| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/02943/И |
| Дугаар | 001/ХТ2020/00836 |
| Огноо | 2020-12-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2020/00836
Б.Туяарахын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02682 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 479 дугаар магадлалтай,
Б.Туяарахын нэхэмжлэлтэй,
Улаанбаатар групп ХХК-д холбогдох
Гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваажанцан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Туяарахын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулан ажиллаж эхэлсэн. Уг хугацаанаас хойш хөлсөөр ажиллах гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Батбаатар өрөөндөө дуудан хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тухайгаа хэлсэн бөгөөд ямар үндэслэлээр халж байгаа талаар тайлбар хэлээгүй юм. Бидний хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ямар үндэслэлүүд хамаарч байх талаар тохиролцож гэрээг байгуулсан бөгөөд миний хувьд гэрээ болон холбогдох хуульд заасан гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчлийг гаргаагүй болно. ...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний бие Улаанбаатар групп ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Одбаярт хандан ажлаас халах тухай тушаал гарсан бол уг тушаалыг гаргуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтэд тушаалыг албан ёсоор гаргуулж түүнд ажлаас халсан үндэслэлийг тодруулах талаар бичсэн ба өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй юм. Иймд намайг ажлаас халсан тушаалыг албан ёсоор бичгээр гардуулаагүй учир ямар үндэслэл шалтгааны улмаас ажлаас халсныг одоог хүртэл ойлгохгүй байна. Тушаалыг гардуулаагүй учир нэхэмжлэлд хавсаргаж өгөх боломжгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан боловч Улаанбаатар групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах байнгын ажлын байр тул уг хуульд заасан зохицуулалт, нөхцөл, шаардлага үйлчлэх боловч хариуцагчийн зүгээс ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар ...гэрээг цуцлах тохиолдолд энэ тухайгаа ажилтанд 2 cap ба түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг төлнө гэж харилцан тохиролцсон. Иймд Улаанбаатар групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Туяарах нь анхны уулзалтуудаар компанийн хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжил, үйл ажиллагааны стратеги төлөвлөлтийн талаар мэргэшсэн, энэ талаар маш их туршлагатай гэдэг байсан. Үүнийгээ өөрийн гүйцэтгэж байсан гэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярьсан учраас маш цөөхөн байдаг өндөр ур чадвартай менежерүүдийн нэг юм гэсэн ойлголтыг авсан. Улмаар Улаанбаатар групп ХХК нь иргэн Б.Туяарахаар Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 041 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцож Б.Туяарахын хөдөлмөрийн нөхцөлийг дээрдүүлж, гүйцэтгэлийн урамшуулал, тусгай урамшуулал олгохоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэх явцад бизнесийн хөгжил, стратеги төлөвлөлтийн туршлагатай гэхэд бодит эргэлзээнүүд төрж эхэлсэн. Учир нь анх хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа ярилцаж тохиролцсоны дагуу Улаанбаатар групп ХХК болон түүний хөрөнгө оруулсан бизнесүүд, хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн бизнес төлөвлөгөө гаргах, бизнес бүрийн онцлогт нийцсэн стратеги төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэнэ, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтүүдийг татах төлөвлөгөө боловсруулна, одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэсэн боловч уг ажлаа огт гүйцэтгээгүй. Эхний ээлжинд 5 жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө боловсруулж уг төлөвлөгөөтэй холбогдуулан жил жилийн төлөвлөгөө гаргахаар тохиролцсон. Ингээд гүйцэтгэх ажил үүрэг, төлөвлөгөөгөө гэрээ байгуулахад бэлэн болгож гэрээний хавсралтаар баталгаажуулахаар тохиролцсон. Гэвч энэ ажил нь ч хийгдээгүй. Мөн манай компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хуримын ордны хойно баригдаж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын компанийн хэрэгжүүлж байгаа Радиссон Монголиа төслийг худалдан авахаар хэлэлцээр хийж байсан. Уг төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байсан бөгөөд гадаадын болон Монголын талын хувьцаа эзэмшигчдийн хоорондын үл ойлголцлоос шалтгаалан гадаадын хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдан борлуулахаар мэргэжлийн байгууллагыг сонгож уг байгууллагатай нь манай компанийн зүгээс холбоо тогтоон ажиллаж байсан. Энэ төслийг бизнес хөгжил, стратеги, гадаадын байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг туршлагатай учраас Б.Туяарах захирал хариуцсан. Гэтэл Б.Туяарах нь уг төслийн талаарх мэдээллийг бусад этгээдүүдэд задруулж, хөрөнгө оруулалт босгон ажиллах боломжтой гэж мэдээлэл өгч байсан нь илэрсэн. Дээрх хоёр шалтгаанаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Туяарах захиралтай уулзсан. Улаанбаатар групп ХХК болон охин компаниудын бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх, дунд болон богино хугацааны төлөвлөгөөг танилцуулах ажлыг яаралтай гүйцэтгэх шаардлагатай байгаа тухай болон Радиссон Монголиа төслийн хүрээнд цаашид ажиллуулахгүй болсон, төслийн хүрээнд хүлээн авсан болон харилцаж байсан мэдээллийг хүлээлгэн өгөх, төслийн мэдээллийг цаашид дахин задруулахгүй байх талаар анхааруулж сануулсан. Гэвч Б.Туяарах тэр өдрөө ажлаа орхиод явсан байсан. Төслийн талаарх мэдээлэл, гүйцэтгэж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй. Манай компанийн зүгээс түүнтэй байгуулсан гэрээг цуцлаагүй. Энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. Б.Туяарахтай байгуулсан гэрээтэй холбоотой түүний хүрэх ёстой үр дүн, урамшууллын талаар шийдвэрлээгүй орхигдсон зүйлс бий. Тэрээр өнөөдөр ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Харин гэрээгээр хүлээсэн ажил үүргээ тасалдуулсан тохиолдолд нийгмийн даатгал төлөгдөхгүй гэдгийг тодруулах нь зүйтэй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02682 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Туяарахыг Улаанбаатар групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 655 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Туяарахад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг Улаанбаатар групп ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 169 432 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 479 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Улаанбаатар групп ХХК-иас төлсөн 169 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүний хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Хариуцагч Б.Туяарах контрактад заасан ажил үүргээ биелүүлээгүй, төслийн нууц задруулсан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байна. гэжээ. Анхан шатны шүүхээс зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, талуудад мэтгэлцэх боломжийг олгоогүй байтал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Б.Туяарахыг контрактад заасан ажил үүргээ биелүүлээгүй, төслийн нууц задруулсан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ хуульд зааснаар нотолж чадаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй буюу хариуцагч талд хуульд заасан мэтгэлцэх бодит боломж олголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 13-ны шүүхийн мэдэгдэх хуудсаар тов мэдэгдэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт мэдэгдээгүй хариуцагч компанийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч хэн гэдэг хүн ямар байдлаар хүлээн авсан талаар тодорхойгүй, баримт байхгүй байна. Улмаар 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 1 хоногийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн. Ийнхүү шүүх хуралдааны товыг тулгаж мэдэгдсэнээс шалтгаалан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч албан томилолтоор явсан гэх нотлох баримт гаргаж өгөх бодит бололцоо байгаагүй, орон нутагт албан томилолтоор явж байсан тул маргааш өглөө нь шууд шүүх хуралд ирж оролцох боломж байгаагүй юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд /А.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй Т.Ганболдод холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 12 сарын 20-ны 10.30 цагаас товлогдсон, шүүх хуралдааны товыг хүсэлтэд хавсаргаж өгсөн/ шүүх хуралдаан давхацсан байсан тул хариуцагчийн өмгөөлөгч орон нутагт албан томилолттой байгаа гэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаануудаа дурдан холбогдох баримтаа хавсаргаж шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүхий хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээрх үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. Тус хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой үйл баримт буюу нэхэмжлэгч Б.Туяарахыг компанийн бизнесийн нууцлалтай холбоотой мэдээллийг задруулсан гэх үндэслэлээр уулзалт хийснээс хойш ажилдаа ирээгүй буюу тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчин өөрөө дур мэдэн ажлаа орхин явсан байдаг. Энэхүү нөхцөл байдлыг талууд мэтгэлцэх зарчмын үндсэн дээр тогтоох нь зүйтэй байсан. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Туяарах хариуцагч Улаанбаатар групп ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, тус компанийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарласан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэний контракт байгуулна гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3-т контрактыг бичгээр байгуулна, контракт нь таван жил хүртэл хугацаатай байна, талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ...ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Туяарах 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч Улаанбаатар групп ХХК-ийн Стратеги, Бизнес хөгжлийн газрын захирлаар ажилласан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь контрактын гэрээ болох тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь үндэслэлээ тодорхой зааж хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд энэ талаар бичгээр шийдвэр гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцэх юм.
Ажил олгогч Улаанбаатар групп ХХК хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг бичгээр гаргаагүй боловч тус компанийн ТУЗ-ын дарга нэхэмжлэгч Б.Туяарахад гэрээг цуцлах болсноо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр амаар мэдэгдэн, улмаар ажил үүргийг гүйцэтгүүлээгүйг ажлаас халагдсантай адилтган үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн тайлбартаа, Б.Туяарах контрактад заасан ажил үүргээ биелүүлээгүй, төслийн нууц задруулсан зөрчил гаргасан гэсэн нь нотлогдоогүйгээс гадна ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль болон гэрээний аль зохицуулалтад хамаарах нь тодорхой бус байна.
Иймд Улаанбаатар групп ХХК нь нэхэмжлэгч Б.Туяарахыг ажлаас буруу халсан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, зохигчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй, төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхийг зөрчсөн гэх гомдол хуулийн үндэслэлгүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заажээ.
Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 479 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Улаанбаатар групп ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 169.433 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ