Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

 

    

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2231000000048 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгон, 1-61 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022  оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны 1-61 тоотод гэртээ нөхөр Б.*******ыг “2 хоног гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн аягаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022  оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны 1-61 тоотод гэртээ нөхөр Б.*******ыг “2 хоног гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн аягаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр манай найз гэх хүүхэн ирээд надад нөхрийнхөө талаар яриад амьдрал хэцүү байна гээд бид хоёр 0,75 граммын архи хувааж уусан. Тэгсэн манай найз хүүхэн “танай нөхөр Сувдаагийнд архи уугаад явсан байна лээ” гэж хэлсэн. Өмнөх өдөр нь манай нөхөр гэртээ ирж хоноогүй учраас тухайн үед ийм зүйл сонсоод миний уур хүрсэн. Удалгүй манай нөхөр орж ирсэн. Тэгэхээр нь би тэр чигтээ явахгүй яасан юм бэ? гадуур хонолоо гээд уурандаа аяга аваад шидсэн чинь нөхрийн толгойг оносон. Тэгээд манай нөхөр үүдэнд сууж байхад нь харсан чинь толгойноос нь цус гарч байсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1]

2.Хохирогч Б.*******ын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байхад гэртээ очсон. Гэрт эхнэр *******, найз Ээбээгийн хамт архи ууж байгаа гэмээр сууж байсан. Намайг оронгуут манай эхнэр над руу агсарч хаагуур яваад ирж байгаа юм бэ? гээд хэрүүл маргаан хийсэн. Би гэртээ ирж хоноогүй учраас эхнэрийнхээ урдаас маргаад яахав гэж бодоод гал тогооны хэсгийн хөлдөөгчний хажууд сууж байтал эхнэр толгойн орой хэсэг рүү нэг шилэн гэмээр зүйлээр цохих шиг болоход миний нүүр, хүзүү орчим цус урсаад ороод ирсэн. Тэгээд би үүдний амбаарт хэсэг сууж байгаад цус тогтохгүй болохоор нь гараад явсан...” гэх мэдүүлэг[2],

3.Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Б.*******ын биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3],

4.Гэрч Ц.Шинэбаяр, П.Элбэгжаргал, Б.Гэрэлбадам нарын мэдүүлэг[4], 5.Хэргийн газар үзлэг  хийсэн тэмдэглэл[5], 6.Аюулын зэргийн үнэлгээниий тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.

 Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,

шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа ...хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.******* нь “шүүгдэгч Б.*******ээс хохирол төлбөрт эм, тариа, эмчилгээний үнэ болох 43,180 төгрөг гаргуулсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоноос 1 /нэг/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тайлбарлажээ.[10]

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сэнжтэй шаазан аягыг шийтгэх тогтоол болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь хуульд нийцнэ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоноос 1 /нэг/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сэнжтэй шаазан аягыг шийтгэх тогтоол болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Ц

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 22, 24, 34 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 10-13 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 93-94 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 89-90 дугаар тал