| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01714/И |
| Дугаар | 2433 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2433
| 2017 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2017/02433 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, “РТС” Улсын төсөвт үйлдвэрийн газар /РД:5021111/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “ГД” ХХК /РД:2725878/-нд холбогдох
Телевизийн нэвтрүүлэг дамжуулсан төлбөрт 102 645 338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “РТС” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“РТС” УТҮГ нь Монгол улсын нутаг дэвсгэрт Радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор авсан хуулийн этгээд юм. Манай газар энэхүү тусгай зөвшөөрлийнхөө дагуу Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон арилжааны телевизүүдийн хөтөлбөрүүдийг Харилцаа холбооны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулан Монгол улсын нийт нутаг дэвсгэр, 350 сум сууринд тоон станцуудаар телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг. “ГД” ХХК нь түүний ТВ-5 телевизийн хөтөлбөрийг ч байгуулсан гэрээ /2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АГ16/37 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТТГ15/201 тоот хотын орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээ/-ний үндсэн дээр манай газар дамжуулсан. Харилцаа холбооны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар үйлчилгээний төлбөрийг хариуцагч болох “ГД” ХХК буюу ТВ-5 телевиз нь саадгүй төлөх үүрэгтэй. Гэвч 2016 оны 7 дугаар сараас хойш төлбөрөө огт төлөөгүй. Манай газраас удаа дараа албан бичиг өгсөн, утсаар холбогдсон боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагчаас АГ16/37 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон даяар телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөр 75 701 700 төгрөг, алданги 12 904 460 төгрөг, Улаанбаатар хот орчимд ТТГ15/201 тоот хотын орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээний дагуу телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөр 11 988 409 төгрөг, алданги 2 050 769 төгрөг нийт 102 645 338 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ГД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь “ГД” ХХК буюу ТВ-5 телевизийг хариуцагчаар дуудсан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. “ГД” ХХК ТВ-5 телевиз нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь 2016 оны эхэнд МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэр телевизийн мэдээллийн байгууллагууд буюу Монголын телевизүүдийн холбоо улс орны эдийн засаг хүнд хаа хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед өргөн нэвтрүүлгийн орон даяар нэвтрүүлгээ цацдаг телевизүүд хямарч дахин дамжуулалтын төлбөрөө төлөх боломжгүй болж буй тул чөлөөлөх хүсэлт тавьсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 6 дугаар сард дахин уулзахдаа нааштайгаар шийдвэрлэснээ дуулгасан юм. Тэр нь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын төсөвт нэмэлт 700 сая төгрөг тодотголоор суулгаж өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлбөрийг чөлөөлсөн гэдгээ мэдэгдсэн юм. Иймд 2016 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “РТС” УТҮГ нь хариуцагч “ГД” ХХК-д холбогдуулан телевизийн нэвтрүүлэг дамжуулсны төлбөрт 102 645 338 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “РТС” УТҮГ нь хариуцагч “ГД” ХХК-нд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АГ16/37 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу орон даяар телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөр 75 701 700 төгрөг, алданги 12 904 460 төгрөг нийт 88 606 160 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТТГ15/201 дугаартай “Хот орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээ”-ний дагуу Улаанбаатар хотод телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөр 11 988 409 төгрөг, алданги 2 050 769 төгрөг нийт 14 039 178 төгрөг, дээрх хоёр гэрээний үүрэгт нийт 102 645 338 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч “ГД” ХХК нь телевизийн хөтөлбөр дамжуулсанд маргаагүй, харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны 6 дугаар сард дахин дамжуулалтын төлбөрөөс арилжааны телевизүүдийг чөлөөлж, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын төсөвт нэмэлт 700 сая төгрөгийг тодотголоор суулгаж телевизийн хөтөлбөр дамжуулсаны төлбөрөөс чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Харилцаа холбооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Монгол улсын нутаг дэвсгэрт радио, телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ эзэмших, ашиглах эрхийнхээ хүрээнд арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах эрхтэй болох нь хх-6 хуудасд авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АГ16/37 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” уг ажлын ашиглалтын төлбөр нэг сарын 7 570 170 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТТГ15/201 дугаартай “Хот орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээ” уг ажлын ашиглалтын төлбөр нэг сарын 1 218 494 төгрөг, тус хоёр гэрээний дагуу нэхэмжлэгч “РТС” УТҮГ нь телевизийн нэвтрүүлэг дамжуулах сүлжээ эзэмших эрхийнхээ хүрээнд хариуцагч “ГД” ХХК-ийн телевизийн нэвтрүүлгийг Монгол улсын нийт нутаг дэвсгэр, 350 сум суурин газар, Улаанбаатар хот орчимд дамжуулах ажлыг гүйцэтгэхээр гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-10-15 хуудас, 29-32 хуудас/
Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарч байна.Учир нь нэхэмжлэгч телевизийн нэвтрүүлэг дахин дамжуулах сүлжээ эзэмших тусгай эрхийнхээ хүрээнд телевизийн нэвтрүүлэг дамжуулах ажил гүйцэтгэх, захиалагч дамжуулсан нэвтрүүлэг буюу ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээж байна.
Харин талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээнд хамаарахгүй юм. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн бэлэн нэвтрүүлгийг дамжуулахдаа сүлжээ эзэмших, ашиглах эрхийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байгаа тул уг тусгай эрхийг гэрээгээр бусдад түрээслэх эрхгүй, нөгөө талаар нэвтрүүлэг дамжуулах станцуудыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлээгүй байх тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Радио, телевизийн сүлжээг радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөр бэлтгэх байгууллага үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана” гэж заасны дагуу хариуцагч “ГД” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АГ16/37 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТТГ15/201 тоот гэрээнүүдийг байгуулж телевизийн нэвтрүүлэг дамжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ГД” ХХК нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны 6 дугаар сард телевизийн нэвтрүүлэг дамжуулсан төлбөрөөс арилжааны телевизүүдийг чөлөөлсөн тул төлөхгүй гэх татгалзаж байгаа боловч татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд “РТС” УТҮГ-ын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжилсэн нийт 102 645 338 төгрөгнөөс шүүх хоёр гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 87 690 109 төгрөгийн шаардлагыг хангаж, нийт алданги болох 14 955 229 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн АГ16/37 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТТГ15/201 дугаартай “Хот орчмын тоон телевизийн сүлжээ түрээсийн гэрээ”-нүүдийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Захиалагч тал нь энэхүү гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 01 хувийг гүйцэтгэгч талд төлнө” гэж харилцан тохирсон боловч анзын төрлийг тодорхой тусгаагүй тул шүүх анзын төрлийг шууд төсөөтэй хэрэглэх нь хуульд үл нийцнэ гэж үзэж алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэхь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан, татгалзал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч татгалзах зүйлгүй гэж хариулсан байна.
Хуульд заасан хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч нотлох баримт, хүсэлт байхгүй гэсэн бол хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах, хариуцагчийг биечлэн оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна.
Хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсон, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүх хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисонтой холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагчийн өмгөөлөгч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл байх тул анхан шатны шүүх дэгийн дагуу хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, Харилцаа холбооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ГД” ХХК-иас 87 690 109 /наян долоон сая зургаан зуун ерэн мянга нэг зуун есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Радио телевизийн сүлжээ” Улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 955 229 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ГД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 596 400 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ