Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2020/0038

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: А.О нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох;

             “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн К.А тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний ээж К.Кенжекей нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 35 дугаартай захирамжаар Онтуган миний төрсөн хүүхэд болох Айдыныг хууль ёсоор үрчилж авч, улсын бүртгэлийн байгууллагаас №0254335, 88/09 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ олгосон юм. Ингээд Айдын нь 2009 оны 04 дүгээр сараас эхлэн эх К.Кенжекейн асрамжид эрүүл саруул өсөж байсан юм.

Гэтэл ээж К.Кенжекей 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өвчний учир Алтайн суманд нас барсан юм. Нэгэнт Айдыныг хууль ёсоор үрчилж авсан эх Кенжекей нас барсан тул Айдынд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай бичиг баримтуудыг Алтай сумын нийгмийн даатгалын улсын байцаагч М.Камелханд 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр хүлээлгэн өгсөн юм. 2019 оны 08 дугаар сарын үед Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч М.Камелхан намайг дуудаж “...Айдынд тэжээгч тогтоолгох материалуудыг аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас буцаасан байна. Материалууд зөрчилтэй учраас Айдынд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжгүй” гэж ярьсан юм. Тэгээд би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гомдол гаргасан ба Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 234 тоотоор “Таны гомдлыг хангах боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Би уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс хүүгийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах, түүнд тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрхийг хүсэлт гаргасан өдрөөс эхлэн сэргээн хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр Айдыныг ээж Кенжекейд үрчлүүлэн албан ёсны төрсний гэрчилгээ өгсөн явдалд бидний буруу байхгүй юм. Одоо 12 нас хүрч байгаа, миний ээжийн асрамжид 10-аад жил өсөж, өдий зэрэгт хүрсэн бага насны хүүхэд Айдынд ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Айдыны тэжээгч алдсаны тэтгэврийг тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах  гэж тодруулсан байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь  А.Оы ээж К.Кенжекей  нь Алтай сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35  дугаар захирамжаар А.О, Х.Марал нарын төрүүлсэн хүүхэд Айдыныг үрчилж авсан. Үрчилж авсны дараа улсын бүртгэлийн байгууллагаас үрчлэлтийн гэрчилгээ олгосноос хойш 10 хэдэн жил болж байна. Айдын нь  2019 оны 04 дүгээр сар хүртэл К.Кенжекейн асрамжид эрүүл саруул өсөж байсан. К.Кенжекей 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нэгэнт Айдыныг хууль ёсоор үрчилж авсан эх нь нас барсан учраас К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтуудаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээлгэж өгсөн боловч тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. А.О, Х.Марал нар К.Айдыны асран хамгаалагчаар тогтоогдсон. Тухайн үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр К.Айдыныг албан ёсоор үрчилж авсан,  ХААТР маягтууд өнөөдрийг хүртэл Кенжекейн нэр дээр хүчин төгөлдөр байгаа. Алтай сумын Засаг даргын захирамж хүчингүй болоогүй. Хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна, К.Айдыны зөрчигдсөн эрхийг хамгаалуулах шаардлагатай. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “К.Кенжекей нь Айдыныг үрчилж авах үед бусдын асрамжид байсан, Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтыг зөрчиж Алтай сумын Засаг дарга бусдын асрамжид байгаа өндөр настанд хүүхдийг үрчилсэн” гэж тайлбар ирүүлсэн. 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт орсон. Гэр бүлийн тухай хуулийн өмнөх 57.2 дахь заалтад “бусдын асрамжид байгаа 60 дээш настай төрөл садан бус хүн” гэсэн заалт байгаагүй. Сумын Засаг даргын захирамж 2009 оны 03 дугаар сард гарсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 234 дугаар албан бичгээр Алтай сумын иргэн А.Од өргөдлийн хариуг нь өгсөн байна. К.Кенжекейд Алтай сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар захирамжаар хүүхэд үрчилсэн, гэтэл К.Кенжекей нь тухайн үед хүний асрамжид байсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-1078 тоот шийдвэр, мөн эмнэлгийн 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ерөнхий эмчийн тодорхойлолт дүгнэлттэй байхад тухайн сумын Засаг дарга нар үрчлэлт хийсэн. Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтыг зөрчсөн тул тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар оруулах өргөдөл өгсөн боловч Гомдлын шаардлагын зөвлөлийн хурал хийгдээгүй тул шийдэгдээгүй  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогоогүй шалтгаан нь А.Оы ээж К.Кенжекей тухайн үед бусдын асрамжид байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тухайн үед гарсан Алтай сумын Засаг даргын захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх боломжтой хүн байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч А.Оаас тус шүүхэд анх “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс   “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Оы  “2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Алтай сумын  Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн үрчлэн авагчийн хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт,   хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн  зөвшөөрлийн дагуу тус  сумын 3 дугаар багийн оршин суугч К.Кенжекейд түүний ач хүү болох 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Онтуганы Айдыныг  үрчлүүлжээ. Уг захирамжийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.8–д зааснаар Алтай сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтнаас Онтуганы Айдыныг К.Кенжекейд үрчилснийг 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, Айдыныг эх К.Кенжекейгээр овоглож төрсний гэрчилгээ шинээр олгосон, мөн үрчлэн авагч К.Кенжекей нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өвчнөөр  нас барсныг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  нас барсны бүртгэлд бүртгэсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна. 

Үрчлэн авагч  К.Кенжекей нь 2019 оны 4 дүгээр сард  нас барснаар түүний үрчлэн авсан хүүхэд болох К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор К.Айдыны асран хамгаалагчаар тогтоосон А.Оаас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  өргөдөл гаргасан[2] байх ба тус хэлтсээс 2019  оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр албан бичгээр[3] “Алтай сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар  О.Айдыныг К.Кенжекейд үрчлүүлсэн захирамж нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх  зохих боломжтой хүн байна” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-1078 тоот эмч нарын комиссын шийдвэрээр К.Кенжекейг “өвчтөн хүний асаргаанд байдаг” гэж тодорхойлсон,  хүний асрамжид байдаг хүнийг хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй. Үрчлэлт хууль зөрчиж хийгдсэн” гэдэг үндэслэлээр  К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхэд “К.Кенжекей нь хүүхэд үрчилж авах үед бусдын асрамжид байсан талаар  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, эмнэлгийн ерөнхий эмчийн 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт дүгнэлттэй байхад сумын Засаг дарга  үрчлэлт хийсэн нь  Гэр бүлийн тухай 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг зөрчсөн”  гэж тайлбарласан[4].

Алтай сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар захирамжаар О.Айдыныг К.Кенжекейд үрчлүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт “60-аас дээш настай, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно” гэж заажээ. Уг  57.2 дах хэсгийн “60-аас дээш настай,”  гэснийг “Ганц бие,  бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл садан бус Монгол улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн,” гэж 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл  хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гарах үед үрчлэн авагчид зөвхөн насны хязгаарлалт тогтоож, 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглосон зохицуулалттай байсан тул хариуцагчийн Гэр бүлийн тухай 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт  заасныг зөрчиж үрчлэлт хийсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байх ба  Алтай сумын Засаг даргын  захирамж нь  энэхүү заалтыг зөрчөөгүй  байна.

Мөн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бусдын асрамжид байгаа иргэнд хүүхэд үрчлүүлсэн нь  Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг зөрчсөн” гэх тайлбарын хувьд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  энэхүү үндэслэлээр маргаж, Алтай сумын Засаг даргын  2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар захирамжийн О.Айдыныг К.Кенжекейд үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар  гаргасан хүсэлтийг  тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/00231 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр  болсон байна[5]

Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байнгын асаргаа шаардлагатай иргэн” гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, ...хүнийг ойлгоно гэсэн ба  К.Кенжекейд  асран хамгаалагч, харгалзан  дэмжигчийг  эрх бүхий байгууллагаас тогтоосон  эрхийн акт байхгүй байна. Үрчлэн авагч К.Кенжекей нь 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Айдыныг үрчлэн авснаас хойш 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл /нас барах хүртэлх/ 11 жилийн хугацаанд  К.Айдыныг тэжээн тэтгэж чадаагүй буюу  өсгөн хүмүүжүүлэх боломжгүй байсан гэдэг нь ...  хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11-1078 тоо эмч нарын комиссын шийдвэрт К.Кенжекей нь гар хөл сул,  өөрөө өөртөө үйлчлэх чадвар сул гэж  тодорхойлсон болохоос  бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ  бие даан гүйцэтгэх чадваргүй хүн  гэж тодорхойлсон хөндлөнгийн  нотлох баримт байхгүй байна. ...Иймд  Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т заасан үрчлэлтийг  хүчингүйд тооцох  үндэслэл тогтоогдохгүй байгаа” гэж дүгнэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж  тус тус зааснаар  үрчлэн авагч К.Кенжекей нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх, мөн уг  үрчлэлтийг   хүчингүй болгох үндэслэлгүй болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон,  мөн хүүхэд  үрчлүүлэх тухай  Алтай сумын Засаг даргын 2009 оны 35 дугаар  захирамж хүчинтэй байгаа тул хариуцагч талын  үрчлэлт хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар Айдыныг  эмэг эх К.Кенжекейд үрчлүүлсэн Алтай сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  35  дугаар  захирамж,  уг үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгэсэн  бүртгэл хүчинтэй  байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгоогүй хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд  дүгнэлт өгч шийдвэрлэх  учиртай юм.  

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, үүний  1 дэх заалтад  “Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр   төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй  хүүхэд” гэж заасан.

Дээр дурдсан  нотлох баримтуудаар Онтуганы Айдыныг эмэг эх К.Кенжекей нь 2009 онд үрчлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өвчнөөр нас барсан  тэжээгч буюу  үрчлэн авагч  К.Кенжекей нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаснаар өндөр насны тэтгэвэр авч байсан,  К.Кенжекейг нас барахад түүний асрамжид байсан үрчлэн авсан хүүхэд К.Айдын нь 12 настай байсан буюу уг хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-т заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах  эрх бүхий этгээдэд хамаарч байх тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны   тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  үндэслэлгүй, хуулийн дээрх заалтуудад нийцээгүй бөгөөд  К.Айдыны   эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно” гэж зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл олгохоор, уг шийдвэрийн нийгмийн даатгалын байгууллагаас гаргахаар  тус тус  зохицуулсан.

Тэжээгч  буюу үрчлэн авагч К.Кенжекей нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан байх боловч  түүний үрчлэн авсан хүүхэд болох К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоож олгохыг даалгахаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэврийг  тогтоож,  2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн  12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, К.Айдынд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 5,8,35-36, 37,39-40,41-р хуудас

[2] Хэргийн 6-р хуудас

[3] Хэргийн 7-р хуудас

[4] Хэргийн 24-р хуудас

[5] Хэргийн 114-117,118-р хуудас