| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 016/2013/0027/З |
| Дугаар | 221/МА2015/0051 |
| Огноо | 2015-01-28 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0051
Э.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр шийдвэртэй, Э.Б-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э.Б нь Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр томилогдон хууль тогтоомжийн хүрээнд зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Б\16 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан шийдвэр гаргасан байна. Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчөөгүй. 2011 оны 10 сарын 09-ны өдөр тухайн үед ЗДТГазарт нярваар ажиллаж байсан Г.Л-г өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, дараачийн хүнийг хуулийн дагуу томилсон. Энэ асуудлаар маргаан гарч шүүхийн шийдвэрээр буруугүй болох нь тогтоогдсон. Санхүүгийн үйл ажиллагаанд тухай бүр хяналт тавьж, хууль тогтоомжийн хүрээнд ажиллаагүй албан хаагчдад удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах хүртэл арга хэмжээ авч ирсэн. 2013 оны 10 дугаар сард аудитын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал нь Тамгын газрын даргын буруутай үйлдэл биш болох нь тогтоогдсон. Увс аймгаас Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Удирдлагын академийн магистрын сургалтад суралцах эрх авч, ажлаас чөлөө авч суралцах асуудлаа Засаг даргад албан ёсоор 2 удаа танилцуулж, өргөдлөө бичгээр гарган өгсөн. Энэ асуудлыг хамт олны хурал дээр ч ярьж чөлөө олгохыг хүссэн боловч Засаг дарга зөвшөөрөөгүй. Ингээд сургуульд явах хугацаа болж, өөрийн хариуцсан ажлаа холбогдох ажилтнуудад хариуцуулан өгч төрийн үйлчилгээг тасралтгүй, жигд явуулах боломжийг бүрдүүлсэн. Иймээс Давст сумын Засаг даргын 2013 оны 11 сарын 15-ны өдрийн Б\16 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, Э.Б-н ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б-н өмгөөлөгчөөр оролцож байна. Э.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаартай Давст сумын Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэстэй гэж үзэж байна. Сахилгын шийтгэл ногдуулсан захирамж 4 үндэслэлээр гарсан байгаа. Тушаалыг бүр түр гэж өөрчилсөн байгаа. Түр тушаалыг бүр болгож өөрчилсөн учраас сахилгын шийтгэл ногдуулж байна гэсэн байгаа. Тушаал хэзээ өөрчлөгдсөн бэ гэвэл Н-г нярвын ажилд томилохдоо 10 сарын 06-ны өдөр томилсон байдаг. 2012 оны 11 сард орон нутгийн сонгууль явагдсан байгаа. Нярвын ажлыг хийж байсан Л нь 2012.12.10-нд Ж.Б дарга Засаг даргаар томилогдоод Л-г Засаг даргын орлогчоор томилсон байгаа. Хугацааны хувьд аваад үзэхэд Ж.Б дарга Засаг дарга болсны дараа тушаалыг бүр түр гэж өөрчлөгдсөн байх боломжтой. Б/А/-ыг сольсон асуудал сахилгын зөрчил гэж үзэх юм бол сахилгын шийтгэл ногдуулахдаа хугацааны хувьд хууль буруу хэрэглэсэн асуудал байгаа. 26.4-д зааснаар зөрчил гарснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан.
Гэтэл Э.Б-д 11 сарын дараа тушаал өөрчилсөн асуудлаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёр дахь үндэслэлийн хувьд өөрийн удирдаж байсан байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихгүйгээр санхүүгийн үйл ажиллагааг доголдуулж төрийн хөрөнгийг шамшигдуулах боломж олгосон гэсэн байгаа. Төрийн сангийн төлөөлөгчийн санхүүгийн зөрчил гаргаад байгаа нь зөвхөн Э.Б-н асуудал биш юм. Төрийн сангийн төлөөлөгчийг томилж чөлөөлдөг эрх нь ЗДТГ-ын даргын асуудал боловч санхүүгийн хувьд хяналт тавьдаг хүн нь тухайн сумын Засаг дарга байгаа. ЗДТГ-ын дарга нь төрийн сангийн төлөөлөгчид хяналт тавих ямар нэгэн боломжгүй юм. Засаг дарга өөрөө энэ үүргийг яаж хэрэгжүүлсэн бэ? Э.Б дээр Аудитын акт тавигдаагүй. Э.Б-ыг мөнгө шамшигдуулах боломж олгосон гэж үзэх боломжгүй. Засаг дарга санхүүгийн хувьд хяналт тавих үүрэгтэй байсан. Нийт 168 баримтад гарын үсэг зурагдаагүй зүйл яриад байдаг. 10 сарын хугацаанд энэ гарын үсэг зурагдаагүй явдал үргэлжилжээ. Энэ зөрчлийн төлөө жилийн дараа сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ аваад байгаа юм. 168 баримтад нөхөж гарын үсэг зураагүй нь зөрчил болдог бол 1 жилийн дараа арга хэмжээ авч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх заалтыг зөрчиж байна. Албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан гэдэг. Э.Б Засаг даргаасаа чөлөө хүссэн. Ажилчдын хурал дээр би чамайг халах гэж байгаа учраас чөлөө өгөхгүй гэсэн байгаа. Энэ тухай хурлын тэмдэглэл дээр ч тусгагдсан байдаг. Энэ тохиолдолд ажил тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ийм учраас Э.Б-ыг ажил тасалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Гэрээ байгуулах албан бичиг нь ирсэн байдаг. Засаг даргын зүгээс тухайн гэрээний 2.1.3-д зааснаар гэрээ цуцлах санал гаргах эрхтэй байсан. Гэрээний 3.1.3-д зааснаар суралцахтай холбоотой дэмжлэг туслалцаа хүсэх, сургуульд суралцах үедээ ажлаас түр чөлөөлөх хүсэлт гаргах эрхтэй байсан. Э.Б чөлөө хүссэн. Албан бичиг суманд ирчихсэн байсан байгаа. Үүнийг Засаг дарга шийдээгүй.
Иймээс Э.Б-ыг ажлаа тасалсан гэж үзэх боломжгүй юмаа. Үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн буюу удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн байгаа. Хавтаст хэрэгт ямар үүрэг даалгавар өгөөд биелүүлэхгүй байсан, ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн талаар авагдсан баримт байдаггүй юм. Иймд эдгээр 4 үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Эхний 2 зөрчлийг хэрвээ сахилгын зөрчил гэж үзвэл сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ.
Хариуцагч Давст сумын Засаг дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьд нь тайлбараа хангалттай өгсөн байгаа. Нэгдүгээрт Э.Бийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа. 2012 оны орон нутгийн сонгууль явагдсан. Тухайн үед ЗДТГ-ын нярваар ажиллаж байсан Л ИТХ-д нэр дэвшээд түр хугацаагаар чөлөө авсан байгаа. Ингэхээр тэр хүний албан тушаал хэвээр хадгалагдаж байх ёстой. Гэтэл Н-г түр ажилд авсан байсан. Ингээд тухайн үед ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Э.Б түр тушаалыг нь өөрчилж ноцтой зөрчил гаргасан байгаа. 2012 оны 12 сарын 10-нд Л сумын засаг даргын орлогчоор томилогдсон. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд зааснаар тухайн ЗДТГ-т орон тоо гарсан тохиолдолд Засаг даргатай зөвшилцөн томилно гэсэн байгаа. Энэ заалтыг зөрчиж өөрөө тушаал шийдвэрийг өөрчилсөн байгаа. Гэхдээ хариуцлага тооцох хуулийн хугацаа өнгөрсөн байна. Хоёрдугаарт санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй. 2012 онд нийт санхүүгийн баримтаар Давст сумын ЗДТГ-ын бүх цалингийн сан болон төсвийн гуравны хоёрт нь гарын үсэг зураагүй. Байгууллагын төсвийг байгууллагын төсвийн менежер удирдаж хяналт тавих ёстой. Засаг дарга ерөнхийд нь байгууллагад санхүүжилт хийнэ, бэлэн мөнгөний хүсэлт дээр гарын үсэг зурж хяналт тавина. Э.Б төрийн сангийн төлөөлөгчид хяналт тавих бололцоогүй гэдэг. Төрийн сангийн төлөөлөгч анхан шатны баримтыг бүрдүүлж орж ирээд Засаг дарга хянаад 1187 гэсэн дансанд гүйлгээ хийж бэлэн мөнгө гаргах ёстой.
Гэтэл ямар ч гарын үсэг зураагүй зөрчил гаргасан байгаа. Тухайлбал 2012.12.24-ны өдөр бэлэн мөнгөний хүсэлтээр ЗДТГ-аас 500.000 төгрөг гаргасан байгаа. Энд нягтлан бодогч нь гарын үсэг зураад Э.Б гарын үсэг зураагүй байгаа. Гэтэл төлбөрийн хүсэлтээр гарсан мөнгөний дагуу Э.Б дээр томилолт 181.000 төгрөг гарсныг өөрөө гарын үсэг зураад авчихсан байгаа. Энэ нь ЗДТГ-аас гарч байгаа мөнгө. Өөрийнхөн дансанд ийм мөнгө ороод байхад төрийн сангийн төлөөлөгч миний зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн гэсэн зүйл яриад байгаа. Миний зөвшөөрөлгүйгээр төрийн сангийн төлөөлөгч гүйлгээ хийсэн байна гэдгийг мэдсэн бол холбогдох хууль ёсны байгууллагад уг хүсэлтийг тавьж таслан зогсоох эрх байсан. Ингэхгүйгээр явсаар ЗДТГ-т өчнөөн хэмжээний хохирол учирсан. Төрийн сангийн төлөөлөгч их хэмжээний мөнгийг хууль бусаар завшсан байгаа. Энэ мөнгө байсан бол сумын ЗДТГ-ын ажилчдын нийгмийн асуудал болон бензиний асуудлыг шийдэх боломжтой байсан. Менежерийн хувьд бүх зүйлээ хийх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс жилийн хугацаанд тамгын газарт хохирол учирсан.2012 оны 02 дугаар сарын 02-оос 12 дугаар сарын 24 хүртэлх хугацаанд нийт 164 төлбөрийн хүсэлт дээр гарын үсэг зураагүй байгаа. Төрийн сангийн үйл ажиллагааг зогсоох боломжтой байсан. Гуравдугаарт Төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй ажил хаяж явсан гэж үзэж байгаа. Засгийн газраас сургаж байгаа тэтгэлэгт хөтөлбөр дээр аймгийн хэмжээнд төрийн захиргаа удирдлагын чиглэлээр магистрт сурах бичиг нэг хувиар ирсэн байгаа. Тухайн үед Э.Б ганцаараа бичиг баримт бүрдүүлж өгсөн. Нэг хүн байгаа учраас ямар нэгэн шалгалт авагдаагүй.
Тиймээс уг сургуульд сурах эрхийн бичиг өгсөн байгаа. Тухайн цаг үеийн байдалтай холбоотой алдаа зөрчлийнх нь талаар хэлээд мэргэжил дээшлүүлэх боломжгүй байна тиймээс чамайг ажлаас чөлөөлөх асуудал ярьж байгаа гэж ажилчдын хурлаар товч тодорхой хэлсэн байгаа.
Гэтэл миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр ажлын байрыг шууд орхиж явсан. Тухайн үед аймгийн ЗДТГ-ын дарга дээр орж Давст сумын Засаг дарга хөдөө явсан тул та гэрээ байгуулж өгнө үү гээд гэрээ байгуулаад уг сургуульд явсан байгаа. Би энэ хүнд чөлөө өгөөгүй. Сумын засаг дарга байсаар байхад аймгийн ЗДТГ-ын даргатай гэрээ хийх үндэслэлгүй. Уг нь ажил олгогч нь гэрээ байгуулж чөлөө өгч явуулах ёстой. Би эрх зүйн актыг үлдээж Э.Б-н түр ажил үүргийг гүйцэтгэгчийг томилох ёстой байсан. Гэтэл өөрөө дур мэдэн ажлаа хаяж явсан. Иймд Э.Б-ыг ажлаас халсан. Энэ нь шаардлагатай хангалттай нотлох баримт байгаа. Миний гаргаж өгсөн баримт хангалттай өөр зүйлгүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт маань 4 үндэслэлээр гарсан байгаа. Тушаал өөрчилсөн зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдаг. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэгт хэнээс ямар үүрэг хэдий хугацаанд өгсөн, ямар байдлаар биелүүлээгүй бэ? гэдэг асуудал байдаг. Энэ 2 үндэслэл нь тогтоогдоогүй байна гэдгийг өмгөөлөгчийн хувьд хэлэх нь зүйтэй байх.
Харин санхүүгийн баримтад гарын үсэг зураагүй хяналт тавиагүй гэдэг асуудлыг Увс аймгийн Аудитын газраас 2013 оны 10 дугаар сарын 24-26-ны хооронд Давст сумын ЗДТГ-ын төсвийн байгууллагад хяналт шалгалт хийгээд нийт тамгын газарт 9 акт тавьсан байгаа. Менежерийн хувьд захиран зарцуулах ёстой мөнгөнөөс мөнгө гараад явсан байхад хяналт тавьж чадаагүй байна гэдгийг тогтоосон. Аудитын актад Э.Б ямар нэгэн гомдол гаргаж хяналт тавих үүрэг нь надад байгаагүй үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ тогтоолгож энэ актыг хүчингүй болгосон зүйл хавтаст хэрэгт авагдаагүй учраас үндэслэлтэй юмаа. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр аудитын акт гарсан байдаг. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халах тушаал гарч байгаа явдал нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан гэдгийг нотолж байгаа юм.
Мөн ажил тасалсан гэсэн асуудал байдаг. Э.Б 2010 оны 10 дугаар сарын 31-нд өргөдөл бичиж өгөөд явсан гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан бүртгэж авсан байдаг. Тухайн үед чөлөө олгох боломжгүй гэж цохолт хийсэн байдаг. Э.Б-оос гаргаж байгаа өргөдлийг Засаг дарга хүлээж авахдаа Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ёстой.
Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Аймгийн ЗДТГ-ын даргатай суралцах 3 талт гэрээ байгуулсан байдаг. Энэ хугацаанд чөлөө олгох асуудлыг албан ёсоор шийдвэрлэсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 29.2-д зааснаар шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэх хугацааны хувьд 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл ийм боломж олгохгүйгээр шууд ажлаа орхиод явсан байдаг. Үүнийг ажил тасалсан гэж үзнэ. Чөлөө олгох эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд төрийн албыг тасралтгүй хэвийн явуулах ёстой. Иргэнийхээ хувьд суралцах эрхтэй. Төрийн албаны мөн чанар төрд үнэнчээр зүтгэх ард түмэнд шударгаар үйлчлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Үнэхээр чөлөө олгох боломжтой байсан бол чөлөө өгөөд гэрээг нь хийгээд явуулах байсан. Гэтэл Засаг даргын бүрэн эрхэд Аймгийн ЗДТГ-ын дарга хууль бусаар халдсан байна. Гэрээ үндэслээд сурах ёсгүй. Яагаад гэвэл ажил олгогчоос албан ёсоор чөлөө авах ёстой байсан боловч ажлаа тасалж явсан. Албан үүргээ биелүүлээгүй гэдэг нь ажил тасалсан учраас хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Ийм учраас ажлаас халах шийдвэр гаргасан. Зөрчил нь тогтоогдсон учраас ажил тасалсан, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж чадаагүй гэдгээр ажлаас халах эсэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас шүүхээс заавал энэ хүнийг халах шаардлагагүй гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1963 онд төрсөн. Нягтлан бодох эдийн засагч мэргэжилтэй. Улс нийгмийн байгууллагад 23 жил ажиллаж байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд сумын Засаг дарга Ж.Б-н санал болгосны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 18-нд уг ажилд томилогдон орсон. Сумын тамгын газрын даргын ажилд хууль бусаар ороогүй бөгөөд урьд ажиллаж байсан Э.Б нь сахилгын шийтгэлээр ажлаасаа гарсан байдаг. Миний хувьд энэхүү ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний хувьд ажлын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгааг харгалзан үзнэ үү гэжээ.”
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2013 оны 11 сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Э.Б-ыг Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-н ажилгүй байсан хугацаа болох 2013 оны 11 сарын 01-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11012690 /арван нэгэн сая арван хоёр мянга зургаан зуун ер/ төгрөгийг Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч Э.Бод олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Засаг дарга Ж.Б би 2013 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн Б/16 тоот захирамжаар Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Э.Б-ыг ажлаас халсан ба Э.Б нь уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхэд гомдол гаргасныг уг шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд Э.Б-н нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Уг шүүх хуралдаанаас Э.Б-ыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, өөрийн удирдаж байсан байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд тухай бүр нь хяналт тавиагүй, санхүүгийн үйл ажиллагааг доголдуулж төрийн хөрөнгө шамшигдуулах боломж үүсгэснийг тогтоосон бөгөөд уг зөрчлүүдэд оногдуулсан сахилгын шийтгэлийг “зөрчлийг илрүүлсэн 1 /нэг/ сар нь зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаандаа багтсан байхаар заасан хуулийн заалтын агуулгаас зөрүүтэй байна”, “Төрийн сангийн төлөөлөгчид хяналт тавьж ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж хуулийг өөр талаас нь тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
2013 оны 10 дугаар сард тус суманд аймгийн Аудитын газраас хийсэн нийцлийн аудитаар Давст сумын Засаг даргын тамгын газарт ихээхэн хэмжээний зөрчил гарсныг 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон юм. Улмаар зөрчил гаргасныг миний бие мэдэж илэрснээс хойш 1 сарын дотор багтаж Э.Б-ыг ажлаас нь халах тухай Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, энэ талаар төрийн дээд байгууллагад гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.4-д заасны дагуу өөрт нь мэдэгдэж хамт олны хурал дээр хэлсэн боловч үл хүндэтгэн хариу ямар нэгэн тайлбар хийхгүйгээр ажлын байраа орхин явсан. Мөн Э.Б нь 2012 оны ЗДТГ-н нийт 297.135.135 /Хоёр зуун ерэн долоон сая, нэг зуун гучин мянга, нэг зуун гучин таван/ төгрөгийн төсвөөс 155.653,622 /нэг зуун тавин таван сая зургаан зуун тавин гурван мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийн буюу нийт төсвийнхөө 52,3 %-ийн төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлт дээр гарын үсэг зураагүй, хяналт тавиагүйгээс болж ЗДТГ-т 17.159.998 /Арван долоон сая нэг зуун тавин есөн мянга есөн зуун ерэн найман/ төгрөгийн акт тавигдаж бодит хохирол учирсан нь өөрийн байгууллагынхаа төсвийг бүрэн хянаж, зөв зарцуулж чадаагүй, үүргээ хангалттай биелүүлж ажиллаж чадаагүйг харуулж байна.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн А/11 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Б-ыг Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагчийн дээрх захирамжид заасан үндэслэл нь: Нэхэмжлэгч Э.Б-ыг дур мэдэн Засаг даргын Тамгын газарт ажилтан авсан, гаргасан түр тушаалаа устгаж, шинээр тушаал гаргаж, бичиг баримт өөрчилсөн, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс санхүүгийн үйл ажиллагааг доголдуулсан, хөрөнгө шамшигдуулах боломж бий болгосон, дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлүүдээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.
1. Тамгын газарт дур мэдэн ажилтан авсан, түр тушаалаа устгаж, шинэ тушаал гаргаж, бичиг баримт өөрчилсөн гэх тухайд: Нэхэмжлэгч Э.Б нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр няраваар ажиллаж байсан Г.Л-г өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, мөн өдөр Н.Н-г няравын ажилд түр томилсон байх бөгөөд Н.Н-г няравын ажлыг сайн гүйцэтгэж байгааг харгалзан түр тушаалаа засаж бүр томилсон тушаал гаргасныг хариуцагчаас надтай зөвшилцөөгүй гэж буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан нь цаг хугацааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Шүүх хуралдаанд хариуцагч энэ талаар хүлээн зөвшөөрчээ.
2. Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс санхүүгийн үйл ажиллагааг доголдуулсан, хөрөнгө шамшигдуулах боломж бий болгосон гэх тухайд:
Увс аймгийн Аудитын газраас Давст сумын төсвийн байгууллагуудын 2011, 2012, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдуулан сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч нарт хариуцуулан акт тавьсан байна. Аймгийн аудитын газрын ахлах аудитор С.А тавигдсан актын талаар шүүхэд мэдүүлэхдээ “...актад тусгагдсан асуудлууд Э.Б-н буруутай үйл ажиллагаанаас болж гарсан зүйл биш. Манай байгууллагын дүгнэлт дээр Э.Б-н буруутай гэдэг зүйл тусгагдаагүй...” гэж, аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Э-н “...Энэ шалгалтаар 16 сая төгрөгийн төлбөрийн актыг Давст сумын Төрийн сангийн төлөөлөгч Бямбаад холбогдуулан тавьсан. Энэ үйлдэл бол цэвэр ашиглангийн шинжтэй үйлдэл юм. ...Нийт төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нарын санхүүгийн хяналт муу байна гэсэн болохоос Э.Б-н нэр дээр төлбөрийн акт тавигдаагүй. ...Санхүүгийн хувьд Төрийн сангийн төлөөлөгчид сумын Засаг дарга хяналт тавьж ажилладаг...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч Э.Б нь сумын Төрийн сангийн төлөөлөгчид хяналт тавих чиг үүрэггүй байх бөгөөд төрийн сангийн төлөөлөгчийн гаргасан санхүүгийн зөрчил хэний буруутай үйл ажиллагаанаас гарсан эсэхийг шалган тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгч Э.Б-ыг буруутгаж, шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг зөрчилд тохирсон шийтгэл гэж үзэхээргүй бөгөөд харин нэхэмжлэгч сумын ЗДТГ-ын дарга байсны хувьд Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зарим зөрчил гарсныг зөвтгөх боломжгүй байна.
3. Дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан гэх тухайд: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/1730 дугаартай албан бичгээр Давст сумын Засаг даргад “...танай сумын Тамгын газрын дарга Э.Б Удирдлагын академийн магистрын сургалтын шалгаруулалтад тэнцсэн тул 3 талт гэрээний загварыг хүргүүллээ.” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Б Удирдлагын академийн магистрын сургалтад суралцахаар ажлаасаа чөлөө олгохыг сумын Засаг даргаасаа хүссэн боловч сумын Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ажилтнуудын хурал дээр “Тамгын газрын даргыг ажлаас халж байна. Өргөдлөө бичиж өг” гэж амаар хэлсэн болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Хэдий тэгсэн боловч Э.Б чөлөө хүссэн өргөдлөө өгөөд 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлэх сургалтандаа суухаар явсан байна. Хариуцагч Э.Б-н чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэлгүйгээр дээд албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлаа орхиод явсан гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас нь халсан нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх хэсэгт заасан “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.
Учир нь түүнийг Удирдлагын академийн магистрын сургалтын шалгаруулалтад тэнцсэн болохыг аймгийн ЗДТГ-аас хариуцагч сумын Засаг даргад мэдэгдсэн, суралцах болсон тухайгаа мэдэгдэж чөлөө хүссэн өргөдөл өгсөн, өөрийн хийж гүйцэтгэж байгаа албан ажлаа холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгч акт үйлдсэн, сумын Засаг дарга байхгүй, 3 талт гэрээ байгуулах хугацаа дуусах болсон талаар аймгийн удирдах албан тушаалтнуудад хандаж, сургалтад хамрагдах эрх олгосон гэрээнд гарын үсэг зуруулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Э.Б-ыг дээд албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхиод явсан гэж үзэх боломжгүй байна.
4. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх тухайд: Хариуцагчаас дээрх үндэслэлээр буруутгасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйгээс гадна шүүх хуралдаанд энэ үндэслэлийн талаар хариуцагч маргаагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам“-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэсэн заалтыг баримтлаагүй нь нэхэмжлэгч, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд энэ журмыг зөрчиж гаргасан акт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1” гэснийг “26.1.3” гэсэн өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ