Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Жалайр овогт Доржсэмбийн Хуягтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Хуягтбаатарт холбогдох 2023000000115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, одоо Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд хувийн мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Жалайр овогт Доржсэмбийн Хуягтбаатар, регистрийн дугаар ДС81112516.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч Д.Хуягтбаатарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.Хуягтбаатар нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт байх иргэн Т.Дунхүүгийн хашаанд иргэн Г.Туяаг “өгөрсөн гартай зөнөг” гэж хэлэн түүний хүү Т.Найдансүрэнтэй дээрх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Т.Найдансүрэнгийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 000000301 дугаартай “...Иргэн Т.Найдансүрэнгийн биед тархи доргилт, доод эрүүний зүүн 2-р шүд тал хэсгээрээ хугарсан, баруун хацарт цус хуралт бага зэрэг хавдар, хамрын нурууны баруун талд, толгойн оройн баруун талд хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа 2020.10.01-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/-аар хохирогч Т.Найдансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Т.Найдансүрэнгийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Д.Хуягтбаатар учруулсан болох нь: - Хохирогч Т.Найдансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 сарын 01-ний өдөр сумын төвөөс хуц, ухна авахаар ирсэн. Тэгээд хуц, ухнаа ачаад айлын хашаанд байж байтал тэр хашаанд гаднаас хоёр залуу орж ирсэн. Тэр хоёрын нэгийг нь Хуягбаатар, нөгөөг нь нэрийг нь мэдэхгүй байсан. Хашаанд Батбаяр гээд залуу байсан. Би аавын хамт хуц, ухнаа машинд ачаад байж байсан. Аав хуц, ухна ачиж байгаад хажуугаараа хуцаа барьж чадахгүй алдчихсан чинь Хуягбаатар “өө өгөрчихсөн гартай пязда” гэсэн. Тэгэхээр нь би “чи хөгшин хүнийг яахаараа тэгдэг юм” гээд Хуягбаатартай маргалдсан. Тэгтэл Хуягбаатар “ногоон Туяагийн Найдансүрэн пязда минь” гээд нэрээр дуудаад байсан. Бид хоёрыг маргалдаж байх хооронд аав нөгөө хажуугаараа алдсан хуцынхаа араас яваад бариад авсан намайг дуудаад ачих гэсэн. Тэгээд би аавын зүг эргээд явтал араас хажуугаар Хуягбаатар орж ирээд нүүр лүү тас хийгээд юугаар цохисон нь бүү мэд цохиод авсан. Тэгээд хэсэг зуур ухаан балартаад хамраас цус гоожоод арагш саваад уначихсан. Тэгээд босож ирээд хамрын цус арилгаад байж байх хооронд Батбаяр Хуягбаатарыг цааш түлхээд салгаад холдуулсан байсан. Хуягбаатар “алнаа” гээд хашгираад байсан. Тэгээд Батбаяр Хуягбаатарыг аваад хашаанаас гарсан. Тэр хооронд машинд байсан хүүхэд чарлаад байхаар нь хүүхэд рүүгээ явсан. Тэгээд машиндаа очоод машинаас утсаа аваад цагдаа дуудсан. ...Хуягбаатар бол согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Уг асуудал Шилүүстэй сумын төвд хуц хариулж байсан айлын хашаанд 14 цагийн үед болсон. Миний биед уг асуудлаас болж үүдэн доод нэг шүд голоороо хугарсан. Хамар мурийсан. Тэгээд толгой хоёр талаасаа их өвдөж байна. ...Надад уг асуудалтай холбоотой нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээтэй холбоотой гарсан зардлуудаа нэхэмжилж байна. Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. Хүний гоо сайхан шүд, хамар хоёроо гэмтээсэн тул гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, - Гэрч Г.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Шилүүстэй сумын Чандмань багт байрлах Дунхүү гэх айлаас хуцаа авч байсан. Тэгэхэд гаднаас Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны Хуягбаатар хашаанд орж ирсэн. Тухайн үед Хуягбаатар архи уусан согтуу байдалтай байсан. Би сүүлийн хуцаа барих гээд зогсож байхад над руу “өгөрсөн гартай зөнөг вэ” гэж хэлсэн. Тэгэхэд миний хүү болох Найдансүрэн “чамд миний эцэг шиг эцэг байхгүй юу” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд Хуягбаатар хүрч ирээд Найдансүрэнг барьж аваад “чамайг ална” гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ боль гэж хэлээд салгаж зогсож байхад нөгөө Хуягбаатар гэх залуу араас нь ирж цохисон. Тэгээд хамраас нь цус гоожсон. ...Хуягбаатар Найдансүрэнг баруун гараараа нэг удаа нүүрний хамар шүд хэсэг рүү нь цохисон. Надаас өөр тухайн айлын Дунхүү тэрний охин, Батбаяр, Бат-Эрдэнэ нар харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, - Гэрч Д.Аюушмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэр болох Шилүүстэй сумын Чандмань багт байрлах гэрийн хашаанд манай хуц ухна тараахаар зогсож байхад би бас хамжилсах гээд хашаандаа зогсож байсан. Тэгээд манай хашаанд голд байдаг Туяа гэх ах хуц ухна авах гэж өөрийн хүү болох Найдансүрэнтэй хамт машинтай ороод ирсэн. Тэгээд хуц ухна барих гээд хөөцөлдөөд байхад гаднаас манай хашаа руу Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Гуулин тосгоны хүн болох Хуягбаатар, Бат-Эрдэнэ гэх хоёр залуу архи уусан байдалтай ороод ирсэн. Тэгээд зогсож байгаад Найдансүрэн гэх хүн рүү чи яасан муу залуу вэ хуц ухнаа бариад авч чаддаггүй гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгээд намайг хараад зогсож байхад Хуягбаатар гэх залуу Найдансүрэнг маргалдаж байгаад нүүр хэсэг рүү цохиод авсан. Тэгээд Найдансүрэн гэх хүний хамраас цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд би аавыгаа дуудаад энэ хүмүүсийг хашаанаас гаргаачээ зодолдоод байна гэж хэлсэн. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна. ...Хуягбаатар гэх хүн Найдансүрэнг баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисныг би харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14- 15-р хуудас/, - Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт байрлах Дунхүү гэх айл хашаандаа хуц, ухна тарааж байсан. Надад Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нэг таньдаг хүн “сумандаа хуц, ухна тараавал надад хэлээрэй” гэсэн учир би тэнд сонирхож очсон. Тэгээд Дунхүү ахынд би нэг шил архи бариад очоод Дунхүүгийнд ууж байтал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны Хуягбаатар гэх залуу орж ирсэн. Тухайн үед архи уусан байдалтай орж ирсэн. Бид 2-той хамт миний авч ирсэн нэг шил архийг талдаа ортол хувааж уусан. Тэгээд тухайн Хуягбаатар гэх залуу гараад явсан. Тэгж байтал Дунхүүгийн хашаанд хүмүүс маргалдаж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд юу болж байна гээд би гарахад Хуягбаатар гэх залуу Найдансүрэнтэй маргалдаж нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, - Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр хуц ухна тарааж байсан. Тэнд би жагсаалт хараад зогсож байтал араас Хуягбаатар ирсэн. Тэгээд тэнд Хуягбаатар жоохон байж байгаад Найдансүрэнтэй муудалцсан. Би хуц тарааж байгаа хүнтэй им, тамга тэмдэг яриад дэвтэр лүү нь харж байсан учир нарийн сайн мэдэхгүй байна. ...Тэгээд нэг мэдсэн чинь Найдансүрэнгийн хамраас нь цус гоожсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, - Шүүгдэгч Д.Хуягтбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Батбаяртай уулзаж байгаад Туяа гуайтай маргалдсан. Тэгтэл хүү нь болох Найдансүрэн хүрч ирээд “хөгшин хүн чи яагаад байгаан гээд” ирээд маргалдсан. Тэгээд Найдансүрэн надтай маргалдаж байгаад “чам шиг юм ер нь яадаг юм” гээд үгээр идээд байхаар нь уур хүрээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. ...Тухайн үед Т.Найдансүрэнгийн хамраас нь цус гараад байгаа харагдсан. ...Хийсэн хэргээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 823,000 /найман зуун хорин гурван мянга/ төгрөгийг хохирогч Т.Найдансүрэнд төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Хуягтбаатарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Хуягтбаатарын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Найдансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Д.Хуягтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.Хуягтбаатар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Т.Найдансүрэнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Д.Хуягтбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Т.Найдансүрэнтэй эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Хуягтбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Хуягтбаатарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч Д.Хуягтбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Хуягтбаатар урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Д.Хуягтбаатарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх шүүгдэгч Д.Хуягтбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Хуягтбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Хуягтбаатарт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Доржсэмбийн Хуягтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хуягтбаатарыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хуягтбаатарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хуягтбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Хуягтбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Хуягтбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Хуягбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ