| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/183 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Т |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/183
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Наранхүүд холбогдох эрүүгийн 2031001490125 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Наранхүү, Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд Өлөнтийн 09 тоотод оршин суух, урьд
1996 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар;
1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн 123.1.2-т, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар;
1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар;
2003 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар;
2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хамрагдан 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр суллагдсан;
2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар;
2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар;
2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар;
2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байгаа, РД:/********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 225 тоотод байх *******ы байшингийн цонхыг хагалан дотогш нэвтэрч, 32 инчийн “Эйч Ка Си” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 225 тоотод байх *******ы байшингийн цонхыг хагалан дотогш нэвтэрч, 32 инчийн “Эйч Ка Си” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч *******ы 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхрийн дүү Отгонцацрал над руу залгаад танай гэрийн цонхыг хагалаад хулгай орчихсон байна. Хэзээ орсон эсэх талаар сайн мэдэхгүй байна. Гэр дотор ороод телевизорыг чинь аваад явчихсан юм шиг байна. Танай телевизор алга байна гэж надад хэлэхээр нь би шууд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гарч тухайн өдрийн 23 цагийн үед ирээд айлд очиж хоноод маргааш өглөө нь гэртээ очиж үзтэл үүдний амбаарын цонх хагарсан байсныг манай нөхрийн дүү нар ирж 5 ширхэг банз тавьж хадсан байсан. Мөн гал тогооны хэсгийн цонхыг хагарсан байдалтай байсан. Гэр лүү орж үзэхэд телевизор маань байхгүй байсан бөгөөд өөр бусад эд зүйл алдагдаагүй байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч ******* 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн орчим Наранхүү, Батбаатар хоёр Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу явсан. Тэгээд тэр өдөр 13 цагийн орчим ирэхдээ Наранхүү, Батбаатар 2 хар өнгийн гадаргуутай, хавтгай дэлгэцтэй зурагт авчираад Наранхүү эгч Эрдэнээгийнхээ гэрт үлдээсэн. Наранхүү, Батбаатар 2 дээрх хугацаанд дандаа Алтанбулаг суманд эгчийнхээ гэрт болон тэр суманд байдаг нэг хараа муутай ахынхаа гэрт байдаг байсан. Миний харснаар 21 инчийн хар дэлгэцтэй, доороо хар өнгийн дугуй суурьтай зурагт байсан. Би тэр зурагтын нэрийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч *******ын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би хүлээгээд хашааны буланд суугаад хүлээж байтал 30 орчим минутын дараа манай ах зүүн шарынхаа алгыг юманд гэмтээсэн бололтой цус гарчихсан ганцаараа хүрээд ирэхээр нь юу болсон талаар асуутал “сая хүнтэй зодолдоод” гэж хэлээд иргээд намайг дагуулаад цагаан хашаатай айлын буланд телевиз байгаа намайг авчих гэхээр нь би “үгүй, та өөрөө ав” гэсэн чинь тэгвэл хамт явчхаад ирье” гээд дагаад очтол хашааны булангаас хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор аваад миний өмсөж явсан гадуур хувцсаар ороогоод аймгийн Нэгдсэн эмнэлгийн хажуугаар гараад эргээд би зах орж гутлаа гутлаа авахаар орсон. Манай ах харин Алтанбулаг сум орох машинд телевизороо хийгээд би цаашаа ганцаараа зах орсон. Манай ах тухайн машинд хүлээгээд байж байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч *******ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...04 дүгээр сарын 11-ний өдөр манай эхнэр ******* над руу залгаад “манай гэрт хулгай орсон гэж байна” гэж хэлэхээр нь “чи Улаанбаатар хотод ирсэн хэрнээ яаж мэдэж байгаа юм” гэхэд “дүү нар манай гэрээс усны сав авахаар иртэл гэрийн цонхыг хагалаад хүн ороод манай телевизорыг явчихсан байна” гэж хэллээ гэхээр нь анх мэдсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч *******гийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би Алтанбулаг сумын эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд 7, 8 хоногоос миний бие гайгүй болсон. Ингээд 04 дүгээр сарын 10-нд би эмнэлгээс гарч гэрт ирэхэд хар өнгийн хавтгай дэлгэцтэй, бөөрөнхий суурьтай зурагт оруулж ирж тавьсан байсан. Би тухайн үед Наранхүүгээс “ямар учиртай, юун зурагт юм” гэж асуухад “энэ энд байж байг, би 04 дүгээр сарын 11-нд шүүх хуралтай” гэж хэлээд орхиод явсан. Би тэгэхээр нь огт ашиглалгүй өөрийнхөө зурагтыг буцааж байрлуулж, тухайн зурагтыг хөргөгч дээр тавьсан юм...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч *******ын 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр манай ах 11 цагийн үед ажлаасаа буугаад том ах Анхбаярын гэрээс усны сав авахаар очтол гэрийнх нь түлхүүр байхгүй болохоор над руу залгаад “Анхаа ахын гэрийн түлхүүрийг аваад ир, гэр лүү нь орж усны сав авах гэсэн юм” гэхээр нь би нөхөр, хүүхдийн хамт түлхүүрийг нь авч очоод гэр лүү нь ортол, хулгай орсон болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Э.Баттулгын 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө цагдаа ирэхээр нь мэдсэн. Харж мэдсэн зүйл алга байна...” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч гийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрийн ойр орчмын 4-5 айлыг таньж мэднэ. Манай гэрийн ойр байдаг айл өрхүүд байшингийн хаалга үүдээ онгорхой орхидог. Хулгай гардаггүй...” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч ийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн байшингаас телевизор нь алдагдсан байна гэж ярьж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсний дараа би гэр лүүгээ явчихсан...” гэх мэдүүлэг[10],
11. Гэрч ын 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр өглөө ажлаас буугаад төрсөн ах Анхбаярын гэрээс усны сав авахаар найз Батзоригийн хамт иртэл гэрийнх нь түлхүүр байхгүй байхаар нь дүү Отгонцацрал руу “түлхүүр аваад хүрээд ир” гэж хэлээд хүлээж байгаад түлхүүр ирэхээр нь ороод үзтэл байшингийн зүүн талын цонх нь онгорхой байхаар нь ойр хавиар нь хартал үүдний амбаарын цонх нь хагарсан байдалтай байхаар нь Цагдаагийн газарт дуудлага өгөөд дараа нь гэрийн эзэнд нь утсаар залгаж хэлсэн. Гэрт нь анх ороход телевизор нь байхгүй байсан. Бусад эд зүйл нь алдагдаагүй байна...” гэх мэдүүлэг[11],
12. Гэрч гийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...18-ны өдөр өөрийн найз Цагаанаагийн хамт “Сони” загвартай хавтгай дэлгэцтэй телевизороо зарах гэж Шаамар сумаас авч очсон. Тэгээд телевизороо 200,000 төгрөгөөр хүнд зараад тэр өдрөө гэртээ харьсан...” гэх мэдүүлэг[12],
13. Гэрч ын 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр хоёр залууг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Харин нэг залуу нь морины хусууртай адилхан мод барьчихсан явсан. Харин содон шинж тэмдгийн талаар гэвэл сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг[13],
14. Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №ТХҮ/518-070 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...HKC маркийн 32 инч зурагт 1 ширхэг нэгжийн үнэ 130.000 төгрөг...” гэх дүгнэлт[14],
15. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.210х155мм хэмжээтэй цагаан цаасан дээр хар өнгийн нунтгаар илрүүлсэн тунгалаг өнгийн наалдамхай туузанд 8.5х4.8см, 6.9х4.8см хэмжээтэй хэсгүүдэд нааж бэхжүүлж 1-2 гэж дугаарласан гарын мөрүүд ирүүлсэн байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн дээрх гарын мөрүүдийг шинжилгээнд тэнцэх эсэхийг тогтоох зорилгоор энгийн нүд, хажуугийн гэрэл болон 2 кратын өсгөгч шил ашиглан шинжилж үзэхэд гарын мөрүүдийн папилляр шугамнууд болон тэдгээрийн онцлог шинж тэмдгүүд тоо болон чанарын хувьд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэж үзлээ...” гэх дүгнэлт[15],
16.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[16], 17.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[17], 18.Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол[18], 19.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол[19], 20. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[20], 21.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[21], 22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол[23], 24.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[24] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай Шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сар, 12 /арван хоёр/ хоногийн ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 1 /нэг/ сар, 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч *******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 23 хоногийг нийт хорих ялаас хасаж тооцох нь хуульд нийцнэ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-диг хэргийн хамт архивт шилжүүлэхээр тогтоов.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Наранхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай Шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сар, 12 /арван хоёр/ хоногийн ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 1 /нэг/ сар, 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэн-Өлзийгийн Наранхүүд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Түмэн-Өлзийгийн Наранхүүгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 23 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-диг хэргийн хамт архивт шилжүүлэхийг даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 26-30 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 38 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 59-60 дугаар тал
[16] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[17] Хавтаст хэргийн 02 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 16 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 20 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 56-57, 63-64 дүгээр тал
[22] Хавтаст хэргийн 81 дүгээр тал
[23] Хавтаст хэргийн 126 дугаар тал
[24] Хавтаст хэргийн 147-148 дугаар тал