Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2014/0042

 

2014 оны 01 сарын 22 өдөр                    Дугаар 42                        Улаанбаатар хот

 

 

 

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Э” ХХК-ийн нэр дээр гаргасан 100 мкв бүхий зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203022133 тоот гэрчилгээний өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... “Э” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхийг хүссэн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэг, холбогдох баримт бичгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн ** хороо, Цагдаагийн гудамж, **/* тоот хаягт орших зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Уг бүртгэлийн хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянан үзэхэд хууль, журмын дагуу хийгдсэн ба хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "... “Э” ХХК нь “Б” ХХК-аас 114 мкв 1 давхар, 3 өрөөтэй махны зоорь, 87 мкв талбайтай зоорь, шаттай 2 давхар, 3 өрөөтэй барилга, 52 м блокон хашаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 800 мкв газрын хамт худалдан авч 2005 оноос хойш ашиглаж байна.

...тус компани шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн холбогдох газруудын зөвшөөрлийг авч хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан.

...Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй, Үндсэн хөрөнгө олж авах тухай Төрийн өмчийн хорооны 2012 оны 687 дугаар тогтоолд тусгагдаагүй асуудлаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 435 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Э” ХХК-ийн нэр дээр гаргасан 100 мкв бүхий зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203022133 тоот гэрчилгээний өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

                    Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн

2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 435 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан СБД-ийн **-р хороо, 100 айл, цагдаагийн гудамж **/* тоот хаягт байрлах 100 м.кв талбай бүхий зоорины зориулалттай эд хөрөнгийн өмчлөгчөөр "Э" ХХК-ийг эрхийн бүртгэлийн Ү-220302243 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, Дээрх хөрөнгийг манай байгууллагаас өмнө Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс "Б" ХХК-иас 2005 оны 8 дугаар сарын 31 өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр дээрх зоорийг зам талбай хашааны хамт 22 сая ( төгрөгөөр худалдан авч 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 22 сая төгрөгийг "Б" ХХК-д төлбөрийг бүрэн төлсөн. Ингэж төлсний дараа "Б" ХХК, "Э" ХХК-д Нийгмийн даатгалын хэлтэст зарсан байсан зоорь, зам талбай, хашааг дахин худалдсан мэт хуурамч гэрээ хийж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна.

2. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдөр "Э" ХХК-иас 64 өрөө бүхий 4 давхар барилгыг 328 сая төгрөгөөр мөн өдрөө "Э" ХХК-иас чулуун зоорь 950м талбай бүхий зам талбай хашааны хамт 22 сая төгрөгөөр бүгд энэ өдөр 350 сая төгрөгөөр барилга байгууламж худалдаж авсан юм. Уг барилга байгууламжийг 2006 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангийн баланст барилга байгууламжийн гүйцэтгэлд 350844200 төгрөгөөр баланст тусгасан. Урд нь 844200 төгрөг нь зөвхөн гараашны үнэ гэж үлдэгдлээр тусгагдсан байсан. Ингээд нийгмийн даатгалын хэлтэс нь барилга байгууламждаа 350444200 төгрөгийн хөрөнгөтэй болсон. Харин балансаа гаргахдаа зоорийг барилга байгууламждаа хамт бүртгэсэн байна.

3. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх уг хөрөнгийг 2009 онд дахин үнэлэхдээ балансын үнээр 560504774 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэд 2005 оны 08 сарын 31 өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийн дагуу авсан 350 сая төгрөгийн хөрөнгийг дахин ингэж үнэлсэн байдаг. Манай байгууллага уг эд хөрөнгүүдийг хүлээж авахад балансын нийт үнэд зоорь, барилга, зам талбай, хашаа зэрэг нь хамт үнэлэгдсэн байсан.

4. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2005 онд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 350 сая төгрөг баталсан байдаг. Энэ үнээр худалдаж авсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж чадаагүй буруу дүгнэлт гаргаж шийдвэрлэж хууль зөрчлөө. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Төрийн өмчийн хорооны 2001 оны 437 дугаар тогтоолоор Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс актлагдсан мах, ногооны зоорийг худалдан авснаа үндэслэн хүсэлт гаргаснаар “Б” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 564 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1750 м.кв газрыг эмнэлгийн үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх үүссэн.

Уг газрын зарим хэсэгт “Б”  ХХК-тай харилцан тохиролцож “Э” XXК эмнэлгийн зориулалттай барилга барьсныгаа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, тухайн өдөр “Б” ХХК мөн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Сүхбаатар дүүрэг ОСГ-ны ** дүгээр хороонд байрлах 54 м.кв талбайтай, 1 давхар 1 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг 950 м.кв талбайтай чулуун зоорь хашаа, зам талбайн хамт 22,0 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Үүний дараа “Б” ХХК нь “Э” ХХК-тай 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Сүхбаатар дүүргийн 1** дүгээр хороонд байрлах 114 м.кв талбайтай 1 давхар 3 өрөөтэй махны зоорь, 87 м.кв талбайтай, зоорь шаттай 2 давхар 3 өрөөтэй барилга, 52 м урт блокон хашаа 800 м.кв газар бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдагч талд шилжүүлэхээр тохиролцжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр “Б” ХХК болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хооронд 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1750 м.кв газрыг бүхэлд нь шилжүүлэхээр тохиролцсон “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцсон байна.

Гуравдагч этгээдээс “шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 876 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороонд орших, нэгж талбарын 3052/0097 дугаар бүхий 471 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” гэх бөгөөд Нийслэлийн газрын албанаас дээрх шийдвэрийг үндэслэн олгосон 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр хүсэлт гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авч маргаан бүхий захиргааны акт буюу “Э” ХХК Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, 100 айл /14171/, Цагдаагийн гудамжны **/* тоотод байршилтай зоорины зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг бүртгэж, гэрчилгээг олгожээ.

Гэтэл “Э” ХХК-д 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх гэрчилгээ олгогдсоноос хойш Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1376 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 948 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Б” ХХК Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1750 м.кв газрыг Засаг даргын захирамжийн дагуу 2001 оноос хойш эзэмшиж байсан, уг газар дээр “Э” ХХК 1476 м.кв талбайтай эмнэлгийн зориулалттай барилга барьсан, барилгыг 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст худалдсан, мөн өдөр “Б” ХХК гэрээ хийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 54 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 950 м.кв чулуун зоорь, хашаа зам талбайн хамт худалдсан, “Б” ХХК-ийн газрын 800 м.кв талбай нь “Э” ХХК-ийн эмнэлгийн барилгын доорх талбай мөн болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005-08-11-ний өдрийн 661 шийдвэрээр “Э” ХХК-иас эмнэлгийн барилгын 800 м.кв талбайн үнэ гэж гаргуулж байснаас харагдаж байна, 950 м.кв газар “Б” ХХК-д үлдсэн байсныг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2008-8-31-нд шилжүүлсэн байна.” гэх дүгнэлтийг хийж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Б” XXК, “Э” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороонд байрлах 1750 м.кв газар эзэмших эрхийг бүртгэхийг Нийслэлийн газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.

Эдгээрээс дүгнэн үзвэл Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмчийн тооллогын бүртгэл, санхүүгийн тайлан баланс, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд шилжүүлсэн барилга байгууламжийн жагсаалтад “зоорь” гэж тусдаа бүртгэгдээгүй ч тухайн зоорины барилгыг өмчлөх болон түүний доорх газрыг эзэмших эрхийн талаар дурдсан этгээдүүдийн хооронд маргаантай байсан бөгөөд шүүхийн дээрх шийдвэрүүдээр “Б” ХХК-д 2001 онд үүссэн 1750 м.кв газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шилжүүлж авсан, хожим Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд албан конторын зориулалттай барилгыг худалдахдаа газар эзэмших эрхийг давхар шилжүүлсэн байна.

Харин зоорины барилгын өмчлөлтэй холбоотой маргаан шүүхээр одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Тиймээс бусдын эзэмшил газарт оршиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг “Э” ХХК-д бий болгосон улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой байх/, 3.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/-д заасан зарчмууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5/ Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана/, 14 дүгээр зүйлийн 14.1.1 /мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол/ дэх заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршиж байгаа газрын эзэмших эрх болон уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр бүртгэлийн байгууллага дахин шинэ акт гаргах нь хуульд нийцнэ гэж үзэн үүнтэй холбогдуулж маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх, дээрх агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ний

өдрийн 435 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, 100 айл /14171/, Цагдаагийн гудамжны **/* тоотод байршилтай зоорины зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2203022133 дугаарт бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь ( заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д

зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд ,( хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.