Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/01149

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах Хас банкны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Илч хороолол 1-1 тоотод оршин суух, ЖЭ73022377 тоот регистрийн дугаартай, Боржигин овогт Газалын Дагвасүрэн, ЖЭ71090267 тоот регистрийн дугаартай, Өсөхүүхэн овогт Жанцангийн Будханд нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 25015385 төгрөг 11 мөнгө гаргуулах, хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 08-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хашчулуун, хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Дагвасүрэн нь Хас банктай 2014 оны 12 сарын 04-ний өдөр 5001262247 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 12 сарын 04-ний өдөр 20 сая төгрөгийн шугамын эрх нээж өгсөн. Гэвч 2016 оны 12 сарын 04-ний өдөр шугамын зээлийн хугацаа дуусахад зээлээ төлөөгүй тул 2017 оны 4 сарын 5-ны өдөр зарлага гаргах эрхийг хаан, дансны дугаарыг 1650008824 болгон өөрчилж 22,733815 төгрөг 11 мөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1420000 төгрөг төлсөн. Банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 185 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банкны хувьд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж мэдэгдэж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч нараас барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21313815 төгрөг 11 мөнгө, хүү 3161874 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 539696 төгрөг, нийт 25015385 төгрөг 11 мөнгийг гаргуулах, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хашчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар нь зээлийн гэрээний үүрэгт 25015385 төгрөг 11 мөнгөний төлбөрийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учир маргах зүйл байхгүй. Хариуцагч Дагвасүрэн, Будханд нар нь төлбөрөө 1, 2 сард сая, саяаар хийхээр тохиролцож үлдэгдлийг бүрэн төлж барагдуулах хүсэлт гаргасныг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банктай 2014 оны 12 сарын 04-ний өдөр 5001262247 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан нь үнэн. 25015385,11 төгрөгийг төлөх ёстой төлнө. Миний хувьд хэрэглээний төмөр худалдан авч мөн хаягдал төмөр авч Улаанбаатар хотод нийлүүлдэг байсан. Гэтэл худалдан авагч байгууллага төлбөрийн чадваргүй гээд авахгүй болсон. Үүнээс болж борлуулалтгүй болж аажим аажмаар авсан үнээсээ доогуур зарах болсон шалтгаануудаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Бидний хувьд өөрсдийн амьдарч байгаа байраа барьцаалсан байгаа. Бидний хувьд зээлийг төлнө үүнд маргах зүйл байхгүй. Харин 1 сар, 2 сард бага багаар төлөх саналтай байна. Хэрэв энэ хугацаандаа төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахад татгалзахгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 25015385 төгрөг 11 мөнгийг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар нь 2014 оны 12 сарын 04-ний өдөр 5001262247 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 1650008824 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээл авчээ.

 

Хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж одоо хүртэл нийт 25015385 төгрөг 11 мөнгө төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар, зээлийн гэрээний хуулбар зэргээр батлагдаж байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч шүүх хуралдаан хийх явцад хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25015385 төгрөг, 11 мөнгө төлүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийн биелэлт 25015385 төгрөг 11 мөнгө төлүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 283026 төгрөг 93 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нараас 283026 төгрөг 93 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Дагвасүрэн, Ж.Будханд нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА