Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 80

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Д.Амарсанаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хошууд овогт Даваагийн Амарсанаад холбогдох эрүүгийн 201615000238 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 96-36 тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй. улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 09 сард өршөөлөөр суллагдсан, Хошууд овгийн Даваагийн Амарсанаа /РД:ПЭ0090555/.

Шүүгдэгч Д.Амарсанаа нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4-р баг "Баян булгийн ам" гэх газрын хот хоорондын засмал зам дээр 34-22 УБҮ улсын дугаартай Сузуки маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт "Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчиж жолооч О.Мягмардоржийн жолоодож явсан 16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинтай мөргөлдөж 16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Д.Амарсанаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч О.Мягмардоржид 18530000 төгрөг төлж барагдуулсан. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч О.Мягмардоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг орох гээд өөрийн эзэмшлийн 16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинаар өглөө гарч яваад замдаа 14 цагийн үед бие засаад хөдөлгөөнд оролцоод 1 км хүрээгүй явж байтал бага зэргийн тойрог газарт өөдөөс нэг жижиг цагаан машин миний өөдөөс урсгал сөрөөд миний явж байсан эгнээ рүү орж ирэнгүүт нь дуут дохио өгөөд замынхаа баруун гар тал руугаа дараад тойрох үйлдэл хийтэл миний машины хойд дугуй руу мөргөж улмаар машин хажуугаараа унаад дахиж өнхрөөд дугуй нь дээшээ харж тогтсон. Би тухайн үед эрүүл байсан. Огт архи, тамхи хэрэглэдэггүй. Ослын улмаас миний биед гэмтэл учирсан. Бусад зорчигч нар зүгээр байгаа. Би энэ машинаа 2014 оны 04 дүгээр сард бэлэн 28000000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Замын хувьд үзэгдэх орчин сайн, бороо ороогүй өдөр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,

Гэрч Б.Пунцагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос өглөө 06 цаг өнгөрч байхад Лексус-470 маркийн машиныг хөлсөөр авч эхнэр Чанцалдулам, хүү Цэрэнням, жолоочтойгоо 4-үүлээ Говь-Алтай аймгийн Бугат сумын ойн баярт оролцох гээд явж байгаад Нарийнтээл сумын наана нэг тойрог зам тойроод манай машин яг эгнээгээрээ явж байтал өөдөөс нэг жижиг машин бидний явж байсан урсгал руу сөрөөд бараг хөндлөн шахуу ороод ирсэн, бид хөөе болохоо болилоо гэтэл жолооч хүү баруун гар тал руугаа дартал манай машиныг тас хийтэл мөргөөд машин баруун гар тал руугаа унаад 4 дугуй нь дээшээ хараад тогтсон бид буух гэж байтал хаалга онгойхгүй байж байтал гадаа хүн дуугарч хаалга онгойлгож биднийг буулгасан. Тухайн үед зам хуурай, цаг агаарын зүгээс нөлөөлөх зүйл байгаагүй. Манай жолооч Мягмардорж эрүүл жолоо барьж явсан. Тухайн үед толгой өвдөж байсан. Одоо зүгээр байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч Ц.Чанцалдуламын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос өглөө 06 цаг өнгөрч байхад Лексус-470 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машиныг хөлсөөр авч нөхөр Пунцаг, хүү Цэрэнням, жолоочтойгоо 4-үүлээ Говь-Алтай аймгийн Бугат сумын ойн баярт оролцох гээд явж байгаад Нарийнтээл сум руу дөхөж яваад нэг бие засаад хөдлөөд явж байгаад удаагүй нэг жижиг машин бидний явж байсан урсгал руу сөрөөд ороод ирсэн. Жолооч хүү баруун гар тал руугаа дартал манай машиныг тас хийтэл мөргөтөл машин гулгах шиг болоод баруун гар тал руугаа унаад 4 дугуй нь дээшээ хараад тогтсон. Миний дээрээс нэг юм дараад гайгүй болох шиг болж бид буух гэж байтал хаалга онгойхгүй байж байтал гадаа хүн дуугарч хаалга онгойлгож биднийг буулгасан. Би ч буугаад та нар чинь согтуу юм уу гээд баахан загнасан. Цаг агаар сайхан, зам зүгээр байсан. Бидний сууж явсан автомашиныг Мягмардорж гэх хүн жолоодож явсан. Манай жолооч тухайн үед эрүүл байсан. Тухайн үед хавирга, нуруу өвдөж байсан. Одоогоор гайгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Гэрч П.Цэрэннямын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос өглөө 06 цагийн үед Лексус-470 маркийн 16-01 УНЗ улсын дугаартай хар өнгийн автомашиныг хөлсөөр авч аав Пунцаг, ээж Чанцалдулам, жолооч Мягмардоржтой 4-үүлээ Говь-Алтай аймгийн Бугат сумын ойн баярт оролцох гээд явж байгаад Нарийнтээл сум дөхөж явтал нэг жижиг тэрэг өөдөөс урсгал сөрөөд хурдтай орж ирэнгүүт нь хөөе яанаа гэтэл жолооч их хурдтай яваагүй учир баруун гар тал руугаа шахаад гарч амжаагүй байтал манай машиныг мөргөөд машин уналаа гэхийн завдалгүй унасан. Жолооч бид 2 суудлын бүсээ зүүж явсан би бүсээ эхэлж тайлаад гарах гээд гарч чадахгүй байж байтал нөгөө машины хүмүүс ирээд гаргаж өгсөн Та нар яаж байгаа юм бэ гэтэл бид нар унтаж явсан гэсэн, жолооч мөн үүрэглэж унтсан гэж байсан. Зам хуурай, осол болоход цаг агаарын байдал сайхан байсан. Манай машиныг Мягмардорж унаж явсан. Тухайн үед хүзүү жаахан хөшиж байсан. Одоо зүгээр байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад аав, ээж хоёр арын суудал дээр сууж явсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

Гэрч Б.Гансүхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”...Би 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэрийн төрсөн дүү Амарсанаагийн эзэмшлийн 34-22 УБҮ улсын дугаартай, Сузуки маркийн автомашинаар Ховд аймгаас өглөө гараад замдаа шөнийн 03 цаг өнгөрч байхад хээр майхан барьж хоноод жаахан унтаж байтал бороо ороод майхан нэвтэрч ирэхээр нь босоод явцгаая гээд тэндээс хөдөлтөл 07 цаг өнгөрч байсан. Явсаар байгаад замдаа Баянхонгор аймагт хоол идээд хөдлөхөд бараг 13 цаг болж байсан байх. Би жолоочийн хажуу суудалд суугаад унтаад явж байтал нэг түс хийсэн дуу гарахаар нь сэртэл машин юм мөргөөд жолооч тооромз гишгээд зогссон. Би буух гэтэл хаалга хойшоо гүйсэн онгойхгүй байсан болохоор Амарсанаа бууж ирээд хаалга онгойлгож өгсөн. Би буугаад эргээд юу болов гээд хартал ард нэг мащин онхолдсон байсан. Жолооч бид 2 нөгөө машин руу гүйж очоод хаалгыг нь онгойлгож хүмүүсийг нь буулгасан. Тухайн үед зам хуурай, бүрхэгдүү байсан. Манай хадам дүү Амарсанаа жолоо барьж байхдаа эрүүл байсан. Бидний сууж явсан машинд 2 хүүхэд, жолоочтойгоо 5 том хүн, нийт 7 хүн явсан. Ямар нэгэн гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

Гэрч Б.Халзангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би төрсөн хүү Амарсанаагийн жижиг машинаар өөрийн охин, хүргэн хүүхдүүдтэй Ховд аймгаас төрсөн эцгийн газар дээр нь ном уншуулаад Улаанбаатар хот руу буцаж яваад хоол идээгүй явж байгаад Баянхонгор аймагт хоол идээд наашаа засмал замаар явж байгаад хэсэг унтаад өгсөн байсан. Гэнэт пис гээд дуу гарангуут нь сэрээд хартал машинаас утаа гараад цочоод гарч иртэл машин өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн байсан. Амарсанаа эрүүл жолоо барьж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/,

Гэрч Д.Нэргүйн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Бид нар 2 машинаар Ховд аймагт нутагтаа аавын газар дээр очсон юм. Нэг машин ажилтай гээд буцаад явсан. Бид нар нутгийн наадам болж байгаа юм чинь гээд хоцроод 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу буцаад явж байгаад замдаа хонож байтал бороо ороод сэртэл өглөөний 07 цаг болж байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд Баянхонгор аймагт хоол идээд 13 цагийн үед хөдлөөд наашаа 1 цаг орчим явсан байх. Би хэсэг унтсан байсан. Гэнэт хүмүүс орилонгуут нь сэрээд хартал машины урдаас утаа гарч байсан. Дүү урдаас ирсэн машинтай мөргөлдсөн гэхээр нь хартал урд машин байгаагүй. Эргээд хартал нэг машин хойно унасан байсан. Яг тэр үед хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Замын нөхцөл ямар байсан талаар мэдэхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Манай дүү Амарсанаа банкны зээлээр авсан машин байгаа юм. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

Гэрч Д.Амарбаясгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Ховд аймгаас 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гарч замдаа хоноод Баянхонгор аймагт хоол идээд хөдлөөд наашаа засмал замаар явж байгаад би унтаад өгсөн байсан. Гэнэт тас гээд дуу гарангуут нь сэрээд буугаад хартал өөдөөс ирсэн машинтай мөргөлдөөд зогссон байсан. Манай дүү Амарсанаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй. Гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Осол  гарсан шалтгаан нь гэвэл манай дүү үүрэглэсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

Гэрч Ц.Гончигсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Амарсанаа нь манай салбараас зээл аваагүй. Улаанбаатар хотын Сансарын 33-р салбараас хашаа байшин, автомашины 2 төрлийн зээлтэй. . Миний зүгээс Өвөрхангай аймагт уг осол гарсан тул “Хас” банкийг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/,

Шүүгдэгч Д.Амарсанаагийн хэрэг бүртгэлтэнд сэжигтнээр өгсөн: “...Ховд аймгаас 2016 оны 07 дугаар саоын 20 ны өдөр 12 цагт гараад Говь-Алтай аймаг өнгрөөд шөнө 03 цагт хээр унтаад өглөө 06 цаг 40 минутын үед бороо ороод майхан нэвтэрсэн болохоор босоод 11 цагийн үед Баянхонгор аймагт ирж хоол идээд 13 цагийн үед хөдлөөд Нарийнтээл сум өнгөрч яваад машинд сууж явсан хүмүүс бүгд унтаж явсан. Би нүд хорсоод байхаар нь цонхоо хаагаад кондешн тавиад явж байсан. Удалгүй үүргэлсэн юм шиг байгаа юм. Яг машин түс гээд юм мөргөнгүүт нь сэрсэн машин дэр задраад нил утаа болсон. Би буугаад нөгөө талын хаалга онгойлгож ахыг гаргаад эргээд хартал ард машин унасан байсан. Ах бид 2 нөгөө машин дээр очиж хүмүүсийг нь гаргасан. Гадаа бороо ороогүй, хуурай байсан. Би тухайн үед машин жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би уг машиныг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хас” банкны лизингээр авсан юм. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт: 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн “Баян булагийн ам” гэх газрын хот хоорондын засмал зам дээр 34-22 УБҮ улсын дугаартай Сузуки маркийн автомашин жолоодож явсан Д.Амарсанаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”-ыг зөрчиж жолооч О.Мягмардоржийн жолоодож явсан 16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан гэж үзэж актыг тогтоов. /хх-ийн 10-11 хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ "Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 07/38 тоот: Одоогийн зах зээлийн үнэлгээгээр 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2009 оны 01 дүгээр сарын 01-нд Монгол улсад орж ирсэн, Лексус-470 маркийн 16-01 УНЗ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирол 12730000 төгрөг /Арван хоёр сая долоон зуун гучин мянга/ гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23 хуудас/,

Техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаартай: “...16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин жолоодож явсан О.Мягмардорж нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 34-22 УБҮ улсын дугаартай Сузуки маркийн автомашиныг жолоодож явсан Д.Амарсанаа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.Амарсанаа нь ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт "Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно"-ыг, мөн 8 дугаар бүлгийн 8.2 заалт "Эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.Амарсанаагийн буруутай үйлдлээс уг осол гарсан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 52 хуудас/,

Шүүгдэгч Д.Амарсанаагийн хувийн байдлыг тодорхойлсон: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 81/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 577 тоот албан бичиг /хх-ийн 83/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/,

Хохирогч О.Мягмардоржийн шүүхэд ирүүлсэн: “...Д.Амарсанаагаас хохиролд 18530000 төгрөгийг авч хохирлоо бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Амарсанаа бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Д.Амарсанаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19 хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 90, 91 хуудас/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 85-89 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Амарсанаа нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4-р баг  "Баян булгийн ам" гэх газрын хот хоорондын засмал зам дээр 34-22 УБҮ улсын дугаартай Сузуки маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт "Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчиж жолооч О.Мягмардоржийн жолоодож явсан 16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинтай мөргөлдөж 16-01 УНЗ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашинд үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч О.Мягмардоржийн “...бага зэргийн тойрог газарт өөдөөс нэг жижиг цагаан машин миний өөдөөс урсгал сөрөөд миний явж байсан эгнээ рүү орж ирэнгүүт нь дуут дохио өгөөд замынхаа баруун гар тал руугаа дараад тойрох үйлдэл хийтэл миний машины хойд дугуй руу мөргөж улмаар машин хажуугаараа унаад дахиж өнхрөөд дугуй нь дээшээ харж тогтсон...”, /хх-ийн 55/, гэрч Б.Пунцагийн “...Нарийнтээл сумын наана нэг тойрог зам тойроод манай машин яг эгнээгээрээ явж байтал өөдөөс нэг жижиг машин бидний явж байсан урсгал руу сөрөөд бараг хөндлөн шахуу ороод ирсэн, бид хөөе болохоо болилоо гэтэл жолооч хүү баруун гар тал руугаа дартал манай машиныг тас хийтэл мөргөөд машин баруун гар тал руугаа унаад 4 дугуй нь дээшээ хараад тогтсон, бид буух гэж байтал хаалга онгойхгүй байж байтал гадаа хүн дуугарч хаалга онгойлгож биднийг буулгасан...” /хх-ийн 56/, гэрч Ц.Чанцалдуламын “...Нарийнтээл сум руу дөхөж яваад нэг бие засаад хөдлөөд явж байгаад удаагүй нэг жижиг машин бидний явж байсан урсгал руу сөрөөд ороод ирсэн. Жолооч хүү баруун гар тал руугаа дартал манай машиныг тас хийтэл мөргөтөл машин гулгах шиг болоод баруун гар тал руугаа унаад 4 дугуй нь дээшээ хараад тогтсон...” /хх-ийн 57/, гэрч П.Цэрэннямын “...Нарийнтээл сум дөхөж явтал нэг жижиг тэрэг өөдөөс урсгал сөрөөд хурдтай орж ирэнгүүт нь хөөе яанаа гэтэл жолооч их хурдтай яваагүй учир баруун гар тал руугаа шахаад гарч амжаагүй байтал манай машиныг мөргөөд машин уналаа гэхийн завдалгүй унасан. Жолооч бид 2 суудлын бүсээ зүүж явсан, би бүсээ эхэлж тайлаад гарах гээд гарч чадахгүй байж байтал нөгөө машины хүмүүс ирээд гаргаж өгсөн. Та нар яаж байгаа юм бэ гэтэл бид нар унтаж явсан гэсэн, жолооч мөн үүрэглэж унтсан гэж байсан. Зам хуурай, осол болоход цаг агаарын байдал сайхан байсан...” /хх-ийн 58/, гэрч Б.Гансүхийн “...Баянхонгор аймагт хоол идээд хөдлөхөд бараг 13 цаг болж байсан байх. Би жолоочийн хажуу суудалд суугаад унтаад явж байтал нэг түс хийсэн дуу гарахаар нь сэртэл машин юм мөргөөд жолооч тооромз гишгээд зогссон. Би буух гэтэл хаалга хойшоо гүйсэн онгойхгүй байсан болохоор Амарсанаа бууж ирээд хаалга онгойлгож өгсөн. Би буугаад эргээд юу болов гээд хартал ард нэг мащин онхолдсон байсан. Жолооч бид 2 нөгөө машин руу гүйж очоод хаалгыг нь онгойлгож хүмүүсийг нь буулгасан...” /хх-ийн 59/, гэрч Б.Халзангийн “...Би төрсөн хүү Амарсанаагийн жижиг машинаар өөрийн охин, хүргэн хүүхдүүдтэй Ховд аймгаас төрсөн эцгийн газар дээр нь ном уншуулаад Улаанбаатар хот руу буцаж яваад хоол идээгүй явж байгаад Баянхонгор аймагт хоол идээд наашаа засмал замаар явж байгаад хэсэг унтаад өгсөн байсан. Гэнэт пис гээд дуу гарангуут нь сэрээд хартал машинаас утаа гараад цочоод гарч иртэл машин өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн байсан...” /хх-ийн 60/, гэрч Д.Нэргүйн “...Баянхонгор аймагт хоол идээд 13 цагийн үед хөдлөөд наашаа 1 цаг орчим явсан байх. Би хэсэг унтсан байсан. Гэнэт хүмүүс орилонгуут нь сэрээд хартал машины урдаас утаа гарч байсан. Дүү урдаас ирсэн машинтай мөргөлдсөн гэхээр нь хартал урд машин байгаагүй. Эргээд хартал нэг машин хойно унасан байсан...” /хх-ийн 61/, гэрч Д.Амарбаясгалангийн “...Ховд аймгаас 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гарч замдаа хоноод Баянхонгор аймагт хоол идээд хөдлөөд наашаа засмал замаар явж байгаад би унтаад өгсөн байсан. Гэнэт тас гээд дуу гарангуут нь сэрээд буугаад хартал өөдөөс ирсэн машинтай мөргөлдөөд зогссон байсан...” /хх-ийн 62/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч О.Мягмардоржийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 230 тоот шинжээчийн дүгнэлт,  техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 94 тоот дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ "Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 07/38 тоот үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

            Шүүгдэгч Д.Амарсанаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Амарсанаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан,  хохирогч О.Мягмардорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул  Д.Амарсанаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Амарсанаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Мягмардоржид 18530000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт хураагдсан Д.Амарсанаагийн 34-22 УБҮ улсын дугаартай, Сузуки маркийн автомашины 00778705 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн 610903 тоот B,C ангиллын эрхийн үнэмлэх зэргийг Д.Амарсанаад буцаан олгож, Д.Амарсанаагийн эзэмшлийн 34-22 УБҮ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, Сузуки маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хошууд овогт Даваагийн Амарсанааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Хошууд овогт Даваагийн Амарсанаад холбогдох тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Д.Амарсанааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Амарсанаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Мягмардоржид 18530000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Хэрэгт хураагдсан 00778705 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн 610903 тоот B,C ангиллын эрхийн үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Амарсанаад буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Амарсанаагийн эзэмшлийн 34-22 УБҮ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Сузуки маркийн автомшиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

   6. Шүүгдэгч Д.Амарсанаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Амарсанаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ЦЭЦЭГЭЭ