Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                         

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

улсын яллагч А.Энхтуяа

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2131002080234 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 016 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулан 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 06 сар баривчлах, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг гаргуулан хурааж улсын орлого болгон 05 жил, 01 сарын хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 06 сарыг, энэ тогтоолоор оногдуулсан 05 жил, 01 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 05 жил, 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусан суллагдсан,

Боржигон овогт ******* Амартүвшин РД:*******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн ******* гэрт хөлсөөр ажиллаж байхдаа гэрээс нь Самсунг А-12, самсунг жи-7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1-110 тоот гэрээс нь иргэн эзэмшлийн самсунг галакси А72 загварын 1 ширхэг, Хуавэй пи20 загварын 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.359.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч *******ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэжээ

Шүүгдэгч ******* 2021 оны 11 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2131002080234 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,

Хохирогч ******* 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багт хөдөлмөр эрхэлдэг ба хамт ажиллах буюу ажилд туслах ажилтан хэрэгтэй байсан юм. Тэгтэл Сүхбаатар сумын 3-р багт байрлах Гомбын дэлгүүрийн гадна ******* гэх залуутай танилцаж ажиллуулахаар болсон. Тухайн залуу манайд 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилласан байх.  ...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээс миний самсунг А12 маркийн гар утас алга болсон. Мөн манай дүү Цоггэрэлийн Самсунг ж7 алдагдсан. Харин тэр үед манайд ажиллаж байсан Амараа гэх залуу алга болсон ба ахиж ирээгүй. Иймд тухайн хүнийг сэжиглэж байх тул миний утсыг олж өгнө үү...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч ******* 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байх Амараа гэх залууг ажиллуулахаар Энхцэцэг эгч авч ирсэн юм. Тухайн хүнийг хэдээр яаж ажиллуулах талаар мэдэхгүй байна. Ганга өвс түүдэг ба тухайн хүн нь өдөрт түүсэн өвсөө кг-р нь бодож тооцдог байсан. Харин 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээс миний самсунг ж7 маркийн гар утас алга болсон. Өмнө нь зүгээр л байж байдаг л байсан. Харин утас алга болсноос хойш ******* манайд дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч *******, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...та миний гар утсыг ломбарданд тавиад өгөөч гэж хэлсэн. би тухайн үед тусалчих санаатай хамт олон улсын худалдааны төв хүү таксидаад явсан юм. Үүдээр ороод 3-р лагуунд очоод ******* үлдэж би дотогш ороод самсунг а12 маркийн гар утсыг 250.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө аваад гарах үед Амараа надад “ахиад энэ утсыг тавиад өгөөч” гээд самсунг ж7 маркийн шаргал өнгийн гар утас гаргаж ирсэн. Би буцаж ороод тухайн утсыг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хүү Амартүвшин нь уг нь их гайгүй хүүхэд байгаа юм. Миний хүү бага байхад нь толгой дээр нь хачиг унаад унаж татдаг болсон. Хаяа жаахан архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ дандаа хэрэг төвөгт ордог...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Гэрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ах Амартүвшин нь уг нь их гайгүй хүн байгаа юм. Зан харилцааны хувьд ямар нэг доголдол байхгүй. Хаяа жаахан архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ таарч нийлэхгүй хүнтэй нийлж асуудал үүсгэдэг. Архи уугаагүй үедээ ямар ч асуудал үүсгэдэггүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Хохирогч 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрийн гадаа чулуу түүж байхад Амартүвшин нь манай охин Амин-Эрдэнийг дагуулаад дэлгүүр явлаа гэж хэлээд гарсан ба удалгүй манай охин орж ирээд “******* ах намайг орж бай” гэж хэлээд гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү ороход миний “Samsung A72 маркийн гар утас, Huaiwea p20 загварын гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-921/1582  дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Гар утас Самсунг-А12 1 ширхэг 450.000 дөрвөн зуун тавин мянга-н төгрөг,

2.Гар утас Самсунг-Ж7 1 ширхэг 100.000 нэг зуун мянга-н төгрөг нийт үнэ 550.000 таван зуун тавин мянга төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээний“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн БЗД2-21-896  дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Гар утас Самсунг-А72 1 ширхэг 1,109,600-н төгрөг,

2.Гар утас Хуйвэй Пи-20 маркийн 32 гб багтаамжтай 1 ширхэг 250.000 төгрөг, нийт 1359600 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-12 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 82-83, 158-159-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 51 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 99-1008 190-193 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 200-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн ******* гэрт хөлсөөр ажиллаж байхдаа гэрээс нь Самсунг А-12, самсунг жи-7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1-110 тоотод амьдрах эзэмшлийн Самсунг галакси А72 загварын 1 ширхэг, Хуавэй пи20 загварын 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.359.600 төгрөгийн  хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг  үйлдсэн болох нь  

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...”, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээс миний самсунг А12 маркийн гар утас алга болсон. Мөн манай дүү ******* Самсунг ж7 алдагдсан. Харин тэр үед манайд ажиллаж байсан Амараа гэх залуу алга болсон ба ахиж ирээгүй...” хохирогч “...Намайг гэрийн гадаа чулуу түүж байхад Амартүвшин нь манай охин Амин-Эрдэнийг дагуулаад дэлгүүр явлаа гэж хэлээд гарсан ба удалгүй манай охин орж ирээд “******* ах намайг орж бай” гэж хэлээд гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү ороход миний “Samsung A72 маркийн гар утас, Huaiwai p20 загварын гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-921/1582  дугаартай шинжээчийн “Гар утас Самсунг-А12 1 ширхэг 450.000 дөрвөн зуун тавин мянга-н төгрөг,  Гар утас Самсунг-Ж7 1 ширхэг 100.000 нэг зуун мянга-н төгрөг буюу нийт үнэ 550.000 таван зуун тавин мянга төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх дүгнэлт,  “Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн БЗД2-21-896  дугаартай шинжээчийн “...Гар утас Самсунг-А72 1 ширхэг 1,109,600-н төгрөг,  Гар утас Хуйвэй Пи-20 маркийн 32 гб багтаамжтай 1 ширхэг 250.000 төгрөг, нийт 1359600 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх дүгнэлтүүд зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ээс 1.785.600 /нэг сая долоон зуун наян таван мянган зургаан зуу/-н төгрөг гаргуулан хохирогч Ш.Шүрэнцэцэгт 1.359.600 төгрөг, хохирогч А.Энхцэцэгт 426.000 төгрөгийг тус тус төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *******гийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,  37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар Шүүгдэгч Боржигон овогт ******* Амартүвшин 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******гээс 1.785.600 /нэг сая долоон зуун наян таван мянга зургаан зуу/-н төгрөг гаргуулан хохирогч Ш.Шүрэнцэцэгт 1.359.600 төгрөг, хохирогч А.Энхцэцэгт 426.000 төгрөгийг тус тус төлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 96 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ