Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2017/00034

 

 

 

 

 

 

Ц.С-ын  нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай    

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Ц.С -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох

Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын  захирлаар  ажиллаж  байгаад Аймгийн Засаг даргын 2017.01.31-ний өдрийн захирамжаар ажлаас халагдсан. 2017.01.02-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд тэр өдөр би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн өдөр Аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Уранчимэг, мэргэжилтний хамт өрөөнд орж ирэхээр нь Аймгийн засаг дарга өөрчлөгдсөн болон У дарга болсноос хойш ажил дээр ирж байнга шалгаж байгаа болохоор би “за одоо бас л шалгаж байна уу, шалгаж дуусаагүй юу” гээд хэлтэл “та архи уучихсан байгаа юм уу” гэхээр нь би өөдөөс нь хэдэрлээд “тийм, би архи уусан, архи уусан хүнийг та нар яадаг юм” гэж хэлсэн. Миний тэр хэлсэн үгийг утсандаа бичиж авсан юм шиг байна лээ. Энэ талаар хуулийн хэлтсийн дарга Магван хэлсэн. Тэрнээс тухайн үед надад бичлэг хийж байгаа талаар хэлээгүй. Таны согтуу байсан чинь нотлогдсон, таны талаар бичлэг хийсэн, согтуу байна гээд ажилчид чинь бичээд өгчихсөн гэсэн зүйл ярьсан. Ажлаас халах мэдэгдэл өгсний дагуу Аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай уулзахад “манай намынхан 4 жил лааз өшиглөсөн, та насаараа дарга хийх албагүй биздээ” гэж хэлсэн. Энэ байдлаас нь үзэхэд төрийн албыг улс төржүүлэн, зохион байгуулалттайгаар ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Миний тухайн өдөр согтуу байгаагүй, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглээгүйг тэр үед над дээр орж ирж уулзсан манай ажилчид мэднэ. Засаг даргын захирамж нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох хэсгийг баримтлах ёстой атал ажлаас чөлөөлсөн тушаалд дээрхи хуулийн зүйл заалтыг огт баримтлаагүй, хуулийн шаардлага хангаагүй, мөн ИХШХШтХуулийн 38  дугаар зүйлийн 38.4-т “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно”. Нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулах гэдэг нь тухайлбал: бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, заналхийлэх замаар бичиг, захидал, гэрээ баримт үйлдүүлэх, хууль бусаар утас чагнах буюу дүрс, дуу бичлэг хийх хэрэгсэл тавих зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж энэ нотлох баримтыг үнэлэх боломжгүй юм. Иймд Аймгийн Боржигин чуулгын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Боржигин чуулгын захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээрээ удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж байсан нь ажилчдын болон бусад этгээдүүдийн тайлбараар нотлогддог. Тухайлбал 2017.01.02-ны өдөр ажлын өдрийн 15 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.У, мэргэжилтэн Г.А нар Боржигин чуулгын ажил байдалтай танилцах зорилгоор очиход ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг ямар зорилгоор архи уусан талаар тодруулахад “Төв аймгийн Засаг дарга байсан н.Энхбат гэдэг найз маань ирсэн юм, тэгээд архи уусан. Архи уусан хүнийг та нар яадаг юм бэ” гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан. Мөн аймгийн Засаг даргын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хариу тайлбарыг ирүүлэхдээ “Миний бие 2017.01.02-нд гаргасан зөрчлийг ажлаас халагдах шалтгаан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бусад арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэсэн байна. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн архи уусан зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа нь харагдаж байна.

Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам нь дарга, ажилтан гэж ялгалгүй нэгэн адил дагаж мөрдөх эрх зүйн акт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Ажилтан нь ... хөдөлмөрийн дотоод журам...сахин биелүүлэх үүрэгтэй” гэж тодорхойлсны дагуу мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гээд 131.1.3-т “ажлаас халах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.  Нэхэмжлэгч Ц.С нь төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно” гэж заасны дагуу Хөдөлмөрийн дотоод журамд тодорхойлсон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул Борижгин чуулгын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4.1.а дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Нэхэмжлэгч Ц.С-ыг улс төржүүлэн зохион байгуулалттайгаар ажлаас халаагүй бөгөөд өөрийнх нь гаргасан ёс зүйн алдааг үндэслэж ажлаас халсан болно. Мөн Ц.С-ыг хууль бусаар чагнаж, дуу бичлэг хийсэн зүйл байхгүй ба энэ талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаагүй болно. Иймд иргэн Ц.С-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сыг Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 5685616 төгрөгийн олговрыг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.С-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих жрумын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын холбогдох төсвөөс ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад 105920 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2, 119.5-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцоогүй талд шүүх шийдвэрийг 14 хоногийн хугацаанд зохигчид гардуулах, ийнхүү

гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.С-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох  иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг барьж , мөн гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгч Ц.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхээс “аймгийн Засаг даргын 2017.01.31-ний өдрийн Б/05 захирамжинд ажилтан Ц.С-ыг ажлаас халж, гэрээг цуцлан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр халсан нь тодорхойгүй буюу хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан зохицуулалт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй, улмаар ажлаас халсан захирамжинд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх атал дээрх захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна” гэж, мөн “Гэрч Мөнхцэцэгийг бусад гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй, түүний мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэдэгт эргэлзэж байна” гэж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч Боржигин чуулгын захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээрээ удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж байсан болох нь ажилчдын болон бусад этгээдүүдийн тайлбараар нотлогддог. Тухайлбал: 2017 оны 01 сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.У, мэргэжилтэн Г.А нар Боржигин чуулгын ажил байдалтай танилцах зорилгоор очиход ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд Засаг даргын мэдэгдэл хүргүүлэх тухай 2017.01.13-ны өдрийн а/45 тоот албан бичгийн хариу тайлбарыг Ц.С ирүүлэхдээ “миний бие 2017.01.02-ны өдөр гаргасан зөрчлийг ажлаас халагдах шалтгаан гэж үзэхгүй байна. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бусад арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэж хүргүүлсэн байдаг. Эндээс нэхэмжлэгч Ц.С нь архи ууж, зөрчил гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа архи уугаагүй гэж бичсэн бөгөөд гэрчийн мэдүүлгүүд, өөр өөр байхад шүүхээс гэрч Д.Мийг өөр гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авалгүйгээр Д.Мийн мэдүүлэгт эргэлзэж, үнэлээгүй, нэхэмжлэгчийг архи уугаагүй гэж үзэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Нэхэмжлэгч Ц.Стай 2017.01.02-ны өдөр уулзсан гэрчүүд өөр, өөр цагт нэхэмжлэгчтэй уулзсан байдаг. Гэтэл архи усан үед нь уулзсан

гэрч Д.Мийн мэдүүлгийг үнэлээгүй нь хэргийн гол маргаж байгаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох боломжгүй болгосон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн

6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Ажилтан нь ... хөдөлмөрийн дотоод журам ... сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Боржигин чуулгын даргаар ажиллаж байсан Ц.С нь мөн адил дотоод журмаа мөрдөх үүрэгтэй юм. Гэтэл Ц.С нь ажлын байран дээрээ архи ууж Боржигин чуулгын хөдөлмөрийн дотоод журмын 13.4.1.а дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т заасны дагуу ажил олгогч болох аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

Мөн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хурлын өмнө Дархан-Уул аймагт яаралтай ажилтай байсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг албан ёсоор шуудангаар хүргүүлсэн боловч шүүхийн зохион байгуулалт муугаас болж хүсэлтийг шүүх хурлаас өмнө авалгүй, шүүх хурлыг хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хийж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  анх ажлаас халах мэдэгдлийг хүлээн аваад Магвансүрэн даргатай уулзахад Засаг даргатай уулз гэж хэлсэн. Тэгээд би хэлтсийн дарга болон Засаг даргаас уулчлалт гуйж байна гэж бичсэн. Одоо болохоор намайг тэр бичгийг үндэслээд өөрөө зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж яриад байгаа. Би ажлын байран дээрээ ерөөсөө архи уугаагүй. Тухайн үед хэлтсийн дарга Уранцэцэг, мэргэжилтэн Анхбаяр нар ажил байдалтай танилцана гээд орж ирсэн. Хөл бөмбөгийн тэмцээн болох гээд ажил их байсан болохоор би янз бүрийн зүйлийг хэлсэн. Тэр үед Магвансүрэн даргыг яагаад өрөөнд орж ирсэнийг ойлгохгүй байна. Шүүх хуралдааныг 2-3 удаа зарласан боловч хариуцагч тал ирээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тушаалдаа заавал заасан байх ёстой талаар Улсын дээд шүүхийн 2014 оны зөвлөмж байдаг. Гэтэл Сыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль үндэслэлийг барьж халсан нь тодорхойгүй, энэ заалтыг баримтлаагүй байдаг. Мөн дотоод журмын 13 дугаар зүйлийг зөрчсөн гэж байгаа. Ямар дотоод журам байгаа талаар одоо хүртэл тодорхойгүй. Дотоод журмыг үндэслэж,  хөдөлмөрийн гэрээг  байгуулаагүй гэсэн  үндэслэлээр ажлаас халсан  нь үндэслэлгүй. Шүүх 3 удаа шүүх хуралдааныг зарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид  мэтгэлцэх зарчмыг  хэрэгжүүлэх хангалттай боломжийг бүрдүүлж  өгсөн

учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Магвансүрэнгийн мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.С нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгэх тухай нэхэмжлэл /гомдол/ гаргажээ.

            Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.С-ыг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргажээ.

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М эс зөвшөөрч “Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, эрхийг хангаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Учир нь нэхэмжлэгч Ц.С нь Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын захирлаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 тоот захирамжаар ажлаас халагдсан байх ба энэхүү Говьсүмбэр аймгийн Засаг даргын шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Аймгийн Боржигин чуулгын захирлын 2016 оны А/17 тоот тушаалаар батлагдсан “Говьсүмбэр аймгийн  Боржигин  чуулгын  хөдөлмөрийн  дотоод журам”-ын  13.1, 13.1.1, 13.4.1.а, 14.4, Эрүүл мэнд,  Нийгмийн  хамгааллын  сайдын  2000  оны  “Ээлжийн  амралт  олгох заавар, журам батлах тухай” 166 дугаар тушаалыг тус тус үндэслэж нэхэмжлэгч Ц.С-ыг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Анхан шатны шүүх ажил олгогч буюу хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь ажилтан буюу нэхэмжлэгч Ц.С-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгоогүй, нэхэмжлэгч Ц.С-ыг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй буюу ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал ажил олгогч буюу хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь ажилтан буюу нэхэмжлэгч Ц.С-ыг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байх ба энэ үйл баримтыг нотлуулахаар хэрэгт цугларсан зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтаас үзвэл нийт 8 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээрээс 5 хүн буюу гэрч Л.Одончимэг /хх-35/, Д.Эрдэнэчулуун /хх-41/, С.Дашням /хх-43/, Б.Ганбаяр /хх-46/, Д.Уранцэнгэл /хх-159/ нар нэхэмжлэгчийг архи уугаагүй гэж мэдүүлж, харин гэрч Д.Мөнхцэцэг /хх-38/, С.Уранцэцэг /хх-86/, Г.Анхбаатар /хх-90/ нар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.

            Эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаагаас тэдний мэдүүлгээр нэхэмжлэгч Ц.С-ыг ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэх боломжгүйн гадна гэрч С.Уранцэцэг нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, гэрч  Г.Анхбаатар нь  Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ажилтай бөгөөд албан ажлаар Боржигин чуулгад очсон гэх боловч албан ажлын зорилго, удирдамж, төлөвлөгөө тодорхойгүй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд нийцээгүйгээс тэдний мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

            Улмаар Боржигин чуулгын захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, ... удирдах албан тушаал буюу төрийн үйлчилгээний албан тушаал байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ... хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно” гэж зааснаас үзэхэд болон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д  зааснаар ажилтан  хөдөлмөрийн гэрээ  болон хөдөлмөрийн  дотоод журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох бөгөөд хэрэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам авагдаагүйгээс түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

            Харин хэрэгт үр дүнгийн гэрээ /хх 164-166/ авагдсан байх ба  нэхэмжлэгч Ц.С нь төрийн үйчилгээний удирдах албан тушаал буюу Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийн шууд захирагч болохынхоо хувьд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу харъяалах дээд шатныхаа төсвийн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, тэдгээрийн хоорондох хөдөлмөрийн харилцааг тухайн гэрээгээр зохицуулж болох, мөн энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контрактын нэг хэлбэр байж болох боловч эдгээр гэрээ нь ажил олгогч, ажилтны хоорондох хөдөлмөрлөх харилцааг зохицуулах хэм хэмжээ болохынхоо хувьд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.4-д тус тус зааснаар гэрээгээр ажлын үр дүнг дүгнэх журмыг тогтоож, түүний дагуу гэрээг дүгнэсний үндсэн дээр сахилгын шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь дээрх хуулиудын агуулга зарчимд нийцнэ.

            Гэтэл ийнхүү гэрээг дүгнэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, гэрээгээр хүлээсэн ямар хэм хэмжээг зөрчсөн талаар ажил олгогчийн шийдвэрт тусгагдаагүй  тул нэхэмжлэгч Ц.Сыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын зөрчил гаргасан буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

            Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн нь мэтгэлцэх боломжоор хангаагүй эрхийг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулаагүй буюу талуудын энэ эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй, шүүхээс энэ эрхээ эдлэх боломжоор хангах үүрэгтэй ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд:

1.    2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мд нэхэмжлэлийн хувийг гардуулж, улмаар түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх-13, 14/,

2.    2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн материал танилцуулж /хх-54/, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр товлосон боловч хариуцагч талаас шүүх бүрэлдэхүүнийг татгалзсанаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн харъяалал өөрчлөгдөж, шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийхээр дахин товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, хүсэлт ирүүлсэн /хх-98-108/,

3.    мөн шүүхээс хэргийн материал болон эрх үүрэг танилцуулахаар 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бэлэн байхыг 2017 оны 06 дугаар сарын 30-нд мэдэгдэхэд /хх-139/ ирээгүй,

4.    2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг хийхээр товлож шүүх хуралдааны товыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхэд /хх-117/ шүүх хуралдааныг хойшлуулж 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хугацаанд товлох хүсэлт ирүүлснээр шүүх хуралдааныг хойшлуулж,

5.    2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг хийхээр дахин  товлож, товыг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр түүний ***дугаарын утсанд мэдэгдэхэд /хх-161/ шүүх хуралдаанд ирээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хөтлөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ, нотлох баримтын хамт  /Боржигин чуулгын хөдөлмөрийн дотоод журам/ шүүхэд баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч тухайн шуудан нь шүүх хуралдааны өмнө шүүхэд ирээгүйг шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлага хангалтгүйгээс болсон гэж үзэх үндэслэлгүй ба тухайн шүүх хуралдааны товыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу 10 хоногийн өмнө мэдэгдсэн байхад хүсэлтийг шүүхэд ирэх боломжит хугацаанд хүргүүлээгүй хариуцлага, эрсдэлд шүүхийг буруутгаж хариуцагч талын эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болгох  боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Т.БЯМБАЖАВ  

                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ