Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Долгорсүрэнгийн Наянтай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Наянтайд холбогдох 2023000000137дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Жаргалантын хэсэг 141 тоотод оршин суух хаягтай, Сум дундын 12 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Сартуул овогт Долгорсүрэнгийн Наянтай /Регистрийн дугаар: ИФ96042712/

Шүүгдэгч Д.Наянтай нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт тус өдөр эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн цагдаа дэд ахлагч М.Даваадалайг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.Даваадалайд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох 2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Цагдаагийн газарт Улиастай сумын Жинст багийн ХААН банкны арын 20 айлын 05 тоотод согтуу хүмүүс шуугилдаад амраахгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Уг гомдол мэдээллийн дагуу тухайн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан жолооч А.Баярсайхан, цагдаа Н.Батмөнх, М.Даваадалай нар тус байранд очиход Д.Наянтай, Б.Батдэлгэр, Рагчаа нар Рагчаагийн байранд архидан согтуурсан байдалтай байсан ба цагдаагийн албан хаагч М.Даваадалай тэдэнд хандан хажуу талын айлууд чинь дуудлага өгсөн одоо шуугилдахаа болиод унтаж амарцгаа гэсэн шаардлага тавихад Д.Наянтай түүнийг “Өө лалрууд та нар хэзээ ийм байсан юм, муухай жорлонгууд минь, хувцасны гол” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч М.Даваадалай Д.Наянтайг цагдаагийн байгууллагад хамт очих шаардлага тавихад шүүгдэгч Наянтай цагдаагийн дэд ахлагч М.Даваадалайг хэл амаар доромжилж, түүний нүүр болон хэвлийн хэсэгт гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал Шүүгдэгч Д.Наянтай тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж өөрийг нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.Даваадалайгийн “...Би 2020 оны 10 сарын 29-ний өдөр 19 цагаас шөнийн 01 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 01 цаг өнгөрч байхад цагдаагийн жижүүрээс “Жинст баг ХААН банкны арын 20 айлын 5 тоотод согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлага ирлээ дуудлагын дагуу яв” гэсэн...Дуудлагад цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу бас жижүүрээс өгсөн үүргийн дагуу тухайн дуудлага мэдээлэлд дэд ахлагч Баянмөнх, жолооч ахлагч А.Баярсайхан нарын хамт очсон. Дуудлага өгсөн хаягаар очоод үүдийг нь тогшиход гэрийн эзэн Рагчаа гээд залуу үүдээ онгойлгож өгсөн. Тэгээд хаалга онгойлгохоор нь би албан үүргийнхээ дагуу хажуу айлаас чинь “Амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэсэн дуудлага өгөөд байна шуугихаа болиод амарцгаа гэсэн шаардлага тавьсан. Тэгээд шаардлага тавьж байхад цаанаас нь Наянтай гэдэг залуу нэлээн согтуу гарч ирээд бид нарыг хэл амаар доромжилсон. “Өө лалрууд та нар хэзээ ийм байсан юм, муухай жорлонгууд минь, хувцасны гол” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь “та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Цагдаа руу явъя” гээд гараас нь бариад гарах гэтэл нэг найз нь Наянтайн араас явуулахгүй гээд татсан. Тэгэх хооронд Наянтайн өмсөж байсан улаан өнгийн ноосон цамц энгэр хэсэгтээ урагдчихсан. Тэгтэл Наянтай “та нар миний цамцыг урчихлаа, энэ цамц та нарын наад төрийн хувцаснаас чинь үнэтэй цамц, Та нарын сарын цалин авч хүрэхгүй” гэх мэтээр орилж хашхираад цааш буцаж айл руугаа оронгуутаа цамцаа тайлж шидээд “та нар сарынхаа цалингаар авч өгөөрэй” гээд байсан. Тэгээд бид нар тэр айлаас Наянтайг аваад гадаа гараад ирсэн чинь “та нар яадаг юм үсрээд 25.000 төгрөгөөр торгоод л явуулдаг биз дээ” гээд байсан. Би тэр айлаас Наянтайг баруун гараас нь сугадчихсан гараад явж байтал Наянтай зүүн гараараа миний элэг рүү нэг удаа цохисон. Би тэгэхээр нь гараас нь тавиад та яаж байна аа? Зүгээр шаардлага биелүүлээд цагдаа дээр очоод учраа олчих гэсэн. Тэгээд салчихаад байж байтал Баярсайхан жолооч ирээд Наянтайг аваад цааш явсан. Машины гадаа очоод машинд суулгах гэтэл араас Рагчаа гэдэг залуу нь гарч ирээд найзыгаа явуулахгүй гээд Баярсайхан жолоочийн гараас татаад Наянтайгаа салгах гэж оролдсон. Тэр хооронд би Наянтайг аваад машины зөв талын арын хаалгаар машинд суулгах гэтэл суухгүй гээд хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлэн улмаар нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарахаар нь би тоолгүй Наянтайг машинд түлхэж суулгасан. Тэгээд машинд Наянтайг нэг найзынх нь хамт суулгаад цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр ирээд Наянтай гэдэг хүнийг “согтууруулах ундаа хэрэглэсэн бусдын амгалан тайван байдал алдагдуулсан учир эрүүл болтол таныг түр саатуулна” гэхэд эсэргүүцэл үзүүлэн ахин миний толгой руу гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Д.Наянтай цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж М.Даваадалайг цохисны харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Батдэлгэрийн “...Ямар нэгэн зодоон болоогүй. Цагдаа дуудлагын дагуу шалгаж байна гэж эхлээд хэлсэн тэгтэл Наянтай хажуугаас шууд цагдаа нарыг хэл амаар доромжилж эхэлсэн. Наянтай хэл амаар цагдаа нарыг доромжилсон чинь цагдаа нь цагдаа руу авч явна цагдаа дээр очоод учраа олно гэж хэлсэн. Тэгтэл Наянтай явахгүй гээд эсэргүүцээд байсан. Цагдаа явъя гэхээр нь чаргууцалдаад явахгүй гээд тэгээд бас машинд суухаасаа өмнө цагдаагийн хамар луу нь цохисон байсан...” гэсэн мэдүүлгээр, Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийн дагуу М.Даваадалайтай хамт тухайн байранд очсон гэрч Н.Батмөнхийн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрт амгалан тайван байдал алдагдуулаад байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дэд ахлагч Даваадалай, ахлагч А. Баярсайхан нарын хамт хаягаар нь очсон. Очоод хууль ёсны шаардлага тавиад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна дуугаа намсга гээд хэлж байтал тэр гэрээс Наянтай гээд байгаа залуу нь Даваадалайн шаардлагыг нь биелүүлэхгүй хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгээд бид нар хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дээр авч очих гэтэл эсэргүүцэл үзүүлж Даваадалайг машины гадаа очоод хамар луу нь нэг удаа цохиод авч байгаа харагдсан. Цагдаа дээр орж ирээд коридорт зогсож байтал Наянтай ахиад Даваадалайг гараараа шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь шууд саатуулах байранд аваачаад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Дээрх гэрч, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.Баярсайханы “...Бид нар очоод амрыг эрж мэндчилээд нэрээ хэлээд дуудлагын дагуу явж байна гэж хэлээд юу болсон талаар асууж тодруулаад одоо унтаж амар бусдын амгалан тайван байдал битгий алдагдуул, гэр орондоо очих бол машинаар бид нар хүргээд өгье гэж хэлтэл урдаас Наянтай гэдэг залуу нь хэл амаар доромжилж та нарт хамаагүй гэх мэтээр орилж хашхираад байсан. Тэгээд бид нар шаардлага биелүүлэхгүй амрахгүй бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байх юм байна гэж үнэлээд цагдаагийн байгууллага руу авч явах гэтэл шаардлага биелүүлээгүй улмаар эсэргүүцэж хөтөлж явсан цагдаагийн бие эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг Наянтай гэдэг залуу нь гаргасан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.Наянтайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би зарим үйлдлээ санахгүй байна. Ямар ч байсан цагдаа дээр ирсэн хойноо цагдааг нэг удаа толгойн хэсэг рүү нь цохиж авснаа санаж байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 0000000328 тоот “...1.Иргэн М. Даваадалайн биед 2020 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлгийн агуулга болон өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хохирогч М.Даваадалай нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 тоот тушаалаар Завхан аймгийн Түдэвтэй сум дахь цагдаагийн хэсгийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаагаар томилогдон ажилласан бөгөөд тухайн үед хохирогч нь албан үүргээ гүйцэтгэж явсан нь 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Завхан аймгийн Цагдаагийн газрын жижүүр эргүүл, саатуулах байранд ажиллах алба хаагчдын томилгоогоор нотлогджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дэх хэсгийн 25.5.4-т зааснаар цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа, ... хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл ... согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах, Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Д.Наянтайн цагдаагийн албан хаагч М.Даваадалайг албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан “цагдаагийн байгууллагад хүргэнэ” гэсэн шаардлагыг эсэргүүцэж түүний цохисон үйлдэл Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд хүч хэрэглэн халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.Наянтайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Наянтай нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Прокуророос шүүгдэгч Д.Наянтайд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч Д.Наянтайг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Наянтайд Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй учир ялгүй болсон байна. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчид прокурорын сонсгосон албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу түүнд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.Наянтай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Долгорсүрэнгийн Наянтайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Наянтайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгч Д.Наянтайд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Д.Наянтайн эзэмшлийн Samsung Galaxy A-51 маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ