Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0004

 

Э.О, Э.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Т.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.О, Э.Ш нарт холбогдох,  эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,   Н овгийн Э-н Ш,

Монгол Улсын иргэн,  Б овгийн Э-н О,

Шүүгдэгч Э.Ш, Э.О нар нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр     аймгийн   сумын      багийн нутаг дэвсгэрээс НҮБын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта- 9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан өвсийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овгийн Э-н О, Н овогт Э нарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш, Э.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 880 гр, 1125 гр, 1215 гр, 1370 гр, 1080 гр, 1055 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Г би, Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянавал: Шүүгдэгч Э.Ш, Э.О нар нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр     аймгийн     сумын       багийн нутаг дэвсгэрээс НҮБын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан өвсийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хэлэлцээд Э.Ш, Э.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг давхар барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Ш, Э.О нарт Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг дурьдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна. Шүүгдэгч Э.Ш, Э.О нар нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис агуулсан 0,880 гр, 1,125 гр, 1,215 гр, 1,370 гр, 1,800 гр, 1,055 граммаар тус тус савласан ургамлыг бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж байгаа нь хэргийн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинж чанарт тохироогүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.5 дугаар зүйлд заасан 1.3 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу шүүгдэгч Э.Ш, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд Шүүгдэгч Э.О, Э.Ш нар нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр      аймгийн      сумын       багийн нутгаас НҮБ-аас баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах “Дельта-9 тетрагидроканнабинол” гэдэг бодис агуулсан ургамлыг түүж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролгүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ. Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулагдсан. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2.д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролгүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчөөгүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуульд хорих ял оногдуулж тэнсэх хууль зүйн ойлголт байхгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх заалтаас тухайн гэмт хэргийн ангилалд тохирсон зүйл ангийг нь давхар баримталж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь дурьдаагүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн зүйл хэсгийг нь орхигдуулсан, шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохдоо холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар Э.Ш, Э.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3.д зааснаар шүүгдэгч нарыг энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА