараа Баярхүү “ахаа та надад дэлгүүр яваад ганц шил архи аваад өгөөч” гээд картаа өгөхөөр нь “чи өөрөө хажууд суугаад яв” гэж хэлээд хамт “Орхон” дэлгүүр орсон. Дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,75 граммын архи авсан. Тэгээд бид 2 хамт гэр лүү нь явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Ганзориг, Баярхүү, Ариука 3 архи уугаад үлдсэн. Тэрнээс хойш тэд нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Б.Ариунсэргэлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1535 цагийн орчимд Баярхүү ахтай хамт цагаан өнгийн “бонго” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрт нь очсон. Баярхүү ахын машины дугаарыг нь мэдэхгүй байна. Гэрт нь очих үед миний таньдаг манай ******* гэж дууддаг /Батжаргал/, Зоригоо буюу /Ганзориг/, мөн ******* ах ахтай хамт ирсэн танихгүй 45-50 насны ах бас байсан. Баярхүү ах бид хоёрыг очих үед эдгээр хүмүүс хашаан дотор байшингийн зүүн хэсэгт сууж байгаа харагдсан. Баярхүү ах намайг гэрийн гаднаас авах үед машин дотор нь 0.5 литрийн “Хараа” архи мөн 1 км шар будаа, 1 литрийн сүү зэрэг байгаа харагдсан. Гэрт нь орох үед Баярхүү ах “машинд байгаа архи болон будаа, сүү зэргийг аваад ороод ир” гэж хэлсэн болохоор дээрх зүйлийг машинаас нь аваад гэрт нь орсон. Баярхүү ахын гэрийн гадна байсан хүмүүс бүгд орж ирээд 0.5 литрийн архийг ******* ахаас бусад нь бүгд ууцгаасан. Архи ууж дуусаад бид нар ******* ахын модыг 15-20 орчим минут л зүсэж дууссан байх. ******* ах зүсэж дууссан модыг нь машин дээр ачиж байхад Баярхүү ах ******* ахад хандаж “... Чи миний машинтай виза карт аваад дэлгүүрээс архи аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл ******* ах “чи өөрөө хамт яваад авчих гэх хэлсэн...” Ингээд *******, Баярхүү хоёр хамт дэлгүүрээс архи авахаар явсан. Удалгүй *******, Баярхүү ах дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи, ундаа авчихсан орж ирсэн. ******* ахын хувьд архи огт амсаагүй. Харин хамт явсан миний таних ах архинаас нэг татаад тэр хоёр явцгаасан. Үлдсэн архийг Баярхүү, Ганзориг ах бид гурав хувааж ууж байхад манай найз Мөнхбат миний гар утас руу залгаж “..гэрийн чинь гадна байна. Чи хаана байгаа юм бэ” гэхээр нь Баярхүү ахын гадна байна гэж хэлтэл удалгүй найз Мөнхбат машинтай ирэх үед дэлгүүр орж 0,5 литрийн “Хараа” архи аваад буцаад очсон. Мөнхбат хүргэж өгөөд явсан. Харин Баярхүү, Ганзориг бид гурав миний авчирсан 0.5 литрийн архийг ууж байх явцад тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Баярхүү ах архи ууж байхдаа байн байн гэртээ орж гараад яваад байсан. Баярхүү ах Ганзориг ахад хандаж “..Танай үеийнхэн 5 жилдээ намайг барахгүй шүү...” гэж томроод маргалдсан. Бид нар Баярхүү ахын байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд модон дээр сууж архи ууцгаасан. Ганзориг ах босоод бие засах зориулалттай 00 руу явах үед араас нь очиж дахин маргалдаад байгаа харагдсан. Тэр үед би очиж тэр хоёрыг салгаад буцаж нөгөө газарт очиж суугаад үлдсэн архийг уух гээд тэр хоёрыг дуудсан боловч тэр хоёр ирээгүй. Хэсэг хугацааны дараа Баярхүү ах ганцаараа ирээд миний хажууд суугаад үлдсэн архийг ууж дуусгасан. Ганзориг ахыг хаашаа явсан талаар асуухад Баярхүү ах “...Явчихсан байх..” гэж хэлсэн. Ингээд би гэртээ харих гэтэл Баярхүү ах намайг “машинтай хүргэж өгнө” гээд цагаан өнгийн машинтай гэрийн гадна хүргэж өгөөд буцсан. Намайг гэртээ харих үед. Мөн гэртээ харих замд Ганзориг ахтай таараагүй. Намайг байх хугацаанд хутга шөвөгний асуудлыг мэдэхгүй байна. ямартай ч намайг байшингийн хажууд сууж байхад тэр хоёр 00-ын тэнд маргалдаж байх үедээ хутгалсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд хутгалж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч *******ын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 06 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед өөрийн багийн найз болох Баяржаргалын гэрийн хашааг засах өгөхөөр гэрт нь ганцаараа очсон. Намайг найзынхаа хашаанд ажил хийж байхад миний зүс таних Баярхүү гэгч залуу машинтай ирээд явсан. Дараа нь удалгүй Ганзориг гэгч залуу бага зэрэг согтуу ирсэн. Баяржаргал “Баярхүүгээр мод зүсүүлнэ” гэж хэлээд хашаанаасаа хашааны дайны модыг машинтай ачаад Баяржаргал, Ганзориг бид гурав Баярхүүгийн гэрт очсон. Намайг Баярхүүгийн гэрт ороход Баярхүү танихгүй залуутай хамт байсан. Би Баярхүүгийн гаргасан 0,50 граммын “Хараа”нэртэй нэг шил архинаас нэг удаа татсан. Ингээд удалгүй Баярхүү, Ганзориг хоёр Баяржаргалын авчирсан хашааны дайны модыг голоор нь зүсэж дуусгасан. Үүний дараа Баярхүү, Баяржаргал хоёр машинтай яваад “Хараа” нэртэй 0,75 граммын нэг шил архитай ирсэн. Би энэ архинаас 50 грамм хиртэй нэг удаа уусан. Тэгэхэд манай найз Баяржаргал намайг “явъя” гэж хэлээд дагуулаад машинтай явсан. Ингээд би найз Баяржаргалын хашааг босгож өгөөд орой 20 цагт гэртээ харьсан. Тэрнээс хойш би ахин Баярхүүтэй уулзаагүй. Тэр өдөр тэдний гэрээр дахиж очоогүй...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед байх Туяатай эгч хамт айлд сууж байхад Туяа эгчийн утсанд дуудлага ирээд “аав хүнд хутгалуулсан байна” гэж охин нь ярьсан. Ингээд Туяа эгч тэр даруйдаа миний утсаар “ах чинь хүн хутгалуулсан байна” гэж хүнтэй яриад бид хоёр тэр айлаас гараад гэр гэр лүүгээ явсан. 20 минутын дараа би Туяа эгчийн утас руу өөрийнхөө утсаар “танай нөхөр гайгүй юу” гэж асуухад Туяа эгч “манай нөхрийн цус гоожоод тогтохгүй байна. Би сандраад эмнэлэг, цагдаа руу залгаж хэлж чадахгүй байна, чи эмнэлэг, цагдаа руу залгаад өгөөч” гэж хэлсэн. Би Туяа эгчийн нөхөр хүн хутгалуулсан байна гэж аймгийн нэгдсэн эмнэлгийн 103, цагдаагийн газрын 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Би Туяа эгчийн нөхрийн бие ямар байдалтай байсныг мэдэхгүй. Туяа эгчийн хэлсэн ярьсныг л цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч ын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баярхүү ахыг танина. Багаасаа айл хөрш явсан. Ямар нэг садан төрлийн холбоо байхгүй. Гурван охины хамт амьдардаг. Эхнэр нь хэдэн жилийн өмнө нас барсан. Хүнтэй найз нөхөрсөг, хүн их тусархуу хүн. Өмнөговьд том тэрэг барьдаг. Бусад үед гэрээрээ хүний машин тэрэг янзална. Бас хүнд туслаад л явж байдаг даа. Уух үедээ уудаг л байх. Хамаагүй архи дарс уугаад яваад байдаггүй. Архи дарс уусан үедээ хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. ******* ******* нар нэг хонхорт өсөж төрсөн л хүмүүс. Хоорондоо их дотно байдаг. Бие биедээ их тус дэм болоод л явдаг хүмүүс...” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч гийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баярхүүг танина. Манай 1 дүгээр багт оршин суудаг. Одоогоор хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр нь хэдэн жилийн өмнө өвчний учир нас барсан. Бага охин нь оюутан. Ямар нэг хамаатан садны холбоо байхгүй. Одоогоор гэртээ ганцаараа амьдарч байгаа. Том охин нь ирж очин байгаа харагддаг. Ганцаараа амьдардаг болохоор амьдралдаа гутардаг зүйл байдаг байх гэж боддог. Элдэв ааш зан гаргаад байдаггүй. Машин тэрэг засдаг. Хувьдаа нэг машинтай айл амьтнаар ажил төрөл хийгээд явдаг. Хүмүүс машин тэргээ засуулчихаад архи өгчихдөг юм шиг байна лээ. Хажууд нь анхаарал тавих хүн байхгүй болохоор өгсөн архийг нь л уучихдаг юм шиг байна лээ. ******* нь ******* нар өс хонзонгийн асуудал байгаа талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг[10],
11.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 188 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. *******ийн биед баруун суганы доод хэсэгт хатгагдсан шархтай, улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[11],
12.Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3752 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэг: 1.Шинжилгээнд ирүүлсэн төмөр хутган дээр цус илэрсэн. 2.Төмөр хутган дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна. 3.*******, ******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Уг илэрсэн цус нь ******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” гэх дүгнэлт[12],
13.Шүүгдэгч *******гийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед “Хүлэг” дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 литрийн “Хараа” архи авсан. Тэрийг аваад Ариунсэргэлэнгийн хашаанаас ус авсан. Тэр үедээ Ариунсэргэлэнг “хамт уух уу” гээд дагуулаад явсан. Гэрт очоод удаагүй байх үед ******* гаднаас Шижирбаатар, Ганзориг, Гантулга нар гаднаас орж ирсэн. Тэгээд надаар хашааны дай мод голоор нь хуваагаад өг гээд ирсэн. Мод зүсэхээсээ өмнө Ганзориг, Шижирбаатар, Ариунсэргэлэн, бид нар архиа уугаад дуусгасан. Тэгээд модыг Ганзоригтой хамт голоор нь зүссэн. Мод хөрөөдөж дуусгаад *******гаар өөрийнхөө машиныг бариулаад “Орхон” дэлгүүр лүү архи авахаар орсон. Архиа авсны дараа ******* намайг гэрт буулгаж өгөөд өөрийнхөө машинаа асаагаад явсан. Явах үедээ Шижирбаатарыг дагуулаад явсан. Тэр үед ******* ах надад хандан “... Ганзориг согтуу ажил хийлгэхгүй. Чи дагуулаад аваад үлдчих...” гэж хэлэхээр аваад үлдсэн. Авчирсан архинаас *******, Шижирбаатар, Гантулга нар уугаагүй явцгаасан. Архийг Ганзориг, Ариунсэргэлэн бид 3 хувааж уусан. Тэр үед манай байшингийн зүүн талд хэдэн прүүс мод байсан тэнд сууж байгаад архи ууж эхэлсэн. Тэгээд тэнд сууж байгаад үлдсэн архиа хувааж уусан. Тэр үед багцаалбал 4 хуруу хиртэй л архи үлдсэн харагдаж байсан. Ирээд суусан чинь Ганзориг өөдөөс байн байн “Баярхүү пизда” гээд өндийж ирээд мангасдаад нэг бол үнсэх гээд дайраад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “яагаад байгаа пизда вэ, та нарын хувьд надад 5 жил байна шүү” гэж хэлсэн. Энэ нь та нарыг 5 жил зодуулахгүй дарах хугацаа байгаа гэдэг утгаар л хэлсэн. Тэгсэн чинь “пизда том пизда вэ” гээд байсан. Би 4 удаа архины эмчилгээ хийлгэсэн болохоор эрүүл согтуу байсан ч уурлахаараа ухаанаа алдчихдаг болсон. Тэр үед нэг их согтоогүй байж байгаад уур хүрээд хэсэгхэн хугацаанд тасарчихсан байсан. Нэг харахад Ганзориг гараад явж байгаа харагдсан. Архиа ууж дууссанаа санахгүй байна. Ариунсэргэлэнг гэрт нь хүргэж өгөөд Батсайхантай юм яриад сууж байгаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг[13],
14.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16] 17.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[17], 18.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгчийн зүгээс 1.200.000 төгрөг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.5 см урттай хутга 1 ширхэг, 0.75 граммын “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.5 граммын “Хараа” архины шил 1 ширхэг, coca cola нэртэй ундааны хуванцар сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сэнгээгийн Баярхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сэнгээгийн Баярхүүг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.5 см урттай хутга 1 ширхэг, 0.75 граммын “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг, 0.5 граммын “Хараа” архины шил 1 ширхэг, coca cola нэртэй ундааны хуванцар сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 30 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 38 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 39 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 40 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 46 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 47 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 48 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 50 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 66-67 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 91-92 дугаар тал
[14] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 07 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 09-26 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 54,55, 64,65 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 87-88 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 74 дүгээр тал
[20] Хавтаст хэргийн 105-106 дугаар тал