| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/46 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хгийн Бод холбогдох эрүүгийн 2012003400031 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ..........тоотод оршин суух хаягтай, Б овогт Хгийн Б/РД:МБ............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012003400031 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Гын өгсөн:
“...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байх Гост- Трейд ХХК-ийн салбарт орж юм авчаад гарахдаа утсаа лангуун дээр нь мартаад гарсан байсан. Удахгүй иргээд ортол миний утас алга болсон байсан. Тухайн дэлгүүрийн камерыг шүүж үзтэл үл таних залуу аваад гарсан байсан. 2019 оны 04 дүгээр сард 480.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр Орхон төвд байрлах ломбарднаас худалдаж авч байсан. Миний утсыг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6 дугаар тал/
*Хохирогч Б.Гын дахин өгсөн:
“...Х.Б нь надад учирсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Х.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 72 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Мгийн өгсөн:
“...П.Гандолгор нь манай аав байгаа юм. Би тухайн өдөр аавын картыг ашиглаж Гост Трейд ХХК-с 5.000 төгрөгийн нэгж худалдаж авсан. Х.Б гэдэг хүнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Нэг нэгийгээ таньдаг хүмүүс. Би Х.Быг хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. Сэлэнгийн Баруун хараа сумынх гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43 дугаар тал/
*Яллагдагч Х.Бын өгсөн:
“...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гадуур явж байгаад Гост дэлгүүрт орж юм аваад гарахдаа лангуун дээр байсан утсыг авсан. Ойр орчимд хүн байхгүй, хүн авахгүй байгаад байхаар нь утсаа гээсэн байна гэж бодоод авсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Хулгайлсан асуудал байхгүй. Намайг гар утас авсан талаар тухайн үедээ хэн ч мэдээгүй, харин сүүд би найздаа хэлсэн. Улаан өнгийн жи-6 загварын гар утас байсан. Их хуучирсан, шил нь жаахан цуурсан, будаг нь халцарсан зүйл байхгүй ч хэрэглээний хуучирсан ул мөр мэдэгдэж байсан. Би ганцаараа байсан. Тэр үедээ барих утасгүй байсан учир аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-86 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А20/01 дугаартай”...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 323.000/гурван зуун хорин гурван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 32-34 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 56 дугаар тал/
*Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл/хх-ийн 57-58 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Б нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Гын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт үйлчилгээ эрхэлдэг “Гост трейд” ХХК-ний худалдааны төвөөр үйлчүүлэхдээ кассын лангуун дээр орхиж, гээгдүүлсэн “Самсунг Жи-6 Плас” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд 323.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Х.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Гын”...Би 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байх Гост- Трейд ХХК-ийн салбарт орж юм авчаад гарахдаа утсаа лангуун дээр нь мартаад гарсан байсан. Удахгүй иргээд ортол миний утас алга болсон байсан. Тухайн дэлгүүрийн камерыг шүүж үзтэл үл таних залуу аваад гарсан байсан. 2019 оны 04 дүгээр сард 480.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр Орхон төвд байрлах ломбарднаас худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Мгийн”...Би тухайн өдөр аавын картыг ашиглаж Гост Трейд ХХК-с 5.000 төгрөгийн нэгж худалдаж авсан. Х.Б гэдэг хүнтэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Нэг нэгийгээ таньдаг хүмүүс. Би Х.Быг хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. Сэлэнгийн Баруун хараа сумынх гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А20/01 дугаартай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Бын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Х.Быг гар утас бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Г нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сартай буюу 18 насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлж, зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Х.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байнга оршин суудаг тул түүнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хгийн Быг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 120/нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бод оногдуулсан 120/нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 6/зургаа/ сарын хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Х.Бод хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР