| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2131003190062 |
| Дугаар | 2022/ШЦТ/62 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Д.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2131003190062 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 2 дугаар байр, 269 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “VOICE” нэртэй караоке бааранд Г.*******тэй “намайг болон найз нарыг маань шоолж инээлээ” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар салтаа тус газар нь өшиглөж биед нь умдаг ясны доод хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулдаг “VOICE” нэртэй караоке бааранд Г.*******тэй “намайг болон найз нарыг маань шоолж инээлээ” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар салтаа тус газар нь өшиглөж биед нь умдаг ясны доод хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн” гэжээ.[1]
2.Хохирогч Г.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Бүжгийн талбай дээр гурван хүүхэн гартаа пиво барьчхаад бүжиглэж байсан. Би найзуудтайгаа юм яриад инээгээд сууж байхад хатуу юм толгой цохих шиг болсон. Би толгойгоо дараад доошоо суусан. Манай найзууд юу болов гээд ойр орчмоо үзэхэд ширээний доор архины шил байсан. Гэтэд бүжиглэж байсан эмэгтэйчүүд хүрч ирээд “та нар юундаа биднийг шоолоод байгаа янхнууд вэ?, эндээс зайлаач” гэж элдэв зүй бус үгээр хараасан. Би тэр хүүхнүүдэд та нарыг муулсан хүмүүс алга байна гэж хэлэхэд хар өнгийн өмд гуталтай эмэгтэй нь миний биеийн цавь хэсэг рүү өшиглөсөн. Би уурлаад тэр хүүхэнтэй хэсэг зууралдсан. Удалгүй цагдаа нар орж ирсэн. Караокеноос гараад удалгүй миний умдагнаас цус гараад нэгдсэн эмнэлэг орж үзүүлэхэд яаралтай хагалгаанд оруулсан. Би 1,844,812 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18, 22 дугаар тал/,
3.Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Г.*******ийн биед умдаг ясны доод хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 42-43 дугаар тал/,
4.Гэрч Б.Э******* “...Өндөр болон хар хувцастай эмэгтэй нар ирээд Г.*******ийг цохиод өшиглөх үйлдэл хийгээд хөлөөрөө жийгээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр тал/, 5. Гэрч Э.Оюунцэцэгийн “...*******, Нандинцэцэг нар нэг намхан махлаг хүүхэнтэй маргалдаад үснээсээ зулгаалдаад зууралдчихсан байсан. Ойр хавьд хамт явж байсан хүмүүс салгаад хоёр тийшээ болсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар тал/, 6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 8 дугаар тал/, 7. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 13 дугаар тал/, 8.Г.*******ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /ХХ-ийн 45-56 дугаар тал/, 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /ХХ-ийн 57-60 дугаар тал/, 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /ХХ-ийн 62-64 дүгээр тал/, 11. Яллагдагчийн “...Танихгүй эмэгтэй хүн над руу гар хуруугаараа заагаад инээлдээд байхаар нь намайг шоолж байгаа юм байна гэж бодоод гартаа барьж байсан архины шилийг шидэж, ноцолдож зодолдсон. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан 2,000,000 төгрөгийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 69-70 дугаар тал/, 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 58 дугаар тал/, 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 87-89 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “ Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.******* нь шүүгдэгч Д.*******гаас 1.844.812 төгрөг нэхэмжилсэн ба учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг *******-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс