Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар  2020/ШЦТ/189

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал,

 тэдгээрийн өмгөөлөгч Р.Атарцэцэг /№07781/, Г.Амартүвшин /№1846/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Отгонбаатарын Отгонзул, Шарнууд овогт Гунгаанамжилын Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн 2031001470139 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Отгонбаатарын Отгонзул, Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой,  малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 084 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/МЮ95111811/

2. Шарнууд овогт Гунгаанамжилын Лхагважаргал, Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 49 дүгээр точик гэх задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/МО82111714/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

1. Шүүгдэгч О.Отгонзул нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Эрдэнэболдын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан,

2. Шүүгдэгч Г.Лхагважаргал нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Эрдэнэболдын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Отгонзул нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Эрдэнэболдын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан,

Шүүгдэгч Г.Лхагважаргал нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Эрдэнэболдын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Отгонзулын өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй...” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лхагважаргалын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч С.Эрдэнэболдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 онд 80 орчим тооны адуутай байсан. Манай адуу Сэлэнгэ аймаг Шаамар сум 1 дүгээр баг, 49 дүгээр точка гэх газарт байдаг байсан. Тухайн үед манай адууг маллах малчин байхгүй байсан. Тухайн 49 дүгээр точка гэх газрын айл, хүмүүст захидаг байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр гэж би санаж байна. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад адуу эргэж харж тоолох гэж Шаамар сумын 1 дүгээр баг, 49 дүгээр точка гэх газарт очтол манай адуунууд бүгд бүрэн бүтэн байсан. Тэгээд би буцаж Сүхбаатар суманд ирээд 3 хоноод очтол манай адуунаас нас бие гүйцсэн хээр зүсмийн бүдүүн 1 тооны адуу адуундаа байхгүй байсан. Тухайн үед би эрж хайж явсан боловч олдоогүй. Уул хаданд явж байхдаа чоно амьтанд бариулсан байж болзошгүй гэж бас хулгайд алдсан гэж бас бодож байсан. Тэгээд өөрөө хайсан боловч олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна.  Би тухайн адууг 1,200,000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр ямар нэгэн санал хүсэлт, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч С.Эрдэнэболдын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Г.Лхагважаргал, О.Отгонзул нар нь миний хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж дууссан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Д.Галт-Одын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“.... Тухайн үед би Сэлэнгэ аймаг Шаамар суманд оршин суух Бат-Очир, Отгонбаяр гэх хүмүүсийн үхрийг малладаг байсан. Нэг сард 1 айлаас 150,000 /нэг зуун тавин мянган төгрөг/-өөр малладаг байлаа. 2016 онд би өөрийн эзэмшлийн 15-93 УНҮ улсын дугаартай, “Nissan Sunny” маркийн тээврийн хэрэгслээр том оврын “Хово” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн юм. Тэгээд даатгалаас 4 сая гаргаж өгөөд 5 сая төгрөг төлөх үлдсэн юм. Тэгээд би 5 сая төгрөгийн өрөндөө өөрийн 3 үхрийг зараад Отгонбаяр ахын 1 цавьдар зүсмийн нэг адуу зараад 2 сая төгрөг үлдсэн юм. Тэгээд үлдсэн 2 сая төлөхдөө өвөл Бат-Очир ахын малыг малласан 1.500.000 төгрөг аваад надад 500.000 төгрөг дутсан. Тэгэхээр нь 2017 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг санахгүй байна би Эрдэнэболд ахын адуунд хээр зүсмийн, нас бие гүйцсэн, тарган морь харагдахаар нь Жагаа ах, Отгонзул нартай нийлэн хулгай хийсэн. Хулгай хийх санааг би гаргасан. Тухайн өдөр Цагаан даваан дээр Эрдэнэболд ахын 20 орчим тооны адуу байхаар нь морьтой тууж ирээд Отгонзулын өвөлжөөнд хашсан. Намайг адуу тууж ирэхэд Отгонзул өвөлжөөнд дээр байсан. Тэгээд хээр морийг барьж аваад Жагаа ахыг 49 дүгээр точка гэх газраас дуудсан. Тэгээд бид 3 тухайн хээр зүсмийн 1 тооны адууг Отгонзулын өвөлжөөнд нядлаад Жагаа ахын “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэлд махыг нь ачиж, Дархан-Уул аймагт Жагаа ахын таньдаг айлд 800.000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд 800,000 төгрөгийг 3 хувааж авсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.Хүрэлчулууны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 1992 оноос эхлэн “Буян” зах дээр махны ченж хийдэг ажилтай. 28 орчим жил энэ ажлыг хийж байна. Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зүрх судасны хагалгаанд орж одоогоор энэ ажлаа хагас дутуухан хийж байна. Гэхдээ ажлаа хийж байгаа болно. 2017 оны 10 сарын орчим Шаамар сумын иргэн Жагаа, Галт-Од гэх залуу нар хээр зүсмийн адуу нядалсан байдалтай авчирч бид надад зарсан. Тухайн үед би хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар мэдэхгүй байна. Миний хуурай дүү болох төмөр, хог худалдан авдаг цэгийн хашаанд авчирч жинг нь үзэж худалдан авсан. Би Жагааг таньдаг байсан. Харин Галт-Одыг таньдаггүй байсан. 2017 оны 10 дугаар сард надад адуу зарахад танилцаж байсан.  Тухайн үед Хятад улс руу мах ачдаг байсан болохоор бөөндөж авдаг байсан хүнд би цааш худалдан борлуулсан. Мянганцэцэг гэх хүнд би зарж борлуулсан. Би сайн санаж байна. Би Лхагважаргалтай бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Би хэдэн төгрөгөөр тооцоо хийж адууны мах худалдаж авсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Н.Отгонбаатарын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр болох Нарантуяатай 1990 онд гэрлэсэн. Би одоо Баярмаа, Наранбаатар, Алтанзул, Отгонзул 4 хүүхэдтэй хамгийн бага хүүхэд маань Отгонзул юм. 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамгийн бага хүү болон мэндэлсэн. Отгонзул нь бусадтай харилцахдаа даруу төлөв, энгийн зан ааштай. Бусадтай маргалдан зодолдож байсан удаа байхгүй. Урьд өмнө цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байгаагүй. Манай хүүхэд 6 дугаар анги төгсөөд сургуулиа орхиод мал маллахаар гарсан. 2009 оноос эхлэн айлын туслах малчин хийдэг болсон. Одоо эхнэр, хүүхдийн хамт Шаамар сумын 1 дүгээр баг 49 дүгээр точка гэх газар оршин сууж байгаа. Манай хүү ер нь 6 дугаар төгсөөд айлуудын туслах малчин хийдэг байсан гэртээ ихэнхдээ ирдэггүй. Хааяадаа гэртээ ирж 1-2 хоночихоод явдаг байсан. Манай хүү Отгонзул 99691157 гэсэн утасны дугаартай. Одоо хамт амьдарч байгаа эхнэрийнх нь талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Я.Нарантуяагийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонзул миний 4 дэх хүүхэд болон 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн. Отгонзул нь Баярмаа, Наранбаатар, Алтанзул гэсэн 1 ах, 2 эгчтэй юм. Отгонзул нь бусадтай харилцахдаа даруу төлөв, энгийн зан ааштай. Бусадтай хэрүүл маргаан хийж, маргалдан зодолдож байсан удаа байхгүй. Манай хүүхэд багаасаа хурдан морь унадаг байсан. Сүхбаатар сумын 5 дугаар багт оршин суух Энхбат гэх хүний адууг маллаж, хурдан морийг унадаг байсан. Одоо манай хүүхэд тус аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг 49 дүгээр точка гэх газар эхнэр Оюумаа, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай хүүхэд 99691157 гэсэн дугаартай байгаа. Манай хүү архи, тамхи хэрэглэдэггүй муу зуршил байхгүй хүүхэд. Урьд өмнө Цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Д.Пүрэвсүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Галт-Од миний төрсөн дүү. Би эхээс 2-уулаа юм. 1996 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн юм. Манай дүү найз нөхөд бага, дуу цөөтэй хүний үгнээс гардаггүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хүнд тусархуу хүн байдаг юм. Манай дүү Сүхбаатар сумын 6 дугаар ангийг төгсөж, дараагаар “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д авто засварчнаар суралцаж төгссөн. Галт-Од нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Бусадтай маргалдаад байдаггүй хүн юм. Урьд өмнө 1 удаа ял шийтгэгдэж байсан...” гэх мэдүүлэг[9],

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

Хээр зүсмийн нас бие гүйцсэн адуу

тооны

1

1,200,000

1,200,000

11 настай бүдүүн морь

2

Нийт

 

 

 

1,200,000

 

            10. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэг, 11.Шүүгдэгч О.Отгонзул 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2017 оны намар 10 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Галт-Од нь манай гэрт ирээд “С.Эрдэнэболд ахын адуунд хээр зүсмийн тарган морь байна, хоёулаа тэрийг хулгайлъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яах юм бэ, дараа нь хоёулаа асуудалд орвол яах юм бэ” гэсэн чинь Галт-Од нь “би өөрөө арыг нь даая” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа Галт-Од нь С.Эрдэнэболд ахын адуунуудыг туугаад манай гэрийн өвөлжөө буюу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 49 дүгээр точик “Хонгорын гуу” гэх газарт ирсэн. Тэгээд С.Эрдэнэболдын адуунуудыг манай өвөлжөөнд оруулж байгаад Галт-Од нь бугуйл шидэж, хээр зүсмийн тарган 1 тооны адууг бугуйлдаад барьсан. Би тэр үед нь адуунд явсан юм. Тэгээд би адуундаа яваад 20-30 минутын дараа буцаж ирэхэд Галт-Од нь хээр зүсмийн нэг тооны адууг унагаасан байсан. Би Галт-Одтой хамт тухайн нэг тооны хээр зүсмийн адууг хамт өвчилцсөн. Галт-Од нь Г.Лхагважаргалыг утсаар нь залгаж дуудсан. Тэгсэн чинь удаагүй Г.Лхагважаргал нь 54-23 УБЦ улсын дугаартай, “Тоёото королла” маркийн жижиг тэрэгтэйгээ ирээд бид гурав нийлж тухайн адуугаа нядалж дуусгасан. Тэгээд нядалж дуусгаад Галт-Од, Г.Лхагважаргал нар махыг нь Г.Лхагважаргалын 54-23 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад шууд Дархан-Уул аймаг руу зарахаар явсан. Тэгээд орой 17 цагийн үед ирээд надад 220,000 төгрөг өгсөн. Галт-Одтой найз нөхдийн харилцаатай. Г.Лхагважаргалтай адуу мал гэж байгаад танилцаж байсан хуурай ах дүү, найзын харилцаатай. Тэрнээс төрөл садангийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн адуу нь хээр зүсмийн нас гүйцсэн эр морь, С.Эрдэнэболдын эзэмшлийн адуу байгаа юм. Тухайн адууг нядлахдаа хутга ашигласан. Одоо тэр хутга нь хаана байгааг мэдэхгүй хаягдсан. Бид гурав хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Г.Лхагважаргалын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй, хүнд зарсан гэж сонссон. гэх мэдүүлэг[10],

12. Шүүгдэгч Г.Лхагважаргалын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2017 оны намар 10 дугаар сард гэж санаж байна яг сайн өдрийг нь сайн санахгүй байна намайг гэртээ байж байхад 10 цагийн үед байх Гал-Од нь над руу залгаад “Манайд хүрээд ирээ, Дархан-Уул аймаг яваад өг” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “та зүгээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 54-23 УБЦ улсын дугаартай, “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг унаад 49 дүгээр точик гэх газрын “Хонгорын гуу” гэх газарт  Галт-Од дээр очсон. Намайг очиход Галт-Од, О.Отгонзул нар 1 тооны хээр зүсмийн морь нядалсан талыг нь өвчиж байсан. Би талыг хамт өвчилцсөн. Би тухайн 1 тооны адууг хараад С.Эрдэнэболдын адуу мөн байна гэж мэдээд юм асуулгүй шууд нядлахад нь тусалсан. Тэгээд бид гурав тухайн 1 тооны адууг айлын өвөлжөөнд нядалж дуусаад махыг нь миний эзэмшлийн 54-23 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Галт-Од бид хоёр Дархан-Уул аймаг руу махыг нь зарахаар явсан бөгөөд О.Отгонзул нь үлдсэн. Дархан-Уул аймагт очоод Галт-Од бид 2 тухайн адууны махыг 800,000 төгрөгөөр зараад надад 300.000 төгрөгийг өгсөн. Тэгээд буцаж ирээд би Галт-Одыг гэрт нь буулгаад өөрөө харьсан. Галт-Од, О.Отгонзул нарыг ямар учраас С.Эрдэнэболдын 1 тооны адууг хулгайлсан, хэзээ хулгайлсан, ямар учраас нядалсан талаар мэдэхгүй байна, надад ч энэ талаараа хэлээгүй. Бид гурав урьдаас ярьж тохиролцон, төлөвлөж, урьдчилан бэлдсэн асуудал байхгүй бөгөөд намайг Галт-Од дуудахаар нь очсон, би очоод шууд тухайн 1 тооны адууг С.Эрдэнэболдын адуу гэж таньсан. Тухайн адууны зүсийг хараад шууд таньсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 02 дугаар сард гэж санаж байна Дархан-Уул аймгийн нэг хүнд 500,000 төгрөгөөр зарж борлуулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Талийгаач Галт-Од, О.Отгонзул бид гурав хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй... гэх мэдүүлэг[11],

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[12], 11. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[14], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 15. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч нар хохирог С.Эрдэнэболдод 1 тооны адууны үнэ болох 1,200,000 төгрөгийг төлж барагдуулсныг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаатарын Отгонзул, Шарнууд овогт Гунгаанамжилын Лхагважаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Отгонзул, Г.Лхагважаргал нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.

4.Шүүгдэгч О.Отгонзул, Г.Лхагважаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 15-16  дугаар тал

[4] Хавтаст хэргийн 17 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 23-34 дугаар  тал

[6] Хавтаст хэргийн 28 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 30  дугаар тал

[8] Хавтаст хэргийн 31 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 32 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 53-54 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 58-59  дугаар тал

[12] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 06-08 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 32-33  дугаар тал

[15] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[17] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал