Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00013

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        04             10                                             2019/ДШМ/13

 

С.Мд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Ариунцэцэг,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой С.Мд холбогдох 1838007900429 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Мын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ө овогт С-ийн М, 19 оны ,,, дүгээр сарын ,,,-ны өдөр төрсөн, …  настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............................/.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Мөрөн сумын 12-9-02 тоотод иргэн Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө овогт С-ийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн М-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 1838007900429 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 984,492 төгрөг гаргуулж хохирогч Л.Нд олгож, хохирогч Л.Н нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Маас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэтэл хохирогч Н нь намайг өөрийн гэртээ амарч байх үед ирж миний биед гэмтэл учруулж, эд хөрөнгийг маань эвдэж сүйтгэсэн хууль бус үйлдэлд нь гэмт хэрэг тус бүрд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Шөнийн цагаар бусдын гэрт ирж амгалан тайван байдлыг алдагдуулж, зүй бус авирласан хүн нь гэртээ зүгээр амарч байгаад хэрэгт гүтгэгдсэн хүнээс бага хэмжээний ял авч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Миний бие Н-ын биед халдсан асуудал байхгүй боловч шүүх хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан харилцан маргалдаж, зодолдсоны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн. Ингээд ял оногдуулахдаа хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан гэх боловч оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад миний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж намайг цагаатгах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хэлсэн боловч шүүх гэм буруутайд тооцсон. Нэгэнт гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэж шийдвэрлүүлэх саналыг оруулсан ч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч М-аас нотлох баримтын хэмжээнд 984,492 төгрөг гаргуулж хохирогч Н-д олгож шийдвэрлэсэн байх боловч ямар нотлох баримтыг үндэслэл болгож байгаагаа дурьдаагүй, түүнчлэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчдийн саналын үндэслэл болгосон баримт зэргийг тодорхойлох хэсэгт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.М нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 9-02 тоотод хохирогч Л.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 503, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай дүгнэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Л.Н шүүгдэгчийн гэрт шөнийн цагаар ирж, хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй бөгөөд С.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, өөрийн болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ял хөнгөрүүлөх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял шийтгэл хөнгөрүүлэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөг” гэснийг “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                Н.БАЯРХҮҮ