Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2017/00036

 

 

       ******* банкны нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай    

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ч.Г -д холбогдох,

Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14850000 төгрөг, хүүгийн төлбөрт 6058800 төгрөг, алданги 104544 төгрөг, нийт 37217664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ******* банкны давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Г нь ******* банкны Замын-Үүд салбарын жолооч албан тушаалд ажиллаж байсан.

Ажил олгогч болон ажилтан нар нь харилцан тохиролцож 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 388 дугаар “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”, “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны 1-р орц 50 тоотод байрлах 33 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 42900000 төгрөгийн зээл олгосноос 14850000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд 10 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан юм. Хэрэв ажилтан нь банкинд 10 жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг хөнгөлөх бөгөөд дээрх хугацаагаар ажиллаагүй тохиолдолд ажилтан нь урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр талууд тохиролцсон. Мөн Ч.Гтой 2015 оны 01 сарын 16-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд 2015 оны 5 сарын 21-ний өдөр №005 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх дээрх нөхцөл болзлыг талууд дахин баталгаажуулсан юм. Ийнхүү банк №88 дугаар гэрээ болон 2015 оны 05 сарын 21-ний №005 дугаар нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 5 сарын 04-ний өдөр Катеринг деливери ХХК-ийн ******* банкин дахь 2000004292 тоот дансанд 14850000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 42900000 ипотекийн зээл олгосон. Гэвч Ч.Г нь гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 219 дүгээр  тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн юм. Ийнхүү Ч.Г нь 2015 оны 5 сарын 21-ний өдөр №005 дугаар нэмэлт өөрчлөлтийн 8-д заасан “Ажилтан гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, сахилгын зөрчил гаргахгүй идэвхи санаачилгатай ажиллана” гэсэн үүргүүдээ тус тус биелүүлээгүй.

Иймд “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.2.2-д “ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийг сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна”, Хөдөлмөрийн гэрээний №008 дугаар нэмэлт өөрчлөлтийн 9-д “Ажилтан гэрээнд заасан хугацаанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг ... дараах байдлаар төлж барагдуулна” гэж заасныг тус тус үндэслэн банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр 14850000 төгрөг, хүүгийн төлбөр 6058800 төгрөг, алданги 104544 төгрөг, нийт 37217664 төгрөгийг Ч.Гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* банкнаас яагаад 37217664 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2012 оны 5 сарын 4-ний өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 75 дугаар байрны 50 тоот 33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 2012 оны 5 сарын 4-ний өдөр “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” байгуулж зээл авсан болно. Гэрээний 3.3-д зааснаар 42900000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие 2009 оны 02 дугаар сарын 6-наас 7 жил гаруйн хугацаанд ******* банкны Замын-Үүдийн салбарт ажилласан. Нэхэмжлэлд дурдсан шиг санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа 14850000 төгрөг надад өгөөгүй байж, хүү, алданги нийт 37217664 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 3.1-д “орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1350000 төгрөг, мөн гэрээний 3.2-т ажилтныг төлөөлж 1 м.кв-ийн үнэ 150000 төгрөгөөр тооцож 4950000 төгрөгийн урьдчилгаа хөнгөлөлт үзүүлэхээр тус тус тохирсон болно. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ №005-д заасан гэрээний нэг хувийг надад өгөөгүй, энэ гэрээг би мэдэхгүй байна. Энэ гэрээний 1.2-т 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 10 жилийн хугацаатай байгуулсан. Мөн гэрээний 2.6-д банк ажилтанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны 75 дугаар байрны 50 тоотод байрлах 33 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад 59400000 төгрөгнөөс 14850000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэх мэт тохиролцоогүй тоо хэмжээ тавьсан байна.  2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 3.3-д зааснаар 42900000 төгрөгийн зээл яагаад 59400000 төгрөг болчихсон нь ойлгомжгүй байна. Анх байгуулсан ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний нэмэлтээр зээлийн хэмжээг ихэсгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би энэ гэрээнд заасан нөхцлийг тохирч гэрээ  байгуулаагүй, гэрээг танилцуулсан хүн байхгүй, ажилчдын хурал дээр мэдээд 10 жилийн хугацаа тэтгэвэрт гарах дөхөж байгаа учраас боломжгүй гэхэд Наранхүү захирал тэр яахав, ажиллаж бай гэсэн болно. Энэ тушаалд заасан сүүлийн нэг сарын цалин, амралтын мөнгө, нэг сарын тэтгэмж, эрсдлийн мөнгө зэргийн тооцоо хийхийг заасан боловч хэрхэн тооцож суутгал хийсэн нь мэдэгдэхгүй байгаа болно. ******* банкны үндэслэлгүй нэхэмжилсэн 37217664 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Г-д холбогдох Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14850000 төгрөг, хүүгийн төлбөрт 6058000 төгрөг, алданги 104544 төгрөг, нийт 21012544 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 16205120 төгрөгөөс татгалзсаныг баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 344039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* банк давж заалдсан гомдолдоо: Ч.Г нь ******* банк ХХК-ийн Замын-Үүд салбарт жолоочийн албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогчтой ажилтан нь харилцан тохиролцож 2012 оны 05  сарын 04-ний өдрийн №388 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 1 дүгээр орцны 50 тоотод байрлах 33 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 14850000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Нэхэмжлэгч ******* банк нь өөрөө бусдын өмнөөс гүйцэтгэсэн үүргээ үүрэг гүйцэтгэх ёстой этгээдээс шаардаж, урьдчилгаа төлбөр 14850000 төгрөг, хүүгийн төлбөрт 6058800 төгрөг, алданги 104544 төгрөг, нийт 37217664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу дүгнээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх догол мөрд “Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16205120 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагыг 21012644 төгрөг болгож багасгаж нэхэмжилсэн” гэж бичсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзсан талаар гаргаж өгсөн бичгийн баримт байхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзаж байгаа тохиолдолд тухайн хүсэлтийг бичгээр авч төлөөлөх эрх бүхий этгээдээр гарын үсэг зуруулахаар хуулиар зохицуулсан. Ийнхүү нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзсан эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан талаар нэхэмжлэгчийн хүсэл зориг нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг багасгаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь  догол мөрд “... ******* банкны зүгээс уг мөнгийг хариуцагчийн нэрийн өмнөөс орон сууцыг худалдсан этгээд болох Катеринг деливери ХХК-нд шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй...Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Г нь Катеринг деливери ХХК-нд ямар гэрээний үндсэн дээр 14850000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хэргийн 94-97 дугаар талд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Катеринг деливери” ХХК-ийн депозит дансны хуулга, 2013 оны 08 сарын 26-ны өдрийн мөн оны 10 сарын 11-ний өдрийн мемориалын баримтууд мөн “******* банк” ХХК болон “Катеринг деливери” ХХК-уудын хооронд тооцоо нийлсэн акт гэх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч Ч.-ын өмнөөс орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн болох нь хангалттай нотлогддог.

 Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй мэт үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул 137/ШШ2017/00292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банк нь ажилтан Ганболдтой 2012.05.04-ний өдөр 388 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 33 м2 орон сууцыг худалдаж авахад нь зориулж 42900000 төгрөгийн зээлийг олгоод, урьдчилгаа төлбөр 14850000 төгрөгийг түүнд олгосон. Энэ үүргийг гүйцэтгэхдээ банк 2012.05.04-ний өдрийн орон сууц санхүүжилтийн гэрээ болон барьцааны гэрээ /хх-8/ байгуулсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 5 дахь догол мөрөнд Ганболд, Катеринг деливери ХХК-д ямар нэгэн үүргийн гүйцэтгэлээр 14850000 төгрөг өгсөн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр орон сууц санхүүжүүлэх болон барьцааны гэрээг нэхэмжлэгч талаас нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн. Катеринг деливери ХХК болон Капитрон банкны хоорондын орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-98-99/ авагдсан. Үүнийг үндэслээд депозит дансны хуулга /хх-94-95/ болон мемориалын баримт /хх-97/ зэргийг хэрэгт хавсаргасан. Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа баталгаажуулаад 2015.05.21-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь догол мөрөнд заасныг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй хуулийн дагуу хэргийг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзсан талаар гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийнхээ шаардлагаа багасгаад, дараа нь түүнийхээ талаар мэргэжлийн хүнтэй орж ирээд нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа, зохигч эвлэрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд шүүх тухайн этгээдүүдээс гарын үсэг зурж баталгаажуулан бичгээр хүлээн авах ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн дүнг багасгасныг хууль зөрчсөн асуудал гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр энэ нь тооцооны алдаа. Итгэмжлэл өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан асуудал биш, харин ч тооцооны алдааг зөвтгөж байна гэж ойлгож  байна. Анхан  шатны  шүүхийн  шийдвэрийн 5 дахь

догол мөрийн дүгнэлтийг хэлж байна. Энэ дүгнэлтээр Ганболдыг Катеринг деливери ХХК-д 14850000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яагаад гэхээр зээлийн 388 дугаар гэрээгээр м2-ийг нь 1350000 төгрөгөөр үнэлээд м2 бүрээс 150000 төгрөгийг хөнгөлөхөөр гэрээнд заасан. Энэ нь банкнаас үзүүлж байгаа хөнгөлөлт юм.

 

Санхүүжилтийн гэрээн дээр 42900000 төгрөгөөр тогтоосон байхад 1800000 төгрөг хаанаас гараад ирсэн нь ойлгомжгүй байна. Катеринг деливери ХХК ******* банк хоёрын хооронд байгуулсан гэрээнд зээлдэгч нар оролцоогүй, ямар гэрээ байгуулсан талаар ч мэдэхгүй. Одоо хүүтэй нь нийлүүлээд 30 гаран сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Депозит дансны хуулга, тооцоо нийлсэн актаар тогтоогдоно гэдэг нь үндэслэлгүй. Яагаад гэхээр Катеринг деливери ХХК, ******* банк хоёр тооцоо нийлсэн болохоос биш зээлдэгч нар оролцоогүй. Зээлдэгч энэ зээлийг төлөх байсан бол энэ тооцоонд зээлдэгч нарыг оролцуулах байсан. Хуулганаас харахад нийт шилжүүлсэн дүнг бичсэн байгаа, хэдийг нь Ганболдын өмнөөс шилжүүлсэн гэдэг нь тогтоогддоггүй. Ганболд зээл аваагүй, зээл авах шаардлагагүй байсан гэдэг учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. 2015.05.21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгаа. Энэ гэрээгээр байнгын ажлын байр буюу 10 жилийн хугацаа заагаад өгчихсөн. Ганболд тухайн үед би тэтгэвэрт гарах дөхөж байгаа. 10 жил ажиллах боломжгүй, ингэж гэрээ хийгээд яах юм бэ гэхэд болно гээд итгэл төрүүлээд гэрээ хийчихсэн. Тэгээд дараа нь Ганболдыг орон тооны цомхотголоор ажлаас халчихаад та гэрээний үүргээ биелүүлсэнгүй гээд хүүтэй нь хамт нэхэмжилсэн. Зээлийн гэрээг хөдөлмөрийн гэрээ зохицуулахгүй. Тийм учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг. Тийм учраас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг нэхэмжлэлээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

******* банк нь хариуцагч Ч.Г-д холбогдуулан банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу орон сууцны урьдчилгаа төлбөр 14850000 төгрөг, хүүгийн төлбөр 6058800 төгрөг, алданги 104544 төгрөг, нийт 37217664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч /хх 1-2/, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас урьдчилгаа болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 21012544 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

 Зохигчид 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 88 тоот орон сууцны санхүүжилтын гэрээг нэхэмжлэгч ******* банк, Катеринг Деливери ХХК, хариуцагч Ч.Г нарын хооронд байгуулсан,  мөн өдөр 388 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулж, нэхэмжлэгч ******* банк хариуцагч Ч.Год 42900000 төгрөг зээл олгосон, хариуцагч Ч.Г нь ******* банкны Замын-Үүд салбарт жолоочоор ажиллаж байгаад ******* банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 219 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу ажил олгогчийн санаачилгаар орон тоо хассан үндэслэлээр ажлаас халагдсан зэрэг үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин талууд буюу нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Ч.Гыг тухайн байгууллагад тогтвортой ажиллуулах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 005 тоот хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж Катеринг Деливери ХХК-аас орон сууц худалдан авахад нь зориулж 14850000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул гэрээний 1 дүгээр зүйлийн 5-д зааснаар уг мөнгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч Ч.Г нь хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулаагүй, уг дэмжлэг болох 14850000 төгрөгийг аваагүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ч.Г нь Катеринг Деливери ХХК-аас Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 130 айлын орон сууцны, 1 дүгээр орцны 6 давхарын 50 тоот 33 м.кв 2 өрөө бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар нэхэмжлэгч буюу ******* банкнаас ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр /хх-9-18/ 42900000 төгрөгийн зээл олгосон байх ба уг гэрээнээс үзэхэд орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр төлсөн, уг төлбөрийг зээлдэгчийн ажил олгогч төлсөн тухай нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэхүү гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т  орон сууцны 1 мкв талбайн үнийг 1350000 төгрөг, ажилтныг төлөөлөн банкнаас барилгын компанийн өмнө хариуцах төлбөрийн хэмжээг талбайгаас 150000 төгрөг гэж заасан атлаа 42900000 төгрөгийн зээлийг олгосноос үзэхэд орон сууцны 1 мкв талбайн үнийг 1300000 төгрөгөөр тооцсон гэж үзэхээр байх ба гэрээний дээрх заалтыг хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг буюу хариуцагч Ч.Год 14850000 төгрөгийн дэмжлэг олгосныг нотлохоор 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* банк болон Катеринг деливери ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-112-113/, ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоол /хх-92-93/, Катеринг деливери ХХК-ийн депозит дансны хуулга /хх-94-95/, мемориалын баримт №201310115608000731-0, Катеринг деливери ХХК-тай тооцоо нийлсэн акт /хх-98/, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 005 тоот хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-20-21/ зэрэг нотлох баримтанд үндэслэжээ.

Эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл:

  1. 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* банк болон Катеринг деливери ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд орон сууцны 1 мкв талбайн үнийг 1800000 төгрөг байхаар тохиролцсон байх боловч уг гэрээгээр хариуцагч Ч.Гын ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргийг тодорхойлох боломжгүй,
  2. Катеринг деливери ХХК-ийн депозит дансны хуулга /хх-94-95/, мемориалын баримт №201310115608000731-0, Катеринг деливери ХХК-тай тооцоо нийлсэн акт /хх-98/ зэрэг нотлох баримтаар ******* банк нь Катеринг деливери ХХК-нд ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүүнд нийт 330150000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч нь энэ нь хариуцагчийн өмнөөс Катеринг деливери ХХК-д орон сууцны урьдчилгаа төлбөр төлснийг нотлоогүй,
  3. ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоол /хх-92-93/, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 005 тоот хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-20-21/ зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч Ч.Год 14850000 төгрөг дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэр байх боловч энэхүү баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч ******* банк, Катеринг Деливери ХХК, хариуцагч Ч.Г нарын хооронд байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 88 тоот орон сууцны санхүүжилтийн гэрээ, мөн өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 388 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнээс хойш 1 жил гаруй хугацааны дараа гарснаас дээрх гэрээний үүрэгт хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүйн гадна ******* банк нь хариуцагч Ч.Год 42900000 төгрөгийн зээл дээр нэмж 14850000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн буюу 14850000 төгрөгийг Катеринг Деливери ХХК-д шижүүлсэн болохыг нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д үндэслэсэн гэсэн байх ба мөн хуульд зааснаар хэн нэгэн этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болох боловч нэхэмжлэгчийн зүгээс Катеринг Деливери ХХК болон хариуцагч Ч.Г нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, эсхүл орон сууц захиалгаар бариулах гэрээг ирүүлээгүйгээс  хэрэгт цугларсан нотлох баримтаар Катеринг Деливери ХХК болон  хариуцагч Ч.Г нарын хооронд орон сууцны урьдчилгаанд 14850000 төгрөг төлөх үүрэг үүссэн эсэх буюу нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Гын Катеринг Деливери ХХК-ийн өмнө хүлээсэн ямар үүргээс чөлөөлсөн нь тогтоогдоогүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Ч.Г нь нэхэмжлэгч буюу ажил олгогчтой 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 005 тоот хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон хэдий ч ажил олгогч нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар орон тоо хассан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба энэ нь гэрээний 1 дэх хэсгийн 5-д зааснаар “Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болгож ял оногдуулсан шүүхийн шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон буюу хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохыг шаардсан, эрүүл мэндийн шалтгаанаар гэрээ дуусгавар болгосон тохиолдолд банк ажилтанд олгосон санхүүгийн дэмжлэгийг нэхэмжилж гаргуулах эрхтэй” гэсэн үндэслэлд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн маргааны үйл баримтанд хийсэн “хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан орон сууцны урьдчилгаа төлбөр 14850000 төгрөгийг төлөх үндэслэл бий болоогүй, ******* банкны зүгээс уг мөнгийг хариуцагчийн нэрийн өмнөөс орон сууцыг худалдсан этгээд болох Катеринг деливери ХХК-д шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байх ба харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан гэж дүгнэсэн нь буруу байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, дээр дурдсан үндэслэлээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 344039 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Т.БЯМБАЖАВ 

                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ