Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2376

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/02376

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад 3 дугаар баг Далан 14 дүгээр байр 31 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад 3 дугаар баг Далан 14 дүгээр байр 31 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б-А нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 82-1-14 тоотод оршин суух, Өндөрийнхөн овогт С.Б-д холбогдох,

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай   “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээнүүдийг тус тус  хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг  34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууц, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууц,  34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууц,  34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох,

Хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан 112 545 866 төгрөгийн ашиг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямдалай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие хүү Б.Б-Агийн хамт өөрийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр иргэн С.Бтэй хамтран 1235.13 м.кв талбай бүхий 21 айлийн орон сууцны барилгыг барьж ашиглалтанд өгсөн. Уг орон сууцны барилгын санхүүжилтийг бид өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр эхлүүлж, барилгыг 70 орчим хувийн гүйцэтгэлд хүргэсэн бөгөөд барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд санхүүгийн хүндрэл үүсч улмаар барилгын ажлыг дуусгах зорилгоор Б.Б миний бие дээрхи 21 айлын орон сууцны дутуу баригдсан барилгыг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 12/21 тоот  350 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж уг зээлээр барилгын ажлыг дуусгавар болгож барилгыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Барилга ашиглалтанд орсноор хамтран ажиллагч талуудын хооронд өмчийн маргаан гарсан. Миний хувьд буюу Б.Б, Б.Б-А  /нэгдмэл сонирхолтой болно/ нарын хувьд уг орон сууцны барилгад иргэн С.Батмөнхийг хөрөнгө оруулсан гэдэгт маргах зүйлгүй бөгөөд хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаарх санхүүгийн баримтыг гаргаж өгөхийг иргэн С.Бөөс хүссэн. Хамтран ажиллагч талууд уг барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр үндсэн хөрөнгө оруулалтаа нөхөж авах, ашиг алдагдлыг хувь тэнцүүлэн хариуцах нь гарцаагүй билээ. Гэвч уг орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн гэх С.Баянмөх нь хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг уг барилгад оруулсан эсэхээ нотлох баримт, санхүүгийн баримтаар нотлож чадахгүй байгаагаар үл барам орон сууцны барилгаас дур мэдэн бусдад худалдах, борлуулах байдлаар захиран зарцуулж байгаа үйлдэл нь талуудын хооронд өмчийн маргаан бий болгоход хүргэсэн болно.

Бидний хооронд үүссэн өмчийн маргаан даамжирч улмаар уг орон сууцны барилгын өртөг зардал, талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхой болгох үүднээс миний зүгээс уг барилгад аудитын шалгалт оруулж дүгнэлт гаргуулсан болно. Аудитын дүгнэлтээр уг орон сууцыг “...1 166 021 680 төгрөгөөр 5 давхар 1235.13 м.кв талбай бүхий 21 айлын нийтийн орон сууц барьж гүйцэтгэсэн, энэ барилгыг иргэн Б.Б нь өөрийн эзэмшлийн газар дээр 77 хувь буюу 896 283 925 төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтанд өгсөн нь үнэн болно” гэх дүгнэлт гарсан байна. Хамтран ажиллаж байх хугацаанд С.Б нь миний өөрийн өмчлөлийн зарах гэж байсан Мерседес Бенз G-350 CDI  маркийн автомашиныг 100 000 ам.долларт бодож, мөн 800 000 иений үнэтэй Тоёота кроун мажеста маркийн автомашинуудыг өөрийн хэрэгцээнд надаас дараа тооцоогоор авсан. Мөн 63 150 ам.долларыг өөрийн эзэмшил, ашиглалтанд байдаг лизингийн экскваторын түрээсийн төлбөрт дараа тооцоогоор төлүүлсэн байдаг. Мөн бидэнтэй зөвшилцөлгүйгээр уг 21 айлын орон сууцны барилгаас 16 тоот 53.5 м.кв орон сууцыг 64 200 000 төгрөгөөр 17 тоот 66 м.кв орон сууцыг 79 200 000 төгрөгөөр, 18 тоот 50.62 м.кв орон сууцыг 42 520 800 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, нийт 185 920 800 төгрөгийн борлуулалтын орлогыг өөртөө авсан. Миний хувьд бид хамтран ажиллаж байгаагийн хувьд уг орон сууцны барилгын төсөвт өртгийг гаргах улмаар худалдан борлуулж татварын дараах байдлаар ашиг алдагдлыг хувь тэнцүүлэн хуваарилах гэсэн зарчмын байр суурьтай байсан болно. Гэтэл С.Б нь Б.Б, Б.Б-А нарын зөвшөөрөлгүйгээр уг сууцны барилгад менежерээр ажиллаж байсан Г.Цацралтай дахин тус бүр 4 орон сууцыг “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан улмаар уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байна. С.Бийн энэхүү үйлдлийг миний зүгээс хууль бус гэж үзэж байна. Учир нь Б.Б, Б.Б-А нараас иргэн Г.Цацралд уг орон сууцны барилгаас худалдах, захиран зарцуулах, бусдад ямар нэг шилжүүлэх эрх олгогдоогүй байхад Г.Цацралтай гэрээ байгуулан улмаар уг гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт орон сууцнуудыг өөрийн өмч мэтээр бүртгүүлсэн байна.

Иймд иргэн С.Бийг үндэслэлгүйгээр хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан гэж үзэж байгаа тул дараах хэлцэлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, улмаар улмаар  уг орон сууцнуудын өмчлөгчөөр Б.Б, Б.Б-А нарыг тогтоож өгнө үү. Үүнд: 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 7 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”, түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002682 дугаарт бүртгэлтэй орон сууц, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаар тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” түүнийг үндэслэж олгосон үл хөдлдөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002679 дугаарт бүртгэлтэй орон сууц, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002678 дугаарт бүртгэлтэй орон сууц, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 16 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” түүнийг үндэслэж олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-1105002680 дугаар бүртгэлтэй орон сууцнуудын өмчлөгчөөр Б.Б, Б.Б-А нарыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэжээ. Үүнд:

Иргэн Б.Б, Б.Б-А нарын нэхэмжлэлтэй, С.Бөд холбогдох иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчтай хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт 1235.13 м.кв талбай бүхий 21 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулсан тухайгаа дурдсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл нь уг орон сууцны барилга нь 1 166 021 680 төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшилийн газар дээр 896 283 925 төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтанд өгснийг “Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн аудитын болон “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоодсон. Мөн “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн шинжээчийн дүгнэлтээр иргэн С.Б нь уг барилгад 269 737 755 төгрөгийн хөрөнгө оруулсан гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь  21 айлын орон сууцны барилгын төсөл дээр ашиг олох зорилгоор хамтран ажилласан, хамтран ажиллах гэрээний хувьд талууд амаар тохиролцсон бөгөөд  хуулинд харшлаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т “...гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж, 478.11-т “...хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж, 478.12-т “...гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хамтран ажиллах гэрээгээр талууд 50, 50 хувиар хураамж төлөхөөр тохиролцсон боловч хариуцагчийн хөрөнгө оруулалт 50 хувьдаа хүрээгүй, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч 269 737 755 төгрөгийн хураамж төлсөн бөгөөд энэ нь барилгын нийт өртгийн 18.85 хувь юм. Хариуцагч хамтран ажиллах хугацаандаа уг орон сууцны барилгаас 185 920 800 төгрөгийн борлуулат хийж борлуулалтын орлогыг өөртөө авсан, мөн өөрийн эксковаторын бусдад төлөх түрээсийн төлбөрийг дараа тооцоогоор 63 150 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлсэн, мөн нэхэмжлэгчээс 800 000 мений үнэ бүхий Тоёота кроун мажеста маркийн автомашиныг Мерседес бенз G350 маркийн автомашиныг 100 000 ам.долларт тооцож тус тус дараа тооцоогоор авсан байдаг. Хариуцагч уг барилгад 269 737 755 төгрөгийн хураамжийг буюу барилгын нийт өртгийн 18,85 хувийн хөрөнгийг оруулсан бөгөөд түүний төлсөн хураамжид 47 950 220 төгрөгийн ашиг ногдох ба уг барилгаас төлсөн хураамж буюу хөрөнгө оруулалт дээр нэмэх нь ашиг гэсэн томъёоллоор нийт 317 687 975 төгрөгийг авах эрхтэй байсан боловч өнөөдрийн байдлаар барилга угсралтын явцад барилгын борлуулалтын орлогоос 185 920 800 төгрөг, мөн нэхэмжлэгчээс дараа тооцоогоор /барилгын өөрт ногдох хэсгээс суутгуулах байдлаар/ 63 150 ам.долларыг  /АНУ-ын долларын тухайн өдрийн ханш 1 395.06 төгрөг/, 800 000 иений үнэ бүхий автомашиныг /Японы иений тухайн үеийн ханш 14,33 төгрөг/, мөн 100 000 ам.долларын үнэ бүхий автомашиныг /АНУ долларын тухайн үеийн ханш 1 447,51 төгрөг/ тус тус авсан нь түүнд ногдох хувиас даруй хэтэрч байгаа болно. Талууд хамтын ажиллагааны үр дүнд бий  болсон уг барилгаас, оруулсан хураамжийнхаа хэмжээгээр өөрөөр хэлбэл оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр ашиг, орлогыг хуваарилан авах ёстой байтал хариуцагч илүүг авсан байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээний тал болох С.Б нь хамтран ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр дагуу эрхийг өөртөө бий болгож, хамтран ажиллагааны үр шимээс 112 545 866 төгрөгийг илүү авсан байх тул хариуцагч С.Баянмөнмхөөс 112 545 866 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Б.Б-А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэхэмжлэлийн шаардлага, тайлбар нэхэмжлэгч Б.Бтай нэгдмэл тул нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Б-А нараас С.Б надад холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр Б.Б, Б.Б-А нарыг тогтоолгох, илүү авсан ашиг 112 545 866 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. С.Б би 2013 оноос Өмнөговь аймгийн иргэн Б.Б, түүний хүү Б.Б-А нартай амаар харилцан тохиролцож хөрөнгө оруулан Өмнөговь аймгийн төвд 21 айлын орон сууц хамтран барьж оруулсан хөрөнгийн хэмжээгээр Б.Б болон түүний хүү ормогц тэднээс өөрийн оногдох хэсэг болох 000209891, 000209892, 000209893, 000209894, 000209895 дугаартай №8, №9, №12, №13, №19 тоот 5 ширхэг орон сууцны үл хөдлөх гэрчилгээнүүдийг миний нэр дээр гаргаж өгсөн. 2013 оны 12 дугаар сарын сүүлээр 18-21-ний хооронд би дээрх үл хөдлөх гэрчилгээнүүдээ аваад хотод ирсэний дараа орон сууцнуудыг захиран зарцуулах гэтэл 12 тоот 53.5 м.кв хэмжээтэй байрыг А.Батсүх гэдэг хүний нэр дээр миний зөвшөөрөлгүйгээр дахин давхардуулан гэрчилгээ гаргасан байдаг. Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар А.Цэдэн-Иш 201416000266 тоот эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Т.Баярсайхан нарыг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.Бийн нэр дээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 34 дүгээр байрны 12 тоот орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1105002681 дугаарт бүртгэн, 000209894 дугаартай гэрчилгээг олгосон боловч уг гэрчилгээг хүчин төгөлдөр байхад 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг орон сууцны гэрчилгээг давхардуулан олгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Ч.Энхмөнх, Т.Баярсайхан нар нь үйлдсэн хэргээ хүлээсэн ба өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Б.Б мөн байцаалтын явцад энэ талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

2.Нэхэмжлэгч нар нь Аудитын дүгнэлтээр уг орон сууцыг барихад нийт 1 166 021 680 төгрөгийн 5 давхар 1235 м.кв талбай бүхий 21 айлын нийтийн орон сууц барьж гүйцэтгэснээс Б.Б нь өөрийн эзэмшил газар дээрээ 77 хувь буюу 896 283 925 төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтад өгсөн нь үнэн болно гэсэн дүгнэлт гарсан гэжээ. С.Б нь “Батжинсрэгт” ХХК-ийн захирал бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулсан хүн нь юм. Их монгол хөлөг аудит байгууллага нь дүгнэлт гаргахдаа “Батжинсрэгт” ХХК-ийн баримтууд нь тухайн үед тус манай компанийн гүйцэтгэх захирал хийж байсан н.Батбаатарын нэрээр барилгад бараа материал явуулж байсныг нягталж үзээгүй Б.Бгийн талд хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байгааг шүүгч бусад нотлох баримт мэдүүлэгтэй харьцуулан өөрийн итгэл үнэмшилээр дүгнэж үзэхийг хүсэж байна.Мерседес бенз G-350 CDI  маркийн автомашин, Тоёота кроун мажеста маркийн автомашинуудыг өөрийн хэрэгцээнд надаас дараа тооцоогоор авсан. Мөн экскаваторын түрээсийн төлбөр төлүүлсэн зэрэг зүйл дурьджээ. Эдгээр нь орон сууцны барилга барьсантай огт холбоогүй юм. Учир нь С.Б би Б.Бтай хамтран 2012 оноос эхлэн “Уужим говь” ХХК-ийн бүх техник хэрэгсэлийг нь би дангаараа гарган хөрс хуулалтын ажил хийж байгаад Б.Бгийн санал болгосноор олон ашгаараа түүний мэдлийн газар болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 18 дугаар байрны талын газар дээр түүний хүү Б.Б-Агийн нэр дээр 21 айлын орон сууцыг мөн хамтран барихаар болсон. Барилгыг эхлүүлэхдээ хөрс хуулалтын ашгаас 200 000 000 төгрөг, мөн орон сууцны захиалга аван захилгын урьдчилгаа төлбөр зэрэг хөрөнгөөр бид хоорондоо амаар тохирон барьж эхлүүлсэн. Орон сууцыг улсын комисс хүлээн автал би бусад зардлыг Улаанбаатар дахь өөрийн компаниас болон орон сууц, автомашинаа барьцаалан зээл авч дуусгасан. Барилгын материал, бетон, бусад бүх ажлын гэрээг зөвхөн би өөрөө бусад аж ахуйн нэгжтэй байгуулж ирсэн. Энэ хугацаанд орон сууцны барилга 70 хувийн гүйцэтгэлтэй явж байхад Б.Б, Б.Б-А нар нь орон сууц захиалагч иргэдээс ямарч зөвшөөрөл авалгүй. Мөн надад мэдэгдэлгүйгээр барилгыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж 350 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг төлөхдөө миний байруудаар төлөх талаар Худалдаа хөгжлийн банкинд санал тавьж ирсэн ба би энэ талаар сүүлд мэдээд Б.Бгаас ямар учиртайг асуухад чи санаа зоволтгүй барьцаанд өөр обьект, газар тавьсан байгаа, чи өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр аваарай би уг асуудлыг мэдэж байна гэж хариу өгсөн. Үүний дагуу миний хувьд өөрийн оруулсан хөрөнгө мөнгөний хэмжээ гээд тэдний нягтлан Г.Цацралтай тооцоо тулган 5 ширхэг байрыг гражийн хамт авахаар Б.Б, Б.Б-А нартай тохиролцсон. Гэвч бас гражийг надад өгөхөөргүй болж сүүлдээ гражгүй байр авахаар болоод түүний хүү Б.Б-Агийн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлж өгсөн материалын дагуу 000209891, 000209892, 000209893, 000209894, 000209895 дугаартай №8, №9, №12, №13, №19 тоот 5 ширхэг орон сууцны үл хөдлөх гэрчилгээнүүдийг миний нэр дээр гаргаж өгсөн. Тэрнээс Г.Цацрал бид 2 хуйвилдаад авцан юм байхгүй. Гэрчилгээ гаргуулах бүх материалд Б.Б-А гарын үсэг зурж явуулдаг.

Иймд Б.Б, Б.Б-А нараас С.Б надад холбогдууан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр Б.Б, Б.Б-А нарыг тогтоолгох, илүү авсан ашиг 112 545 866 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Б, Б.Б-А нар нь хариуцагч С.Бөд холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай   “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээнүүдийг тус тус  хүчин төгөлдөр бусд тооцуулах, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг  34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууц, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууц,  34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууц,  34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан ашиг  болох 112 545 866 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

         Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгч Б.Б  хамтран ажиллах гэрээг амаар харилцан тохиролцож тавь тавин хувиар орон сууц барих хөрөнгө оруулалтыг оруулах, оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувиар ашиг авахаар тохирсон боловч Б.Б 81,15 хувийн хөрөнгө оруулалтыг хийж, С.Б 18,85 хувийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Б.Б. Б.Б-А  нар  нь хариуцагч С.Бийг 50 хувийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ноцтой төөрөгдөн илүү 4 орон сууц өгсөн тул ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн 4 орон сууцны захиалан бариулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг 4 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,  хамтран ажиллах гэрээний дагуу илүү 112 545 866 төгрөгийг хариуцагчид өгсөн гэж тайлбарладаг.

 

           Хариуцагч С.Б  нь нэхэмжлэгч Б.Бгийн “Уужим говь” ХХК хөрс хуулалтын ажил хийх гэрээтэй байсан миний хувьд техник тоног төхөөрөмжийг гаргаж хамтарч ажиллаж, ашгаараа орон сууц барихаар харилцан тохиролцсон. 2012 оны 5 дугаар сарын 28-нд барилгын материалыг зээлээр авч ажлыг эхлүүлсэн, 25 айлын орон сууц барьсан бөгөөд Б.Б нь 2 орон сууцыг нийлүүлж өөртөө авахаар болсон тул 21 айлын орон сууц хуваасан,  185 928 800 төгрөгийн орон сууцыг зарж буцаагаад уг мөнгөөр орон сууцанд материал, ажлын хөлсөнд зарцуулсан би өөртөө авсан зүйл байхгүй, харилцан тохиролцож суугаад надад 21 ширхэг орон сууцнаас  5 ширхэг орон сууц гаражийн хамт өгсөн боловч сүүлд нэг орон сууцны гэрчилгээг Б.Б давхардуулан авч худалдсан байсан, би үлдсэн дөрвөн орон сууцаа эргэлтэнд хурдан оруулахын тулд тухайн үед тохиролцсон. Ингээд гараж ч байхгүй 4 орон сууц авсан боловч одоо 4 орон сууцыг  бүгдийн авна гэж байгааг зөвшөөрөхгүй, машинуудыг тухайн үед ашигт тооцоод оруулаад өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

          Нэг талаас нэхэмжлэгч Б.Б, Б.Б-А нөгөө талаас хариуцагч С.Б нар Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 21 айлын  орон сууц барьж ашиглалтанд оруулсан талаар,  мөн талууд уг 21 айлын орон сууцыг барихад нэхэмжлэгч Б.Б-Агийн эзэмшил газар дээр орон сууц барьж, орон сууц барих хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар тавь тавин хувиар гаргаж ашгаа Б.Б, С.Б нар тэнцүү хуваахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй байна.

 

          Нэхэмжлэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай   “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах”  дөрвөн тусдаа гэрээг “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл” гэсэн үндэслэл зааж, орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд  тооцуулах гэж нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлжээ. 

 

           Хариуцагч С.Бийг 21 айлын орон сууц  барихад 50 хувийн хөрөнгө оруулалт хийсэн гэж   ноцтой төөрөгдөн  орон сууц захиалан барих гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Зохигчид маргааны зүйл болох дөрвөн орон сууц захиалан бариулах гэрээ нь бодит байдалд байгуулагдаагүй, хамтран ажиллах гэрээний дагуу тооцоо нийлж хариуцагч С.Бөд ашигт ногдох орон сууцыг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

      

           Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах  гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн боловч орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн ч хэлцлийн үр дагавар буюу орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдэх боломжгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багт 21 айлын орон сууц барьж ашиглалтанд  оруулахад нэхэмжлэгч хариуцагч  нарын хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх санхүүгийн баримт, орон сууц худалдан борлуулсан борлуулалтын татварын тайлан түүнд хавсаргасан санхүүгийн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй юм.

 

           Өөрөөр хэлбэл хариуцагч  С.Бөд хэлбэрийн хувьд орон сууц захиалан бариулах гэрээний  үндсэн дээр  орон сууц өмчлөх эрх үүссэн хэдий ч агуулгын хувьд хөрөнгө оруулж, хамтран ажиллах талуудын тохиролцоо байсан үйл баримт тогтоогдож байхад хэлцлийн хэлбэрийн шаардлагыг шийдвэрлэх нь ач холбогдолгүй, хамтран ажиллах гэрээний дагуу хэн нь хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, ногдох ашиг, хэн нь хэдэн орон сууцны өмчлөгч болох зорилгодоо хүрэхгүй юм. 

 

           Нэхэмжлэгч Б.Б нь хамтран ажиллах гэрээний дагуу тооцоо хийхдээ хариуцагч С.Бийг 50 хувийн хөрөнгө оруулалт оруулсан гэж гэрээг төөрөгдөлд хөтлөгдөн хийсэн гэх орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд хамаарагдахгүй  болно.

 

           Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор маргаан бүхий барилгад аудит хийсэн  “Их монгол хөлөг аудит” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19/2014 дугаартай аудиторын тайлангийн дүгнэлт болох 1 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-14 хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт тус аудитын тайланг гаргахад хариуцагч С.Бөөс санхүүгийн баримт авалгүйгээр аудитын дүгнэлт гарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ”  гэж хуульд заасан бөгөөд тус аудитын дүгнэлтийн эх сурвалж буюу санхүүгийн баримт тодорхойгүй, мөн санхүүгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, зөвхөн нэхэмжлэгч талаас баримт авч дүгнэлт гаргасан аудитын дүгнэлтийг эргэлзээгүй үнэн зөв гэж шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

           Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Г.Батболдын үйлдсэн 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн шинжилгээ хийх, шинжээч томилох тухай тогтоолын дагуу 201416000266 тоот 2 хавтаст эрүүгийн хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч  2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 077 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Шинжээч нь эрүүгийн 2 хавтаст хэргийн хүрээнд шинжилгээ хийхээр тогтоолд тусгагдсан байхад шинжилгээний эх сурвалж хүргэгдээгүй байхад эдийн засгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болох үйл баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд нэгэнт тогтоосон учир шүүх 077 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үндэслэлгүй юм. /хх-ийн 72-77, 2 хх-124 хуудас/

 

         Өөрөөр хэлбэл бодит байдлын тухай үнэн зөв байдал, мэдээллийн эх сурвалжийн шинж чанар, нотлох баримтаар харьцуулан судлах санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч талаас санхүүгийн баримт авалгүйгээр аудитын дүгнэлт гарсан болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, эдийн засгийн шинжээчид санхүүгийн баримт буюу шинжилгээ хийх эх сурвалж  хүргэгдээгүй  учраас үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлж байх тул аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг  үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

 

          Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар багт байрлах 21 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулахад нэхэмжлэгч Б.Б 200 000 000 төгрөг, “Санхоли” ХХК-ийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 5 000 000 төгрөг, нийт 205 000 000 төгрөг,  нэхэмжлэгч Б.Б-А газрын үнэ болох 49 920 000 төгрөг, хариуцагч С.Б  “Санхоли” ХХК-ийн ажлын хөлсөнд 118 240 479 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 15 өдрийн “Барилга угсралтын ” гэрээний дагуу 81 110 800 төгрөг, “Хүн хүй” ХХК-нд  59 900 000 төгрөг, “Ванхүү” ХХК-нд 10 000 000 төгрөг, Т.Хунболотод 9 400 000 төгрөг, “Айртех” ХХК-нд 40 000 000 төгрөг, нийт 318 651 279 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан бөгөөд уг нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг орон сууцанд нэхэмжлэгч, хариуцагч нар хийсэн болохыг нотолж байх ба хөрөнгө оруулалтын нийт хэмжээг эдгээр баримтуудаар тогтоох боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас иргэний хэрэгт орон сууцыг барихад зарцуулагдсан мөнгөн хөрөнгийн санхүүгийн тайлан, санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, дээрх санхүүгийн баримтыг хариуцагч татгалзлаа нотлохоор шүүхэд ирүүлсэн нэг талын  нотлох баримт болно.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

         Нэхэмжлэгч Б.Б, Б.Б-А нар  дөрвөн гэрээнүүдийг тус тус  хүчин төгөлдөр бусд тооцуулах, дөрвөн орон  сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох,

хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан ашиг болох 112 545 866 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг 34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууцны 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3 дугаартай   “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууцны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцны 2012 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 7 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3 дугаар баг  34 дүгээр байр, 2 өрөө  8 тоот /Ү-1105002679/ орон сууц, 34 дүгээр байр, 3 өрөө 9 тоот /Ү-1105002678/ орон сууц,  34 дүгээр байр, 3 өрөө 13 тоот /Ү-1105002680/ орон сууц,  34 дүгээр байр, 2 өрөө 19 тоот /Ү-1105002682/ орон сууцнуудын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, хамтран ажиллах гэрээний дагуу илүү авсан ашиг  болох 112 545 866 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Б, Б.Б-А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, Б.Б-А нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 229 530  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ