Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2020/0034

 

   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: А.Х нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Бугат сумын Засаг даргад холбогдох;

             “Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Х, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Бугат сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа орлогч А.Ж, гуравдагч этгээд Х.Х, түүний өмгөөлөгч К.Ержан, орчуулагч А.Еркегүл, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Бугат сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 115 тоот шийдвэрээр 030400369 нэгж талбарын дугаартай, Улаантолгойн Дэрчиг гэх газрыг хаваржаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм. Засаг даргын шийдвэрийг үндэслэн Бугат сумын газрын даамал 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр надтай газар эзэмших гэрээ байгуулж, 0367806 дугаартай газар эзэмших гэрчилгээ бичиж өгсөн. Мөн Бугат сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 жилийн хугацаагаар бэлчээр ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгснөөр тухайн газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа юм. Бугат сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр захирамжаар тус сумын Улаантолгой багийн иргэн Х.Хауанд Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дэрчиг”-ийн эхэнд байрлах “Адууны хашаа” гэх газраас манай хаваржаатай давхцуулан 700 м.кв газар эзэмшүүлсэн байсан ба Бугат сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Х.Хауанд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Х.Хауан нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 110/ШШ2018/0011 дугаартай шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Х.Хауан нь миний эзэмшил газарт хаваржаа барьсан учир би албадан нүүлгэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШШ2018/00217 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж, Х.Хауаны барьсан хашаа, байшинг албадан нүүлгэхээр болсон. Энэ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьсан хашаа байшинг албадан буулгасан. Гэтэл Бугат сумын Засаг дарга Х.Хайв ажлаас чөлөөлөгдсөн далимыг ашиглаж Х.Хауаны ойрын хамаатан дүү нь болох Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан К.Хавдилмалик нь Х.Хауаны хүү Х.Хд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Улаантолгой багийн Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад гэх газраас манай хаваржаанаас 700 метр, өмнө нь буулгасан хашаа, байшингийн бууринаас 600 метр газарт дахин газар эзэмшүүлсэн. Би энэ асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж, Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/564 дугаартай албан бичгээр миний өргөдлийг Бугат сумын Засаг дарга Х.Хайвт шилжүүлж, Бугат сумын Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дугаартай захирамжаар Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Энэ хооронд Х.Х нь тухайн газарт байшин барьсан. Нэгэнт түүнд газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болсон учир би тухайн газраас түүнийг албадан нүүлгэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхэлсэн боловч хариуцагч Х.Хгийн өмгөөлөгчөөс Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаар захирамжийг эд мөрийн баримтаар гаргаж өгсөн. Энэ захирамжтай танилцаж үзэхэд Бугат сумын Засаг даргын орлогч А.Ж 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/123 дугаар захирамж гаргаж, Бугат сумын Засаг даргын Х.Хд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дугаартай захирамжийг дахин хүчингүй болгосон байна. Ийм захирамж гарсныг миний бие шүүх хуралдаан дээр мэдэж, Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/123 дугаар захирамжид гомдол гаргах боломжоор хангаж өгөх хүсэлт гаргасны дагуу шүүхээс шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Би энэ асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээд шатны албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/123 дугаар захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Аймгийн Засаг дарга миний гомдлыг хүлээн авч хянаад  Засаг даргын Тамгын газрын  2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8-03/99 дугаартай албан бичгээр “... та энэ асуудлыг хууль журмын хүрээнд шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариу өгсөн. Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/123 дугаар захирамж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Бугат сумын Засаг даргын орлогчоос ингэж захирамж гаргах болсон талаар надад огт мэдэгдээгүй, миний саналыг сонсоогүй, намайг байлцуулахгүйгээр захирамж гаргасан, мөн захирамжийн хувийг надад гардуулж өгөөгүй. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр А/123 дугаар захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан К.Хавдалмалик 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/58 дугаар захирамжаар Дэрчигийн эхийн  үзүүрийн “Хар хад” гэх газраас 700 м.кв газрыг Х.Хд эзэмшүүлсэн шийдвэр гаргасан байна. Бугат сумын Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр захирамжаар А/58 дугаар захирамжийг хүчингүй болгож, тухайн үед А.Х, Х.Х нарт мэдэгдсэн. Нэгэнт тухайн газар эзэмшүүлсэн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон учраас тухайн газарт барьсан байшинг албадан буулгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг А.Х  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн  анхан шатны шүүхэд гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал товлогдож, шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч Х.Х болон түүний өмгөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаартай Бугат сумын Засаг даргын захирамжийг гаргаж өгсөн. Энэ талаар өмнө нь А.Х мэдээгүй байсан, мэдэгдэж, захирамжийн хувийг гардуулж өгөөгүй байсан. Тухайн өдөр аймгийн Засаг даргад гарсан захирамжийг эс зөвшөөрч, үүнийг зохих журмын дагуу шийдвэрлэж өг гэж гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хариу өгсний дагуу А.Х захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Х газар эзэмшүүлсэн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон А/81 дүгээр захирамжийг  эс зөвшөөрч Газрын тухай хуульд заасны дагуу 2019 оны 07 дугаар сард аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байна. Аймгийн Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 8-03/619 дүгээр албан бичгээр энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэж хариу өгсөн байна. Гэхдээ Х.Х хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байгаа. Бугат сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж гуравдагч этгээдээс аймгийн Засаг даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаад зохих хариу авсан асуудлыг дахиж хянаж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  А/81 дүгээр захирамжийг  хүчингүй болгож байгаа нь хууль бус. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан, эрх нь байгаа. Гэхдээ энэ нь  хуулийн хүрээнд явагдах ёстой. Нэгэнт тухайн асуудлыг Газрын тухай хуульд дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр тодорхой заагаад өгсөн. Дээд шатны Засаг даргад гомдлоо гаргаж, тэрний дагуу дараагийн ээлжид захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаагүй, хуульд заасан хугацаагаа хэтрүүлсний дараа 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр захирамжийг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм. Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/123 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч  Бугат сумын Засаг  даргын бүрэн эрхийг  хэрэгжүүлж байгаа орлогч А.Ж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Хгийн өргөдлийг аймгийн Засаг дарга Бугат сумын Засаг даргад шилжүүлсэн. Энэхүү албан тоотод багийн иргэдийн саналыг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарах ёстой гэсэн. Өмнөх Засаг дарга Х.Хайв захирамжийг хүчингүй болгохдоо  багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй байсан. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авч шийдвэр гаргах ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл тухайн захирамжийг багийн иргэдийн  Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан байгаа. Тухайн багийн ард иргэд саналаа өгч гаргасан шийдвэрийн дагуу захирамж гарах ёстой. Газрын тухай хуульд зааснаар бэлчээрийг  нийтээрээ ашиглах ёстой. Тэгээд ч А.Хгийн газар нь Х.Хгийн газраас хол 700 метрийн зайтай. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн захирамж гаргасан учраас А/123 дугаар захирамж хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Гуравдагч этгээд Х.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бугат сумын 2 дугаар багт оршин суух, малчин Х.Х надад Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар  захирамжаар  сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэр болох Дэрчигийн үзүүрийн Хар хад гэх газраас 700 м2 газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу сумын газрын даамал 000000852 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгож, надтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар би уг газарт байшин барьсан юм. Маргаан бүхий газрыг надад багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын дагуу эзэмшүүлсэн, багийн иргэдээс шийдвэрлэж өгсөн.  Энэ хурал болох талаар тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч өөрөө хуралд ирээгүй. Надад эзэмшүүлсэн 700 мгазар нь А.Хгийн эзэмшлийн газартай огт давхцаагүй бөгөөд түүний эзэмшил газар болон надад эзэмшүүлсэн газрын хоорондох зай 4-5 км орчим байгаа, миний бие түүний эзэмшлийн газарт байшин бариагүй тул түүний эрх ашгийг зөрчөөгүй юм. Гэтэл Бугат сумын Засаг дарга Х.Хайв нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр захирамжаар надад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний эрхэд халдсан хууль бус шийдвэр гаргасан  байна. Миний бие Засаг дарга Х.Хайвын хууль бус үйлдлийн талаар дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8-03/619 дугаар бүхий албан бичигт “Засаг дарга Х.Хайв газар эзэмшүүлэхээр гаргасан А/58 дугаар захирамжийг юуны учир, ямар хууль тогтоомж зөрчсөн гэж хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, нэг ёсондоо өөрийн үзэмжээр захирамжийг хүчингүй болгосон байх тул шүүхэд эсвэл тухайн шатны Засаг даргад хандан маргааныг шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн байна. Иймд би шүүхэд нэхэмжлэл гаргахын хажуугаар сумын Засаг даргад давхар гомдол гаргасан байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргах хооронд Бугат сумын Засаг дарга миний гомдлыг хянан үзэж, надад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгосон Бугат сумын Засаг дарга Х.Хайвын А/81 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаар захирамж гаргасан тул дахин шүүхэд хандах шаардлагагүй болсон. Х.Хайвын А/81 дүгээр захирамж хууль ёсны биш, хууль зөрчиж гарсан захирамж болохыг Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8-03/619 дүгээр бүхий албан бичигт мөн тодорхой дурдсан байх юм. Энэхүү Х.Хайвын хууль бус үйлдлийг А.Ж таслан зогсоож, түүний гаргасан алдааг залруулан иргэн бидний зөрчигдсөн эрхийг хамгаалсан явдал нь зөв юм. Бэлчээр ашиглалтын хувьд Газрын тухай хуульд бэлчээрийн газрыг ямарваа нэг хүнд эзэмшүүлж, өмчлүүлдэггүй нийтийн эзэмшлийн газар тул А.Хгийн бэлчээрийн газар гэх ойлголт байхгүй бөгөөд тэнд амьдарч буй хэний ч мал бэлчээрлэж болох ба миний бие А.Хд олгосон бэлчээр ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулахаар танай захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гэрчилгээг хууль бус байдлаар олгогдсоныг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлэн, улмаар Бугат сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар  бэлчээрийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгч А.Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ержан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдэг нь тодорхой байна. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч А.Хгийн эрх ашиг зөрчигдөөгүй. А.Хгийн газар эзэмших гэрчилгээнд тусгагдсан 700 м.кв газар нь Х.Хгийн эзэмшлийн газраас 700 м зайтай байгаа. А.Хгийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Гуравдагч этгээд энэ газарт 40 жил амьдран суусан, А.Хгийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож өг гэж  холбогдох байгууллагад хандаагүй,  тухайн газраас хөөж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч А.Х нь  Х.Хд эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож өг гэж өргөдөл гаргаад, газар болгоныг миний гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа захиргааны хэргийн анхан шатны шүүх Х.Хгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан асуудал энэ хэрэгт огт хамааралгүй. Тухайн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу сумын Засаг даргад давхар гомдол гаргасан байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна, сумын Засаг даргад гомдол гаргаж болохгүй гэсэн хууль байхгүй. Тиймээс хугацаа хэтэрсэн гэсэн асуудал энд яригдах асуудал биш.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь өөрийнхөө эрх хэмжээний дагуу өмнөх Засаг даргын  Х.Хгийн эрхийг зөрчсөн А/81 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож,  тухайн захирамжийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж тодорхой заасан. А.Хд газар эзэмшүүлж болж байхад Х.Хд яагаад эзэмшүүлж болохгүй вэ. Х.Х хууль зөрчиж газар эзэмшиж байгаа асуудал байхгүй. Зохих журмын дагуу өргөдлөө өгсний дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэж өгсөн. Үүний дагуу сумын Засаг дарга Дэрчигийн эхийн “Хар хад” гэх газраас 700 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эд хөрөнгө, газар ашиглах, эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгосноор үүснэ гэж тодорхой заасан. Төрийн бус байгууллагаас бэлчээр ашиглах гэрчилгээ тараасан байна. Бэлчээр ашиглах гэрчилгээ хууль бус гэж А.Хд олгосон гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д бэлчээрийг нийтийн ашиглана гэж заасан. Х.Хгийн газар А.Хгийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, А.Хгийн газар ашиглах гэрчилгээ нь хууль бус гэдэг нь тогтоогдож, хүчингүй болсон байгаа.  Засаг дарга захирамж гаргахдаа өмнөх захирамжийн ямар нэгэн хууль зөрчсөн үйлдлийг дурдах ёстой. Х.Хгийн эзэмшлийн газар А.Хгийн газартай давхацсан уу, А.Хгийн ямар эрх ашиг нь зөрчигдсөн бэ гэдгийг дурдаагүй. Хариуцагчийн хэлж байгаачлан ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тиймээс тухайн үед захиргааны хэргийн анхан шатны  шүүх болон сумын Засаг даргад эрх хэмжээнийхээ хүрээнд гомдлоо гаргасан. Сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж бидний хүсэлтийг шийдвэрлэж, А/81 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Бугат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжаар[1] тус сумын 2 дугаар багийн оршин суугч Х.Хд 2 дугаар /Улаантолгой/ багийн “Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад” гэх газраас 700 м.кв газрыг хаваржааны  зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэгж талбарын 8305001438 дугаартай 700 м.кв газрыг эзэмшүүлсэн тухай 000000852 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] олгосон байна. Уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Хгаас аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/564 дүгээр албан бичгээр[3] “Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу бэлчээрийн маргааныг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр Бугат сумын Засаг даргад шилжүүлсэн, Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр захирамжаар[4] Х.Хд газар эзэмшүүлсэн  2019 оны А/58 дугаар захирамж болон 000000852 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус   хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаар захирамжаар[5] энэхүү 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр захирамжийг  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгож, Х.Хд Засаг даргын 2019 оны А/58 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг газрын даамалд зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  А.Х нь  2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0367806 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Улаантолгой багийн “Дэрчиг” гэх газраас нэгж талбарын 030400369 дугаартай 700 м.кв газрыг хаваржааны  зориулалтаар, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 000569191 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр  Улаантолгой багийн “Шар толгойн улаан завсар” гэх газраас нэгж талбарын  030400043 дугаартай 500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг байх ба дээрх үйл баримтууд  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тус тус тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч А.Хгийн Бугат сумын Улаантолгой /2 дугаар/ багийн  “Шар толгойн улаан завсар” гэх нэртэй газар байрлах өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа 500 м.кв газраас “Дэрчиг“ гэх нэртэй газар байрлах хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа газар хүртэл  1282,8 м-ийн зайтай,  энэхүү “Дэрчиг” гэх газарт  А.Хд хаваржааны зориулалтаар 700 м.кв газар эзэмшүүлсэн боловч тэрээр байшин болон малын хашаа бүхий 870,3 м.кв талбайтай газрыг ашиглан эзэмшилдээ байлгаж байгаа. Гуравдагч этгээд Х.Хд дээрх 2019 оны А/58 дугаар захирамж, 000000852 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 700 м.кв  газар нь  нэхэмжлэгч А.Хгийн “Дэрчиг” гэх газарт байрлах хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа газраас ертөнцийн зүгээр хойшоо 797,7 м хол  зайтай,  “Дэрчигийн эхийн үзүүр Хар хад” гэдэг газарт байрладаг, уг газарт тэрээр  57,8 м.кв талбай бүхий байшин барьсан,  өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрууд нь давхцаагүй болох нь үзлэгийн тэмдэглэл[7] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[8] тогтоогдсон болно.

Мөн нэхэмжлэгч А.Хгийн “Дэрчиг” гэх газарт байрлах хаваржааны зориулалтаар эзэмшиж байгаа газартай   гуравдагч этгээд Х.Хд  “Дэрчигийн эхийн үзүүр  Хар хад” гэх газраас эзэмшүүлсэн газар давхцаагүй болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа боловч   гуравдагч этгээд Х.Хд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож,Х.Хгийн газар эзэмших эрхийг сэргээсэн агуулгатай маргаан бүхий А/123 дугаар захирамжийн улмаас эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тайлбарлаж чадаагүй болно. Харин нэхэмжлэлдээ[9] “...Мөн Бугат сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 жилийн хугацаагаар бэлчээр ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгснөөр тухайн газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа” гэж тусгасан,  мөн  тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Хд холбогдуулан 2019 оны  08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан, “Зөвшөөрөлгүй барьсан байшинг албадан буулгаж чөлөөлүүлэх тухай” шаардлагатай  нэхэмжлэлдээ[10] “Х.Х нь Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад гэх газарт байшин барьсны улмаас миний хууль ёсны эрх  ашиг зөрчигдөж, бэлчээрийн газаргүй болж хохирохоор байна”  гэж   тусган маргажээ. 

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:6.2.1.бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”,52 дугаар зүйлийн  52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Бугат сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар  сарын 19-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар[11]  тус сумын өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хот айл болгонд бэлчээр ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэх ажлын хэсгийг байгуулснаар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Бугат сумын Засаг даргыг төлөөлж газрын даамал Х.Сембай, 2 дугаар багийн Засаг дарга  А.Хадыс нар  тус  2 дугаар багийн “Онгоцоо”  бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлэгтэй  бэлчээр ашиглалтын гэрээ[12] байгуулсан байна. Уг гэрээний  2 дугаар хавсралтын дэс дугаарын 22,23,24,25-д Хаби, Нурбек, Халидолда, Хауан,Сакен, Даулетхан, Тилеуберди нарт бэлчээрийн зориулалтаар 3015 га  газрыг ашиглуулахаар  тусгасан[13] байх ба  уг  3015 га газрыг эдгээр малчид нийтээрээ дундаа ашиглахаар гэрээ байгуулсан нь “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Онгоцоо, Харгайт БАХ-ын өвөлжөөний бэлчээрийн газрыг хот айлаар хуваарилсан зураг”, гэрч нарын мэдүүлгээр[14] тус тус тогтоогдож байна.

Мөн гуравдагч этгээд Х.Хгийн гаргасан “Дэрчиг гэх газраас газар эзэмших тухай“ хүсэлт болон А.Х, Х.Х нарын хооронд бэлчээрийн газрыг ашиглах талаар гарсан маргааныг Бугат сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн  Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, Х.Хд “Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад” гэх газарт хаваржаа ,намаржааны журмаар суурьшихыг зөвшөөрч, уг газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж,  02 дугаартай “Хаваржаа ,намаржааны журмаар суурьших тухай”  тогтоол гаргасан, ингэхдээ  тус багийн иргэдийн  малыг хөөж, газар хорих зөрчил гаргахгүй байхыг үүрэг болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[15] тогтоогдсон ба  нэхэмжлэгч А.Х нь энэхүү тогтоолын талаар маргаагүй болно.

 Улмаар гуравдагч этгээд Х.Хгаас  “Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад” гэх газраас 700 м.кв газрыг  эзэмших тухай хүсэлт гаргаснаар Бугат   сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай”  тогтоолыг үндэслэн “Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад” гэх газраас 700 м.кв газрыг Х.Хд эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[16] тогтоогдож байна.  Бугат сумын Засаг даргын болон  2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын эдгээр  шийдвэрүүд нь  Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын  талаар зохицуулсан заалтууд, бэлчээр ашиглалтын асуудлыг зохицуулсан  52 дугаар зүйлийн 52.2,52.7,52.10-д заасантай  тус тус нийцсэн байна  гэж үзлээ.

Газрын тухай хуульд бэлчээрийг нийтээр ашиглахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч А.Хгийн эзэмшлийн  Бугат сумын Улаантолгой багийн  “Шар толгойн улаан завсар” гэх газарт байрлах 500 м.кв, “Дэрчиг”-т байрлах 700  м.кв  газар, гуравдагч этгээд Х.Хгийн эзэмшлийн “Дэрчигийн эхийн үзүүрийн  Хар хад” гэх газарт байрлах 700 м.кв газар нь дээр дурдсан малчид дундаа нийтээр ашиглахаар гэрээ байгуулсан 3015 га талбай бүхий бэлчээрийн газарт багтаж байгаа нь “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Онгоцоо, Харгайт БАХ-ын өвөлжөөний бэлчээрийн газрыг хот айлаар хуваарилсан зураг” болон хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар[17] тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрууд нь хоорондоо давхцаагүй байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч А.Х нь  “Дэрчиг” болон “Шар толгойн улаан завсар” гэх газраас 2 газар эзэмшдэг ба гуравдагч этгээд Х.Хд “Дэрчигийн эхийн үзүүрийн  Хар хад” гэх газраас 700 м.кв газар эзэмшүүлсэн  шийдвэр нь дээрх байдлаар  хуульд нийцсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчөөгүй  болох нь тогтоогдсон тул  маргаан бүхий А/123 дугаар захирамжаар гуравдагч этгээд Х.Хд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан  газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим,  61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай  тус тус  нийцсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно”, 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

Дээрх  байдлаар  маргаан бүхий захиргааны  акт нь Газрын тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрээр  маргаан бүхий газрыг эзэмшилдээ авсан гуравдагч этгээдийн  газар эзэмших эрхийг сэргээсэн  шийдвэрийг  эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр хүчингүй болгох  үндэслэлгүй гэж үзээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 52 дугаар зүйлийн 52.2,52.7,52.10, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Хгийн  “Бугат сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрийн А/123 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 187-р хуудас

[2] Хэргийн 188-р хуудас

[3] Хэргийн 14-р хуудас

[4] Хэргийн 15-р хуудас

[5] Хэргийн 17-р хуудас

[6] Хэргийн 71,72,124-р хуудас

[7] Хэргийн 217-222-р хуудас

[8] Хэргийн 168-169,236-237,242-243,

 1,4-5,8-р хуудас /2-р хавтас/

[9] Хэргийн 1-3-р хуудас

[10] Хэргийн 43-45-р хуудас

[11] Хэргийн 69-р хуудас

[12] Хэргийн 74-75-р хуудас

[13] Хэргийн 76-77-р хуудас

[14] Хэргийн 111-112,113-117,118, 160-161,172-173-р хуудас

[15] Хэргийн 168-169,180-182,212-213-р хуудас

[16] Хэргийн 168-169,186,187,196-208-р хуудас

[17] Хэргийн 113-117,118,125-127,217-222, 242-243-р хуудас