Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/01141

 

Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг 46-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ЧО86090274 тоот регистрийн дугаартай, Тангад овогт Дашнямын Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Силикатын 5-10 тоотод оршин суух, ажил Дорнод гурил ХХКомпанид тогооч, ЖИ82060167 тоот регистрийн дугаартай, Бүргэд овогт Үднарангийн Дэлгэрмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1005000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, хариуцагч Ү.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлгэрмаа нь 2015 оны 11 сарын 23-нд зээлийн гэрээ байгуулан 1500000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлсэн юм. Зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэг хүлээсэн. Дэлгэрмаа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлалаар орсон. Дэлгэрмаагаас үндсэн зээл 1500000 төгрөг, хүү 675000 төгрөг, алданги 750000 төгрөг нийт 2925,000 төгрөг төлөх байсан. Энэ хугацаанд Дэлгэрмаа нь 1950000 төгрөг төлснийг хасч үлдэгдэл 975000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30000 төгрөг нэмж нийт 1005000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ү.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Бат-Эрдэнээс 1500000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнээс сая төгрөгийг найздаа өгсөн боловч алга болчихсон. Миний хувьд өөрийн авсан 500000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Нэ

гэнт би зээлийн гэрээ хийж гарын үсэг зурсан учир 975000 төгрөгийг төлнө. Гэхдээ бага багаар төлөх саналтай байна гэв.

 

Зохигчид эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ хариуцагч Ү.Дэлгэрмаагаас 1005000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас заримыг төлөхөөр зөвшөөрч байх тул бид хоорондоо эвлэрэн гэрээ байгуулж байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 1005000 төгрөг нэхэмжилснээс 30000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Ү.Дэлгэрмаа нь 975000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч төлбөрийг хуваах төлөхөөр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь хариуцагч Ү.Дэлгэрмаагаас 1005000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ү.Дэлгэрмаа нь нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэтэй тохиролцон 2015 оны 11 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1500000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

 

Шүүх хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргасны дараа шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигчид эвлэрсэн байна.

 

Иймд хариуцагч Ү.Дэлгэрмаа нь нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 975000 төгрөгийг төлж нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 1005000 нэхэмжилснээс 30000 төгрөгөөс татгалзсан нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Үд-нарангийн Дэлгэрмаа нь нэхэмжлэгч Дашнямын Бат-Эрдэнэд 975000 төгрөг төлөх, нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаас 30000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж хариуцагч Ү.Дэлгэрмаагаас 27950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ү.Дэлгэрмаа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА