| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Б.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овогт Б******* Х*******т холбогдох эрүүгийн 2131000420084 тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19******* оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй. тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 2 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
******* овогт Б******* Х******* /РД:МП*******053035/ регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Х******* нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 2 дугаар баг, ******* тоот гэртээ мэдээлэл технологи ашиглан “фэйсбүүк” олон нийтийн сүлжээгээр “Б.Х*******” нэртэй цахим хаягаас live бичлэг ашиглан, ашиг олон зорилгоор хөзөр “Техас” покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Х*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яллаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болноо. Мөрийтэй тоглоом 17-18-ны шилжих шөнө зохион байгуулсан. Би өөрөө бол анх цахим орчноор тухайн тоглоомыг анх харсан. Тэгээд тухайн тоглоом нь амархан юм байна гэж бодоод найзуудтайгаа ярилцсан. Тухайн үедээ өнгөцхөн бодож байсан байна. Миний буруу... ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Х*******ын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө Г.Ганцэцэг гэсэн цахим хаягаас орж тоглосон юм. Тухайн үед хадам ээж Билэг, Анударь гэдэг охиныг л би таньж байсан юм. Бусад хүмүүсийг нь сайн танихгүй юм байна лээ. Угаасаа нэг тоглохдоо 4 хүн тоглож байсан юм. Би хожсон 10000 төгрөгөө өөрийн нөхөр болох Б.Хэнмэдэхийн Хаан банкны 5685051732 дугаарын дансаар авсан. Мөн хадам дүү Б.Х*******ын Хаан банкны данс руу 5000 төгрөг хийхдээ ч нөхрийнхөө Хаан банкны 5685051732 дугаарын дансаар хийсэн юм. Би нөхрийнхөө Хаан банкны дансыг ашиглаж мөнгө хийж тоглосон болохоос нөхөр маань энэ тоглоомыг огт тоглоогүй юм. Манай хадам дүү Х******* өмнө нь ийм тоглоом тоглож байгаагүй ээ. Анх удаа л ингэж тоглуулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө Өнөболд.Г нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт Шаравдорж, Сингаа, Б.Х******* ахын найз охин нь болох Сосо, *******чулуун нар тоглож байсан юм аа. Би 15000 төгрөг хожоод Б.Х******* ахын Хаан банкны данснаас өөрийнхөө Хаан банкны 5685090759 данс руу хийлгүүлж авсан юм аа. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Би Х******* ахыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч А.*******чулууны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тухайн үед өөрийнхөө А.*******чулуун нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт Шаравдорж, Анхбаяр, Өнөө гэсэн хаягтай хүмүүстэй тоглож байсан юм аа. Би 10000 төгрөг хожоод б.Х******* ахын Хаан банкны данснаас өөрийнхөө Хаан банкны 5685090759 данс руу хийлгүүлж авсан юм аа. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Х******* ахыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө Даваажав, Шаравдорж нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм. Тухайн үед надтай хамт Ц.Анхбаяр лав тоглож байсан, нөгөө 2 хүнийг нь би санахгүй байна. би 10000 төгрөг данс руу нь хийж тоглоод хамгийн сүүлд 10000 төгрөг хожоод тэр мөнгөө өөрийнхөө Хаан банкны данс руу хийлгүүлж аваад тэр тоглоомоос гарсан. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй. Би Х*******ыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тухайн үед өөрийнхөө Ц.Анхбаяр нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт *******чулуун лав тоглож байсан юм. Нөгөө 2 хүнийг нь би санахгүй байна. би 10000 төгрөг хожоод тэр мөнгөө авалгүйгээр тоглоод дуусгасан юм аа. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Б. Х******* ахыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч 2021 оны 05 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Б******* Х*******той төрсөн ах дүүс бөгөөд миний дунд ах юм. Төрсөн цагаасаа хойш цуг амьдарч байна. Би ахтайгаа хамгийн сүүлд 2021 оны 05 дугаар сарын эхээр уулзсан. Тэр үед ах маань уулнаас буюу Сэлэнгэ аймаг хүдэр сум нэгдүгээр баг тарвагатай “Ирак толгой” нэртэй уулнаас бууж ирээд Сүхбаатар суманд вакцин хийлгээд явж байсан. Тэрнээс хойш нэг их удалгүй буцаад “уул руу гарч самар түүнэ” гээд явсан. Би хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Манай ахтай холбоо барих боломжгүй байгаа. Уул руу гарчихаар хэзээ ирэх нь тодорхойгүй байдаг юм. Манай ээж Билэгт бас цуг явсан. Би ээж, ах хоёрыгоо 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө болон түүнээс хараагүй удаж байна. Миний төрсөн ах Б******* Х******* нь нийтэч, хөгжилтэй амьдралын төлөө зүтгэдэг, мөнгө олж болох хар бор ажлуудыг гололгүй хийдэг. Хүн байгаа юм. Одоо ******* настай албан ёсны гэр бүлгүй ч гэсэн найз охинтой түүнийх нь хаана байдаг талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2017 оны 1 сараас эхлэн багийн засаг даргын албан тушаалыг хаших болсон. Би Х*******ыг багийн иргэн гэдэг утгаар нь мэднэ. Манай багт 2021 оны 02 дугаар сарын орчимд нүүж ирээд хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн. Нүүж ирсэн цагаасаа хойш буюу 2021 оны 02 дугаар 24-нд миний албан өрөөнд орж ирэн оршин суугаа хаягийн тодорхойлолт хүссэн би тамга тэмдэгтэй болон гарын үсэгтэй хүчин төгөлдөр оршин суугаа хаягийн тодорхойлолт олгосон. Би Б******* Х*******той 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр нутгийн захиргааны орчимд мэндлээд зөрсөн. Тэр цагаас хойш хараагүй. Б******* Х******* нь манай багийн ажилгүй иргэдийн судалгаанд бүртгэлтэй, манай багийн нутаг дэвсгэр дээр тээврийн хэрэгсэл засварын газар ажиллуулдаг. Би Б.Х*******ын аавыг нь танина нэг нутаг усанд олон жил амьдарч байгаа хүмүүс, Х******* бол яах вэ надтай нэг мэнд устай л явдаг хүүхэд байгаа юм. Би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Би 2021 оны 05 дугаар сарын эхэн үеэр ардчилсан намын даргын сонгуульд санал өгөхөөр явж байхдаа Х******* аав Батсайхантай таарч Х*******ыг асуухад ээжтэйгээ хамт уул руу самарт явсан гэж хэлсэн. Хаашаа хэдэн хоног явсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 03-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-р хуудас /, харилцах дансны хуулга, /хх-ийн 38-49-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 61-62-р хуудас/, хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 64-р хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 78-р хуудас/, мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б******* Х******* нь 2021 оны 01 дүгээр сарын 17-с 19-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сум, ******* 2 дугаар баг, Хайрхан ******* тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан “фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Б.Х*******” нэртэй хаягнаас дүрстэй шууд дамжуулалт буюу Ыуе-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан техас покер буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Х*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яллаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Мөрийтэй тоглоом 17-18-ны шилжих шөнө зохион байгуулсан. Би өөрөө бол анх цахим орчноор тухайн тоглоомыг анх харсан. Тэгээд тухайн тоглоом нь амархан юм байна гэж бодоод найзуудтайгаа ярилцсан. Тухайн үедээ өнгөцхөн бодож байсан байна. Миний буруу... ” гэх мэдүүлгээр,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө Г.Ганцэцэг гэсэн цахим хаягаас орж тоглосон юм. Тухайн үед хадам ээж Билэг, Анударь гэдэг охиныг л би таньж байсан юм. Бусад хүмүүсийг нь сайн танихгүй юм байна лээ. Угаасаа нэг тоглохдоо 4 хүн тоглож байсан юм. Би хожсон 10000 төгрөгөө өөрийн нөхөр болох Б.Хэнмэдэхийн Хаан банкны 5685051732 дугаарын дансаар авсан. Мөн хадам дүү Б.Х*******ын Хаан банкны данс руу 5000 төгрөг хийхдээ ч нөхрийнхөө Хаан банкны 5685051732 дугаарын дансаар хийсэн юм. Би нөхрийнхөө Хаан банкны дансыг ашиглаж мөнгө хийж тоглосон болохоос нөхөр маань энэ тоглоомыг огт тоглоогүй юм. Манай хадам дүү Х******* өмнө нь ийм тоглоом тоглож байгаагүй ээ. Анх удаа л ингэж тоглуулсан байх...” гэх мэдүүлгээр,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө Өнөболд.Г нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт Шаравдорж, Сингаа, Б.Х******* ахын найз охин нь болох Сосо, *******чулуун нар тоглож байсан . Би 15000 төгрөг хожоод Б.Х******* ахын Хаан банкны данснаас өөрийнхөө Хаан банкны 5685090759 данс руу хийлгүүлж авсан. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Би Х******* ахыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Гэрч А.*******чулууны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тухайн үед өөрийнхөө А.*******чулуун нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт Шаравдорж, Анхбаяр, Өнөө гэсэн хаягтай хүмүүстэй тоглож байсан юм аа. Би 10000 төгрөг хожоод Б.Х******* ахын Хаан банкны данснаас өөрийнхөө Хаан банкны 5685090759 данс руу хийлгүүлж авсан юм аа. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Х******* ахыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тухайн үед өөрийнхөө Даваажав, Шаравдорж нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт Ц.Анхбаяр лав тоглож байсан юм нөгөө 2 хүнийг нь би санахгүй байна. би 10000 төгрөг данс руу нь хийж тоглоод хамгийн сүүлд 10000 төгрөг хожоод тэр мөнгөө өөрийнхөө Хаан банкны данс руу хийлгүүлж аваад тэр тоглоомоос гарсан юм аа. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Би Х*******ыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Гэрч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тухайн үед өөрийнхөө Ц.Анхбаяр нэртэй цахим хаягнаасаа орж тоглосон юм аа. Тухайн үед надтай хамт *******чулуун лав тоглож байсан юм. Нөгөө 2 хүнийг нь би санахгүй байна. би 10000 төгрөг хожоод тэр мөнгөө авалгүйгээр тоглоод дуусгасан. Би өмнө нь ийм тоглоомд оролцож байгаагүй ээ. Б. Х******* ахыг өмнө нь тоглуулж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Б.Х*******ын ХААН банкны харилцах дансны хуулга, оролго зарлагын мэдээлэл /хх-ийн 38-52 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан Б.Х*******ын хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 78-р хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан.
Харин Б.Х*******ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэхээр хуульчлагдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх хуралдаанаар: Шүүгдэгч Б.Х******* нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг танилцуулсныг зөвшөөрч, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардан авсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг зэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.Х*******ыг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Х*******ыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б******* Х******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Х*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Х*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Б******* Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б******* Х*******т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Х*******т мэдэгдсүгэй.
5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Х******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ