Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 79

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч  Ц.Батзориг,

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржгин овогт Жанчивдоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201615000236 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг, Алтан тал гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 419 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хорих ял болгож өөрчилсөн, 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 37 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржгин овогт Жанчивдоржийн Мөнхбаяр. /РД:ЙЭ73031911/

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг “Хунтын гарам” гэх газар өөрийн эхнэр А.Амаржаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, охин М.Оюунбадамыг чулуугаар цохиж бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

           ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр машин шаварт суугаад гол дээр хоносон байсан. Манай эхнэр А.Амаржаргал яасан гээд гэрээс ирсэн. Тэгээд би мотоциклио аваад эхнэртэй хамт адуундаа явсан. Машинд байсан архийг аваад Жаргалтай хамт хувааж уучихаад адуугаа туугаад гэртээ ирсэн. Эхнэр хүүхдүүдтэйгээ унагаа барьж байгаад би  гэртээ орсон. Намайг гараад ирсэн чинь манай эхнэр хүүхдүүд 2 унага барьж чадахгүй байсан. Тэгээд би мотоциклио асаагаад унагаа барих гээд нэлээн хөөцөлдөөд баригдахгүй болохоор нь унага руу чулуу аваад шидсэн чинь охин М.Оюунбадамыг цохьсон. Би хүүхэд рүүгээ чулуу шидээгүй. Унага руу л чулуу шидсэн. Тэгсэн эхнэр хүүхэд чулуугаар цохьлоо гээд намайг алгадсан. Тэгээд би эхнэрийг ганц нэг удаа цохьсон нь үнэн. Эхнэр манай дүүг дуудсан байсан. Тэгээд л цагдаа ирээд намайг саатуулсан. Саатуулахаас гараад гэртээ ирсэн чинь эхнэр хүүхэд явсан байсан. Эхнэр хүүхдээсээ уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч А.Амаржаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Манай гэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5-р багт байдаг юм. Би Ж.Мөнхбаяртай 1999 онд гэр бүл болсон. Ж.Мөнхбаяр бид хоёроос гурван охин гарсан юм. 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр манай нөхөр гэрээсээ гараад гэртээ ирж хоноогүй. Би 2016 оны 07 дугаар сарын 22-ний өглөө 07 цаг 00 минутын орчим босоод гэрээсээ гарсан чинь манай нөхөр Ж.Мөнхбаяр голын захад машинаа шаварт суулгачихсан хажууд нь зогсож байгаа харагдсан. Тэгээд би наанаас нь алхаж очоод юу болсон талаар асуусан чинь өчигдөр маш их согтсон байна. Гарам андуураад энд машинаа суулгачихлаа гэж хэлээд жаахан халамцуу зогсож байсан. Тэгээд Ж.Мөнхбаяр бид хоёр явган алхаад Жагай гэх айлд очсон. Ж.Мөнхбаяр Жагай гэх айлд ороод өврөөсөө 0.5 граммтай хагас шил харзтай архи гаргаж ирээд Жагайтай хувааж уусан. Тэр архийг уугаад Ж.Мөнхбаяр нэлээд согтсон. Тэгээд бид хоёр мотоцикльтой адуу руугаа явсан. Тэгээд Ж.Мөнхбаяр бид хоёр адуугаа туугаад гэртээ харьсан. Бид хоёр гэрийн гадаа ирээд би хоёр хүүхэдтэйгээ унагануудаа уясан. Харин нөхөр Ж.Мөнхбаяр гэртээ ороод нэг хүнтэй утсаар яриад чанга чанга дуугараад хэрэлдээд байгаа бололтой байсан. Би хоёр хүүхэдтэйгээ унагануудаа уяад хоёр унага уях дутуу байж байсан чинь манай нөхөр гэрээсээ утсаа барьчихсан хүнтэй утсаар хэрэлдээд гараад ирсэн. Тэгээд хоёр унагаа уях гээд бид нар хөөцөлдөөд баригдахгуй байсан чинь манай нөхөр уурлаад мотоциклио асаагаад тэр хоёр унагатай гүүг зэл тойруулж мотоциклиор хөөгөөд байсан. Тэгээд манай хоёр охин М.Оюунбадам, М.Бадамхорлоо бид гурвыг та нар халуун юманд хүрэх гэж байгаа биш наад унагаа бариад ав, гичийнүүд минь гэж хараагаад хоёр унагатай гүүгээ зэл тойруулж хөөгөөд байсан. Тэгээд мотоциклио зогсоож бууж ирээд дунд охин М.Бадамхорлоог чи муухай
хараад байна уу гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд Ж.Мөнхбаяр баахан харааж
уурлаж байгаад том охин М.Оюунбадам руу том аяга орчим хэмжээтэй чулуу аваад
шидсэн. Тухайн үед манай охин М.Оюунбадам цаашаа хараад зугтаасан чинь уг чулуу
яаг араас нь очоод толгой руу нь цохьсон. Тухайн үед М.Оюунбадам чулуугаар
цохиулаад газар дээшээ хараад унасан. Намайг чи хүүхэд алах нуу гэж хэлээд
гүйгээд очсон чинь М.Оюунбадамын толгой нь хагарчихсан цус гарч байсан. Би очоод
Ж.Мөнхбаярыг чи яагаад хүүхэд чулуугаар цохиж байгаа юм бэ? гэж хэлээд гараараа
алгадсан харин намайг Ж.Мөнхбаяр нуруу руу гараараа хоёроос гурван удаа
цохьсон. Тэгээд манай хоёр охин гүйж ирээд салгасан чинь Ж.Мөнхбаяр мотоциклио
асаагаад хоёр охиноо зодох гэж хөөсөн. Харин манай хоёр охин зугтаагаад ус руу
орсон. Тэгээд Ж.Мөнхбаяр буцаж ирээд гэрийн үүдэнд намайг машины хугархай нэг
талдаа боолттой нум төмрөөр нуруу руу нэлээд олон удаа цохьсон мөн намайг гэрт
чирч оруулаад хөл, толгой руу өшигчөөд байсан. Хэдэн удаа цохиж, өшиглөсөн эсэхийг
мэдэхгүй. Мөн намайг орон дээр дарж аваад дээр мордож суугаад гараараа хоолой
шахаад чамайг алчихаад дараа нь өөрийгөө ална гэж хэлээд дайраад байсан. Тэгээд
гэрийн гадаа машины дуу гарахаар нь гараад харсан чинь манай нөхрийн дүү
Ж.Бат-Эрдэнэ ирсэн. Ж.Бат-Эрдэнэ ирээд Ж.Мөнхбаярыг загнасан. Мөн удалгүй
цагдаа нар ирээд Ж.Мөнхбаярыг аваад явсан…”,

“…Манай нөхөр Ж.Мөнхбаяр нь М.Оюунбадам руу шидсэн чулуу дунд зэргийн хэмжээтэй нимгэн хавтгай чулуу байсан. Тэр чулуу одоо хаана байгаа эсэхийг мэдэхгүй. Намайг цохьсон төмөр нь 40 см хэмжээтэй нэг талдаа булцуутай нум төмөр байсан. Одоо тэр төмөр хаана байгааг мэдэхгүй байна. Ж.Мөнхбаяр 05 граммтай Харзтай архины хугас шил архи Т.Жаргалтай хувааж уусан. Маргаан болох үед Ж.Мөнхбаяр бага зэрэг согтуу байсан. Ж.Мөнхбаяр их согтуу бол байгаагүй. Манай нөхөр Ж.Мөнхбаяр 2000 онд намайг миний нүд рүү цохьсон. 2011 онд толгой хагалж байсан. Өөр намайг зодож байгаагүй. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай нөхөр намайг зовоон тарчлаах шинжтэй байдлаар зодож байгаагүй. Харин гэр бүлийн ойр зуур хэрүүл байдаг байсан. Би өөрийн нөхөр Ж.Мөнхбаяраас хурдан салмаар байна. Харин намайг зодсон үйлдэлд би өөрийн нөхөр Ж.Мөнхбаярт одоо болон цаашид гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний бие зүгээр болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 19 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Оюунбадамын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Манай гэр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5-р багийн нутагт байдаг юм. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай аав Ж.Мөнхбаяр гэрээсээ гараад гэртээ ирж хоноогүй. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 00 минутын орчим манай ээж гэрээсээ гараад аав чинь гол дээр машин нь шаварт суугаад хоносон байна, ээж нь аав дээр чинь очоод ирнэ гэж хэлээд явган гол руу явсан. Тэгээд 08 цаг 30 минутын орчим аав, ээж хоёр мотоцикльтой адуугаа туугаад гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд манай аав гэртээ орсон харин манай ээж, дүү бид гурав унага уясан. Тэгээд хоёр унага баригдахгүй зугтаагаад бид гурав хөөцөлдөөд байж байсан чинь манай аав гэрээс нэг хүнтэй утсаар маргалдаад чанга чанга дуугараад гараад ирсэн. Тэгээд манай аав зэлэн дээр нөгөө хүнтэйгээ утсаар маргалдаж байгаад буцаж гэр рүүгээ яваад мотоциклио асааж ирээд баригдахгүй байсан унага зэргийг барьж авах гээд мотоциклиороо зэл тойруулж хөөгөөд байсан. Тэгээд адуу руу чулуу авч шидээд ээж бид гуравыг наад унагаа бариад аваач та нар халуун юманд хүрэх гэж байгаа юм уу гээд бид нарыг загнаад байсан. Тэгээд унагаа хөөж байгаад баригдахгүй байхаар нь аав мотоциклио тавьчихаад явган хүрч ирээд манай дүү М.Бадамхоролоог чи муухай хараад байгаарай гичий минь гэж хэлсэн. Тэгээд манай дүү гүйгээд адуугаа эргүүлсэн. Тэгээд аав зогсож байгаад газраас миний гарын алганы хэмжээтэй хавтгай чулуу над руу аваад шидсэн. Тэр үед би цаашаа хараад зугтаасан чинь уг аавын шидсэн чулуу миний толгойны ар хэсэгт оноод миний толгойг хагалчихсан. Тэгээд манай аав хүрч ирээд намайг зодох гээд байхаар нь манай ээж намайг өмөөрөөд салгасан. Тэгээд дүү бид хоёр хойшоо гол руу зугтаасан чинь манай аав араас мотоциклио асаагаад хөөсөн.Тэгээд дүү бид хоёр усанд ороод зогссон чинь аав буцаад явсан. Тэгээд бид хоёр буцаад ирсэн чинь аав, дүү бид хоёр луу чулуу шидээд байсан. Мөн ээжийг гэрийн гадаа гараараа 6-7 удаа цохиод өшиглөөд байгаа харагдсан. Тэгээд голын захад дүү бид хоёрыг зогсож байхад аав ээжийг гэр лүү аваад орж байгаа харагдсан.Тэгээд Ж.Бат-Эрдэнэ ах ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд аавыг аваад явсан. Маргаан болох үед манай аав бага зэрэг согтуу байсан. Их согтуу бол байгаагүй. Гүйгээч чи гээд манай аав над руу чулуу шидсэн юм. Манай аавын шидсэн чулуу миний толгойг хага цохьсон. Би шүүх эмнэлгийн эмчийн 241 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Би ааваас нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн эцэг Ж.Мөнхбаярт гомдолтой байна. Миний толгойг чулуугаар хагалсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Бадамхорлоогийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Манай аав 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ гараад гэртээ ирж хоноогүй. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 00 минутын орчим манай ээж гэрээсээ гарж харчихаад аав чинь голын захад машин нь суучихсан байна, ээж нь очоод ирнэ гэж хэлээд явган явсан. Тэгээд 08 цаг 30 минутын орчим аав, ээж хоёр мотоцикльтой адуугаа туугаад гэртээ ирсэн. Аав гэртээ ороод утсаар нэг хүнтэй чанга чанга дуугараад маргалдаад байгаа бололтой байсан. Харин ээж эгч бид гурав унагаа уясан. Тэгээд хоёр унага баригдахгүй зугтаагаад байхаар нь бид нар хөөцөлдөөд байж байсан чинь аав гэрээс гарч ирээд зэлэн дээр ирсэн. Тэгээд аав хоёр унагаа барьж авах гээд хөөцөлдөөд баригдахгүй байсан чинь аав мотоциклио асааж ирээд адуугаа зэл тойруулж хөөгөөд уурлаад байсан. Тэгээд аав мотоциклиосоо бууж ирээд намайг чи муухай хараад байгаа юм уу гэж хэлээд загнаад байхаар нь би цаашаа яваад өгсөн юм. Тэгээд манай эгч М.Оюунбадам зэлний хажууд зогсож байсан чинь аав том чулуу аваад М.Оюунбадам эгч рүү шидсэн. Тэр үед М.Оюунбадам эгч цаашаа зугтаасан чинь аавын шидсэн чулуу нь М.Оюунбадам эгчийн толгой руу нь оноод толгойг нь хагалчихсан. Тэгээд ээж М.Оюунбадам эгчийг өмөөрсөн чинь аав ээжийг гараараа цохиод зодоод байгаа бололтой байсан.Тэгээд эгч бид хоёр ээжийг ааваас өмөөрсөн чинь аав эгч бид хоёрыг зодох гээд мотоциклио асаагаад араас хөөсөн бид хоёр гол дотор ороод зогссон чинь аав буцаад яваад өгсөн.Тэгээд аав буцаж очоод ээжийг гэрийн гадаа машины нум төмрөөр гар, хөл рүү нь цохиод зодоод байсан. Тэгээд аав ээжийг гэр лүү аваад орсон, харин эгч бид хоёр гол дээр хараад зогсож байсан чинь Ж.Бат-Эрдэнэ ах ирсэн. Мөн цагдаа нар ирээд аавыг аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29      хуудас/,

Гэрч Т.Жаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Манайх Ж.Мөнхбаяр гэх айлтай саахалт нутагладаг юм. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 00 минутын орчимд санагдаж байна. Ж.Мөнхбаяр эхнэр А.Амаржаргалтайгаа манайд явган ирсэн. Тэр хоёр ирэхдээ машинаа шаварт суулгаад хэд хонолоо гэж ярьж байсан. Ж.Мөнхбаяр манайд “Харзтай” нэртэй 0.5 граммтай архины хугас багацаагаар 4 хуруу архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Бид хоёр 100, 100 грамм архи л уусан байх. Манайд архи байгаагүй учраас өөр архи уугаагүй. Тэр хоёр манайд 30 орчим минут байж байгаад манай мотоциклийг унаад адуундаа явсан. Ж.Мөнхбаяр манайд орж ирэхдээ эрүүл байсан. Манайд авч ирсэн хугас архиа хувааж уугаад согтсон зүйл харагдаагүй. Манай гэрээс тэр хоёр явахдаа маргалдсан зүйл байгаагүй. Манайхтай айл нутагладаг байхдаа эхнэр хүүхэдтэйгээ маргалдаад байдаггүй байсан. Ж.Мөнхбаяр нь нас тогтсон, томоотой хүн шиг санагдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 241 дугаартай: “…1. М.Оюунбадамын биед толгойд шарх, баруун чихний хөхлөг сэртэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Тогтоох боломжгүй. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 240 дугаартай: “…1. А.Амаржаргалын биед тархи доргилт, зүүн гарын бугалга, нуруунд, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Тогтоолд дурьдсанаар хэрэг болсон цаг хугацааны гэмтлийг тогтоох боломжтой. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 97 хуудас/,

Шүүгдэгч Ж.Мөнхбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/

Шүүгдэгч Ж.Мөнхбаярын хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 61/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/,  Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63/, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого /хх-ийн 64/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 65 хуудас/, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 41/2345 тоот албан бичиг /хх-ийн 77/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 579 тоот албан бичиг /хх-ийн 79/,

Хохирогч А.Амаржаргалын шүүхэд ирүүлсэн “...Ж.Мөнхбаяр нь ял авсан ч гарч ирэхэд та нар байж байна гээд занаад байхаар нь айгаад гомдолгүй гэж хэлсэн юм. Би Ж.Мөнхбаяртай уулзмааргүй байна. Эрүүл мэнд бие сэтгэлээрээ хохирсон учир гомдолтой байна. Нийт 5 удаа 5-6 хүн Өвөрхангай аймаг руу явж ирсний төлбөрт 735000 төгрөг Ж.Мөнхбаяраас нэхэмжилж байна. Би ажилтай тул шүүх хуралд суух боломжгүй тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлт

Насанд хүрээгүй хохирогч М.Оюунбадамын шүүхэд ирүүлсэн “…Манай аав, ээжийг байнга зодож дарамталдаг. Архи уухаараа хүүхдүүдээ элдвээр хэлж зоддог. Сүүлийн үед эрүүл байсан ч хэрцгий зан авиртай болсон. Иймд би багаасаа хэцүү дарамтанд өссөн болохоор аавдаа дургүй. Хичээлтэй болохоор би шүүх хуралд оролцох боломжгүй тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн нутаг “Хунтын гарам” гэх газар өөрийн эхнэр А.Амаржаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, мөн охин М.Оюунбадамыг чулуугаар толгойн тус газар нь цохиж бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч А.Амаржаргалын шүүгдэгч Ж.Мөнхбаярт зодуулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, мөн насанд хүрээгүй хохирогч М.Оюунбадамын шүүгдэгч Ж.Мөнхбаярт чулуугаар толгойн тус газраа цохиулсны улмаас тархи нь хагарсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Бадамхорлоо, Т.Жаргал нарын мэдүүлэг, хохирогч А.Амаржаргал, насанд хүрээгүй хохирогч М.Оюунбадам нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 240, 241 тоот шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            Шүүгдэгч Ж.Мөнхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хохирогч А.Амаржаргал, насанд хүрээгүй хохирогч М.Оюунбадам нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүйг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хохирогч А.Амаржаргал нь хохиролд 735000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Амаржаргал  нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт Ж.Мөнхбаярын эзэмшлийн 6 тооны үхэр битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292.2, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржгин овогт Жанчивдоржийн Мөнхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Боржгин овогт Жанчивдоржийн Мөнхбаярыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1536000 /нэг сая таван зуун гучин зургаан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбаяр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Мөнхбаяр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч А.Амаржаргалын нэхэмжилсэн 735000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ж.Мөнхбаярын эзэмшлийн 6 тооны үхрийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Мөнхбаярт  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЦЭЦЭГЭЭ