Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 77

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч Д.Цэрэнтогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Д.Гэндэнсоном нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжин овогт Дэмбэрэлийн Гэндэнсономд холбогдох эрүүгийн 201615000196 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1976 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг “Марзат” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1/21 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Балжин овгийн Дэмбэрэлийн Гэндэнсоном.   /РД:ЙЖ76033111/

Шүүгдэгч Д.Гэндэнсоном нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг “Марзат” гэх газар өөрийн эхнэр Д.Цэрэнтогтохыг бусадтай хардаж мотоциклын амортизаторын төмрөөр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Д.Гэндэнсоном шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Д.Цэрэнтогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хүн согтуу ирэх бүрдээ намайг зоддог. 14 хоногийн өмнө ирээд намайг зодсон. Намайг амбаарын ард очоод төмрөөр цохьсон. Тэгээд толгойтой үснээс зулгаагаад ална гээд байсан. Хүүхэд байсан болохоор салгасан. Чиний хөлийг  хугална гэдэг. Согтох бүрдээ хардаж намайг зоддог. Би битгий тэгж бай гэхээр эрүүл байхдаа би чамайг зодохгүй гэдэг. 1-2 өдөр архи уухгүй байж байгаад тэгээд л архи уугаад зоддог. Өмнө нь би зодуулахдаа цагдаад хэлж байгаагүй. Энэ хүний гарт үхэх юм байна гэж бодоод цагдаад хэлсэн. Би энэ хүнд зодуулаад эрүүл мэндээрээ хохироод явж чадахгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна” гэв.

Хохирогч Д.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би нөхөр болох Д.Гэндэнсономтой 1995 онд ханилан суусан. Уг хугацаанаас хойш архи ууж ирэх болгондоо надтай хэрүүл хийж, хардаж сэрдэн зоддог болсон. Тэр болгонд би цагдаад мэдэгддэггүй байсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд гараад уулзаадхая гэхээр нь дагаад гартал амбаарын ард талд очоод шууд үстэж унагаагаад дээрээс мотоциклын амортизаторын төмрөөр баруун гарын шуу, сарвуу, бөгс, хавирга руу цохиж нүдэн, чиний нүдийг чинь сохолно гээд 2 нүд рүү гараа хийх гээд дайраад байсан. Тэгээд би аргагүйн эрхэнд цагдаад мэдэгдсэн. Тухайн үед манайд Хаш-Эрдэнэ гэдэг хүн ирчихсэн байсан. Тэр хүн юу болсныг мэдэж байгаа байх. Тухайн үед тэр хүн ч өөрөө согтуу байсан. Урьд нь 2016 оны 02 дугаар сард цагаан сарын дараа Бунжиг, Пүрэвдагва нартай гэртээ архидаад байхаар нь тэр хүмүүсийг нь хөөгөөд гаргачихсан чинь намайг янз бүрийн хүмүүстэй нөхөцдөг гэж элдвээр хэлэн хардаж сэрдээд үс толгойноос зулгаагаад, гутлаар цохиж нүдсэн. Тухайн үед манай хүү Пүрэвсайхан гэрт байсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бас л согтуу гэртээ ирээд намайг хардаж сэрдээд зодсон. Тухайн үед манай хүү Пүрэвсайхан гэрт байсан. ... Сүүлд 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой намайг эгч Цэндсүрэнгийндээ байхад манай нөхөр согтуу араас ирээд бас л чи банзалддаг гэж хардаж сэрдээд миний баруун шанаа, баруун гарын булчингаас хазаж, гэдэс чимхэж хөхрүүлсэн. Одоо хөхөрсөн хэвээрээ байгаа. Тэр үед манай эгч Цэндсүрэн байсан, хүүхдүүд нь унтаж байсан болохоор мэдээгүй. Эгч л мэдэж байгаа. Цэдэвдорж гэдэг хөдөөний малчин хүнтэй намайг холбож харддаг. Тэр хүнтэй би ямар нэгэн харьцаа байхгүй. Манайхаар гэмгүй орж гардаг манай нөхөр Гэндэнсономын л найз байгаа юм. ...Би эмнэлэгт огт хэвтэж байгаагүй. Үзүүлж ч байгаагүй. Гараа хугалуулах үедээ анх эмнэлэгт хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дугаар хуудас/,

Гэрч Ц.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд шатанд мэдүүлсэн: “...Би  Д.Гэндэнсономд эхнэрийг нь С.Цэдэвдоржтой явалдаад байгаа гэж ерөөсөө ярьж байгаагүй. Найз болохоор гэрээр нь орж гараад л явдаг. С.Цэдэвдоржтой Д.Цэрэнтогтохыг явалдаж байгаа гэж сонсож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч С.Цэдэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Д.Гэндэнсоном, Д.Цэрэнтогтох хоёртой найз болохоор гэрээр нь орж гардаг. Би Д.Цэрэнтогтохтой уулздаггүй. Гэрээр нь ордог байсан. Д.Гэндэнсоном ерөөсөө орж гарсан хүмүүстэй хардаад байдаг гэсэн. Би тэгээд хавраас хойш тэднийхээр орохоо больсон. Миний дэргэд зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Т.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Цэрэнтогтох нь нөхөртөө зодуулсан гээд манай эмнэлэг дээр ирсэн. Намайг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, баруун гар нь хөдлөхөд өвдөлт ихтэй, баруун гарын сарвуу, шуу хавдаж хөхөрсөн, өвчин ихтэй, баруун талын хөхний дээд хэсэгт хавдартай, хөхөрсөн, өвдөлттэй, ар нуруугаараа болон гарандаа улайж хөхөрсөн байсан. Тэгээд өвчин намдаах тариа хийж аймагт очиж зураг авахуулах талаар зөвлөгөө өгсөн. Өмнө нь нөхөртөө зодуулсан гэж ирж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Пүрэвсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 02 дугаар сарын үед, цагаан сарын дараа гэрт Бунжиг, Пүрэвдагва нартай аав архи ууж байгаад шөнө нэг сэрэхэд ээж Д.Цэрэнтогтохыг үсдээд, хамраас нь цус гоожуулчихсан, нүүр амыг нь хөхрүүлчихсэн, гутлаар цохиод байхаар нь би босож салгасан. Тухайн үед Пүрэвдагва, Бунжиг нар бас салгалцсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны орой гэртээ ирсэн чинь аав, ээж Д.Цэрэнтогтохын толгойг ширээн дээр дарчихсан үсийг нь хайчлах гээд байгаа бололтой барьчихсан байсан. Тухайн үед мөн л ээжийн нүүр ам хөхөрчихсөн байсан. Тэгээд би салгасан. Гэрт өөр хүн байгаагүй. Сүүлд намайг хөдөө байж байх үед 06 дугаар сарын 06-нд намайг аав чинь зодчихлоо, гар төмрөөр цохиод хугалчихсан гэж утсаар хэлсэн. Би тэр үед гэртээ байгаагүй. Өөрөө гэрт хамт архи уусан хүмүүстэйгээ хардаад, элдвээр хэлээд байдаг юм. Өөрөө байнга янз бүрийн юм санаанаасаа зохиож ээжийг хардаад, тэгээд зодоод байдаг. Манай ээж тийм хардах зүйл хийж байгаагүй. Өөрөө л согтохоороо л хардаад янз бүрийн юм яриад байдаг юм. ... Энэ он гарсаар нэлээд хэд зодчихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай: “... Д.Цэрэнтогтохын биед баруун богтос ясны хугарал, баруун шуу, сарвуу, өгзөгний зөөлөн эдийн гэмтэл, цээж, баруун шуу, сарвуу, зүүн дал, баруун бугуй, 2 өгзөгний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн
хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол,тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Гэндэнсономын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-51, 54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Гэндэнсономын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Гэндэнсономыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 43-46 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Д.Гэндэнсоном нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг “Марзат” гэх газар өөрийн эхнэр Д.Цэрэнтогтохыг бусадтай хардаж мотоциклын амортизаторын төмрөөр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Д.Цэрэнтогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Энэ хүн согтуу ирэх бүрдээ намайг зоддог. 14 хоногийн өмнө ирээд намайг зодсон. Намайг амбаарын ард очоод төмрөөр цохьсон. Тэгээд толгойтой үснээс зулгаагаад ална гээд байсан. Хүүхэд байсан болохоор салгасан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Цэрэнтогтохын “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд гараад уулзаадхая гэхээр нь дагаад гартал амбаарын ард талд очоод шууд үстэж унагаагаад дээрээс мотоциклын амортизаторын төмрөөр баруун гарын шуу, сарвуу, бөгс, хавирга руу цохиж нүдэн, чиний нүдийг чинь сохолно гээд 2 нүд рүү гараа хийх гээд дайраад байсан. Тэгээд би аргагүйн эрхэнд цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/, гэрч Т.Балжиннямын “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Цэрэнтогтох нь нөхөртөө зодуулсан гээд манай эмнэлэг дээр ирсэн. Намайг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, баруун гар нь хөдлөхөд өвдөлт ихтэй, баруун гарын сарвуу, шуу хавдаж хөхөрсөн, өвчин ихтэй, баруун талын хөхний дээд хэсэгт хавдартай, хөхөрсөн, өвдөлттэй, ар нуруугаараа болон гарандаа улайж хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, Насанд хүрээгүй гэрч Г.Пүрэвсайханы “... Сүүлд намайг хөдөө байж байх үед 06 дугаар сарын 06-нд намайг аав чинь зодчихлоо, гар төмрөөр цохиод хугалчихсан гэж утсаар хэлсэн. Би тэр үед гэртээ байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч Ц.Оюун-Эрдэнэ, С.Цэдэвдорж нарын мэдүүлэг /хх-ийн 22, 23/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/, шүүгдэгч Д.Гэндэнсономыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 43-46/, шүүгдэгч Д.Гэндэнсономын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Д.Гэндэнсономд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Гэндэнсоном нь урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/21 дугаартай Шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 02-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдаж байна.

Шүүгдэгч Д.Гэндэнсоном нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 180.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Д.Гэндэнсономд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож,  түүний хувийн байдал, гэм хор арилаагүй зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн Байцаан  Шийтгэх  Хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Балжин овгийн Дэмбэрэлийн Гэндэнсоном нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Гэндэнсономд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Гэндэнсономд оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Гэндэнсоном нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 180.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Гэндэнсономын АR9301399,  AQ6547977,  AP4950876, AS599552, AP0369372  серийн дугаартай  5 ширхэг 1000 төгрөгийн дэвсгэрт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 70 см урттай мотоциклийн амортизаторын төмөр 1 ширхгийг устгаж, 6151 TSERENTOGTOH M /39Y/ гэсэн бичигтэй рентгэн зураг 1 ширхгийг хохирогч Д.Цэрэнтогтоход буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гэндэнсономд   авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гэндэнсономд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР