| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0123/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/119 |
| Огноо | 2020-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Олонбаярын Бат-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олонбаярын Бат-Очирт холбогдох 1923000550131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цавдан импекс ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Элжгэн овогт Олонбаярын Бат-Очир, Регистрийн дугаар: ОЕ84060411
Шүүгдэгч О.Бат-Очир нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Завхан баялаг” ХХК-ны захирал Ю.Бат-Эрдэнэд “20 тонн давс нийлүүлнэ” гэж хуурч, 1.700.000 төгрөгийг П.Бадамхандын данс руу шилжүүлэн авч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч О.Бат-Очир нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгУлиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Завхан баялаг” ХХК-ны захирал Ю.Бат-Эрдэнэд “20 тонн давс нийлүүлнэ” гэж түүнээс 1.700.000 төгрөг иргэн П.Бадамхандын данс руу шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. О.Бат-Очирт 1700000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн хохирогч Ю.БатЭрдэнийн “...Бат-Очир гэгч Улаанбаатар хотод байх манай ажилтан Т.Мөнхбаатартай утсаар холбогдож “Тосонцэнгэл сум руу ачааны машин явуулах шаардлага гарлаа, танай компанид 20 тонн давс ачуулаад явуулъя, давсны үнэ 1 сая 200 мянган төгрөг, тээврийн хөлсний 500 мянган төгрөг нийт 1 сая 700 мянган төгрөг шилжүүл” гэж ярьж байна гэж Мөнхбаатар надад хэлэхээр нь бид хоорондоо ярилцаж байгаад 1 сая 700 мянган төгрөгийг Бат-очир гэгчид өгөхдөө 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө данснаас П.Бадамханд гэдэг хүний 5171126748 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш “давс ачуулна” гэж хэсэг ярьж байгаад одоог хүртэл давс ачуулаагүй. Үүнээс болоод манай компани нь давсны хомсдолд орж жигд ажиллагаа алдагдаж, гэрээт байгууллагууддаа давс нийлүүлэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрч хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг, Өөрийнх нь дансанд 1700000 төгрөг ирсэн мөнгийг О.Бат-Очирт өгсөн талаар мэдүүлсэн гэрч П.Бадамхандын “...миний дансанд мөнгө орсон талаар ХААН банкнаас мессеж ирэхлээр нь би дэлгүүрт хамт сууж байсан Энхжаргал гэх охинд картаа өгөөд “орж ирсэн мөнгийг нь АТМ-с авч өгчхөөд өрөө аваад ороод ир” гэж хэлээд гаргасан. Тэгээд удаа ч үгүй Бат-Очир, Энхжаргал хоёр буцаж орж ирээд Бат-Очир надад өрөө өгчхөөд явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Энхжаргалын “...Би нэг удаа Бат-Очир манай дэлгүүрээс зээлсэн барааны мөнгөө өгөх гэсэн юм гээд П.Бадамхандын данс руу мөнгө шилжүүлсэн байсныг нь АТМ-с авч өгч байсан. Тухайн үед хэдэн төгрөг авч өгч байснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Мөнхбаатарын “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Бат-Очиртой цаг тохирч ажил дээрээ уулзсан. Тэгээд түүнтэй уулзаад Цавдан нуурын давс /20 тонн/ авахаар тохиролцсон. Одоогоор унаа тэрэгний боломжгүй байгаа, унаа бэлэн болчихвол нийлүүлэхэд бэлэн 20 тонн давс байгаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь БатОчир над руу утсаар залгаад манай тэнд ачаа ачсан машин очсон байна, би ярилцаж тохироод тохиролцоод ачуулахаар болчихлоо, давсны урьдчилгаа үнэ 1.700.000 төгрөгийг шилжүүлчих гэсэн, тэгэхлээр нь би дансны дугаарыг нь тэмдэглэж аваад Завхан баялаг” ХХК-ны захирал Ю.Бат-Эрдэнэтэй утсаар холбогдож энэ талаар хэлсэн. Тэгээд удаа ч үгүй Бат-Эрдэнэ захирал мөнгийг нь шилжүүлчихлээ гэхлээр нь би БатОчироос мөнгө орсон эсэхийг тодруулахад мөнгө орсон, 4-5 хоногийн дараа бараа чинь очих байх гэсэн. Түүнээс хойш бараа ирэхгүй болохоор нь 2018 он 09 дүгээр сарын 08- ны өдөр утсаар холбогдоод юу болсон талаар асуухад “Цавдан дээр машин нь эвдэрчихсэн байгаа, ...удахгүй очно” гэж ихэнхдээ хэлж байгаад сүүлдээ утсаа ч авахаа больсон. Бат-Эрдэнэ захиралд утсыг нь өгч хэдэн удаа залгуулсан бас л утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Лхамжавын “...Би тухайн асуудлыг мэднэ, учир нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Завхан баялаг” ХХК-ний захирал Ю.Бат-Эрдэнэ нь ХААН банкны 5517215197 дугаартай данснаасаа тэр давс нийлүүлнэ гэсэн хүн болох Бат-Очир гэх хүнд өгөх гээд өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн юм. Тухайн 5517215197 дугаартай ХААН банкны данс нь захирал Ю.Бат-Эрдэнийн эзэмшилд байх бөгөөд тухайн “Завхан баялаг” ХК-ны орлого, зарлагын гүйлгээгээр хийдэг данс байгаа юм. Одоо тухайн асуудлаас болж манай компаны тайлан мэдээнд авлага үүсгэн авах гэж 1.700.000 төгрөг тусгагдсан байгаа...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Бат-Очирын “...2017 онд би жаахан өрөнд орсон байсан, тэгээд ажилчдын цалинг өгөх мөнгө байхгүй, мөнгөний хэрэг яаралтай гараад Мөнхбаатар гэж хүнтэй холбогдоод 20 тонн давс нийлүүлнэ гэж хэлээд 1.700.000 төгрөгийг амьдарч байсан байрныхаа дэлгүүрийн зүс таних худалдагч хүүхний дансаар шилжүүлж авсан юм. Тухайн үед надад гаргасан бэлэн давс байгаагүй юм, тэгээд мөнгөний хэрэг болоод давс нийлүүлнэ гэж хэлээд авчихсан юм. ...Хагасыг нь ажилчдын цалинд зарцуулсан байх хагасыг нь өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан. ...Надаас өөр хүн мэдэхгүй, тухайн үед миний өөрийн дансыг шүүхийн шийдвэрээс хаасан байсан тул хүний дансаар авсан юм...” гэсэн мэдүүлэг болон ХААН банкны Ю.Бат-Эрдэнийн 5517215197 тоот данснаас П.Бадамхандын ХААН банкны 5171126748 тоот данс руу 1.700.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, ХААН банкны П.Бадамхандын 5171126748 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр хангалттай шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгч О.Бат-Очирын үйлдлийн улмаас хохирогчид 1700000 төгрөгийн хохирол учирсан нь ХААН банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. Шүүгдэгч 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Завхан баялаг” ХХК-ны захирал Ю.БатЭрдэнэд “...20 тонн давс нийлүүлнэ” гэж түүнээс 1.700.000 төгрөг иргэн П.Бадамхандын данс руу шилжүүлэн авсан боловч давсыг нийлүүлэх санаа зорилгогүй, тухайн үед нийлүүлэх давсгүй байсан хохирогчоос мөнгө шилжүүлж авсны дараагаас түүнтэй холбогдохоо байсан хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд О.Бат-Очир урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэж үзэх үндэстэй. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч О.Бат-Очирын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж тэрээр бусдад худал хэлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч О.Бат-Очир Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үйлдсэн учир түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй. Шүүгдэгч О.Бат-Очир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаангүй байна. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч О.Бат-Очир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан. Шүүгдэгч О.Бат-Очир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч О.Бат-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч О.Бат-Очир нь цагдан хоригдоогүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Элжгэн овогт Олонбаярын Бат-Очирыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.БатОчирт 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бат-Очирт оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480.000 / дөрвөн зуун наян мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр сард 160.000 / нэг зуун жаран мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.БатОчирт оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000/ дөрвөн зуун наян мянган/төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
5.Шүүгдэгч О.Бат-Очирт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч О.Бат-Очир хохирогч Ю.Бат-Эрдэнэд 1.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч О.Бат-Очир нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА