Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/1499

 

2015 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/1499

 

Улаанбаатар хот

 

 

               

Г.Б*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д*******, нэхэмжлэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т.Ц, Х.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б*******ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи Цагдаагийн байгууллагад 10 жил ажилласан бөгөөд Цагдаагийн ерөнхий газар болон бусад анги салбаруудад мэргэжилтэн, нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, хамгийн сүүлд Нийслэлийн цагдаагийн газрын санхүү хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг холбогдох хууль журмын дагуугүйцэтгэж ирсэн юм. Намайг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б******* дугаар тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 13.1.9, 40 дүгээр зүйлийн 40.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар учирсан хохирлыг төлүүлж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан "Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан" явдал нь миний эрх ашгийг хохироож байна. Миний зүгээс төрийн албыгхохироосон зүйл байхгүй. Тухайлбал:

1. Намайг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д "Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах" гэсэн заалтыг зөрчиж, "Хамгаалалтын 1 дүгээр газар цайны газраа түрээслүүлж 2013 онд 6.141.100 төгрөг, 2014 онд 6.000,000 төгрөгийг ашигласан" гэжээ. Тухайн үед Хамгаалалтын 1 дүгээр газрын удирдлагаас өгсөн чиглэл, хяналтын дор цайны газраа түрээсэлж, орлогын мөнгөө байгууллагадаа зарцуулсаар ирсэн, хувьдаа ашигласан зүйл огт байхгүй.

2. Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад төсвөөс гадна данс андуурсан гүйлгээ Г******* гэгчээс 1.673.450 төгрөг орж ирэхээр 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бэлэн мөнгөөр гаргуулан авч эзнийг нь олж өгөхөөр 9******* гэсэн утас руу удаа дараалан лавлахад эзэн шалтгаан нь тодроогүй, энэ мөнгө над дээр бэлнээр хадгалагдаж байсныг шалгалтын хүмүүст хүлээлгэж өгсөн. Хувьдаа ашигласан зүйл байхгүй.

З. Хамгаалалтын 1 дүгээр газрын аж ахуйн үйлчилгээний автомашины жолооч нарт 2014 оны туршид 3.126.893 төгрөгийг шатахууны жишиг нормоос илүү тооцож олгосон гэсэн. Тус газарт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн "Автомашины тоо, хоногийн гүйлтийн хэмжээг шинэчлэн батлах тухай" 157 дугаар тушаалд зааснаар санхүү аж ахуйн үйлчилгээнд том оврын 3******* маздамаркийн тээврийн хэрэгслийн шатахууны лимитээр сар бүр батлуулан явдаг байсан ба автомашины хүрэлцээгүйгээс 2013 оны Цагдаа дотоодын цэргийн хэмжээнд зохион байгуулсан биеийн хүчний тэмцээн уралдааны нийлбэр дүнгээр тус газар түрүүлж шагналд Цагдаагийн ерөнхий газрын актлагдсан Аксент маркийн 0******* автомашин /бензин их иддэг/ өгснийг санхүү аж ахуйн үйлчилгээнд хэрэглэн тухайн үеийн батлагдсан лимитээр зарцуулж ирсэн. Цагдаагийн ерөнхий газар дээр дурьдсан зүйлүүдийг хувьдаа ашигласан гэж үзэж намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулсан боловч хууль зөрчиж,хувьдаа ашигласан зүйл байхгүй байсан тул прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б******* дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааГ.Б******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 81 дүгээр тушаалаар Олоннийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчоор 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Улаанбаатар хотын цагдаагийн газарт Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 онысанхүүгийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоод хяналт аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд санхүүгийн шалгалт явуулсан. Шалгалтын хугацаанд тус газар нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон бусад санхүүгийн холбогдолтой эрх зүйн актуудын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллаагүй, санхүүгийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дутмаг, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан зэргээс шалтгаалж 22 төрлийн зөрчил дутагдал заагдсан. Мөн шалгалтын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, цагдаагийн ахмад Г.Б******* нь Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр4******* дугаарын шатахууны картыг "П*******" ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах ШТС-аас 4-6 удаа уншуулж, 1.673.450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авсан, Хамгаалалтын 1 дүгээр газрын цайны газрын түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээ байгуулахгүйгээр бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гаргуулж зарцуулсан, аж ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцон зөрүүг авч байсан зэрэг нийт 16.941.343 төгрөгийг ашигласан, түүнд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүйзөрчил илэрсэн. Г.Б*******ийн энэхүү үйлдэл нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан "Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам", мөн оны 294 дүгээр тушаалаар баталсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам"-ын 4.1 дэх хэсэг болон санхүүгийн холбогдолтой эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн хяналтыг сулруулсан, Төрийн албаны тухай 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ... төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх 13.1.9 дэх албан тушаалтны хууль бус, шударгабус явдалтай эвлэршгүй байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг "аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах" заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. Шалгалтын ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын даргад шалгалтын дүнг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр танилцуулж, Г.Б*******т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.1.2-т заасан сахилгын арга хэмжээ авах саналыг танилцуулсан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б******* дугаар тушаалаар Г.Б*******т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн түүнд холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэсэн. Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Г.Б*******ийн дээрх хууль бус үйлдлүүд санхүүгийн болон бусад баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр шалгалтын үеэр өгсөн тайлбартаа хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-дзааснаар Г.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б******* дугаар тушаалынГ.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Б*******ийг Нийслэлийн цагдаагийн газрын санхүү хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цагдаагийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин 5.371.286 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б*******т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн 22 төрлийн зөрчил дутагдлыг тухайн онд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б*******ийн үйл ажиллагаатай холбогдуулан дүгнэлт хийлгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгуулсан гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэлд дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Санхүүгийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дутмаг, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан зэргээс шалтгаалж 22 төрлийн зөрчил дутагдал заагдсан нь Г.Б*******ийн үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд тэрээр Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүйгээс дээрх зөрчил гарсан байна. Мөн шалгалтаар Г.Б******* нь Хамгаалалтын газар нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 4******* дугаарын шатахууны картыг П******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах ШТС-аас уншуулж, 1.673.450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авсан, хамгаалалтын газрын цайны газрын түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээ байгуулалгүйгээр бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гадуур зарцуулсан, аж ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцож, төсөвт хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн. Дээрх үйл ажиллагааны зөрчлүүд, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд санхүүгийн шалгалтаар бүрэн тогтоогдсон, энэ талаарх материалыг шүүхэд нотлох баримтаар бүрэн хүргүүлсэн боловч анхан шатны шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй байна. Г.Б******* ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хууль тогтоомж зөрчиж, улмаар албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь баримтаар тогтоогдсон атал шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б******* дугаар тушаалаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, цагдаагийн ахмад Г.Б*******ийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт заасныг баримтлан учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсээс Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой 22 зөрчлийг илрүүлсэн, уг зөрчлүүдээс 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 4******* дугаарын шатахууны картыг П******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах ШТС-аас уншуулж, 1.673.450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авсан, хамгаалалтын газрын цайны газрын түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээ байгуулалгүйгээр бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гадуур зарцуулсан, аж ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцон зөрүүг авч байсан зэрэг нийт 16.941.343 төгрөгийг ашигласан, түүнд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй зөрчлүүд нь тухайн үед Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б*******ийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сахилгын шийтгэл хүлээлгэх болсон үндэслэлээ дээрхи 3 зөрчилд холбогдуулан тодорхойлсон тул анхан шатны шүүх уг 3 зөрчилд дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй ч энэ талаар нарийн тодруулж шалгаагүй, ямар зөрчлүүдэд Г.Б*******ийг буруутгаж байгаа эсэх, уг зөрчлүүдэд нэхэмжлэгч гэм буруутай эсэх, Хамгаалалтын 1 дүгээр газрын цайны газрын түрээсийн төлбөрийг түрээсийн гэрээ байгуулалгүйгээр бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гадуур зарцуулах үүргийг болон аж ахуйн үйлчилгээнд өөр автомашин явуулах, уг автомашинд тухайн байгууллагад олгосон автомашины нормоор тооцож шатахуун олгох зөвшөөрлийг хэн олгосон эсэх, олгосон хэмжээнээс илүү хэмжээгээр зарцуулсан нь баримтаар нотлогдсон эсэхэд дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал,

Шүүх нэхэмжлэгч Г.Б*******т сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгаж тодруулалгүйгээр тушаалд хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй, байгууллагад хохирол учирсан эсэх нь тогтоогдоогүй, хувьдаа хөрөнгө мөнгө ашигласан үйлдэл байхгүй гэх явцуу дүгнэлт хийсэн байх ба Төрийн албаны тухай хуулийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.9-д албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах гэж заасныг зөрчсөн нь ямар үйлдлээр илэрч байгаа эсэх, ямар албан тушаалтны хууль бус, шударга бус ажиллагаа байсныг шалгаагүй байна.

Зүй нь шүүх зөрчил гаргасныг нотлох санхүүгийн баримтууд болон Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч нарын хийсэн шалгалтын танилцуулга үндэслэлтэй, үнэн зөв эсэхэд дүгнэлт өгч шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилох, цайны газраа түрээсэлж олсон орлого нь Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан туслах үйл ажиллагаанаас олсон орлого эсэхийг тодорхойлж мөн зүйл хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан эсэх, түрээсийн мөнгийг юунд, хэний даалгавараар зарцуулсан эсэх, жилийн эцсийн тайланд тайлагнаагүйг зөрчилд тооцсон, эсхүл түрээсийн мөнгө зарцуулсан үйлдэл бүрийг зөрчилд тооцсон эсэх, автомашины шатахууныг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн зөрчил хэзээ үйлдэгдсэн эсэхийг тогтоох, зөрчил гаргасан хугацааг нарийвчлан тогтоосноор Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулж шалгалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН