| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2014/09182/И |
| Дугаар | 2002 |
| Огноо | 2017-09-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ю.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З******* СӨХ
Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс, хариуцагч З******* СӨХны гүйцэтгэх захирал З.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б*******ийн С*******тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Х******* дүүргийн ******* Зайсан ар зайсан гудамж ******* тоот хаягт байрлах 124,5 м.кв талбай бүхий 2 давхар 8 өрөөтэй ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000344376 дугаартай гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт Ю.Дийн өмчөөр бүртгэгдсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд уг өмчийн байрыг З******* СӨХСууц өмчлөгчдийн холбоо эзэгнэн үйл ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байсаар байна. Уг байгууллагад байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсаар байгаа боловч шаардлагыг хүлээж авахгүй, үл тоомсорлосоор байна. Өмчлөгч Ю.Д нь өөрийнхөө өмчийг эзэмшиж, ашиглаж чадахгүй эрх нь ноцтой зөрчигдсөөр байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг үндэслэн тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэишил, ашиглалтаас хуулийн дагуу албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч З******* СӨХны гүйцэтгэх захирал З.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З******* СӨХСууц өмчлөгчдийн холбоо эзэгнээд орж суучихаад гарахгүй байгаа зүйл байхгүй. Байшинг нийтийн эзэмшил юм байх гэж бодоод орчихсон үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүгийн хэрэгтэй нь танилцсан. Ямар нэгэн байдлаар би эзэгнэж ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Д нь хариуцагч З******* СӨХнд холбогдуулан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч Ю.Д нь анх “Могул коммуникейшн” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг “Зайсан дулаан өргөө” СӨХ-оор шүүх сольсон байна.
Нэхэмжлэгч Ю.Д нь Х******* дүүргийн *******, *******, ******* тоот 124,5 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь хавтаст хэргийн 5 дугаар талд нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, 000344376 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч “Зайсан дулаан өргөө” СӨХ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг үл хөдлөх хөрөнгийг сууц өмчлөгдийн холбоо эзэгнээд суусан зүйл бол байхгүй “Могул коммуникейшн” ХХК-ийн захиргаа байж байгаад хаяад явсан учир бид уг байранд орж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн талбай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй боловч хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, Х******* дүүргийн *******, *******, ******* тоот 124,5 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З******* СӨХны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З******* СӨХноос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ