Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

 

 

 

 

    

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч Д.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.*******т холбогдох 2131001320038 дугаартай эрүүгийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 2-р баг, 2-р хэсэг, 20-47 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харчин овгийн *******ийн *******, /РД*******/;

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь нийтийн албан тушаалтан буюу ******* аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 2 дугаар бүлэг, /Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа/ 7 дугаар зүйл хориглох зүйлийн 7.1.2-т заасан албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн а/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг.албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн Хоёр /Баримтлах зарчим/-ын 2.1-т заасан сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Мөн 2.1.6-д хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, Дөрөв /Ёс зүйн хэм хэмжээ/-т Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Тус дүрмийн 4.1-д заасан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн “захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёрдугаар бүлэг / Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ/ 2.1 Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө: 2.1,1-д үзэл бодол, зан суртахуун, үг үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина. 2.1.2-д шудраг ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна. 2.1.5-д албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна: гуравдугаар бүлэг /Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага/ 3.1.2 а-д өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямар дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, 3.1.5-д энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.5а-д албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах гэснийг тус тус зөрчиж Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод заасан албан тушаалын ТҮБД-4 зэрэглэлийн хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэж заасан байхад туслах багшийн албан тушаалд ажиллаж байсан “Бүрэн дунд” боловсролтой туслах багш Д.*******д давуу байдал бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар “Доржням овогтой *******ыг бага бүлгийн багшаар томилсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь нийтийн албан тушаалтан буюу ******* аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж туслах багшийн албан тушаалд ажиллаж байсан “Бүрэн дунд боловсролтой” туслах багш Д.*******д давуу байдал бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/02 дугаартай тушаалаар “Доржням овогтой *******ыг бага бүлгийн багшаар томилсон” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь үйл баримтаар  тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдсон гэж шүүх дүгнэв.    

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.******* миний бие  2019  онд ******* аймгийн Алтанбулаг сумын  3 дугаар цэцэрлэгийг шинээр үүсгэн байгуулахад ажиллаж эхэлсэн, энэ хугацаанд байгууллагынхаа төлөө бүх боломж бололцоогоо дайчлан ажиллаж байсан. Маш их зүйлийг даван туулж, санхүү мөнгө, сэтгэл санаагаа зориулж ажилласан. Байгууллагаа болгохын төлөө ийм асуудалд орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв. Прокуророос гаргаж байгаа ялын дүгнэлтийг хүлээж авахад бэлэн байна” гэжээ.[1]

2. Гэрч  Д.*******ын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 сард ******* аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар цэцэрлэгт туслах багшийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажилд орсон. Тус цэцэрлэгтээ туслах багшаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс бүлгийн багшаар ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дээд сургууль төгссөн мэргэжлийн багш ажиллах ёстой гээд буцаад туслах багшаар тушаал гараад өнөөдрийг хүртэл туслах багшаар ажиллаж байна. 2020 оны 02 сард 1,2 сарын цалин бөөндөө буух үед эрхлэгч Д.******* надтай утсаар ярьж чиний цалин илүү орсон байна 350.000 төгрөг энэ данс руу 2020 оны 02 сарын 22-ны өдөр 13 цаг 49 минутад 350.000 төгрөг шилжүүлсэн. Би дээрх мөнгийг ******* гэдэг хүний данс руу шилжүүлэхдээ нээрээ л миний дансанд цалин илүү орсон юм байх гэж бодоод шилжүүлсэн. Тэгтэл 03 сарын цалин буухад эрхлэгч барилгын материалын мөнгө өгмөөр байна манай өрөөнд ороод ир гэж дуудсан. Би мөнгө өгч чадахгүй миний үндсэн цалин орсон байна гэхэд эрхлэгч уурлан муусайн боловсролгүй юмнуудыг багш болгож байхад тус мэддэггүй гэж уурласан. Тэгээд би тэр цагаас хойш эрхлэгчид цалингаасаа мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-47 дугаар тал/,

2.Гэрч Д.*******гийн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Гэрэлтуяа нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралттай хүний оронд түр тушаалаар туслах багшийн орон тоонд ажиллаж байгаа. Байгууллагын хурал дээр Д.******* багш өөрөө хэлж байсан 1 сарын цалингаас эрхлэгч 350.000 төгрөг авсан гэж хэлж байсан. Хоёр дахь удаагаа нэхэхээр нь өгөөгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37 дугаар тал/,

3.Гэрч Д.Дэлгэржаргалын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* надад хэлэхдээ “манай цэцэрлэгийн эрхлэгч миний цалингаас хүний данс руу мөнгө шилжүүлж авсан.” гэж хэлсэн тэгээд би цалингаас яагаад шилжүүлдэг юм бэ гэж хэлээд өнгөрч байсан. Тэгтэл сарын дараа ******* дахин над руу залгаад манай эрхлэгч намайг дуудаад барилгын материалын мөнгийг цалингаасаа шилжүүл гээд байна гэж надад хэлэх үед би сургуулийн нягтлан бодогч Алтанхүүтэй хамт явж байсан бөгөөд асуухад болохгүй би асууя гээд *******тай утсаар яриад болохгүй гэдгийг нь хэлж байсан... Манай дүү Д.******* нь бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хотод 45 хоногийн туслах багшийн сургалтад сууж сертификаттай болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар тал/,

4.Гэрч Х.Алтанхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* руу утасдаад хүний цалингаас мөнгө авч болохгүй хууль бус зүйл хийгээд байна шүү гэхэд ******* надад хэлэхдээ шинэхэн байгуулагдсан учраас цэцэрлэгтээ юм авах хэрэгтэй байна гэсэн тэгэхэд нь би чи цалингаар дамжуулж мөнгө гаргаж болохгүй, зардал хооронд нь шилжүүлэг хийж ав ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд ******* за ойлголоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр тал/,

5.Гэрч М.Атарбаярын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 сард цалин ороогүй, 02 сард хоёр сарын цалин бөөндөө бууж байсан. 2020 оны 02 сард ******* надаас таны цалин нэмэгдэж буусан уу? Таны цалингийн нэмэгдлийг эрхлэгч авсан уу?гэж асуусан тэгэхээр нь би “Миний цалин дээр илүү цагаар ажилласан гарааны мөнгө нэмэгдэж орсон, эрхлэгч надаас мөнгө нэхээгүй” гэж би хариулсан. Тэгэхэд Д.******* миний цалингаас эрхлэгч мөнгө авсан гэж хэлж байсан. Яагаад мөнгө авсан гэдгийг надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр тал/,

6.Гэрч Н.Эрдэнэцэцэгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.*******д 2020 оны 01,02 дугаар сард цалин олгохдоо бүлгийн багшийн ТҮБД-ийн 4-1 шатлалаар цалинг олгосон. 1 дүгээр сард 818.762 төгрөгийн үндсэн цалин дээр бусад нэмэгдэл бодож, суутгалаа хасаад гарт 790.939 төгрөг, 2 дугаар сард гарт 735.359 төгрөг бодож 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д.*******ын хаан банкны дансанд 1.526.298 төгрөгийг шилжүүлсэн. Түүний 1, 2 дугаар сарын цалин дээр цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ямар нэгэн нэмэгдэл цалин олгоогүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-68 дугаар тал/,

7.Д.*******ын хаан банкны 5676115756 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх- ийн 223-224 дүгээр тал/,  8. Алтанбулаг сумын 3-р цэцэрлэгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн төлбөрийн хүсэлт /1 дүгээр хх-ийн 204, 221 дүгээр тал/, 9. Алтанбулаг сумын 3-р цэцэрлэгийн 1, 2 дугаар сарын цалин олгох хүснэгт /1дүгээр хх-ийн 207 дүгээр тал/, 10. Д.*******ыг бага бүлгийн багшаар томилсон цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал /1 дүгээр хх-ийн 218 дугаар тал/, 11.Ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хх-ийн 81-84 дүгээр тал/, 12. Шинжээчийн тайлан /1 дүгээр хх-ийн 91-198 дугаар тал/, 13. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /2 дугаар хх-ийн 40-43 дугаар тал/, 14.2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/414 дугаартай захирамж /2 дугаар хх-ийн 11-18 дугаар тал/, 15. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хх-ийн 19 дүгээр тал/, 15. Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 20 дугаар тал/, 16. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2 дугаар хх-ийн 21 дүгээр тал/, 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 66-69/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдсон гэж үзэв.              

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуульд заасан “Авилгын гэмт хэрэг” үйлдсэн идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.*******ын цалингаас 350.000 төгрөгийг өөрийн охин О.*******ын  5692144346 дугаарын дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдсон байх ба шүүгдэгчийн хууль бус үйлдлээс олсон орлогыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 18 сар буюу шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.   

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй,

цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэсүгэй.

5.Шүүгдэгч Д.*******аас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                                                                                      

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс