Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 76

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй, 

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч Д.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шинжээч эмч Ц.Халтархүү,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэд холбогдох 201615000191 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг “Арцын” 1-45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэ. РД: ЙД93042515.

           Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ч.Баярмэдтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг тонгорч унаган бие махбодид нь баруун атгаал ясны толгойн мөрний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот явах гээд Өвөрхангай аймгийн Богд сумаас Ч.Баярмэдтэй хамт ирсэн. Ирсэн шөнөө Өвөрхангай аймагт өвөөгийнд очиж хоноод маргааш нь Улаанбаатар хот явах унаанд суух гэж байсан чинь Ч.Баярмэд ачаа ачилцаад өг гэсэн. Ч.Баярмэдийн ачааг ачилцахад Ч.Баярмэд айлд очъё гэсэн. Тэгээд хамт айлд очсон чинь тэнд хүмүүс архи ууж байсан. Айлд байж байгаад Ч.Баярмэд ачаагаа өөр машинд зөөж ачихаар боллоо гээд явсан. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багаас гараад явж байсан чинь хэдэн залуучууд явуулахгүй байсан. Тэгээд Ч.Баярмэд руу утсаар ярьсан чинь наанаа байж бай очлоо гэсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь дахиад утас нь руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэндээсээ такси аваад Улаанбаатар хот явах унаа хайсан. Унаа байхгүй болохоор нь такситайгаа постон дээр очсон. Тэнд Улаанбаатар явах унаа байхгүй байсан. Тэгээд нөгөө таксигаараа буцаад ирсэн. Тэгсэн Ч.Баярмэд над руу утсаар яриад би нөгөө айлдаа машинаа тавих гээд ирсэн байна гэсэн. Тэгээд би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт  Борынд очсон. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Би Ч.Баярмэдийг тохойгоороо нэг удаа цохьсон. Тэгсэн машинаас буугаад Ч.Баярмэд миний хамар руу цохисон. Би Ч.Баярмэдийг тэвэрч авсан байж байгаад бид хоёр хамт унасан. Санаандгүй явж  байгаад хүнд гэмт хэрэгт холбогдсон” гэв.

Хохирогч Ч.Баярмэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 6 дугаар хороонд айлд байж байсан чинь миний утасны цэнэг дуусчихсан юм. Тэгэхээр нь би машиндаа утсаа цэнэглээд Борынд шөнө 24 цагийн орчимд очсон. Миний утасны цэнэг дуусахаас өмнө Г.Мөнх-Эрдэнэ чи хаана байна гэж нэг удаа утсаар ярьсан. Тэгэхээр нь би ягаан толгойд байна гэж хэлсэн. Тэгээд миний утас цэнэг нь дууссан юм. Тэгээд машинд
утсаа цэнэглэчихээд Борынд очиход Г.Мөнх-Эрдэнэ дахиад утсаар залгаад 1 дүгээр
хорооны буудлын хажууд хүнд зодуулчихлаа, чи хаана байна гэсэн. Би тэгэхээр нь
Борынд байна шүү дээ амрах гэж байна гэж хэлсэн. Г.Мөнх-Эрдэнэ хүрээд очъё гэж хэлсэн. Нэг их удалгүй Борын гадаа такси барьчихсан Г.Мөнх-Эрдэнэ хүрээд ирсэн. Намайг Борын хашаанд машинаа оруулж тавих гэж байхад Г.Мөнх-Эрдэнэ ирчихээд намайг тэр таксинд суучих гэхээр нь би суусан. Гэтэл тэр такси хөдлөөд явсан. Машинд сууж явсан чинь Г.Мөнх-Эрдэнэ утсаа унтраагаад алга болчих юм, яасан том болсон юм би хүнд зодуулчихлаа чамайг зодохоос гэж байснаа нүүр лүү цохиод авсан. Тэгээд машинаа зогсоо гэсэн чинь тэр такси зогссон. Би тэгэхээр нь чи бид хоёр яасан гэж маргадаг юм гэж хэлчихээд машинаас буусан чинь араас цохиод авахаар нь би Мөнх-Эрдэнийг яаж байгаа пизда вэ гэж хэлчихээд цохиод авсан чинь Г.Мөнх-Эрдэнийн хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирээд намайг тонгороод унагаасан. Гэтэл миний баруун гар гэмтчихсэн байсан. ... Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг бугалгаараа хугарсан байна гэж хэлсэн. ... Г.Мөнх-Эрдэнэ согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч А.Баярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тэр өдөр би аймгийн төвөөр таксинд явж байсан. Тэгээд шөнө 24 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 9 дүгээр хороонд хүн хүргэж өгчихөөд буцаад талбай руу явж байсан чинь 1 дүгээр хорооны аюулгүйн тойргийн цаанаас зам дагаад явган явж байсан эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан чинь тэр хүн согтуу байсан. Тэгээд хот руу явах гэсэн юм, унаа байгаа болов уу гээд байсан. Би тэгэхээр нь “одоо ямар унаа байх вэ дээ гэж хэлсэн чинь нөгөө залуу “Магнай Трейд” шатахуун түгээх станц хүргээд өгөөч” гэхээр нь тухайн шатахуун түгээх станц дээр хүргэж өгсөн чинь хамт зогсож байгаад унаанд суулгаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би хамт зогсож байгаад унаа ерөөсөө олдохгүй байсан чинь нөгөө хүн пост хүргээд өгөөч хэдээр явах уу гэхээр нь 15000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Гэтэл тэр залуу арай үнэтэй байна гээд 9000 төгрөгөөр явахаар болсон. Тэгээд тэр залууг пост хүргэж өгсөн чинь дахиад унаа олдоогүй, буцаад тэр залуутай хамт аймагт ирсэн. Ирэх замдаа тэр залуу нэг хүнтэй утсаар яриад хэрэлдээд байгаа бололтой байсан. Тэгээд 9 дүгээр хороонд айлын гадна очоод нэг хүн миний машинд суулгасан. Тэгээд хөдөл гэхээр нь хөдөлсөн чинь тэр машинд суусан хүнтэй нөгөө залуу маргалдаад байсан. Мөн нэг удаа тэр залууг нөгөө согтуу залуу цохиод авч байгаа бололтой байсан. Тэгээд жаахан явж байгаад Гарьд гэдэг дэлгүүрийн урдхан талд буусан. Тэр хоёр буухдаа маргалдаад буусан. Би танихгүй хүмүүс болохоор хөдлөөд явсан. ... Миний машинаар таксидсан халамцуу залуу нөгөө сүүлд нь суусан залуугаа машинд суусан хойно нь лав нэг удаа цохиод авч байгаа бололтой байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч А.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багын 1-15 тоотод байдаг юм. Манай гэрээр Богд сумаас ирсэн хүмүүс байнга орж гардаг юм. Тэгээд 2016 оны 05 сарын 25-ны өдөр 18 цагийн орчим байх намайг гэртээ байж байхад Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр орж ирсэн. Тэгээд удалгүй Ч.Баярмэд нь манайхаас яваад өгсөн. Харин Г.Мөнх-Эрдэнэ манайд үлдээд 1 шил архи уучихаад жаахан байж байгаад явсан. Тэгээд шөнө 24 цагийн орчимд намайг гэртээ унтаж байсан чинь хаалга дуугараад хүн ороод ирсэн чинь Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр хамт манайд орж ирсэн. Ч.Баярмэд мөрөө мулталчихлаа гээд орж ирсэн. Яасан юм гэж тэр хоёроос асуусан чинь Г.Мөнх-Эрдэнэ Ч.Баярмэд хоёр хоорондоо ноцолдож байгаад ингэчихлээ гэж байсан. Тэгээд мөрийг нь барьж үзэхэд мөр нь мултраагүй, яс нь хугарсан юм шиг байсан. Тэгээд Г.Мөнх-Эрдэнэ манайд жоохон байж байгаад яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манайд үлдсэн. Өглөө нь би Ч.Баярмэдийг дагуулаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв орж үзүүлсэн чинь Баярмэдийн баруун гарын яс нь хугарсан байна гэж байсан. Тэгээд Баярмэд хот руу явж мөрөө хадуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч С.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манайх Арвайхээр сумын 9 дүгээр багийн 1-15 тоотод байдаг юм. Манайхаар Богдын хүмүүс байнга орж гардаг юм. 2016 оны 05 сарын 25 ны өдөр 18 цагийн орчим нөхөр бид хоёрыг гэртээ байж байхад Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр орж ирсэн. Тэгээд удалгүй Ч.Баярмэд нь  манайхаас яваад өгсөн. Г.Мөнх-Эрдэнэ манайд үлдээд 1 шил архи уучихаад жаахан байж байгаад явсан. Тэгээд шөнө 24 цаг 30 минутын орчимд унтаж байсан чинь гэрт хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Ч.Баярмэд мөр мултарчихлаа гээд манайд ороод ирсэн байсан. Манай хүн мөрийг барьж үзчихээд мултраагүй байна хугарсан байх гээд байсан. Тэгээд удалгүй Г.Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манай гэрт хоноод маргааш нь эмнэлэг орж үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гэж байсан.Тэгээд Ч.Баярмэд хот явж хугарсан гараа хадуулж ирсэн. ... Тэр хоёр манай гэрт лав ноцолдоогүй гаднаас л гар нь хугарчихсан орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 05 сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад 14 цаг 30 минутын орчимд Ч.Баярмэд гэж залуу баруун гараа гэмтээсэн, мөрөө гэмтээсэн гэж үзүүлсэн. Тэгээд рентген зурагт харахад баруун гарын атгаал чөмөг “Буглаганы яс” нь хүзүү хэсгээрээ хугарч зөрсөн байсан. Тэгээд тухайн хүнд шинжилгээ хийлгэх бичиг хийж өгсөн. ... Ч.Баярмэдийн гар хугарсан гэмтэл нь наад зах нь 3-6 сарын хугацаанд эрүүл мэндийг алдагдуулах гэмтэл байсан. Цаашаа ямар хугацаанд эдгэхийг мэдэхгүй эмчилгээнээс шалтгаалах байх тухайн
хугарсан гараар юм хийж болохгүй. Гар нь хэзээ эдгэхийг тодорхой хэлж мэдэхгүй,
эмчилгээнээс шалтгаалах байх. ... Ч.Баярмэдийн баруун гарын хугарал нь шинэ гэмтэл
байсан, ямар нэгэн хуучин гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай: “… Ч.Баярмэдийн биед баруун атгаал ясны толгойн үен доторх хугарал, мэс заслын дараах байдал, мөр, бугалганы зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

            Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/,

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ¹06/61 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний ял шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 56, 58-59 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 49-53 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ч.Баярмэдтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг тонгорч унаган бие махбодид нь баруун атгаал ясны толгойн мөрний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Баярмэдийн “... Намайг Борын хашаанд машинаа оруулж тавих гэж байхад Г.Мөнх-Эрдэнэ ирчихээд намайг тэр таксинд суучих гэхээр нь би суусан. Гэтэл тэр такси хөдлөөд явсан. Машинд сууж явсан чинь Г.Мөнх-Эрдэнэ утсаа унтраагаад алга болчих юм, яасан том болсон юм би хүнд зодуулчихлаа чамайг зодохоос гэж байснаа намайг нүүр лүү цохиод авсан. Тэгээд машинаа зогсоо гэсэн чинь тэр такси зогссон. Би тэгэхээр нь чи бид хоёр яасан гэж маргадаг юм гэж хэлчихээд машинаас буусан чинь араас цохиод авахаар нь би Мөнх-Эрдэнийг яаж байгаа пизда вэ гэж хэлчихээд цохиод авсан чинь Г.Мөнх-Эрдэний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирээд намайг тонгороод унагаасан. Гэтэл миний баруун гар гэмтчихсэн байсан. ... Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг бугалгаараа хугарсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч А.Баярын “... 9 дүгээр хороонд айлын гадна очоод нэг хүн миний машинд суулгасан. Тэгээд хөдөл гэхээр нь хөдөлсөн чинь тэр машинд суусан хүнтэй нөгөө залуу маргалдаад байсан. Мөн нэг удаа тэр залууг нөгөө согтуу залуу цохиод авч байгаа бололтой байсан. … Тэр хоёр буухдаа маргалдаад буусан. Би танихгүй хүмүүс болохоор хөдлөөд явсан. ... Миний машинаар таксидсан халамцуу залуу нөгөө сүүлд нь суусан залуугаа машинд суусан хойно нь лав нэг удаа цохиод авч байгаа бололтой байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч А.Батзоригийн “... Тэгээд шөнө 24 цагийн орчимд намайг гэртээ унтаж байсан чинь хаалга дуугараад хүн ороод ирсэн чинь Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр хамт манайд орж ирсэн. Ч.Баярмэд мөрөө мулталчихлаа гээд орж ирсэн. Яасан юм гэж тэр хоёроос асуусан чинь Г.Мөнх-Эрдэнэ Ч.Баярмэд хоёр хоорондоо ноцолдож байгаад ингэчихлээ гэж байсан. Тэгээд мөрийг нь барьж үзэхэд мөр нь мултраагүй, яс нь хугарсан юм шиг байсан. … Өглөө нь би Ч.Баярмэдийг дагуулаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв орж үзүүлсэн чинь Баярмэдийн баруун гарын яс нь хугарсан байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч С.Мягмарын “... Шөнө 24 цаг 30 минутын орчимд унтаж байсан чинь гэрт хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Ч.Баярмэд мөр мултарчихлаа гээд манайд ороод ирсэн байсан. Манай хүн мөрийг барьж үзчихээд мултраагүй байна хугарсан байх гээд байсан. Тэгээд удалгүй Г.Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манай гэрт хоноод маргааш нь эмнэлэг орж үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гэж байсан. ... Тэр хоёр манай гэрт лав ноцолдоогүй гаднаас л гар нь хугарчихсан орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, Гэрч Б.Оюунбилэгийн “... 2016 оны 05 сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад 14 цаг 30 минутын орчимд Ч.Баярмэд гэж залуу баруун гараа гэмтээсэн, мөрөө гэмтээсэн гэж үзүүлсэн. Тэгээд рентген зурагт харахад баруун гарын атгаал чөмөг “Буглаганы яс” нь хүзүү хэсгээрээ хугарч зөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,  Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 65-66/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ¹06/61 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 68-69/,  шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилж байгаатай санал нэгдэхгүй байна. ... Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү”... гэсэн тайлбарыг гаргаж байгаа ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Баярмэдийн мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5.941.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдав. 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг  нөхөн төлж гэм хорыг арилгасан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхээс оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг томографикийн зургийг хохирогч Ч.Баярмэдэд буцаан олгож, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 2 толгой нас гүйцсэн тэмээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнийг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5.941.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг томографикийн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Баярмэдэд буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 2 толгой тэмээг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ОТГОНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                       М.МАНДАХБАЯР

                                                             Д.ЦЭЦЭГЭЭ