Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Моодо овогт Батбаярын Давхарбаярт холбогдох эрүүгийн 2031002140168 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Моодо овогт Батбаярын Давхарбаяр, Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, хот хооронд таксинд явдаг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 6 дугаар байр, 23 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлах “Хонгорморьт” нэртэй амралтын газрын амрах байрны гадаа иргэн *******ийг “ах нарынхаа өөдөөс хэрүүл маргаан үүсгэн, зодолдлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, толгойн тус газар нь мөргөж, өшиглөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлах “Хонгорморьт” нэртэй амралтын газрын амрах байрны гадаа иргэн *******ийг “ах нарынхаа өөдөөс хэрүүл маргаан үүсгэн, зодолдлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, толгойн тус газар нь мөргөж, өшиглөж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Хохирогчийн эмчилгээний зардал 300,000 төгрөг шилжүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч *******ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би УИХ-ийн сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Ундрамын сонгуульт ажилд явж ажилласан юм. Тэгээд бидний хэсэг бүлэг нөхдүүд дэмжиж байсан хүн Ундрам сонгуульд ялсан гээд бүгд “Хонгор морьт”-ын амралт руу явахаар болж явцгаасан юм. Тэгээд өнгөрсөн шөнө буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны шөнө яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна ямар ч байсан гэгээ ороогүй байсан юм. Ингээд “Хонгор морьт”-ын амралт руу явна гэж ярьж байгаад “Хөх чулуут” такси зогсоол дээрээс Давхарбаяр, Эрка, түүний эхнэр, бас Гарьдаа нартай хамт 1 таксинд сууж явцгаасан юм. Ингээд амралтын газар руу явах замд би Эрка ахын эхнэр эмэгтэй, /би нэрийг мэдэхгүй/ эгчээс нойтон салфетка гуйхад Эрка ах над руу “би чиний хошногыг чинь арчаад өгөх үү” гээд уурлаад эхлэхээр нь би юу ч ярилгүй чимээгүй явсаар “Хонгор морьт” амралтын газар очиж байрны эгч нартай таарч амралтын өрөөнд нь орж юм ярьж сууж байгаад гарч явж өөрсдийн амралтын өрөө рүү орж амрах гэж байхдаа Эрка ахаас “та намайг яах гэж тэгж хэлсэн” талаар асуухад хажууд байсан Эрка ахын найз нь Тамираа над руу “тэнэг бацаан ах нартайгаа юм ярилаа” гээд “байрнаас гараад ир” гээд намайг амралтын байрнаас дагуулж гараад байрны урд талд Тамираа эхлээд гараараа миний баруун талын хацар шанаа руу нэг цохиж, хөлөөрөө миний зүүн талын хөл рүү өшиглөж газар унагаасан. Амралтын өрөөнд байсан Давхарбаяр, Эрка, *******, *******, ******* нар бүгд гарч ирээд амралтын өрөөнөөс гарч ирж бүгд намайг нийлж тодорхой хэмжээгээр цохиж зодсон. Тэр дунд ******* над руу “чи миний ах нар руу томордог хэн бэ” гэж хэлээд миний хоолойноос боосон. Тэгээд намайг тэд нараас зугтах гэж оролдоход Давхарбаяр намайг барьж аваад хөлөөрөө хавирч газар унагааж миний нүүр, дух руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би тэд нарт зодуулахгүй гэж тэндээс зугтан холдож гүйсээр эгч нарын өрөө рүү ороход нэг нь надад “бид нар цагдаа дуудсан байгаа удахгүй ирнэ” гэж ярьж байсан. Тэгээд би өрөөнөөс гаралгүй цагдаа ирэхийг хүлээж байгаад Цагдаа нар ирэхээр нь болсон явдлыг хэлж хамт амралтын газраас ирсэн. Одоогоор миний толгой их өвдөж байна. Өөр өвдөж зовиурласан зүйл байхгүй. Тухайн үед миний өмсөж явсан ногоон өнгийн цамц баруун талын мөр, хар, улаан өнгийн даавуун цамц нуруу хэсгээрээ урагдсан. Би шүүх эмчид үзүүлж дүгнэлт гаргуулмаар байна. Намайг эхлээд зодоон эхлүүлсэн Эрка, Давхарбаяр, Тамираа, ******* маш их гомдолтой байна. Намайг зүв зүгээр байхад зодсон эдгээр хүмүүст их гомдолтой байна...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.*******ын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анён цайны газрыг түрээсэлж, МАН-ын сурталчилгааны үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж авсан байсан. Тэгээд МАН-ын сурталчилгаанд явдаг хүмүүстэйгээ баяраа тэмдэглээд Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг намын сурталчилгааны байранд байж байгаад тухайн орой шөнийн 00 цагийн орчим цагдаа ирээд бид хэдийг тараасан. Хэсэг хүмүүс нь тараад үлдсэн 10 орчим хүмүүс нь амралт руу явахаар болж, “Хөх чулуут”-ын гаднаас такси аваад явсан. Амралт дээр очоод юм яриад сууж байтал Ганбилэг, Эрка ах хоёр хоорондоо маргалдсан. Ганбилэгийг би өмөөрч дундуур нь орж салгаж байтал нэг нь миний хамар луу цохьсон. Тухайн үед гэгээ орчихсон байсан 4 цагийн орчим байхаа явж нүүр гараа угаад иртэл цагдаа ирсэн байсан. Миний хамар хугарсан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны үүрээр 4 цагийн орчим Аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Рентгенд зургаа авахуулахад хамар хугарсан байна гэхээр нь Дархан-уул аймгийн “Бид” эмнэлэгт очиж үзүүлж хамраа тэгшлүүлсэн. Надад санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч *******ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 24-ний орой сонгуулийн сурталчилгааны ажил дуусаад МАН-ын хүмүүстэй шөнийн 03 цагийн үед “Хонгор морьт” амралтын газар луу явсан. Тухайн амралтын газар луу хамт явсан хүмүүс бол Эрка ах, Эрка ахын эхнэр би нэрийг нь мэдэхгүй, Тамираа, *******, *******, Давхарбаяр, Билэгсайхан, Дуулга ах, Гарьдаа ах, тэгээд нэг танихгүй ах байсан. Тэгээд амралтын газар очоод нэг гэрт манай таньдаг эгч нарын өрөө рүү орсон. Тэгээд 2 цаг гаран эгч нартай юм ярьж сууж байгаад нөгөө хамт явсан хүмүүсийн гэр рүү орсон. Тэгсэн чинь бүгд нэлээн согтуу байж байсан. Эрка гэдэг ах намайг “би чиний бөгсийг чинь арчаад өгөх үү, пизда минь” гэх мэтээр надад үг хаяад байсан. Тэгэхээр нь би “та яагаад намайг ингэж хэлж байгаа юм бэ” гэж асуухад шууд уурлаад “гараад ир” гээд дагуулаад гарсан. Тэгээд гарсан чинь учир нь мэдэгдэхгүй миний нүүр лүү алгадаад байсан. Тэгэхээр нь би уурлаад “давраад байгаарай” гэж хэлтэл Тамираа ах хажуу талаас орж ирээд “чи миний найзтай хэрүүл маргаан хийлээ” гэж миний хөл рүү өшиглөөд байхаар нь би Тамираа ахыг давхар хамаад газар унагаасан чинь Давхарбаяр ирээд миний дух руу толгойгоороо мөргөсөн. Тэгсэн чинь ******* ах ирээд бид нарыг салгасан. Тэгсэн чинь Давхарбаяр над руу дахиж дайраад хөөгөөд байхаар нь зугтаасан чинь араас ******* ах ирээд над руу “одоо болиоч” гээд уурлаад намайг унагаах гээд байхаар нь би ******* ахыг газар унагаасан чинь Давхарбаяр ах гүйж ирээд миний дух хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд арай гайгүй болоод байж байтал ******* ах ирээд “хэн зодоон хийсэн” гээд намайг газар унагааж байгаад миний дагз хэсгээр бетон мөргүүлсэн. Тэгсэн чинь Тамираа ах намайг “муу бацаан намайг газар унагаалаа Давхарбаяраа наадахаа бариад ир, голын эрэг дээр очиж байгаад ална” гэж хэлсэн. Тэгээд би зугтаасан чинь Давхарбаяр намайг барьж аваад боохоор нь би манараад доошоо суусан чинь Тамираа ах ирээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би бол тухайн амралтын газар очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй харин надтай хамт явсан хүмүүс архи уусан байсан. Би Сэлэнгэ аймгийн МАН-ын байранд байхдаа нэг хундага архи уусан. Миний биед учирсан гэмтлийг Давхарбаяр гэх залуу учруулсан. Давхарбаяр нь намайг мөргөснөөс болж миний уруул сэтэрсэн, мөн Давхарбаяр нь миний толгойн хэсэгт өшиглөснөөс болж миний духны хэсэг няцарсан гэмтэл үүссэн. Мөн Тамираа нүүр рүү өшиглөсөн; Эрка нь хөл рүү жийсэн, ******* нь намайг унагаагаад нэг алгадсан. Тамираа, Эрка, ******* нар нь миний биед халдсан боловч гэмтэл учруулаагүй юм. Хувцасны хохирлоо авмаар байна. Мөн би надад гэмтэл учруулсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******гийн 2020 оны 07 дугаар сарын 28--ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганбилэг манай төрсөн хүү байгаа юм. 2020 оны 06 дугаар сард ирсэн яг өдрийг нь мэдэхгүй байна. Сэлэнгэд манай нэг хуурай ах “сонгуулийн ажил байна хүрээд ир” гэсэн гээд явсан. Манай хүү ******* сүртэй юмнаас болоогүй гээд байсан. Надад яг юу болсныг хэлээгүй манай хүүгийн найз болох Намуун нь *******ийг хүнд зодуулсан гэж хэлсэн. Эмчилгээ хийлгээгүй байгаа. Зодуулсныхаа дараа 4 хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд MRI зураг авахуулсан. Ер нь гайгүй гарсан. Манай хүүхэд ******* нь 2014 онд мориноос унаад толгойндоо бэртэл авч байсан. Тэрнээсээ болж ер нь байнга эмчилгээтэй байдаг. Зодуулсныхаа дараа толгой хэсэг газраа жижигхэн жижигхэн хавдсан, уруул нь язарсан байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.*******ын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 24-ний орой 22:00 цагийн сонгуулийн дуусаад Ардын намд хамт ажилласан Тамир, Дуулга, *******, Давхарбаяр, Ганбилэг, Эрка, Билэгсайхан, Гарьд, Улашка бид хэд “Хонгор морьт” амралтын газарт шөнийн 01 цагийн үед амрахаар очсон. Тэгээд бид нар нэг байшинд байрлаад бөөнөөрөө юм яриад сууж байтал Ганбилэг гаднаас орж ирээд Эрка ахтай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Эрка “чи ах нартайгаа ингэж ярьдаг болчихсон юм уу” гээд Ганбилэг, Эрка 2 гараад явсан. Ардаас нь бүгд гарсан. Гадаа гараад Ганбилэг бид нар луу хандаж та нар ах нар шиг байж чадаагүй, бүгдээрээ нэг нэгээрээ зодолдъё гэж чанга дуугаар орилоод байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс бүгд Ганбилэг рүү дайрсан. Тэгэхээр нь би өмөөрөөд салгаж аваад холдуулсан чинь хавирч унагаагаад миний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Ганбилэг рүү чамайг зодуулах гэж байхад чинь салгаж авч байхад гээд би уурласан. Тэгээд салж өгөхгүй бүгдээрээ нийлээд хэрүүл хийгээд байхаар нь би дахиад очоод салгах гэтэл нэг хүн миний хамар луу цохисон. Яг гол шалтгааныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ганбилэг, Эрка ах 2 хоорондоо хэрүүл маргаан хийгээд гадаа гарсан. Бүгд тодорхой хэмжээгээр уусан байсан...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Г.*******ийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сонгуулийн ажил дуусаад Сүхбаатар суманд байдаг “Анён” нэртэй зоогийн газарт Билэгсайхан, Дуулга, Тамир, Эрка, Эркагийн найз охин /танихгүй/, *******, Давхарбаяр, Ганбилэг, Тулга, Улашка, тэгээд хамт ажиллаж байсан нэг эмэгтэй байсан нэрийг нь мэдэхгүй бид нар архи ууж сууж байгаад тухайн газраас гараад “Хөх чулуут” дэлгүүрийн гаднаас такси бариад “Хонгор морьт” амралтын газар луу явсан. Тэгээд очоод нэг байшинд орсон. Бид нар байрлачихаад тоглоод хоол унд идээд юм ярьж суугаад архи, пиво уусан. Шөнө би гадаа гарсан чинь Ганбилэг, Тамирааг хөлөөс нь өргөөд унагааж байсан. Тэгсэн чинь ******* болиулах гээд очих шиг болсон. Тэгсэн чинь Ганбилэг, ******* 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд би салгах гэж оролдсон чинь тэр 2 нэг нэг рүүгээ дайраад салж өгөхгүй байхаар *******ыг би нүүрэн хэсэгт нь 3 удаа гараа цохисон, дараа нь Ганбилэг дээр очоод газарт унагаагаад юм ярьж байгаад боссон. Тэгээд Ганбилэг зугтаад алга болсон байсан...” гэх мэдүүлэг[7],

8. Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 202 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.*******ийн биед толгойн хуйханд язарсан шарх, уруул язарсан шарх, зүүн ташаан толгойн дээд хэсэгт улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[8],

9. Шүүгдэгч ******* 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Аймгийн Прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг Хонгор морьт амралтын газарт иргэн Б.*******ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “Хөнгөн" хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг өгөхдөө болсон бүх зүйлийг тодорхой ярьсан тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Би *******ийн эмчилгээний зардалд гарсан мөнгийг бэлнээр түүнд өгсөн. Ганбилэг бид хоёр сайн дураараа хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг[9],

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгчийн зүгээс 300,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Моодо овогт Батбаярын Давхарбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Моодо овогт Батбаярын Давхарбаярыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 07-08  дугаар тал

[3] Хавтаст хэргийн 09  дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 11-12 дугаар  тал

[5] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 40-41 дугаар тал

[10] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 06-08 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 32-33  дугаар тал

[13] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 77-78 дугаар тал