Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Д.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2131002920235 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төв гудамж 2-32 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “*******” нэртэй газрын “*******” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд нийт 2,109,267 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэр “*******” нэртэй газрын “*******” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд нийт 2,109,267 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хоёр найзын хамт “*******” гэх газар очсон. Тэгээд экскаватораа засаж дуусаад хуучин “Монгол Орос” цветмент компаний ухсан байсан газраас ухаж үзсэн. Ингээд байж байхад цагдаагийн машин ирээд зогсоосон.  Би гэм буруугаа хүлээж байна. Миний буруу” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өмнө нь би ******* сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдоод одоог хүртэл ажиллаж байна. Д.******* гэдэг хүнийг таньж мэдэхгүй. Сауд гэх газарт “Капитал авто сервис” гэдэг тусгай зөвшөөрөлтэй уурхай үйл ажиллагаа явуулдаг өөр хэн нэгэн хүнд тухайн газарт ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Буруутай этгээдүүдээр байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх саналтай байна” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний нэхэмжлэгч *******ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Д.*******аас экскаватор худалдаж авсан. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар батлуулж авсан. Бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй. Hyundai-2900 IC-3 маркийн загварын экскаватор байгаа юм. Үүнийг 20,000,000 төгрөгөөр бодож одоо үлдэгдэл 5,000,000 төгрөгийг би өгөх ёстой юм. Экскаваторыг ******* орчимд аваачиж тавьсан байсан юм, тэгээд ойр зуурын жаахан засварын ажил хийлгээд төвд оруулан надад хүлээлгэж өгнө гэж ярилцсан байсан. Д.******* “мөнгө хэрэг боллоо, чи авчихаа” гэхээр нь худалдаж авсан. Д.******* нүүрэндээ гэмтэл аваад эмчилгээ хийлгэхээр явсан юм. Hyundai-2900 IC-3 маркийн экскаватороо би өөрөө авах саналтай байна. Надад худалдсан мөртлөө гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байдаг. Миний өмч хөрөнгө юм чинь би өөрөө авах ёстой гэж ойлгож байна” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Тийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.******* гэдэг хүнийг Бугант тосгонд оршин суудаг гэдгээр нь мэднэ. Сауд гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийсэн, зөвшөөрсөн аж ахуй нэгж, нөхөрлөл, иргэн байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сумын цагдаагийн хэсгийн алба хаагч нарын хамт эргүүл, шалгалтаар явж байхдаа Сауд гэх газарт очиж үзэж шалгасан, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж ухаш нүх гаргасан байдалд албаны хүмүүс үзлэг шалгалт явуулсан. Д.******* нь экскаватор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж, ухаш нүх ухаж байгаль экологид хохирол учруулсан нь хууль зөрчсөн үйлдэл бол хууль зөрчсөн үйлдэл мөн” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч ын 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* манай гэрт ирээд “******* яваад экскаваторт жаахан засвар хийгээд өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд тэр өдрөө явж очоод шөнөжин засвар хийгээд экскаваторыг нь асаасан. Тэгээд маргааш нь ******* “энд газар байгаа жаахан ухаж үзээдхье” гэж хэлээд бид нар очоод цаад эргээс хөрс хуулалт хийгээд 10 гаран шанага шороо угаахаар усан буунд хийж буудаад байж байтал цагдаа нар ирж саатуулагдсан. *******ын зааварчилгаагаар ажилласан юм. Алт олборлоогүй ээ, дөнгөж ажиллаад удаагүй байхад цагдаа нар ирж саатуулагдсан” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч ын 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* ******* яваад “экскаватор засаж янзлах гэсэн юм, хамт яваад өгөөч” гэж гуйгаад Чинбат, ******* бид гурав хамт явсан юм. ******* орчимд тэр ажиллаж байсан газрынхаа ойролцоо байсан юм. Чинбат засаж янзлаад л байсан. Хэдэн шанага шороо угааж буудсан, яг хэдийг нь би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч ы 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тухайн 2 иргэн ирж Д.******* нь *******д Hyundai-2900 IC-3 маркийн экскаваторыг зарж борлуулж байгаа гэж наториат хийлгэн баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг, бүртгэл нь байгаа. Худалдах худалдан авах гэрээ байгуулаад наториат хийлгээд баталгаажуулсан байгаа тул экскаватор зарагдаад *******ийн эзэмшилд очсон гэсэн үг, тухайн хоёр иргэн бичиг баримтаа шилжүүлэх өдөр хоногоо гэрээндээ тусгасан байгаа байх” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч У.Бат-Эрдэний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Сүүлд манай найз өөрийн экскаваторыг засаж янзалж яваад газар ухаж байгаад цагдаад баригдсан гэж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Экскаватороор ямар үйл ажиллагаа явуулдаг байсан талаар мэдэхгүй. Урд нь нөхөрлөлийн журмаар сум, орон нутагтаа гэрээ хийж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг мэднэ. Хууль бусаар үйл ажиллагаа явууллаа гэж сонсож байгаагүй. Уул нь хууль бус үйлдэл хийгээд байдаггүй, үнэнч шудрага өөрийн бодсон санасан зүйлээ хэлдэг, худлаа ярьж чаддаггүй дажгүй залуу. Би Д.*******тай Бугант тосгонд амьдарч байхаас нь мэднэ. Бид нар үеийн залуучууд учраас найз нөхөд болоод явж байгаад ахлах ангид ороод бид 2 нэг ангид орж найзалж нөхөрлөх болсон. Хамт сагс тоглож, хамт голд орж, хамт гадуур явж нэг нэгнийхээ гэрт очиж түлээ усыг нь авч өгөх, гэрийн ажил хийхэд нь тусалдаг байсан. Том болоод тус тусын амьдрал хөөцөлдөөд явж байгаа ч байнга бие биетэйгээ холбоотой байдаг. Нэг нэгнийхээрээ орж гараад сайхан нөхөрлөж явдаг. Манай найз хүнд тусархаг, худлаа ярьж чаддаггүй, өөрийн бодсон зүйлээ шууд хэлдэг, тамхи татаж архи уугаад байдаггүй, гэр бүлээ авч явахаар хичээж зүтгэж яваа залуу. Энэ жил уул уурхайд үйл ажиллагаа явуулахгүй байгаад байсан учраас экскаватороо хүнд зарсан гэж байсан. Тэрийгээ авчирах гэж байгаад газар ухаж байгаад цагдаад баригдсан гэж надад хэлсэн. Би Д.*******ад буруу зүйл хийсэн байна гэдгийг нь хүртэл хэлсэн” гэх мэдүүлэг[8],

9.Нуман-Алтай ХХК-ний Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 2,109,267 төгрөг болж байна” гэх дүгнэлт[9],

10.Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ-821/2152 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Hyundai 2900 LC-3 загварын экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 20,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. Гар аргаар хийсэн алт угаах гитар бууг 1,200,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[10],

11.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №18-04-003/59 дугаартай Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт хэсэгт: “******* сумын Бугант тосгоны “Сауд” гэх газарт хууль бус ашигт малтмал явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Нуман-Алтай” ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход 1,796,121х3=5,307,363 буюу 679,648+5,307,363+323=5,987,334 төгрөг болж байна” гэх дүгнэлт[11],

12.Шүүгдэгч Д.*******ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “Саудын гарам” нэртэй газар өөрийн экскаваторыг янзлахаар хэд хэдэн удаа очоод янзалж чадаагүй. Янзалж засаад *******д экскаваторыг өгөхгүй бол надаас экскаватороо нэхээд байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чинбатын гэрт нь очоод хамт экскаватор “янзлаад өгөөч” гэж хэлж гуйгаад хамт явах гэхэд Чинбат “Наранбатыг хамт аваад явъя” гэж хэлээд Наранбатыг дуудаад бид 3 хамт явсан. Би очоод машин засаад янзлаад өгвөл Чинбатад 200,000 төгрөг, Наранбатад 100,000 төгрөг өгнө” асааж чадахгүй бол тус бүр 50,000 төгрөг өгнө гэж хэлээд аваад явсан. Бид гурав “Саудын гарам” дээр очоод экскаватороо асаах гэж оролдож байгаад түлшийг нь савалж түлшний савны доор тунасан усыг нь авч асгаад дахин шаланк өөр бусад зүйлсийг нь янзалж солиод экскаваторыг асаасан. Техникээ асаагаад хөдөлгөөн хийж ураг хойшоо яваад зүгээр байхаар нь тэр газраас явах гэж байгаад урд нь олборлолтын улмаас эвдэгдсэн талбайд овоолго шороо тогтоол устай байхаар нь зах ирмэгээс нь ухаж үзээд алт байгаа эсэхийг шалгаж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. Надад ашигт малтмал олборлох зөвшөөрөл байхгүй. Би Чинбат, Наранбат нарыг хөлсөөр ажиллуулахаар авч явсан өөр хүн байгаагүй. Хамтарч болон ганцаараа анхнаасаа ашигт малтмал олборлох зорилго байгаагүй. Харин экскаватор ажилд орох үед алт байна уу үзье гэж бодсон миний муу санаа юм уу даа. За болоо ингээд явъя гээд л явах байсан юм. Буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа” гэх мэдүүлэг[12],

13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар[20] энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усан орчинд учирсан хохирол нийт 5,987,334 /таван сая есөн зуун наян долоон мянга гурван зуун гучин дөрөв/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Хохирлын үнэлгээ, төгрөгөөр

1

Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ

323 төгрөг

2

Газрын хэвлийд учруулсан хохирол

339,824 төгрөг

3

Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол

-

4

Ургамлан нөмрөгт учруулсан хохирол

-

5

Усан орчинд учруулсан хохирол

1,769,121 төгрөг

6

НИЙТ

2,109,267 төгрөг

Хүснэгт16 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[21]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[22]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai 2900 LC-3” маркийн экскаватор нь шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн экскаватор мөн боловч 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Төмөрбаатар овогтой д худалдан борлуулж, урьдчилгаа 15 сая төгрөгийг авч, үлдэгдэл 5 сая төгрөг үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн ******* суман дахь нотариатаар батлуулсан гэрээний хуулбар[23], иргэний нэхэмжлэгч *******ийн “Д.*******аас экскаватор худалдаж авсан. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, нотариатаар батлуулж авсан. Бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй. Hyundai-2900 LC-3 маркийн загварын экскаватор байгаа юм. Үүнийг 20,000,000 төгрөгөөр бодож одоо үлдэгдэл 5,000,000 төгрөгийг би өгөх ёстой юм. Экскаваторыг “*******” орчимд аваачиж тавьсан байсан юм, тэгээд ойр зуурын жаахан засварын ажил хийлгээд төвд оруулан надад хүлээлгэж өгнө гэж ярилцсан байсан. ...Hyundai-2900 LC-3 маркийн экскаватороо би өөрөө авах саналтай байна. Надад худалдсан мөртлөө гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байдаг. Миний өмч хөрөнгө юм чинь би өөрөө авах ёстой гэж ойлгож байна” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Төмөрбаатар овогтой д олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 20,000,000 /хорин сая/-н төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулахаар, харин гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмжийг хураан авч, Улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаагаар төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас байгаль- экологид учирсан бодит хохирол болон нөхөн төлбөрийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан учраас энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Хьюдай 2900 маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч д олгож, түүний үнэ болох 20,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулах саналыг гаргаж байна. Алт угаах төхөөрөмж 1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн төхөөрөмжийг хурааж, улын орлогод оруулах саналтай байна” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг хэлсэн байна.[24]

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгчөөс: “Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хэргээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан хохирол нөхөн төлснийг дурьдах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд торгох болон хорих ялтай гэмт хэрэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулыг харгалзан, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөр төлсөн зэрэг нь 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэсэн өмгөөллийн санал, дүгнэлтийг хийжээ.

Шүүх шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.*******ад анхааруулсан.

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.*******ад анхааруулсугай.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усан орчинд учирсан хохирол нийт 5,987,334 /таван сая есөн зуун наян долоон мянга гурван зуун гучин дөрөв/-н төгрөгийг шүүгдэгч Д.******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Hyundai 2900 LC-3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Төмөрбаатар овогтой д олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 20,000,000 /хорин сая/-н төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмжийг хураан авч, Улсын орлогод оруулсугай.

8.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.АМАРГЭРЭЛ