| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2017/00229/и |
| Дугаар | 202/МА2017/00037 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 202/МА2017/00037
*** банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00293 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О -д холбогдох,
Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 25200000 төгрөг, хүү 10281600 төгрөг, нийт 35481600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч *** банкны давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банкны Дорноговь аймаг, Замын-Үүд суман дахь салбарын зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Д.О нь ажил олгогчтой харилцан тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр №25 тоот “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулсан байдаг. Дээрх гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны 1-р орц 64 тоотод 67 мкв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулж 120600000 төгрөгийн зээл олгох бөгөөд үүний 25200000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд 10 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан байдаг. Дээрх гэрээгээр ажилтан банкинд 10 жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг хөнгөлөх бөгөөд дээрх хугацаагаар ажиллаагүй тохиолдолд ажилтан нь урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр талууд тохиролцсон. Банкны зүгээс Д.Отай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд 2015 оны 05 сарын 21-ний өдөр №048 тоот “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж 2013 оны 08 сарын 26-ны өдөр “Катеринг Деливери” ХХК-ийн *** банкин дахь 2000004292 тоот төгрөгийн дансанд 20250000 төгрөгийг шилжүүлсэн ба урьдчилгааны төлбөрийг Д.О төлсөн бөгөөд улмаар 83500000 төгрөгийн ипотекийн зээл олгосон. Д.О нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №546 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтуудыг зөрчсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу *** банк нь урьдчилгаанд төлсөн төлбөр, хүүгийн хамт нэхэмжлэх эрх үүссэн болно. Иймд Д.О нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №546 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалснаар гэрээний дээрх заалтын дагуу банкнаас ипотекийн зээлийн урьдчилгаанд төлсөн зээлийн урьдчилгаа 25200000 төгрөг, зээлийн хүү 10281600 төгрөг, нийт 35481600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *** банк надаас зээлийн урьдчилгаа 25200000, зээлийн хүү 10281600, бүд 35481600 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. 2012 оны 05 сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ /№384/-ний 3.1-д орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1300000 байх, гэрээний 3.2-т ажилтныг төлөөлж банкнаас барилгын компанийн үнэ хариуцах төлбөрийн хэмжээ 1 м.кв нь 150000 төгрөг байхаар тохирсон. 2012 оны 05 сарын 04-ний өдрийн орон сууцны санхүүжилтийн гэрээ /№86/-ний 1.6.3-т компани болон захиалагчийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заагдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, 130 айлын орон сууцны 64 тоотод байрлах 67 м.кв 3 өрөө орон сууц байхаар тохирсон. Гэтэл 2012 оны 03 сарын 06-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д уг орон сууцны үнийг 1 м.кв нь банкны ажиллагсдад 1800000 төгрөг байна гэж орон сууцны зээлийн гэрээгээр тохирсон 1 м.кв-ийн үнийг 500000 төгрөг болгон дур мэдэн нэмэгдүүлсэн, 2013 оны 08 сарын 09-ний өдрийн ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах гэрээ №25, 2015 оны 05 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 048 гэрээ нь зөвхөн банкны талын шаардлагаар хийгдсэн нь 2012 оны 05 сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ /№384/-ний нөхцлийг эрс дордуулсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2016 оны 07 сарын 22-ны өдрийн *** банкны гүйцэтгэх захирлын 546 тушаалаар намайг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах боломж надад олдоогүй. Энэ тушаалд 2015 оны 05 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.2-т заасны дагуу банкнаас санхүүгийн дэмжлэг олгосон 30150000 төгрөг, хүүгийн төлбөр 12301200, бүгд 42451200 төгрөгийг төлүүлэхийг заасан атлаа 2017 оны 06 сарын 25-ны 1/2574 тоот нэхэмжлэлдээ зээлийн урьдчилгаа 25200000 төгрөг, хүү /24 сар/ 10281600 төгрөг нийт 35481600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ /№384/-ний дагуу 7930254 төгрөгийн зээлийн хүү, 1412088 төгрөгийн үндсэн зээл, 2013 оны 8 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ /№230/-ний дагуу 20140276 төгрөгийн зээлийн хүү 5994113 төгрөгийн үндсэн зээл, нийт 35476731 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлөлт хийгдсэн. Иймд банкны нэхэмжилсэн 35481600 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Од холбогдох санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 25200000 төгрөг, хүү 10281600 төгрөг, нийт 35481600 төгрөг гаргуулахыг хүссэн *** банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 335360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө шийдвэрийг гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч *** банк давж заалдсан гомдолдоо: Д.О нь *** банк ХХК-ийн Замын-Үүд салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Ажил олгогчтой ажилтан нь харилцан тохиролцож 2013 оны 8 сарын 9-ний өдрийн №25 тоот “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 1 дүгээр орцны 64 тоотод байрлах 67 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 120600000 төгрөгийн зээлийг олгосноос 25200000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн. Нэхэмжлэгч *** банк нь өөрөө бусдын өмнөөс гүйцэтгэсэн үүргээ үүрэг гүйцэтгэх ёстой этгээдээс шаардаж, урьдчилгаа төлбөрт 25200000 төгрөг, хүүгийн төлбөрт 10281600 төгрөгийг Д.Оаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу дүгнээгүй шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх догол мөрд “Нэхэмжлэгч *** банк нь ажилтны орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт 25200000 төгрөгийг барилгын Катеринг деливери ХХК-нд төлсөн гэх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хууль хэрэглээний хувьд зөв дүгнэсэн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх дүгнэх тал дээр учир дутагдалтай дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь догол мөрд “...хэргийн 68-70 дугаар талд “Ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүү шилжүүлэв” гэсэн утгатайгаар 221880000 төгрөгийг 2013 оны 8 сарын 26-ны өдөр, 108270000 төгрөгийг 2013 оны 10 сарын 11-ний өдөр шилжүүлсэн гэх мемориалын баримт, Катеринг деливери ХХК-ийн дансны хуулга байх боловч уг баримтаар ажилтан тус бүрийн үнийн дүнг тодорхойлох боломжгүйгээс гадна хариуцагчийн өмнөөс төлсөн төлбөр үүнд байгаа эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй” гэж нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хариуцагч Д.Оы орон сууцны урьдчилгаа төлбөр болох 25200000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Катеринг деливери ХХК-д шилжүүлсэн үйл баримт нь *** банк ХХК болон Катеринг деливери ХХК нарын хоорондын тооцоо нийлсэн акт, мемориалын баримт, депозит дансны хуулга зэргээр тус тус нотлогдож байгаа болно.
Мөн хэсгийн 15 дахь догол мөрд ...”*** банк ХХК нь хариуцагч Д.Оы өмнөөс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 25200000 төгрөгийг төлснөө үндэслэл бүхий эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 25200000 төгрөг, хүү 10281600, нийт 35481600 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж нотлох баримтыг үгүйсгэж дахин үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар “*** банк” ХХК болон “Катеринг деливери” ХХК нарын хооронд 2012 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу талууд маргаан бүхий орон сууцны м.кв-ыг 1800000 төгрөгөөр бариулсан. Харин банк ажилчдынхаа амьдрах орчин нөхцлийг дээшлүүлэх зорилгоор үүрэг бүхий этгээдүүдийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн. Эдгээр үйл баримтыг нэхэмжлэгч талаас хангалттай нотлох баримтаар нотолсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй мэт үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байх тул 137/ШШ2017/00293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх догол мөрөнд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасны дагуу шаардах эрх үүссэн байна гэж дүгнэснийг зөв дүгнэлт хийсэн үзэж байгаа. Хэрэгт авагдсан ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүү шилжүүлэв гэсэн утгатай 221880000 төгрөгийг 2013.08.26-ны өдөр 118885200 төгрөгийг шилжүүлсэн мемориалын баримт Катеринг деливери ХХК-ийн дансны хуулга байгаа боловч уг баримтаар ажилтан тус бүрийн дүнг тодорхойлох боломжгүй ба хариуцагчийн өмнөөс төлсөн төлбөр мөн гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй гэж дүгнэсэн. Катеринг деливери ХХК болон капитрон банк хоорондын 2015 онд тооцоо нийлсэн акт /хх-38/ хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар хариуцагч Оюуны өмнөөс 25200000 төгрөгийг банк Катеринг деливери ХХК руу шилжүүлсэн гэсэн нотлох баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дугаар мөрт банк Оюуны өмнөөс Катеринг деливери ХХК-д 25200000 төгрөгийг төлсөнийг нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчаас 25200000 төгрөг, хүү 10 сая төгрөг, нийт 35481600 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэл муутай шийдвэрийг гаргасан гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлогдсон, Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах гэрээний 2.4, 2.5, 3.3-д зааснаар банк нь урьдчилгаанд төлсөн дүнг, хүүгийн хамт нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажиллагсдын орон сууцны зээлийн урьдчилгаанд 2013 онд 108700000 төгрөгийг шилжүүлсэн боловч Оюуны нэрээр шилжсэн урьдчилгаа байхгүй учир Оюуны өмнөөс төлсөн гэдгийг нотлох боломжгүй. Тооцоо нийлсэн актан дээр Оюун оролцоогүй, банк Катеринг деливери ХХК хоёр тооцоо нийлээд дүнг тулгаад тавьсан асуудал байгаа. Урьдчилгаа 25200000 төгрөгийг төлсөн гэдэг нь эргэлзээ бүхий байна гэж шүүх дүгнэсэн. Энэ тоо эргэлзээтэй. Энэ дүнгээс хүү алданги тооцох боломж байхгүй. Оюун анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр банк 80 сая төгрөгийн зээл олгоно, илүү гарвал зөрүүг нь өөрсдөө төлөөрэй гэсэн гэж тодорхой хэлдэг. Гэтэл байрны м2-ийг 1800000 төгрөг болсон талаар Оюун ч өөрөө мэдээгүй. Хэрвээ 1800000 төгрөг болгох байсан бол энэ зээлийг авах шаардлагагүй байсан. Оюуныг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан байдаг боловч зөрчил нь ноцтой зөрчил биш байдаг, тиймээс Оюуныг ажлаас халсан нь үндэслэл муутай гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
*** банк нь хариуцагч Д.О-д холбогдуулан банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа 25200000 төгрөг, хүү 10281600 төгрөг, нийт 35481600 төгрөг гаргуулахаар /хх 2-3/ нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа *** банкнаас Д.Отай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №230 дугаар зээлийн гэрээ /хх 6-11/, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №384 дугаар барьцааны гэрээ /хх 12-14/, Катеринг деливери ХХК-ийн дансны хуулга /хх 25-26/, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 27-29/, уг гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №048 дугаар гэрээ /хх 30-31/, орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх 32-33/, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаар Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ /хх-34/, Д.Оыг ажлаас чөлөөлөх тухай *** банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 546 дугаар тушаал /хх-37/, тооцоо нийлсэн акт /хх-38/, Мемориалын баримт /хх-68/, Катеринг деливери ХХК-ийн дансны хуулга /хх 69-70/ зэрэг нотлох баримтад үндэслэжээ.
Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч орон сууцны 1 мкв талбайн үнийг 1300000 төгрөг, компанийн үнэ хариуцах төлбөрийн хэмжээ 1 мкв нь 150000 төгрөг байхаар тохирсон, орон сууцыг 120600000 төгрөгөөр худалдаж аваагүй, банк ч надад ийм зээл олгоогүй, 25200000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг үндэслэж “нэхэмжлэгч *** банк ХХК нь хариуцагч Д.Оы өмнөөс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 25200000 төгрөг төлснөө үндэслэл бүхий эргэлзээгүй баримтаар нотлоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №25 тоот Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ /хх-34/-ний 2.3, 2.4-т зааснаар нэхэмжлэгч *** банк ХХК нь ажилтан буюу хариуцагч Д.Од орон сууц худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөрт 25200000 төгрөгийг төлж дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон боловч гэрээний энэхүү нөхцөл хэрэгжсэн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй буюу Катеринг деливери ХХК-ийн дансны хуулга /хх 25-26/, тооцоо нийлсэн акт /хх-38/, Мемориалын баримт /хх-24,68/, *** банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тогтоол /хх-65/ зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Д.Оы Катеринг деливери ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч *** банк ХХК гүйцэтгэж, улмаар хариуцагч үүргээсээ чөлөөлөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00293 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *** банк ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 335358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Ц.ОТГОНЦЭЦЭГ