Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 110/ШШ2020/0040 

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О  дүгнэлттэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч  Б.Е холбогдох,

Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0169378 дугаартай “Хялбаршуулсан  журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О, хариуцагч  аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч  Б.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал би, тус аймгийн Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Е нь иргэн Ж.Уатханд холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бүртгэлийн М-72 дугаартай материалыг хянахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Улаанхус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Е нь тус сумын байгаль хамгаалагч Х.Муратаас гаргасан “Улаанхус сумын Согоог буюу 4 дүгээр багийн иргэн Жилияз овогтой Уатхан нь Согоог голын усан сан бүхий газарт үерийн уснаас бий болсон өөрийн хашаанд байгаа лакан шаврыг голын эрэгт асгаж, усны нөөцийг бохирдлоос хамгаалах үүргээ биелүүлээгүй" гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгаад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 0169378 дугаартай шийтгэлийн хуудсаар Ж.Уатханд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Эрх бүхий албан тушаалтан Б.Е нь иргэн Жилияз овогтой Уатхан зөрчил үйлдсэн эсэх, хэрэв зөрчил үйлдсэн бол хэзээ, хаана, хэрхэн ямар зөрчил үйлдсэн, үйлдсэн зөрчил нь усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл усны нөөцийг хамгаалах талаарх үүргээ хэрэгжүүлээгүйн аль нь болохыг шалгаж нотлохгүйгээр шууд Ж Уатханд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийг 8 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж хууль зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. Энэхүү ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байгаа. Учир нь холбогдогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд учирсан хохирлыг тогтоох, хэрэгт нотлох баримт цуглуулах ёстой. Зөрчил гаргасан нь тодорхой бус тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлгүй. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараахь 3 тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэнэ. Үүнд 1. зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй; 2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн; З.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт- хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх заалттай. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн гэгдэж шийтгэл оногдуулсан иргэн Ж.Уатханаас өөрөөс нь ямар нэгэн байдлаар мэдүүлэг аваагүй, эрх, үүргийг нь танилцуулаагүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд зөрчлөө хүлээн зөвшөөрсөн эсэхийг дурдаагүй, уг ажиллагааны тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, шийтгэлийн хуудсыг зөрчил гаргасан гэж буруутгагдаж байгаа этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хэрэв шийтгэлийн хуудсыг гардаж аваагүй бол оршин суух газрынх нь  хаягаар шуудан, харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж хүргүүлээгүй гэх зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.  

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид тодорхой эрх, үүрэг эдэлж оролцдог. Энэ ажиллагааны явцад холбогдогч болон оролцогч нарын эрх, үүргийг заавал танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байх ёстой боловч ямар нэгэн баримт тэмдэглэл үйлдээгүй. Хэрэв холбогдогч тухайн үед эрх, үүрэгтэй танилцаж гарын үсэг зурахаас татгалзсан бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргах ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэвч эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж чадаагүй. Иргэн Ж.Уатханы зөрчил үйлдсэн нь нотлогдоогүй байхад иргэний эрх ашгийг зөрчиж шийтгэл оногдуулсан байна гэж үзэж прокуророос шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн байгаа.

Иймд Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Еы шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0169378 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ж.Уатханд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийг 8 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Е миний бие 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улаанхус сумыг хариуцсан байгаль хамгаалагч Д.Муратын холбоо мэдээлэл /утас/-ээр өгсөн гомдол, мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын машинаар байгаль хамгаалагч Д.Болатжан, жолооч Т.Ербол нарын хамт 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагт Согоог 4 дүгээр багт очиж, зөрчлийн талаар хяналт шалгалт явуулахад мэдээлэл өгсөн Х.Мурат, иргэн Ж.Уатхан нар байлцсан. Очиход иргэн Ж.Уатханы голын эрэг дагуу асгасан лакан шавар нь ил байсан. Хяналт шалгалтаар Ж Уатханы Согоог голын эрэгт шар усны үерээс бий болсон өөрийн хашаанд байгаа лакан шаврыг УАЗ-469 машинд бага оврын чиргүүлээр 10 удаа зөөж асгасан зөрчил нь тогтоогдож, нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулсан ба зөрчил гаргасан иргэн Ж.Уатханд зөрчлөө арилгуулах шаардлага тавьсан боловч хэл ам гаргаж зөрчлөө арилгахгүй, торгуулиа тавь, би шүүхдэх болно гэж тайлбар өгсөн. Тухайн үед эрх, үүргийг нь амаар мэдэгдэж хэлэхэд  хүлээж авахаас татгалзаад яваад өгсөн. Тиймээс ямар нэгэн гарын үсэг зуруулах нөхцөл бололцоо бүрдээгүй. Иргэн Ж. Уатханы голын эрэгт хог хаягдал хаясан зөрчил нь тухайн үед авсан зураг, би асгасан гэж хүлээн зөвшөөрч хэлсэн үг нь оролцогч болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн.

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Отгонжаргалын иргэн Ж. Уатханд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Иргэн Ж.Уатханаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед мэдүүлэг авах гэсэн боловч татгалзсан. Үүнийг гэрчүүд нотлох болно. Эрх, үүргийг нь танилцуулж, сумын Засаг даргын Тамгын газарт ирж мэдүүлэг өгөөрэй гэж утсаар 2 удаа дуудсан боловч аймагт хүнд өвчтөнийг сахиж байгаа гэх шалтгаанаар ирээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан учир оролцогч болон гэрчийн мэдүүлэг, тухайн үед авсан зөрчлийн нотлох 2 хувь зураг зэрэг баримтаар шийдвэрлэсэн.

2. Зөрчил гаргасан иргэн Ж Уатхан нь дуудсан цагт ирээгүй, өөрийн хийсэн буруу үйлдлээ мэдсээр байж мэдүүлэг өгөхөөс татгалзсан, гарын үсэг зураагүй үйлдэл нь шийтгэл төлөхгүй, улсын байцаагчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл болохгүй гэж үзэж байна

3. Иргэн Ж Уатхан зөрчил гаргаснаас хойш 7 хоног аймагт явж байгаа гэсэн шалтгаанаар мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн. Зөрчлийн материалыг байцаагч Б.Е би өөрийн биеэр Ж.Уатханд хүргэж өгсөн Хүлээж авсан тухай баримтад гарын үсэг зурахаас мөн адил татгалзсан.

Дээрх миний гаргасан тайлбарууд тухайн үед оролцсон гэрчүүд болон багийн иргэдийн эсэргүүцэж надад амаар гомдол гаргасан үйлдлүүдээр нотлогдох болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0169378 дугаартай “Хялбаршуулсан  журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсаар[1]  иргэн Ж.Уатханд  “Согоог голын усны сан бүхий газарт хог хаягдал хаясан” зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр  Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн  8 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба хариуцагчаас шүүх хуралдаанд  зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой байсан тул  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр   уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол”, 4-т “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” , 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; 1.5.Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”, 7.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна”, мөн Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн  1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж   тус тус  заасан.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас тухайн зөрчил, түүний улмаас учирсан хохирлыг  нотлох шаардлагагүй буюу ил тодорхой  байгаа тохиолдолд  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан  байгаа боловч энэхүү үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх,  тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх буюу  хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг  шалган тогтоох зэрэг нөхцөл, шаардлагыг тавьсан байна.

1.Зөрчлийн тухай  хуулийн 7.15 дугаар зүйлийн 8-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  заасан.

Улаанхус сумын байгаль хамгаалагч Х.Муратаас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  “иргэн Ж.Уатхан нь Согоог голын   усны сан бүхий газарт өөрийн хашаанд байгаа лакан шаврыг асгаж, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн талаар утсаар мэдээлснээр[2]  байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Е нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тухайн зөрчил гарсан гэх газарт очиж, шалгалт хийсэн тухай  тэмдэглэл үйлдэж, асгасан гэх лакан шаврын гэрэл зургийг авч хавсаргасан[3] байх ба  уг тэмдэглэлд “...шалгалтаар иргэн  Ж.Уатхан нь  Согоог голын жалганд  өөрийн хашаанд байгаа  үерийн уснаас бий болсон  лакан шаврыг  усны сан бүхий газарт хаясан  нөхцөл байдал  тогтоогдсон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох арга хэмжээ авахаар” тусгажээ.  Улмаар шалгалт хийхэд байлцсан гэх байгаль хамгаалагч Д.Болатжаныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, мэдээлэл өгсөн  байгаль хамгаалагч Х.Муратыг  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус  гэрчээр асууж[4],  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдсэн[5] байх ба уг тэмдэглэлд “...Ж.Уатхан нь  Согоог голын усны сан бүхий газарт  үерийн уснаас бий болсон  өөрийн хашаанд байгаа лакан шаврыг голын эрэгт асгаж усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй  нь  хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд .. Ж.Уатханы гаргасан зөрчилд  нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8-д заасан  шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй” гэж тусгажээ.

1. Улсын байцаагчаас дээрх  нотлох баримтуудыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0169378 дугаартай  шийтгэлийн хуудсаар  иргэн Ж.Уатханд  “Согоог голын усны сан бүхий газарт хог хаягдал хаясан” зөрчил гаргасан  гэсэн үндэслэлээр  Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан байх боловч  холбогдогч Ж.Уатхан нь   “Согоог голын усны сан бүхий газарт хог хаягдал хаясан”  гэх зөрчлийг үйлдсэн талаар  нотлох баримт  бүрдээгүй байна гэж үзлээ.

Учир нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар  ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг” ойлгох бөгөөд  мөн хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-т  эрх бүхий этгээдээс  усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох шийдвэр гаргахаар зохицуулсан.

Улаанхус сумын Согоог голд хамгаалалтын бүс тогтоох тухай шийдвэр  эрх бүхий этгээдээс гаргасан эсэх, Ж.Уатханы  тухайн хог хаягдал хаясан гэх газар нь Согоог голын эргээс ямар зайтай болох, уг газар нь  усны сан бүхий газарт буюу  Согоог голын хамгаалалтын бүсэд хамаарах эсэх талаар, мөн тухайн хаясан гэх зүйл нь элс  эсхүл лакан шавар байсан эсэх, өөрөөр хэлбэл хог хаягдал мөн эсэх талаар  нотлох баримт байхгүй байна.   

Түүнчлэн эдгээр нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр  холбогдогч Ж.Уатханы гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох учиртай юм.

2. Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс  гаргуулахаар Зөрчлийн тухай хуулийн  7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан  байх   тул  энэхүү зүйл, заалтаар шийтгэл оногдуулахын тулд  дээр дурдсанаар хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг зайлшгүй тогтоосон байхаар хуульчилжээ.

 Гэтэл  холбогдогч Ж.Уатханд усны сан бүхий газарт хог хаягдал хаясан зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан боловч хэчнээн хэмжээний хог хаягдал, ямар хэмжээтэй талбай бүхий газарт хаясан, үүний улмаас  иргэн, төрийн  байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, байгаль орчинд  ямар хохирол  учирсан буюу зөрчлийн улмаас учирсан  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байгаа, мөн хариуцагч улсын байцаагчаас  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан[6] болно.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн  1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”,   4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж  тус тус заасан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар   Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь  зөрчлийн улмаас учирсан  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, тооцохтой  холбогдон үүссэн харилцааг зохицуулна”,3.1-д “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар бол  эрх бүхий албан тушаалтан  зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно”, 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо  Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно”, 3.3-т “Зөрчлийн тухай хууль, бусад хууль , захиргааны хэм хэмжээний актаар  зөрчлийн улмаас учирсан  хохирол, нөхөн төлбөрийн тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол  эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль,Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж,  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно”  гэж тус тус  заасан.

Иймд эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол  уг хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох буюу  энэ талаар нотлох баримт цуглуулах, шаардлагатай бол  холбогдох хууль, журмын дагуу шинжээч томилох зэрэг ажиллагаануудыг хийж хохирол, нөхөн төлбөрийг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...нөхөн төлбөрийг тогтоох боломжгүй байсан,... нөхөн төлбөрийг тогтоохын тулд мэргэжлийн хүмүүс, эсвэл гаргасан журам стандарт нь байх ёстой”  гэх  тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.  

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, 2.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн  1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж тус тус заасан.

Зөрчилд холбогдогч нь зөрчил шалган шийдвэрлэх  ажиллагаанд мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан тодорхой эрх, үүрэгтэйгээр оролцохоор хуульчилсан бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч Б.Еаас уг зөрчилд холбогдогч Ж.Уатханд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, танилцуулсан талаар  нотлох баримт байхгүй байх  тул  уг хүнд  холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар  иргэн Ж.Уатхан нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8-д заасан “усны сан бүхий газарт хог хаягдал хаясан” зөрчил үйлдсэн нь ил тодорхой биш буюу  уг зөрчлийг үйлдсэн талаар  нотлох баримт  хангалттай бүрдээгүй,  7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, шийтгэл оногдуулахаар заасан байхад  хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоогоогүй, мөн  холбогдогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх  эрх, үүргийг танилцуулаагүй буюу улсын байцаагч Б.Еаас  уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй  болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан  нь  хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн хууль бус  байх тул иргэн Ж.Уатханд 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан  улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасны дагуу ирүүлсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дах хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3,1.5-д  заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  дүгнэлтийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0169378 дугаартай “Хялбаршуулсан  журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар   прокурор нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т  зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЕРКЕШ

 

 

           

 

[1] Хэргийн 13-р хуудас

[2] Хэргийн 5, 15-16,28-30-р хуудас

[3] Хэргийн 6, 7-р хуудас

[4] Хэргийн 8-9,15-16-р хуудас

[5] Хэргийн 10-11-р хуудас

[6] Хэргийн 28-30-р хуудас