Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч                                                           О.Эрхэмбаяр

шүүгдэгч Б.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ******* овогт Б******* С*******Д холбогдох эрүүгийн 2131002360164 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол улсын иргэн, 19******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, хилийн цэргийн ******* дугаар ангид сантехникийн слесарь ажилтай, ам бүл 5, энхэр хүүхдүүдийн хамт  Сэлэнгэ аймгийн ******* сумын 3-р баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар гэм  буруутайд тооцогдож 2 жил хорих ял оногдуулсныг 6 сарын хугацаагаар ял хойшлуулж шийдвэрлэсэн, ******* овогт Б******* С******* /РД:ЗМ*******041413/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн лангуунаас иргэн Т.О эзэмшил, өмчлөлийн Самсунг А50 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Сэнгэсамбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтэй үнэхээр гэмшиж байна...” гэжээ

Шүүгдэгч Б.Сэнгэсамбын 2021 оны 09 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Т.О гар утсыг буцааж өгч уучлал гуйсан. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд өөрийн ухаантай байсан....” гэх мэдүүлэг  /хх-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Т.О 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ буюу Сэлэнгэ аймгийн сумын худалдааны төвд байж байгаад 12 цаг 50 минутын үед өөрийн эзэмшлийн Самсунг А-50 гар утсаа лангуун дээрээсээ алдчихсан юм. Тухайн үед би хүн рүү мөнгө шилжүүлэх гээд гар утсаа хайсан чинь гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд л алга болсныг мэдсэн юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

Гэрч Э.Э 2021 оны 08 дугаар сарын 30-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэр ******* дугаар ангийн 5 дугаар застав буюу 0282 дугаар салбараас ангийн 12-03 ХЦА гэсэн улсын дугаартай хагас ачааны фермер нэртэй тээврийн хэрэгсэлтэй жолооч ахлах ахлагч Ууганбаатар, дэд ахлагч Мөнхтөр, хугацаат цэрэг Маналжав, Золбоо ангийн сантехникч слесарь С******* нарийн хамт сумын Сэлэмтэй хөшөөний цаана чулуу авахаар ирсэн юм ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч А.О 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10-42 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй суманд очиж ажилтай явж байсан өөрийн нөхөр С*******ас мөнгө авахаар очиж уулзсан. Намайг очих үед С******* ажлын хүмүүстэйгээ хамт явж байсан би хэн, хэн гэдэг юу хийдэг хүмүүс болохыг нь мэдэхгүй байна. Би нөхөртэйгөө хамт хаан банк руу орж түүнээс 200,000 төгрөг аваад буцаж ******* суманд ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.У 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би хамгийн түрүүнд нэг цэвэр ус авчхаад л гарсан ямар нэгэн гар утас байгаа эсэхийг анзаарч хараагүй. Алтан булгаас гарч явах үед цагдаа нар зогсоогоод хэсэг дээрээ аваачиж асуух үед л тухайн дэлгүүрээс гар утас алга болсон тухай сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/,

худалдааны төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- ийн 3 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-*******1/1717  дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Дээр дурьдагдсан  Samsung A50 марк загварын гар утасны нийт бодит үнэ цэнийг 350.000 ₮ (гурван зуун тавин мянга) -н төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ин 01-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 26-27-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 49 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвд үйлчлүүлж байхдаа лангуун дээр байсан иргэн Т.О Самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг  үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Б.С******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, үнэхээр их гэмшиж байна ...”, хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... хүн рүү мөнгө шилжүүлэх гээд гар утсаа хайгаад олоогүй, гар утсаа алдсанаа мэдсэн, хулгайд алдагдсан гар утсаа хүлээж авсан, надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгүүд, төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ-*******1/1717  дугаартай шинжээчийн  дүгнэлтээр хулгайд алдагдсан Samsung A50 загварын гар утсыг 350.000 (гурван зуун тавин мянга)-н төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.Сэнгэсамбын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Т.Оюунцэцэг нь шүүгдэгч Б.С*******ас гар утсаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдэгдсэн байх тул Б.С*******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

Шүүгдэгч Б.С*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.С*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч Б.Сэнгэсамбын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******д хорих ял оногдуулахгүйгээр  1/ нэг / жилийн хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Б.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б******* Сэнгэсамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******д хорих ял оногдуулахгүйгээр  1/ нэг / жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг” анхааруулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ