Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2017/00035

 

 

Н.Ө-гийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай    

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2017/00395 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Н.Ө -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б,

Хариуцагч:  Ж.Т нарт холбогдох,

Хонгор азарганы үнэ 35000000 төгрөг, унагатай гүүний үнэ 4000000 төгрөг, нийт 3 тооны адууны үнэ 39000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшлийн 3 тооны адуу болох  хурдан удмын угшилтай хонгор азарга /хөвчтэй саран тамгатай/, зээрд гүү /хөндлөн чандмань тамгатай/, охин хонгор унага /хөвчтэй саран тамгатай/-ыг 2014 оны 11 сарын эхээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт малчин Ч.Энхболдын суурин дээр маллуулж байгаад хулгайд алдсан  бөгөөд уг асуудлыг асууж сураглаж эх сурвалжийг олж сонсоход Т, Б гэгч 2 хүн уг малчныд миний нэрийг барьж, намайг ав гэсэн гэж худлаа хэлээд Б өөрийн эзэмшлийн портер маркийн 01-06 дугаартай цагаан өнгийн машинд ачиж явсан байна. Уг асуудлыг цагдаагийн газраар шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. Т гэгчид манай нутгийн Б гэгч зуучилж манай адууг удам судраар нь судалж урьдаас зориудаар төлөвлөж, хаана хэдийгээр байгааг нь тодорхой зааж өгч өөрөө нутгийн хүн гэдгээрээ далимдуулан багийн Засаг дарга Л.Од-оос шөнийн цагаар малын гарал үүслийн бичгээ бусдаас худалдаж авсан хэмээн илтэд худал хэлэн авч, улмаар адууг минь ачиж явсан. Өөрийнхөө эзэмшлийн машины дугаарыг бултуулж Маяти маркийн 67-51 ДГО улсын дугаартай машинаар тээвэрлэж явсан байсан. Энэ хугацаанд миний бие өөрийн эзэмшлийн хурдан удмын адуу малаа олж авахын тулд тус аймгийн Цагдаагийн газар, Улсын Ерөнхий прокурор, шүүх зэрэг аймаг орон нутаг дамжсан өчнөөн хууль хяналтын байгууллагуудаар явж маш их хохирлыг амссан билээ. Хамгийн сүүлд Т тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2016/00402 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулах ажиллагааг хийлгэж, улмаар Ж.Т нь дээрх хаягт оршин суудаг болох нь тус аймгийн Цагдаагийн газрын 2017.01.19-ний 40-1/209 тоот албан бичгээр тогтоогдсон. Миний хувьд азаргаа хурдан удамтай тул 35000000 төгрөгөөр, унагатай гүүгээ 4000000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа болно. Эдгээр хүмүүсээс болж маш ихээр хохирч байна. Энэ азаргаараа би амжиргаагаа залгуулдаг байсан. Иймд Т, Б нараас өөрийн эзэмшил бүхий хурдан удмын угшилтай азарга, унагатай гүү болох 3 тооны адууны үнэ болох 39000000 төгрөгийг, мөн авч явснаас хойших төлийн хамт гаргуулан авахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Ж.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх 2013 онд миний найз болох Д.Бтэй хамт Дэлгэрэх сумаас Ө нөхөр Батбаярын хамт ногоон пронтер маркийн машинтай мах ачиж ирээд танилцсан. Би Нарантуул-2 зах дээр махны ченж хийдэг. Тэрнээс хойш хэдэн сарын турш надад мах авчирч, итгэл олж байснаа 2013.12.23-нд Ө утсаар яриад махтай гарах гэсэн мөнгө дутаад байна, 4000000 төгрөг зээлээч гэсэн. Би өөрийн дансанд байсан 1 сая төгрөгийг шилжүүлээд, 12 сарын 24-нд найз Цэрэннадмидаас 3 сая төгрөг зээлж, Цэрэннадмидаар шилжүүлүүлсэн. Гэтэл Ө болзсон хугацаанд мөнгө өгөлгүй, таг чиг алга болсон. Тэрнээс хойш утсаа авахгүй алга болж байгаад 2014.01.29-нд Цэрэннадмидын дансанд 1500000 төгрөг Батбаяраас гэсэн утгатай орж ирсэн. Ө руу маш их залгаж, мөнгө төгрөгөө авъя гэсэн боловч өгөхгүй байсаар 2014.05.29-нд Т миний дансанд 500000 төгрөг орж ирж,

Өгаас 2 сая төгрөг авах дутуу үлдсэн. Ө утсаа авахгүй, олдохгүй алга болсон. Найз Бгээс асуухад Дэлгэрэх суманд алт ухаж байна гэсэн. Би тухайн үед Хэнтийд ажлаар явж байсан тул шууд Дэлгэрэх сум орж Бгийнд очсон. Тэгээд Бтэй цуг сумаас баруун урд зүгт алт ухаж байгаа газарт нь очиж Ө, нөхөр Батбаяр хоёртой уулзахад мөнгө төгрөг байхгүй гэсэн. Ө намайг адуу малд дуртайг мэддэг тул өрөндөө адуу авах уу гэсэн, ямар адуу гэхэд нэг азаргатай, унагатай гүү 3 адуу байна, 2 сая төгрөгийнхөө өрөнд аваач гэсэн, би мөнгөө авмаар байна, адуу чинь 2 сая хүрэхгүй гэхэд өөр өгөх юм алга гэхээр нь авахаар болсон. Тэгээд малчин гэх Энхболд гэдэг айлд байгаа, Бд тэр айлыг зааж өг гээд хэлчихье, маргааш очоод Энхболдтой яриулаарай гэж тохирсон. Маргааш нь Энхболдынд очиж уулзан Өгийн адууг авах гэж байгаагаа хэлж Өтай утсаар яриулах гэтэл утсаа авахгүй байсан. Энхболд гуай адууг авчирч 3 адууг барьж өгсөн. Энхболд гуайд өрөндөө авч байгаа гэдгээ бүгдийг хэлсэн. Сум орж Б багийн даргаас гарал үүслийн бичиг авч өгсөн. Тэгээд 2 сая төгрөгийн өр авлага дууссан гэж бодож байтал 2 сар гаруйн дараа Ө утасдаж адуугаа хулгайд алдсан гэж надаас нэхсэн. Энэ хүнээс болж нэр хүнд болон цаг зав, эд хөрөнгөөрөө хохирч байна. Адуу авахад гарсан зардал 342000, зээлсэн 2000000, шүүхийн нэхэмжлэл авах гэж Дорноговь явах зардал 220000 төгрөг. Намайг хулгай хийсэн гэх юм, гэгээн цагаан өдөр малчинд нь хэлж авчирч хулгайлдаг, гарал үүслийн бичиг авдаг хулгайч гэж байх уу гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Энэ нь Т, Ө хоёрын хоорондын асуудал байна. Манай найз Т нь Улаанбаатар хотод Нарантуул-2 зах дээр махны ченж хийдэг. 2013 оны үед Ө, Батбаяр хоёр мах зарахаар намайг дагаж хот ороод мах өгч Ттай танилцсан юм. Үүнээс хойш тэр хоёр очиж махаа өгч байгаа гэж байсан. Гэтэл 2014 онд Т утасдаад Ө, Батбаяр хоёрыг хайж байгаа, мөнгө зээлсэн өгдөггүй, чи нэг сураг гаргаач гэхээр нь сураг гаргатал Дэлгэрэх суманд алт ухаж байгаа сураг гарсан. Тэгээд Тд хэлтэл Хэнтий аймагт ажлаар явж байна, яваад очьё гээд хүрээд ирсэн. Тэгээд надтай цуг алт ухаж байгаа хүмүүс дээр очиж Ө, Батбаяр хоёртой машинд нь сууж уулзсан, би машиндаа сууж байсан. Т нэлээн удаан ярилцаад Ө, Батбаяр хоёртой гар бариад за за тохирлоо гээд ирсэн. Ө надад хандаж Энхболдын хаана байгааг мэднэ биздээ, заагаад өгөөрэй, 3 адуу өгөхөөр боллоо гэж байсан. Тэгээд бид хоёр шөнө сумруу орж маргааш өглөө нь Энхболдынд Тыг хүргэж өгсөн. Т Энхболд гуайд бүх учрыг хэлээд Өтай ярилцах гээд олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Энхболд гуайд Ө аваарай гэсэн гэдгийг хэлээд Энхболд гуай адууг нь авчирч барьж өгсөн. Т адууг аччихаад гарал үүслийн бичиг авах гээд сумын төв рүү орж багийн дарга Л.Одоос бичиг авахдаа захиргааны гадаа 3 адууг ачиж, очиж бичиг авсан гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Таас хөвчтэй саран тамгатай хонгор азарга, амруугаа харсан хөвчтэй саран тамгатай хязаалан хонгор гүү, эм хонгор унага, зээрд гүүний үнэ 2500000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгож, дээрх 3 тооны адууг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Оргихын гол гэх газарт хүлээлгэж өгөхийг хариуцагч Ж.Тд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Өгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 519223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Таас 255801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Таас хөвчтэй саран тамгатай... гүү, хонгор унага, зээрд гүүний үнэ 2500000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус гаргуулан Н.Өд олгож, дээрх 3 тооны адууг Дэлгэрэх сумын Оргихын гол гэх ...даалгасан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Н.Ө Ж.Т нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар “үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болно” гэж заасан. Энэ хуулийн дагуу дээрх 3 тооны адууг Ө Ж.Тд өгсөн байдаг.  Шүүх хариуцагч талыг ИХШХШтХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй ба татгалзлаа нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж нотлоогүй байна гэжээ. Энэ тухай хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Өгаас авах өрөндөө 3 тооны адууг Ж.Т авсан, надад хамаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... Т.Цэрэннадмидын нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-119/, гэрч Ч.Энхболдын ...хоёроос авлагатай юмаа, энэ хоёр адууг аваарай гэж хэлсэн... гэсэн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх үнэлсэнгүй.  Ж.Тыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл өгсний дараа 70200 төгрөгийг гаргуулж Өд олгохоор шийдвэрлэсэн. Ж.Т нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, сургууль 1 гудамж  18 тоотод 2012 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Ж.Тын иргэний үнэмлэхний хуулгаар нотлогддог. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт гэж заачихаад нэхэмжлэлийн шаардлагаас заримыг нь хангаж, заримыг нь хангахгүй орхисон байгаа. Дүгнэлт хэсэгтээ Бд холбогдох хэсгийг хариуцагч Б биш болохыг гэрчүүдийн мэдүүлэг зохигчдын тайлбараас тогтоогдож байна. Тийм учраас Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэж дүгнэлт хийсэн мөртлөө тогтоох хэсэгтээ заагаагүй.  Мөн хариуцагчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэргийг харьяаллын дагуу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авахгүй шийдвэрлэж байгаа нь нэг талыг барьсан шийдвэр мөн гэж үзэж байгаа. Учир нь энэ нь Тд холбогдох хэрэг байтал харьяаллыг зөрчиж шийдвэрлэж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд эргэлзээ төрж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гомдлыг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргасан. Өгийн зөвшөөрлөөр адууг авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан материалаар харин ч үгүйсгэгддэг. Адууг маллаж байсан Энхболдын мэдүүлгээс харагдаж байдаг. Ө, Т нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ бол тусдаа асуудал. Зээлийн гэрээ 2013 онд хийгдсэн. Адуу малтай холбоотой харилцаа 2014 оны эхээр үүссэн. Бг энэ хэрэгт холбоогүй гэх үндэслэл харагддаггүй. Б тухайн адууг Энхболдынд байгаа гэдгийг мэдэж Тд зааж өгөөд, Ттай хамт адууг хүргэлцсэнийг Энхболдын мэдүүлэг нотолдог. Урьд нь Тыг эрэн сурвалжилж, тухайн хаяг дээрээ байдаггүй гэж Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч байсан, энэ нь хэргийн 82-83 дугаар хуудсанд авагдсан байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Д.Б, Ж.Т нарт холбогдуулан 4 удаа нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, багасгаж өөрчилсөн байх бөгөөд үүнд:

  1. Анх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хонгор азарга, зээрд гүү, хонгор унаганы үнэ 39000000 төгрөг гаргуулах,
  2. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр /хх-66/ нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хонгор азарга, зээрд гүү, хонгор унага төлийн хамт нийт 7 тооны адуу гаргуулах,
  3. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр /хх-80/ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж адууг бүрэн бүтэн хүргэж өгөхийг даалгах, олох ёстой орлого 5 сая төгрөг, эрэн сурвалжлах шийдвэр гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  70200 төгрөг гаргуулах,
  4. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр /хх-152/ хонгор азарга, хонгор унага /гүү болсон/ төлийн хамт 3 тооны адуу, зээрд гүүний үнэ 5 сая төгрөг, адууг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Оргихын гол гэдэг газар хүргэхийг даалгах, эрэн сурвалжилсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч Д.Б, Ж.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Д.Б нь адуу өөрт нь байхгүй, Ж.Т Н.Ө нарын хоорондын асуудал учир надад хамааралгүй гэж, хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгч Н.Өгаас зээлийн гэрээний үүрэгт тооцож 3 тооны адууг түүний зөвшөөрлөөр авсан гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг оновчтой зөв хэрэглэж чадаагүйн гадна нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн шийдвэрлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Энэ нь нэхэмжлэгч Н.Ө нь хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр /хх-152/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хонгор азарга, хонгор унага төлийн хамт 3 тооны адуу гаргуулах, уг  адуунуудыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Оргихын гол гэдэг газар хүргэхийг даалгах, мөн зээрд гүүний үнэ 5 сая төгрөг, хариуцагч Ж.Тыг эрэн сурвалжилсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд зохигчид нэхэмжлэгч Н.Өгийн өмчлөлийн хонгор азарга, зээрд гүү, хонгор унага буюу 3 тооны адууг 2014 оны 11 сард Энхболдын гэдэг айлын адуунаас авч явсан, одоо хонгор азарга, хонгор гүү төлийн хамт биетээр хариуцагч Ж.Тын эзэмшилд байгаа, зээрд гүү өвчний улмаас үхсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, талууд энэ  талаар маргаагүй байх ба харин хариуцагч нарын 3 тооны адууг авч явсан үйлдэл нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эсэх талаар маргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагч Ж.Т, Н.Ө нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч Н.Ө нь уг гэрээний үүрэгт маргаан бүхий 3 тооны адууг өгөхийг зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах талаар талууд тохиролцоогүй гэж үзэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлтийг бүрэн дүүрэн оновчтой хийгээгүй буюу хариуцагч Ж.Таас 3 тооны адуу, зээрд гүүний үнийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг үндэслээгүй, хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дүгнээгүй, зээрд гүүний үнэ 5000000 төгрөг нэхэмжилснээс 2500000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа үлдэх хэсгийг шийдвэрлээгүй, хариуцагч Ж.Тыг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилахдаа дутуу тооцсон зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзнэ.

            Тодруулбал хариуцагч Ж.Т нь хариуцагч Д.Бгийн хамт 2014 оны 11 сард нэхэмжлэгч Н.Өгийн өмчлөлийн 3 тооны адууг түүний зөвшөөрөлгүй авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улмаар хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч Ж.Т болон үүрэг гүйцэтгэгч этгээд нэхэмжлэгч Н.Ө нарын хооронд уг 3 тооны адууны хувьд үүрэг үүсээгүйгээс хариуцагч Ж.Тыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ө нь уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар буцаан шаардах шаардлагад шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн  буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарах бөгөөд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийг ... буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд үнийг төлөх юм.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд уг 3 тооны адуунаас хонгор азарга, хонгор гүү төлийн хамт хариуцагч Ж.Тын эзэмшилд байгаа, зээрд гүү өвчний улмаас үхсэн болох нь зохигчдын тайлбар болон гэрч Б.Дэлгэрсайхан /хх-103-105/, Д.Энхболд /хх-107-109/ нарын мэдүүлгээр тогтоогдсон, нэхэмжлэгч нь адууг биетээр авахаар шаардлага гаргасан тул анхан шатны шүүх хариуцагч Ж.Таас хонгор азарга, хонгор гүүг төлийн хамт биетээр гаргуулахаар, харин зээрд гүү үхсэн тул түүний үнийг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-аас тогтоосон үнэлгээг /хх-130/ үндэслэн 2500000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн агуулгад нийцсэн байх тул шийдвэрт энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Харин хариуцагч Ж.Т нь хонгор гүүг унаганы хамт зээлийн гэрээний үүрэгт тооцож авна, уг үр төл нь өөр удмын хурдан азарганы үр төл гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байх боловч Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3-т зааснаар хариуцагч Ж.Т нь буюу эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа ... бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй байж болох боловч  хонгор унага нь гүү болж төллөн төлийн хамт хариуцагч Ж.Тын эзэмшилд байгаа нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч нь хонгор гүүг үр төлийн хамт буцаан шаардах эрхтэй юм.

            Түүнчлэн хариуцагч Д.Бг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд буюу түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй ба энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүйг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

            Мөн анхан шатны шүүх хариуцагч Ж.Таас түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгчээс зугатаасан, санаатайгаар оршин суугаа хаягаа өөрчилсэн гэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба түүний оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэл нь түүнийг эрэн сурвалжлах үндэслэл болсон ба хариуцагчийн хаягийг тодруулж шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал төдийгүй энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй тул хариуцагч Ж.Тыг нэхэмжлэгчид 70200 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

            Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилахдаа 3 тооны адууг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Оргихын гол гэх газарт хүргүүлэх тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тооцоогүй алдаа гаргасан тул энэ үндэслэлээр шийдвэрийн 2 дахь заалтад хариуцагч Ж.Таас улсын тэмдэгтийн хураамжинд 328150 төгрөг /хонгор азарга 15000000 төгрөг, зээрд гүү 2500000, охин хонгор унага 2500000 төгрөг, нийт 20000000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 257950 төгрөг, үүн дээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Оргихын гол гэх газарт хүргүүлэх тухай нэхэмжлэлд 70200 төгрөг/ гаргуулахаар мөн өөрчлөлт оруулна.

            Хариуцагч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг нь шүүх нэг талыг барьж хариуцагч талаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шүүхийн харъяалал зөрчсөн, сөрөг нэхэмжлэл гаргах эрхээр хангаагүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан боловч энэхүү тайлбар нь үндэслэлгүй гэж үзэв.  

            Учир нь энэ талаар хянан үзвэл нэхэмжлэгч Н.Ө нь хэд хэдэн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Д.Б нь Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд оршин суудаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харъяаллаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн харъяалал зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэгийн хүсэлтийг /хх-136/ анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 136/Ш32017/01449 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-149/ шийдвэрлэсэн.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө гаргах эрхтэй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэгэнт шүүх хуралдаан эхэлсэний дараа сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг /хх-167/ буруутгах боломжгүй ба энэ нь хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй, тэрээр бие даасан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

            Иймд хариуцагч Ж.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэгийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2017/00395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Таас зээрд гүүний үнэ 2500000 төгрөг, хөвчтэй саран тамгатай хонгор азарга 1 ширхэг, амруугаа харсан хөвчтэй саран тамгатай хязаалан хонгор гүү 1 ширхэг, түүний эм хонгор унага 1 ширхэгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Өд олгож, уг 3 тооны адууг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг “Оргихын гол” гэх газарт хүргэхийг хариуцагч Ж.Тд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээрд гүүний үнээс 2500000 төгрөг, хариуцагч Ж.Тыг эрэн сурвалжилсан зардал 70200 төгрөгийг болон хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

2 дугаар заалтын “...хариуцагч Ж.Таас 255801 төгрөгийг...” гэснийг “хариуцагч Ж.Таас 328150 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56073 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Т.БЯМБАЖАВ  

                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ