Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0041

 

2014 оны 01 сарын 22 өдөр                    Дугаар 41                        Улаанбаатар хот

 

 

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ж.Э нарыг оролцуулан хийж, Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Э-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр тушаал нь тодорхой эрх зүйн актгүй, үндэслэлгүй, буруу шийдвэрээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, санхүүгийн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Ц нь манай байгууллагад ажилд орохоосоо өмнө 2009 онд барилгын “Г " ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Ц.Ц нь төрийн албан хаагч болмогцоо хувийн хэвшлийн салбарт нягтлан бодогчоор ажиллах эрх зүйн үндэс үгүйг мэдсээр байж, 2009 оноос 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд тус компанид ажиллаж иржээ. Энэ хугацаанд ёс зүй, авлига, төрийн албаны сургалтад олон удаа хамрагдаж тухайн хуулиудын талаар ойлголт мэдлэгтэй боловч өөрийн өчүүхэн эрх ашигт хөтлөгдөн “Г" ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Энэ хүн 1 жил биш, 1 сар биш, 4 жилийн хугацаанд олон хууль зөрчин ажиллаж байсан байна. Ц.Ц нь “Г" ХХК-ийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангуудыг сар, улирал, жилээр гарган дээрх байгууллагуудад нягтлан бодогчийн эрх үүргийг эдэлж байсан болно. Тэр ч байтугай “Г” ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийг Ц.Ц нь сар бүр баталгаажуулдаг болно.

Ц.Ц нь “Г” ХХК-ийн нягтлан бодогчийг давхар хийснээс хойш тус компани нь татвар, нийгмийн даатгал, түгээмэл тархацтай байгалийн баялгийн татвар төлбөрүүдийг бараг төлдөггүй байна. Ц.Ц-ийн энэ үйлдэл нь авлига хувийн эрх ашиг, гэмт хэргийн шинжтэй юм. Эрх ашгийн зөрчилтэй учраас Ц.Ц-ийн татварын хэлтэст хийж байсан шалгалтыг зогсоосон болно. Холбогдох хууль тогтоомжуудыг олон жил санаатай, гэмт хэргийн шинж чанартай зөрчиж байсан учраас Ц.Ц-г ажлаас халсан болно" гэжээ.

Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Ц-г санхүүгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ажлаас халах тухай 40 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Ц-г санхүүгийн хяналтын улсын байцаагчаар эргүүлэн томилсон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан.

Ц.Ц нь төрийн албан хаагчийн үүрэг, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргасны улмаас ажлаас халагдсан тул Захиргааны хэргийн шүүхийн 31 дүгээр шийдвэрт гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хянан, шийдвэрлэх арга хэмжээг авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас халах тухай” 40 дүгээр тушаалаар Ц.Ц-г “Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 13.8.4, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, 2010 оноос хойш “Г” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан нь баримтаар нотлогдсон” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь дээрх, Мэргэжлийн хяналтын газрын даргын 40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг "... Би “Г” ХХК-д орон тооны нягтлан бодогчоор ажилладаггүй, ажилладаг гэдгийг нотлох ямар ч тушаал, шийдвэр, эрх зүйн акт байхгүй байхад зөвхөн тайлан баланс гаргахад зурсан гарын үсгийг үндэслэн ажлаас халж буруу шийдвэр гаргасан” гэж тодорхойлон маргасан байна.

Ц.Ц Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар тушаалаар тус газарт санхүүгийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь төрийн жинхэнэ албан тушаалд, санхүүгийн хяналтын улсын байцаагчаар ажиллахдаа, 2010 оноос хойших хугацаанд “Г” ХХК- ийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангуудыг сар, улирал, жилээр гарган, ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, тус компанид нягтлан бодогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан нь шүүхийн үзлэгээр тэмдэглэгдсэн, 2012, 2013 онуудын “Г” ХХК-ийн санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдэгдэл, тус компанийн 2011, 2012 оны жилийн санхүүгийн тайлан баланс, “Гү” А ХХК-тай байгуулсан гэрээ, тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2011, 2012 онуудын 1-12 саруудын тайлан, компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, хураамж, төлөлтийн тооцооны хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтууд, тус компанийн ажилчид болох Б.М, Ц.Э нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, гэрч Ц.П-ийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ийнхүү нэхэмжлэгч Ц.Ц нь төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч атлаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 15 дугаар зүйлийн 15.1.8-д "... аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “хууль дээдлэх зарчмын хүрээнд: “... төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих”, 5 дугаар зүйлийн 5.1.3-д “үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчжээ.

Хэдийгээр, нэхэмжлэгч нь “... тухайн компанийн 2010-2012 оны санхүүгийн болон нийгмийн даатгалын тайлангуудыг гаргаж, “Г” А ХХК-тай гэрээ байгуулсан нь миний алдаа болсон. Би тэр компаниас цалин хөлс авч байгаагүй” гэж маргаж буй боловч ажилд томилсон шийдвэр байхгүй, цалин хөлс авч байгаагүй гэдгээр түүнийг тус компанид нягтлан бодогчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 13, 15 дугаар зүйл, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанаас халах хуулийн зохицуулалттай хэдий ч тухайн байгууллага Ц.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэснийг шүүх өөрчлөх, түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 13.8.4 дэх заалтыг, шаардлагатай бол Авлигатай тэмцэх газар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж, зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалттай байна.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 140 дүгээр тушаал гарахдаа Авлигын эсрэг хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэсэн байх боловч энэ нь уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Ийм байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, Ц.Ц-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй, Ц.Ц тухайн компанид нягтлан бодогчийн ажил хийдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн "Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас халах тухай" 40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, санхүүгийн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
  1. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

(

Text Box: (
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.