Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 даь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2231000000002 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 02-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй. Бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, Хонгорморьт, 2 дугаар хэсэг гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, ******* дүүрэг, 9 дүгээр хороо, Геоны тоотод түр оршин суух,

-урьд 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  ******* овогт *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 72 тоотод хойд эцэг ийн толгойн тус газар цохиж, толгойн хуйханд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 72 тоотод хойд эцэг ийн толгойн тус газар цохиж, толгойн хуйханд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ы өгсөн: “...Хэд хоногийн өмнө ээжийг маань хэл амаар доромжилсон, тэрийг бодож явж байгаад ийм зүйл болсон. Ээжтэй нийлснээсээ хойш орон байргүй болгосон, 2 ч орон байрыг нь үгүй хийж, одоо түрээсийн байранд амьдарч байгаа юм” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед өөрийн гэртээ эхнэр *******ийн хамт 0.75 литрийн “Монгол стандарт” архи уусан. Уг архийг ууж дуусахад манай эхнэр хойд талын Баярсайханы гэр лүү зурагт үзэхээр гараад явсан. Би тэр үед нилээн согтсон байсан ба нойр хүрээд унтаад өгсөн. Нэг сэрсэн миний эхнэрийн дагавар хүү Ч.******* миний толгой руу цохиж байсан ба хэд хэдэн удаа цохих шиг болсон ба согтуу байснаас гадна толгой руугаа цохиулсны улмаас ухаан санаа балартсан. Ямартай ч толгойноос цус их гарч байсан. Нэг мэдэхэд гаднаас цагдаа орж ирсэн байсан талаар санаж байна. ******* намайг ямар учраас зодсон талаар ердөө мэдэхгүй байна. Би уг нь *******д хийсэн гэм, буруу зүйл байхгүй. ******* өмнө энэ оны намар ямар нэг шалтгаангүй миний толгой руу шилэн стакан шидэж цохьсоны улмаас миний хуйх язарч оёдол тавиулж байсан. Уг асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан. Надад ямар нэг гомдол, санал байхгүй. Би *******ы хоёр жаахан хүүхдийг нь бодоод л гомдолгүй гэж хэлж байна. Мөн эмчилгээний зардал ч нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Д.*******ийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баяраа гээд хуурай ахынд архи уугаад сууж байхад манай нөхөр Баянмөнх толгойгоо хөх өнгийн алчуураар дарчихсан, цус гарчихсан орж ирсэн. Юу болсон талаар асуухад “чиний хүү ******* намайг зодсон” талаар хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад гэртээ ороход цагдаа нар ирж бид хэдийг дагуулаад эмнэлэг явж оёдол тавиулсан” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ архи ууж байгаад орой найз Баянмөнхийн гэрт ирсэн. Яг хэдэн цагийн үед ирсэн талаараа санахгүй байна. Тэднийд Баянмөнх ганцаараа байсан ба би тэр үед нилээн согтуу байсан тул удалгүй унтаад өгсөн. Нэг сэрсэн цагдаа нар ирчихсэн байсан. Намайг унтаж байхад Баянмөнхийг хүү ******* нь зодоод толгойг нь хагалчихсан юм шиг байсан. Зодохыг нь бол би мэдээгүй. ******* намайг зодож, цохисон зүйл байхгүй. Би тухайн өдрийн урьд шөнө согтуу явж байгаад шургаж унаад нүүрээ шалбалчихсан байсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ч.******* багадаа бол даруу төлөв, хүмүүжилтэй хүүхэд байсан. Насанд хүрээд шоронд ороод ял эдлээд гарсан. Тэгээд зан чанар нь жаахан өөрчлөгдсөн байж магадгүй. Надтай тааралдахдаа мэндтэй, устай байдаг. Түүний ээж олон жил архи, дарс ууж байгаа юм” гэх мэдүүлэг[5],

6.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “ийн биед толгойн хуйханд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7.Шүүгдэгч Ч.******* 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хувьд Алтанбулаг суманд байрлаж ажиллаж байсан юм. Би тэнд корпусын найз нар болох Сүхээ, Очбадрах /Оогий/, Магнай хамт ажилладаг ба бид нарыг хариуцаж Оогий буюу Очбадрах гэх залуу ажилладаг юм. Бид хэдийг ажлаа дуусгаад 19 цагийн орчим буух гэж байхад үл таних залуу 500 граммын савалгаатай “Хараа” нэртэй архи авчирч өгсөн ба Очбадрах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тул бид гуравт хандан “зуу зуун грамм уучихаад амарчих” гэж хэлсэн ба Сүхээ, Магнай нар нь багаар нэг нэг удаа уусан. Би дээрх Хараа нэртэй архины үлдэгдлийг ганцаараа уусан юм. Ингээд Алтанбулаг сумаас ******* сум руу явмаар байна гэж Очбадрахаас цаг гаруй гуйсны эцэст 20 цагийн үед ******* явах такси олж Очбадрах, Сүхээ, Магнай нарын хамт ирсэн ба би “Voice” караокед ганцаараа орсон “Voice”караоке орж “Сэнгүр” нэртэй 450 граммын савалгаатай пиво 4 ширхгийг уусан. Тэнд дуулах гээд сууж байтал дуулуулаагүй тул тэндээс гарсан юм. Гарсан үеэс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Бөөгөө нь манай хойд буюу миний төрсөн ээжтэй 15 жил хамтран амьдарч байгаа хүн. Тухайн хүн нь намайг 2 удаа ял шийтгэл эдлээд ирэхэд хоёуланд нь миний орох орон, байшин савийг зарчихсан байсан. Саяхан нэг удаа маргалдсан. Өмнө нь мөн тухайн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэргээр шалгагдаж өршөөлд хамрагдан хэрэгсэхгүй болж байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг[7], 8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ