Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2020/0035

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.Д,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан даргалагч болон  Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хороо,

            “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарлах тухай” 11, “Сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” 12 дугаар тогтоолуудыг болон Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооны  Д.Еыг тосгоны оршин суугчдын Хурлаас нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосныг тус тус хууль бусад тооцуулж, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч Д.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   

Миний бие Х.Д нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгонд оршин суудаг. Тосгоны захирагч нь 4 жилийн хугацаатай сонгогдож, 4 жил тутам сонгууль явуулдаг. Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 6-д “сонгуулийг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлана” гэж заасан байдаг. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Хуаныш, мөн Хурлын Тэргүүлэгчид хуралдуулж, Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн хугацааг товлон зарлаагүй байхад Цагааннуур тосгоны захирагч Д.Е нь өөрийгөө тойрон хүрээлсэн хэдэн төлөөлөгчийг цуглуулж 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр /бүтэн сайн өдөр/ нууцаар Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг товлон зарлах тухай тогтоол гаргаж, сонгуулийн нэгдсэн хороог байгуулан өөрийнхөө нэрийг оршин суугчдын Хурлаар нэр дэвшсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нэр дэвшигчээр бүртгүүлэн, үнэмлэх авчихсан байна.

Иргэдийн төлөөлөгчдийн Хурал сонгуулийг зарлах эрхгүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бус хурал хийж сонгууль зарласан байна. Миний бие тосгоны оршин суугчдаас нэр дэвших бодолтой байсан бөгөөд хэдэн жилийн өмнөөс энэхүү сонгуульд өөрийгөө бэлтгэж байсан. Гэтэл тосгоны захирагч хууль, журмыг үл тоомсорлон миний сонгогдох эрхийг тосгоны захирагчид оршин суугчдын хуралдаанаас нэр дэвших эрхийг маань ноцтой зөрчиж, оршин суугчдын өмнөөс нууц аргаар хууль бусаар нэр дэвшиж байгаад гомдолтой байна. Оршин суугчдын хуралдаанаар нэр дэвшүүлэхээс өмнө Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаж Цагааннуур тосгоны нийт ард иргэдтэй цахим сүлжээ болон радиогоор зар тарааж, Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг нээлттэй явуулах ёстой байсан.

Гэтэл Тэргүүлэгчээс шийдвэр гараагүй байхад, нэр дэвшигчийг тодруулах журамд заасан хугацаа болоогүй байхад тосгоны захирагч хэдэн төлөөлөгчтэй хууль бус хурал хийж, сонгууль ч зарлаж, нэр дэвшигчийг ч тодруулан, нэгдсэн хороог ч бүртгэсэн байна. Журмаараа иргэдийн нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 27 хоногийн өмнө нэгдсэн хороог 7-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдсэн хороо нь санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө хэсгийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулах ёстой байсан. Гэтэл сонгуулийг зарласан өдөрт нь нэгдсэн хороог байгуулчихсан, нэр дэвшигчийг бүртгэчихсэн байна.

Иймээс Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарлах тухай” 11, “Сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” 12 дугаар тогтоолуудыг болон Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооноос Д.Еыг тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосныг тус тус хууль бусад тооцуулж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуулийн хороо хууль зөрчсөн асуудлаар нэхэмжлэл гаргасан. Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль 4 жилийн хугацаатай сонгогдож, 4 жил тутам сонгууль явуулдаг. Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 6-д “сонгуулийг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлана” гэж заасан байдаг. Гэтэл Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Хуаныш болон Хурлын Тэргүүлэгчид хуралдуулж Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн хугацааг товлон зарлаагүй байхад Цагааннуур тосгоны захирагч Д.Е өөрийгөө тойрон хүрээлсэн хэдэн төлөөлөгчийг цуглуулж нууцаар амралтын өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдуулж өөрийнхөө нэрийг оршин суугчдын хурлаар нэр дэвшүүлж хууль бус хуралдаан зохион байгуулсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, оршин суугчдын хуралдаанаар нэр дэвшүүлэхээс өмнө Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Цагааннуур тосгоны нийт ард иргэдтэй цахим сүлжээ болон радиогоор зарлуулж тараах ёстой.

Гэтэл Тэргүүлэгчээс шийдвэр гараагүй байхад хууль бус захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед Цагааннуур тосгоны иргэн Арыстан энэ хууль бус үйл ажиллагааг зогсоо, энэ чинь хууль зөрчсөн асуудал, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Хуаныш Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн хугацааг товлон зарлаагүй, сонгуулийг зарлан товлон тогтоол гаргаагүй гэж анхааруулж байсан.

Гэтэл Д.Е нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг би даргалсан, одоо би Цагааннуур тосгоны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна гэсэн. Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зохион байгуулж болох нээлттэй хороо байхгүй талаар асуухад, Ногооннуур суманд байгаа гэж хэлээд, материалаа хэнд өгөх нь тодорхойгүй байсан. Тиймээс Х.Дийн эрх ашиг зөрчигдсөн байсан. Тухайн сонгууль нээлттэй болсон ч оролцож чадаагүй байсан. Төрийн эрх мэдлийг авахын тулд хууль бус хуралдаан зохион байгуулж байна, ард иргэдийн нэрээ дэвшүүлэх, огцруулах иргэдийн эрхээ хамгаалж сонгуульд өрсөлдөх, сонгох, сонгогдох эрхээ хамгаалж хуулийн дагуу явуулж өгөөч гэсэн анхны шаардлага өгсөн.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг явуулах тухай 11 дүгээр тогтоол, нэгдсэн хороо байгуулах тухай 12 дугаар тогтоолуудыг, Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооноос Д.Еыг тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосныг тус  тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тиймээс ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хот, тосгоны асуудал байгаа учраас тухайн хот, тосгонд амьдарч байгаа оршин суугчдын эрх ашгийг хамгаалах үүднээс батлагдсан тусгайлсан хуультай. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 1993 оноос эхэлж хэрэгжиж байгаа. Энэ хуульд зааснаар хот, тосгоны оршин суугч тухайн тосгоны удирдлагыг сонгох, удирдлагаар сонгогдох эрхийг хуулиар тогтоож өгсөн. Хот, тосгоны удирдлагыг сонгох ажиллагааг хуульд зааснаар тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор зарлах ёстой байсан. Тухайн тосгоны захирагчийн сонгуулийг зарласан асуудал өөрөө маргаантай байгаа. Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарласан Ногооннуур  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаан өөрөө хууль бус эсвэл хууль ёсны болох нь маргаантай.

О.Хуанышийн нэхэмжлэлтэй хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин шийдэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Гэхдээ магадлал хүчин төгөлдөр болоогүй. Хариуцагчийн 2019 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн хуралдаанаар гарсан бүх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тухайн О.Хуанышийн нэхэмжлэлтэй хэрэгт мөн адил 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан болоогүй байсан боловч  тухайн өдрийн тогтоолуудыг хэвээр үлдээсэн  асуудлаар хүчингүй болгосон. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч хуралдаан болоогүй гэдэг нь бичлэг, гэрч нарын мэдүүлэг бусад цагдаагийн албан хаагч нарын мэдүүлгээр тогтоогдсон байсан.

Хариуцагчийн тайлбартай холбогдуулан хэрэгт авагдаагүй өөр хэргийн талаар ярих шаардлагатай байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан “Сонгуулийг товлон зарласан” 11, “Сонгуулийн нэгдсэн хороо байгуулсан” 12 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах гэж байгаа учраас О.Хуанышийн хэргийн талаар  ярихгүй бол болохгүй. 2019 оны 10 дугаар  сарын 31-ний өдөр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болоогүй. О.Хуаныш гэдэг хүн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа Тэргүүлэгчдийн Хурал хийх гэж байхад гаднаас хэдэн төлөөлөгч нар орж ирээд хэрүүл маргаан гаргасан. Энэ нь О.Хуанышийн нэхэмжлэлтэй хэрэгт авагдсан CD бичлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдсон. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын хуралдаан болоогүй.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тодорхой заасан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болох хуралдааны тов болон хэлэлцэх асуудлыг төлөөлөгч нарт тарааж өгөөгүй. Хуулийг зөрчсөн асуудал байгаа учраас тухайн өдөр гарсан тогтоолуудыг хүчингүй болгохоос өөр аргагүй. Тухайн төлөөлөгчид Хурлын товыг зарлах ёсгүй байсан. 2019 оны  10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан хууль бус байсан. Хуралдаан болоогүй байхад хурлаас тогтоол гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг түдгэлзүүлж өгөх тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүхээс хангаагүй.  Х.Дийн нэхэмжлэлийн шаардлага оршин суугчдын хуралдаан хууль бус гэж маргаж байгаа. Хуралдаанд хэсэг хүмүүсийг утсаар дуудаж хуралдаан хийж байсан. Тэр үед Х.Д мэдэлгүй хажуудаа ганц хоёр хүнтэй явж байгаад, юу болж байгаа юм бол гэж гаднаас сонирхож орж ирэхэд, оршин суугчдын хуралдаан болж байсан. Нэгэнт орсон учраас ирцийн бүртгэлд гарын үсгээ зурж, хуралдаанд оролцсон. Тухайн хурал болохыг мэдээгүй учраас “нууцаар хуралдаан хуралдуулсан, нийтэд яагаад зарлаж мэдэгдээгүй вэ” гэж хуралдааныг зөвшөөрөхгүй маргасан асуудал байгаа. Нэр дэвших хүн  байна уу гэхэд, хамт явж байсан С.Хурмет гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн байна. С.Хурмет нэр дэвшиж хамт ирсэн 2, 3 хүний саналыг авсан. Д.Еын цуглуулсан иргэд нь 100 хувь Д.Еад саналаа өгч оршин суугчдын хуралдаанаар Д.Е нэр дэвшсэн асуудал байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасан сонгуулийн эрх бүхий оршин суугч нь тухайн тосгоны удирдлагыг сонгох, удирдлагаар сонгогдох эрх нь зөрчигдсөн. Х.Д нэхэмжлэлдээ тодорхой бичсэн  байгаа.

Х.Дт оршин суугчдын хуралдаан болох талаар урьдчилж мэдэгдэж, танилцуулаагүй. Хэрэв урьдчилан мэдэгдсэн бол би  намайг дэмждэг хүмүүст мэдэгдэж, хуралдаанд оролцуулах байсан гэж маргаж байгаа. Шүүхээс  тухайн хуралдаанд оролцсон бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Оршин суугчдын хуралдаан хийх гэж байгаа бол олон нийтийн цахим сүлжээ, олон нийтийн радио өөр бусад байдлаар зар тараасан зүйл байхгүй учраас оршин суугчдын хуралдааныг урьдчилж зарлаж, нийтэд мэдээлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Шударга ёсонд нийцэхгүй байна.

Тиймээс оршин суугчдын хуралдааныг дахин хуралдуулж, хууль журмын дагуу сонгуулийг маргаангүй явуулах одоо ч боломж байгаа. Хариуцагч миний нэр төрд халдсан гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн нэр хүндийг гутааж, доромжилсон асуудал байхгүй. Би цахим сүлжээнд тавигдсан зүйлийн талаар мэдэхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд саналаа хэлэх эрхтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч Д.Е шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны оршин суугч Х.Дийн  Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарлах тухай” 11 дүгээр тогтоол, мөн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгосныг хууль бусад тооцож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжид бус 7 дугаар хуралдаан нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн болон 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор товлон зарлагдсан хууль ёсны төлөөлөгчдийн хуралдаан юм. Төлөөлөгчдийн хуралдаан хуралдаж байх хугацаанд Тэргүүлэгчид хуралдах эрхгүй учраас хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн саналаар Цагааннуур тосгоны захирагчийн ээлжит сонгуулийг товлон зарласан юм. Үүнд хууль зөрчсөн асуудал огтхон ч байхгүй.

Тосгоны оршин суугчдын хурлыг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарлах тухай” 11 дүгээр тогтоол, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, мөн Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 3, 13 дугаар зүйлүүдийг үндэслэн тосгоны захирагчийн ажлын алба 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зар тавьж, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ням гарагийн 10 цагт тосгоны захирагчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх оршин суугчдын хурлыг зарлан зохион байгуулсан юм.

Ногооннуур сумын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хууль ёсны дагуу явагдсан ба нийтдээ  14 тогтоол гарсан. Үүнээс  07 дугаар тогтоол буюу Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгосон байгаа. Бусад 13 тогтоол хууль ёсны тогтоол гэж гарсан байгаа. Цагааннуур тосгоны оршин суугчдын Хурал хууль бус болсон гэж маргаж байна. Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын дагуу явагдсан. Сонгуулийг анх 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарлахдаа “баасан” гариг байсан. Хуулийн хугацаатай 3 хоногийн дотор  нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуусах ёстой.

Хуульд амралтын өдөр явуулж болохгүй гэж заагаагүй учраас 5 дахь өдөр Цагааннуур тосгоны захирагчийн ажлын алба зар тавьж, мөн олон нийтийн радиогоор зарлуулсан. Сонгуулийн нэгдсэн хороо Ногооннуур суманд байгаа гэж хэлсэн гэж байна. Ногооннуур сумын Сонгуулийн нэгдсэн хороо тосгоны оршин суугчдын хурлыг зохион байгуулах эрх үүрэгтэй субъект биш, захирагчийн ажлын алба зохион байгуулах ёстой. Энэ журмын дагуу зохион байгуулагдсан. Х.Д нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд миний нэр дэвшээгүй гэж маргаж байна. Х.Д нь тухайн оршин суугчдын хуралдаанд өөрийн биеэр оролцож, ирцийн бүртгэлд гарын үсгээ зурж, баталгаажуулсан. Тухайн хуралдаанд оролцсон нийт 92 оршин суугч гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Миний нэр төрд халдах гэсэн хэн нэгэн хүний захиалгаар ийм ажиллагаа хийгдэж байна.

Захирагчийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар 11, 12, 04 дүгээр тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлсэн.

Иймээс Х.Дийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Цагааннуур тосгоны захирагчийг сонгох Ногооннуур сумын Сонгуулийн нэгдсэн хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны иргэн Х.Д нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарлаж, сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” 11 дүгээр тогтоолыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, Ногооннуур сумын Цагааннуур тосгоны тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооноос Д.Еыг тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгосныг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн байна.

 Ногооннуур сумын Сонгуулийн нэгдсэн хороо хуралдаанаараа хэлэлцээд иргэн Х.Дийн гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 6-д “сонгуулийг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлана” гэж заасан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Төлөөлөгчдийн Хурлыг хурлын ажлын алба зохион байгуулах журамтай. Гэтэл Хурлын даргаар ажиллаж байсан О.Хуаныш нь эрх мэдлээ хэтрүүлэн төлөөлөгчдийн хуралдааныг хууль бусаар зохион байгуулж Тэргүүлэгчдийн эрх ашгаар тоглох, Тэргүүлэгчдийн хууль ёсны хуралдааныг орхих, хурлын ажилд саад хийх зэрэг зөрчлүүдийг гаргаж байсан тул Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн болон 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Хурлын даргын асуудал болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан.

Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэх цаг үеийн эдгээр тулгамдсан асуудалд Цагааннуур тосгоны захирагчийн ээлжит сонгуулийг хугацаанд нь товлон зарлах тухай асуудал орсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус долоодугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан. Мөн өдрийн Төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааны хүчин төгөлдөр 11 дүгээр тогтоолоор Цагааннуур тосгоны захирагчийн ээлжит сонгуулийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бямба гарагт захирагчийн албаны хурлын зааланд явуулахаар товлон зарласан. Үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааны хүчин төгөлдөр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” 11 дүгээр тогтоол нотлох тул хавсаргав.

Ногооннуур сумын Сонгуулийн салбар хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хүчин төгөлдөр 43 дугаар тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар захирагчийн сонгуулийг эрхлэн явуулах сонгуулийн нэгдсэн хорооны асуудлыг хэлэлцээд дээрх Сонгуулийн салбар хорооны бүрэлдэхүүнд 2 хүнийг нэмж сонгуулийн нэгдсэн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэж үзээд тухайн өдрийн Төлөөлөгчдийн хүчин төгөлдөр “Сонгуулийн нэгдсэн хороог байгуулах тухай” 12 дугаар тогтоолоор Сонгуулийн нэгдсэн хороог дараах 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Үүнд,  нэгдсэн хорооны даргаар Х.Дөрбетхан /Хурлын нарийн бичгийн дарга/, нарийн бичгийн даргаар Х.Шерияздан /Нийгмийн бодлогын түшмэл/, гишүүд А.Советхан /мал эмнэлгийн тасгийн дарга/, Х.Цэдэнбал /мал зүйч/, Х.Тойбастар /Нийгмийн даатгалын байцаагч/, С.Делегат /Засаг даргын Тамгын газрын нярав/, Т.Алмасбек /захирагчийн албанд төрийн сангийн төлөөлөгч/. Үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүчин төгөлдөр “Сонгуулийн нэгдсэн хороог байгуулах тухай” 12 дугаар тогтоол нотлох тул хавсаргав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар тосгоны захирагчийн ээлжит сонгуулийн тухай асуудал хэлэлцэгдээд төлөөлөгчдийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцээд Цагааннуур тосгоны захирагчийн ээлжит сонгуулийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлон зарлаж, санал хураалтыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бямба гарагт тосгоны захирагчийн албаны хурлын зааланд явуулахаар шийдвэрлэж Сонгуулийн нэгдсэн хороог дээрх 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэж үзээд, “Сонгуулийн товыг зарлаж, нэгдсэн хороог байгуулах тухай” хүчин төгөлдөр шийдвэрийг гаргасан.

Сумын Сонгуулийн нэгдсэн хороо байгуулагдсан өдрөөс эхлэн ажлаа гүйцэтгэж байгаа. Хурлын ажлын албанаас Цагааннуур тосгоны тосгоны захирагчийн ээлжит сонгууль 2019 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн Бямба гарагт явагдана гэсэн зарлалыг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн олон нийтийн радиогоор 2019 оны 11 дүгээр сарын 02, 04-ний өдрүүдэд олон нийтэд хоёр удаа зарлуулсан. Үүнийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн олон нийтийн радио телевизийн газрын захирал Н.Оспаны гарын үсэг бүхий 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар албан тоотоор гаргасан тодорхойлолт нотолно. Нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхэлж, 11 дүгээр сарын 09-ний өдөр дууссан.

 Цагааннуур тосгоны оршин суугчдын Хурал 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан ба оршин  суугчдын хурлаас 3 хүний нэр дэвшиж, Д.Е нь оршин суугчдын хуралд оролцсон 92 хүнээс 68 хүн буюу 76.4%-ийн саналыг авч оршин суугчдын хурлаас Цагааннуур тосгоны захирагчаар нэр дэвшсэнд тооцогдож холбогдох бүх бичиг баримтыг хуулийн хугацаанд үнэн зөв бүрдүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 05, 09-ний өдрүүдэд Сонгуулийн нэгдсэн хороонд ирүүлсэн.

Сумын Сонгуулийн нэгдсэн хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд тосгоны оршин суугчдын Хурал хуулийн хугацаанд хуралдаж нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй хууль журмын дагуу явагдсан гэж Сонгуулийн нэгдсэн хороо дүгнэсэн. Уг оршин суугчдын хуралдаанаас нэр дэвшсэн Д.Еын баримт бичиг нь бүрэн гүйцэд байна гэж үзээд нэгдсэн хорооны мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 04 дүгээр тогтоолоор Дауит овогтой Есболатыг захирагчийн ээлжит сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон.

Сонгуулийн нэгдсэн хорооны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” 04 дүгээр тогтоолыг хавсаргав. Иргэн Х.Д нь энэхүү захирагчийн ээлжит сонгуульд тосгоны оршин суугчдаас нэр дэвших бодолтойгоор хэдэн жилийн өмнөөс өөрийгөө бэлтгэж тосгоны оршин суугчдын хуралдааны зарлалыг сонсож, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан Цагааннуур тосгоны оршин суугчдын хуралд өөрийн биеэр ирж оролцжээ.

Тухайн оршин суугчдын хуралд Х.Д нь өөрийнхөө нэрийг биш өөр хүний нэрийг тухайлбал С.Хурметийн нэрийг дэвшүүлж, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгч байсан тул Х.Дийн сонгох, сонгогдох хууль ёсны эрх ашиг нь огт зөрчигдөөгүй болохыг тухайн оршин суугчдын хуралд оролцож нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн иргэд, хуралдааны тогтоол, хуралдааны тэмдэглэл саналаа өгсөн сонгогчдын бүртгэл зэрэг оршин суугчдын хуралдааны материалуудаар нотолж байгаа  тул хавсаргасан болно.

Иймд Х.Дийн гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт  хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Х.Доос Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч болон Цагааннуур тосгоны захирагчийг сонгох  сонгуулийн нэгдсэн хороонд холбогдуулан гаргасан  Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Сонгуулийн товыг зарлах тухай” 11[1], “Сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” 12[2], Сонгуулийн нэгдсэн хорооны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” 04[3]  дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувьд хариуцагчаар тухайн хуралдааны даргалагч  Д.Еыг тодорхойлж ирүүлсэн, шүүх  хэрэг үүсгэх явцад түүнийг хариуцагчаар тогтоосон, нэхэмжлэгчийн   сонгуулийн нэгдсэн хороонд холбогдуулан гаргасан  “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд Д.Еын  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй бөгөөд тэрээр нэгэнт энэ хэрэгт эрх зүйн байдлын хувьд хариуцагчаар оролцож байгаа  тул түүнийг гуравдагч этгээдээр  татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Цагааннуур тосгоны захирагчийн бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дуусгавар болсноор Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  хуралдаанаар Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг явуулах  товыг хэлэлцэн 11 дүгээр тогтоолыг, уг  сонгуулийг явуулах нэгдсэн хороог байгуулах асуудлыг хэлэлцэн 12 дугаар тогтоолыг тус тус баталжээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хот, тосгоны захирагчид тухайн хот, тосгоны оршин суугчдын Хурал, харьяалах засаг захиргааны нэгжийн иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Хуулийн дээрх заалтын дагуу  Цагааннуур тосгоны оршин суугчид нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр оршин суугчдын Хурлын хуралдаанаар тосгоны захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн ба уг Хурлын хуралдаанд  нийт 92 оршин суугч оролцсон, оршин суугчдаас тосгоны захирагчийн сонгуульд Д.Е, М.Өнербек, С.Хурмет нарын нэрийг дэвшүүлэн санал хурааж, үр дүнд нь 86 ширхэг хүчинтэй саналын хуудаснаас  Д.Еын төлөө 68 санал буюу 76,4 хувь, М.Өнербекийн төлөө 16 санал буюу 17,9 хувь, С.Хурметийн  төлөө 2 буюу 2,2 хувийн саналыг тус тус өгсөн, хамгийн их санал авсан Д.Еын  нэрийг оршин суугчдын хуралдаанаас нэр дэвшүүлснээр сонгуулийн нэгдсэн хороо нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан оршин суугчдын Хурлын хуралдааны тэмдэглэл[4], оршин суугчдын хуралдааны 02 дугаар тогтоол[5], тооллогын комиссын тогтоол[6], оролцсон иргэдийн ирц[7], нэгдсэн хорооны тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... оршин суугчдын хуралдаанаас нэр дэвшүүлэх ажиллагаанд оролцож нэр дэвшүүлэх байсан, Тэргүүлэгчээс шийдвэр гараагүй, нэр дэвшигчийг тодруулах журамд заасан хугацаа болоогүй байхад тосгоны захирагч хэдэн төлөөлөгчтэй хууль бус Хурал хийж, сонгууль ч зарлаж, нэр дэвшигчийг ч тодруулан, нэгдсэн хороог ч бүртгэсэн байна. Оршин суугчдын Хурлын хуралдааныг  нууцаар явуулсны улмаас нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн “ гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн хурлын чөлөөт цагт хэрэгжүүлэх бүрэн эрхийг болон өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан байх ба хуулийн   20.1.1-т  “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж тусгасан,  Улсын Их Хурлаас 1994 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах,  огцруулах тухай журам”-ын  6-т “Сонгуулийг санал хураах өдрөөс 30-аас доошгүй  хоногийн өмнө тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлана” гэж заасан, энэ нь дээрх   “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”-д хамаарч байгаа бөгөөд  энэхүү эрхийг Тэргүүлэгч нь өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх ёстой байтал  тосгоны захирагчийн сонгуулийн товыг Хурал хуралдаанаар хэлэлцэн тогтоосон нь  буруу гэж үзлээ.  

Хариуцагч талаас тус шүүхэд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 74 дүгээр “Сонгуулийн товыг зарлаж, нэгдсэн хороог байгуулах тухай” тогтоолыг тус шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

 Тэргүүлэгчдээс захирагчийн сонгуулийн   санал хураах  өдрийг  2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж тогтоосон нь дээрх журамд заасан сонгуулийг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах тухай хуулийн шаардлагатай  нийцээгүй байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн  33.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.7-т “Цаг хугацааг тоолохдоо ... хоногийг хорин дөрвөн цагаар тоолно”, 33.11-т “Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна” гэж тус тус захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад хугацаа  тодорхойлох журмыг хуулиар нарийвчлан  зохицуулсан,  Тэргүүлэгчид нь   2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр  2019 оны 11 дүгээр сарын 30-нд гэж сонгууль явуулах хугацааг  тогтоосон ба энэ хугацааг хуульд заасан хугацаа  тоолох журмаар тооцоход зарласнаас хойш 29 хоногийн дараа буюу 30 хоногт хүрэхгүй хугацаанд сонгууль явуулахаар байна.

Иймээс Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас баталсан 11 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан 74 дүгээр тогтоол нь тус тус холбогдох хуулиудыг зөрчсөн, хууль бус захиргааны актууд байна.

 Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасан, хуулийн энэхүү заалтад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан хуулийн шаардлага нь маргаан бүхий захиргааны акт  нь хууль бус байх (а), энэ хууль бус байдлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх (b) ёстой.

 Дээрх сонгуулийн товыг зарласан  тогтоолууд нь  хууль бус боловч энэ тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн “...тосгоны захирагчид нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдөөгүй гэж дүгнэлээ.

Учир нь,  Цагааннуур тосгоны захирагчийн  бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос  өмнө Цагааннуур тосгоны оршин суугчид хуралдаж, тосгоны захирагчид нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан, энэ Хурлын хуралдааны зарыг тосгоны олон нийтийн газруудад тавьж нийтэд мэдэгдсэн, нийт 92 оршин суугч оролцож Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах журмын 3-т заасан “... Оршин суугчдын Хурал гэдэгт хотод 300-гаас, тосгонд 60-аас доошгүй оршин суугч оролцсон нэг удаагийн  цуглааныг тооцно” шаардлагыг хангасан,  Х.Д нь тухайн хуралдаанд биечлэн оролцож, хэлэлцэж буй асуудлыг хүлээн зөвшөөрч, тосгоны захирагчид С.Хурметийн нэрийг дэвшүүлж үзэл бодлоо илэрхийлсэн  зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан Цагааннуур тосгоны захирагчийн албанаас гаргасан зар[8], хуралдааны тэмдэглэл,  оролцсон иргэдийн ирц, 74 гэрчийн мэдүүлгээр[9] тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан гэх “Оршин суугчдын Хурлын хуралдаан нууцаар явагдсан, тосгоны захирагчид нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн” үндэслэлүүд нь  үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, хот, тосгоны захирагчийн сонгуульд тухайн оршин суугчдын Хурлаас нэр дэвшүүлэхээс гадна Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн 12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны захирагчид бие даан нэрээ дэвшүүлж болно” гэсний дагуу нэхэмжлэгч нь бие даан нэр дэвших боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “Хот, тосгоны захирагчийн сонгуулийг тухайн хот, тосгоныг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан сонгуулийн нэгдсэн хороо эрхлэн явуулна” гэж, Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах журмын 8 дах хэсэгт “Иргэдийн Нийтийн болон Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 27 хоногийн өмнө Нэгдсэн хороог 7-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр, нэгдсэн хороо нь санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө хэсгийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулна” гэж тус тус заажээ.

 Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг явуулах нэгдсэн хороог байгуулсан  нь хуулийн болон журмын  дээрх заалтуудтай  нийцсэн бөгөөд уг нэгдсэн хороо нь Цагааннуур тосгоны оршин суугчдын Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Д.Еыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх байдлаар нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй тул Х.Дийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актуудыг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй  гэж шүүхээс дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2, 13 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Доос Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч болон Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг явуулах нэгдсэн хороонд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны “Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг зарлах тухай” 11, “Сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” 12 дугаар тогтоолуудыг болон Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооны  Д.Еыг тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосныг тус тус хууль бусад тооцуулж, хүчингүй болгох” шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 6 дугаар тал

[2] Хэргийн 20 дугаар тал

[3] Хэргийн 33 дугаар тал

[4] Хэргийн 68-70 дугаар тал

[5] Хэргийн 42 дугаар тал

[6] Хэргийн 43 дугаар тал

[7] Хэргийн 44-46 дугаар тал

[8] Хэргийн 67 дугаар тал

[9] Хэргийн 118, 126-127,130-131, 134-135, 174-246 тал  /1 дүгээр хавтас/, 1-132 дугаар тал /2 дугаар хавтас/