Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 110/ШШ2020/0041

 

           Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.Е, Т.М,  Х.С, Х.С, Х.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Өлгий сумын 1 дүгээр оршин суугч Х.А,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,

            “Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоох” тухай тогтоолын 1 дүгээр тойрог 1 дүгээр багт 3 мандат, 2 дугаар тойрог 2 дугаар багт 4 мандат болгож баталсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мандатын тоог нутаг дэвсгэрийн  хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрийг харгалзан 1 дүгээр тойрог 1 дүгээр багийн мандатын тоог 4 болгож батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүл, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Баян-Өлгий аймгийн Толбо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр тус сумын 1-р баг, 1-р тойргоос сонгогдон ажиллаж байгаа Т.М, Х.Ж, Х.С, Х.С, сумын Ардчилсан намын дарга Н.Е нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А би дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

         Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоосон байна. Сумын багуудыг тойрог болгон байгуулж, мандатын тоог тогтоохдоо 1 дүгээр баг, 1 дүгээр тойргийн мандатын тоог хууль бусаар хасаж, 2-р тойрог, 2 дугаар багт мандатыг тоог нэгээр нэмж хуваарилжээ. Үүнийг нэхэмжлэгчид эс зөвшөөрч, тэдний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд шүүхэд гомдлоо гаргаж байна.

 

        Учир нь,  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тус сумын 1-р баг, 1-р тойргоос сонгогдон ажиллаж байгаа Т.М, Х.Ж, Х.С, Х.С нар нь 1-р тойргоос сумын ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2020 оны орон нутгийн сонгуульд дахин тухайн тойргоос нэр дэвшихээр төлөвлөн, тойрогтоо ажиллаж байгаа болно. Мөн тус сумын тойргоос сумын ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшихээр болж бэлтгэл ажлаа эхлүүлж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажилласан билээ. Гэтэл сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоохдоо ямар ч судалгаагүйгээр, нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзахгүйгээр баталсан нь хууль бус болжээ.

         Үүнээс болж тус тойргоос сумын ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшихээр бэлдэж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тус сумын 1-р баг, 1-р тойргоос сонгогдон ажиллаж байгаа Т.М, Х.Ж, Х.С, Х.С нарын сонгогдох эрх нь зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл 1-р баг, 1-р тойргоос 4 мандат хуваарилах ёстой боловч 3 болгосноор тэдгээрийн аль нэг нь нэр дэвших боломжоо алдах юм.

        Нөгөөтээгүүр, тус багийн иргэдийн Хурал дахь төлөөлөл нь багасгаж, төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө оролцох боломж нь хомстох юм. 2-р баг 2 дугаар тойрогт манай багийн тойргийн нэг мандатыг хасаж, түүнд нэмж олгож байгаа нь үндэслэлгүй байна. Сумын ИТХ-ын дарга М.Науырзбай нь өөрөө 2 дугаар багийн төлөөлөгч байсан тул хувийн ашиг сонирхлын үүднээс, газар нутгийн хэмжээ, хүн амын тоог харгалзахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан.  Түүнээс биш 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь ч, хүн амын тоогоороо ч  1 дүгээр багаас бага юм.        

        Сумын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог хасахаас өмнө тус сумын оршин суугчид, мөн тухайн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчдөд урьдчилж мэдэгдээгүй, тэдний саналыг аваагүй, холбогдох сонсгох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны Ерөнхий хуулийг зөрсөн явдал болжээ.

        Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн  5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно" гэж заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл тухайн тогтоолыг бичгээр гаргаж олон нийтэд мэдээлэхгүй байна.

         Нэхэмжлэгч нар ИТХ-ын ажлын албанд энэхүү тогтоол болон хавсралтыг авахын тулд удаа дараа /5 удаа/ хандсан боловч Хурлын ажлын албанаас "тухайн тогтоол бичгээр гараагүй тул өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг амаар өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолыг 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бичгээр баталж гаргана гэсэн дээрх хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан "захиргааны актыг бичгээр гаргана" гэсэн шаардлагыг зөрчсөн хууль бус акт болжээ.

Иймээс Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-ын Тэргүүлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн "Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоох" тухай тогтоол гаргахдаа 1-р тойрог, 1-р багт 3 мандат, 2-р тойрог, 2-р багт 4 мандат болгож баталсан нь хууль бус болохыг тогтоож, мандатын тоог нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан 1-р тойрог 1 дүгээр багийн мандатын тоог 4 болгож батлахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Мөн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаачлан 1000 иргэн 1 төлөөлөгчтэй байна уу, 500 иргэн 5 төлөөлөгчтэй байна уу, тухайн шударга бус хуваарилсан мандатын тоо тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэдийн эрх ашгийг хөндөхгүй. 1000 хүн 1 төлөөлөгчтэй байж болно, байхгүй байж ч болно, эсхүл тэнцүү төлөөлөгчтэй байж болно гэдэг үүднээс тайлбар хэлж байгаа  нь үндэслэлгүй. Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Ард түмэн тэрхүү эрх мэдлээ төлөөлөгчөөр дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрх нь байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг даган биелүүлэх үүрэгтэй. 2020 оны орон нутгийн сонгуулийг зохицуулахаар 2019 онд Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их хурлаас баталсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заалтыг оруулж өгсөн.

Толбо сумын 1 дүгээр баг, 2 дугаар баг эсвэл Толбо сумын нутаг дэвсгэрийн нэгж тойрог байгуулж, тойрогт ногдох мандатыг тогтоохдоо энэ заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийг давхар зөрчсөн. Үндсэн хуулийг яаж зөрчсөн бэ гэхээр, шүүхэд нэхэмжлэл гаргасан 5 иргэний 4 нь 1 дүгээр багт оршин суудаг. 1 дүгээр багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар байгаа. 1 дүгээр багт оршин суудаг хүмүүсийн тоонд ногдох мандатыг тэгш хуваарилаасай гэж тэдгээр багт оршин сууж байгаа хүмүүс хүсэж байгаа. Яагаад гэвэл, эдгээр хүмүүс газар нутгийн хэмжээнд ногдох хэмжээний мандат бүхий төлөөлөгчтэй байж, төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрх нь нээгдэнэ. Одоогийн байдлаар сонгууль болоогүй ч урьд нь 4 төлөөлөгчтэй байсан баг, 3 төлөөлөгчтэй болчихлоо гэж гомдол гаргаагүй. 3 төлөөлөгчтэй болохоор байна, эрх нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд  зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх ашгийн үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Тиймээс зөрчигдөж болзошгүй эрх ашгийг үүднээс шүүхэд хандсан. Эдгээр хүмүүсийн эрх ашиг яагаад зөрчигдөж байгаа вэ гэхээр, нэгдүгээрт төлөөлөгчийн тоо нь багасгахаар байна. Мөн эдгээр 4 төлөөлөгч иргэдийн төлөөлөгчдийн сонгуулиар 2016-2020 он хүртэл төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа хүмүүс. Ардчилсан намаас тухайн төлөөллийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн сонгогдон төлөөлүүлэх болон төлөөлөх эрх ашгууд нь зөрчигдөхөөр байна. Төлөөлөх эрх ашгийн хувьд нэр бүхий 4 төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа хүмүүсийг дахин нэр дэвшүүлэхээр шийдвэр гаргасан гэсэн намын хорооны даргын шийдвэр байгаа. Намын хорооны дарга ганцаараа шийдвэр гаргахгүй, энэ олонхын шийдвэрээр намын албан бланк, тамгатай тодорхойлолтоо гаргаж өгч байгаа нь цаашид сонгуульд нэр дэвших гэж байгаагаа илэрхийлсэн намын хорооны тамга бүхий албан бичгээр тодорхойлолт гаргаж байгаа.

 4 төлөөлөгч ажиллаж байсан тойргоосоо 1 мандатыг хасчих юм бол 1 нь тухайн намаасаа нэр дэвших боломжгүй болно гэдгийг намын хорооны даргын хувьд тодорхойлсон. Хэргийг хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл байхгүй. 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээ 1 дүгээр багаас бага, мөн ихэнх газарт нь нуур оршдог учраас тухайн нуур байгаа газарт хүн амьдрах боломжгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тайлбартаа:

            Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дор дурдсанаар тогтооно, 10.1.3 сумын Хурал б/2000-9000 хүртэл хүн амтай бол 21...”, 18 дугаар зүйлийн 18.1-т “...Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ...”, 18.1.1.б Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”, 20 дугаар зүйлийн 20.1-т “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ...” гэж заасан юм.

Мөн хуулийн 20.1.2-т “...хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах, үүнтэй холбогдох асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын илтгэл, саналыг хэлэлцэх...”, 20.1.7-д “... хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх...”, 22 дугаар зүйлийн 22.1-т “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” 22.1.4-т “...эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах...”, 22.1.7-д “....Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах...”, 25 дугаар зүйлийн 25.1-т “...Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна...” гэж тус тус хуульчилсан юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий асуудлыг хуралдаанаар хэлэлцэн санал нэгтэйгээр асуудлыг баталж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргасан гэж үзэж байна.

Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд заасан эрхийн хүрээнд уг асуудлыг нухацтай хэлэлцэн тус сумын 2 дугаар багийн иргэдийн саналыг үндэслэн 1 дүгээр багийн мандатын тоог 1-ээр цөөрүүлэн 2 дугаар багийн мандатын тоог 1-ээр нэмсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мандатын тоог тогтоохдоо зөвхөн хүн амын тоо биш, нутаг дэвсгэрийн хэмжээ бас харгалзан үзэх ёстой гэж үзэж байна.

Иймд Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Толбо сумын сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоог тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлага болох Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоох” тухай тогтоолын 1 дүгээр тойрог 1 дүгээр багт 3 мандат, 2 дугаар тойрог 2 дугаар багт 4 мандат болгож баталсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мандатын тоог нутаг дэвсгэрийн  хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрийг харгалзан 1 дүгээр тойрог 1 дүгээр багийн мандатын тоог 4 болгож батлахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас хариу тайлбар болон холбогдох нотлох баримтаа ирүүлсэн байгаа. Нэхэмжлэл гаргаж байгаа Н.Еркежан, Х.Сейт, Т.Майрагүл, Х.Сагымбол, Х.Жанарбек нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан байгаа.

Нэхэмжлэлдээ “сумын багуудыг  тойрог болгон байгуулж, мандатын тоог тогтоохдоо 1 дүгээр тойрог 1 дүгээр багийн мандатын тоог хууль бусаар хасаж, 2 дугаар тойрог, 2 дугаар багт мандатын тоог 1-ээр нэмж хуваарилжээ. Үүнийг нэхэмжлэгчид эс зөвшөөрч, тэдний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд шүүхэд гомдлоо гаргаж байна” гэсэн. 1 дүгээр багаас 1 мандатыг хасаж, 2 дугаар багт шилжүүлснээр нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэлдээ 2020 оны орон нутгийн сонгуульд дахин тухайн тойргоос нэр дэвшихээр төлөвлөн тойрогтоо ажиллаж байгаа” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь мөн адил зохимжгүй.

Тухайн сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдээгүй, тэдний саналыг аваагүй, холбогдох ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн явдал гэж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргахдаа урьдчилж мэдэгдэх, иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа иргэдийн саналыг авах, сонсох ажиллагаа явуулахыг хуулиар зохицуулаагүй. Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хууль 2020 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

 Шүүх ирээдүйг харсан шийдвэр гаргах боломжгүй. Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлээгүй. Эдгээр хүмүүс 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх үү, дэвшүүлэхгүй үү гэдэг нь тодорхойгүй. Энэ хүмүүсийн өмнө сонгогдсон бүрэн эрх нь хэрэгжиж байгаа. Эрхийн актын зөрчилтэй байж болно, түүнийг хуульчийн хувьд үгүйсгэхгүй. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам нэр дэвшүүлнэ. Өнөөдөр эдгээр хүмүүс нэр дэвшээгүй, нэр дэвших үнэмлэх аваагүй. Маргаан бүхий тогтоол гарснаар эдгээр хүмүүсийн ямар эрх ашиг нь зөрчигдөж байгаа вэ, эдгээр хүмүүсийг нам нь нэр дэвшүүлэхгүй бол яах вэ, намын хурлаар нэр дэвшүүлэх асуудал яригдах  ёстой.

Бодит байдалд 10 дугаар сард болох орон нутгийн сонгуульд холбогдуулж, ирээдүйг харсан шийдвэр гаргах боломжгүй. Маргаан бүхий тогтоол гарснаар эдгээр хүмүүсийн ямар нэгэн эрх нь зөрчигдөөгүй. Тийм учраас нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчдээс Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан  Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон нутгийн сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог тогтоох тухай” 24 дүгээр тогтоолын[1] “1 дүгээр тойрог-1 дүгээр багийн нутаг, мандатын тоо-3, 2 дугаар тойрог -2 дугаар багт-4 мандат болгож баталсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мандатын тоог нутаг дэвсгэрийн  хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрийг харгалзан 1 дүгээр тойрог, 1 дүгээр багийн мандатын тоог 4 болгож батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нь хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Еркежан, Х.Сейт, Т.Майрагүл, Х.Сагымбол, Х.Жанарбек, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1 дүгээр багийн хүн амын тоог, газар нутгийн хэмжээг харгалзалгүйгээр мандатын тоог 1-ээр хасаж тогтоосон нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид   нэр дэвших, төрийн байгууллагад сонгогдох, багийн иргэний хувьд төлөөлүүлэх эрх тус тус зөрчигдсөн” гэж тодорхойлсон, хариуцагч талаас “...Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий асуудлыг хэлэлцэн баталж, Тэргүүлэгчид тогтоол гаргасан” гэж тайлбарлажээ.

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т  ”Орон нутгийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр байна”, 11.2-т “ Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана”,  12 дугаар зүйлийн  12.1-т “Тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно”, 12.5-т ”Сумын баг бүр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “сумын Хурал” гэх/-ын сонгуулийн тойрог болно”  гэж сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь, сонгуулийн тойрог байгуулах асуудлыг хуульчилжээ.    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн  20.1.14-т  “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нутаг дэвсгэр  нь тухайн сумын нутаг дэвсгэр байх, сонгуулийн   нутаг дэвсгэрийг   сумын хувьд баг болгоныг сумын Хурлын сонгуулийн тойрог байхаар хуваах, ийнхүү тойрог болгон хуваахдаа тухайн тойргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрэг 4 нөхцөлийг харгалзан үзэх талаар хуульчилжээ.

Хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн  20.1.14-т заасан  “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” буюу   Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дах заалтаар тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд Толбо сумын 6 баг тус бүрийг сумын Хурлын сонгуулийн тойрог болгон байгуулах, тойрог болгонд ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тус тус тогтоох асуудлыг  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж  маргаан бүхий баг буюу 1 дүгээр багийг  1 дүгээр тойрог болгон байгуулж, уг тойрогт ногдох  мандатын тоог 3, 2 дугаар багийг  2 тойрог болгон байгуулж, уг тойрогт ногдох  мандатын тоог 4 болгож баталсан байх ба энэ нь  хуулийн  дээрх заалтуудтай нийцсэн, Тэргүүлэгчид нь  хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж  шүүхээс  үзлээ.

Тодруулбал, 1 дүгээр тойрог  буюу “Хош” багийн  хүн амын тоо 738, үүнээс сонгуулийн насны 443,  нутаг дэвсгэрийн хэмжээ 78979,06 га, 2 дугаар тойрог  буюу “Толбо нуур” багийн хүн амын тоо 621, үүнээс сонгуулийн насны 390, нутаг дэвсгэрийн хэмжээ 66858.92 га болох нь тус тус хэрэгт авагдсан  Толбо сумын багуудын байршлыг харуулсан хилийн заагийн зураг[2], хариуцагчаас  ирүүлсэн 2019 оны хүн ам, өрхийн судалгааг харуулсан хавсралт[3], аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсээс ирүүлсэн Толбо сумын баг бүрийн суурин хүн амын тоог гаргасан хүснэгт[4], аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүн амын тоон мэдээ[5] зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа ба үүнээс  үзэхэд 1 дүгээр баг, 1 тойрог нь хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээний  хувьд 2 дугаар баг, 2 дугаар тойргийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээнээс их болох нь тогтоогдсон, энэ талаар гаргасан нэхэмжлэгчдийн тайлбар үндэслэлтэй  боловч дээрх мандатын тоог тогтоохыг зохицуулсан хуулийн заалтад  хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзахаас гадна  өөр бусад  нөхцөл байдал болох  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгжийн хуваарь, газар нутгийн байршил зэргийг харгалзан үзэх ёстой ба   хариуцагч нь   эдгээр нөхцөл байдлуудыг давхар харгалзаж  шийдвэр гаргасан нь хуралдааны тэмдэглэлээр[6] батлагдаж байх тул хариуцагчдыг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэн буруутгах боломжгүй  байна.

Мөн  хариуцагчаас сумын сонгуулийн тойрогт мандатын тоог хуваарилсан шийдвэр  нь нэр бүхий нэхэмжлэгчдийн нэр дэвших, сонгогдох, төлөөлүүлэх хуульд заасан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, 1 дүгээр баг, 1 дүгээр тойрогт 3 мандат хуваарилсан байдал нь бүх нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагч нарт адил үйлчилсэн, тэгш эрхийн зарчимд нийцсэн шийдвэр бөгөөд  3 мандаттай байсан тохиолдолд ч нэхэмжлэгч  тус бүр нь  нэр дэвших, олонхийн санал авсан тохиолдолд сонгогдох, багийн иргэний хувьд сонгогдсон 3 төлөөлөгчөөрөө төлөөлүүлэх эрх нь нээлттэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллага нь хууль бус шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт,  энэ хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой бөгөөд  эдгээр нөхцөл хангагдаагүй тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар  Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, энэ шийдвэр нь холбогдох хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгчдийн эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй  гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  Н.Еркежан, Т.Майрагүл, Х.Сейт, Х.Сагымбол, Х.Жанарбек нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүлээс Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо тогтоох” тухай тогтоолын 1 дүгээр тойрог 1 дүгээр багт 3 мандат, 2 дугаар тойрог 2 дугаар багт 4 мандат болгож баталсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мандатын тоог нутаг дэвсгэрийн  хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэрийг харгалзан 1 дүгээр тойрог 1 дүгээр багийн мандатын тоог 4 болгож батлахыг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчдийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        З.ГҮЛБАРША

 

 

 

[1] Хэргийн 26 дугаар тал

[2] Хэргийн 39 дүгээр тал

[3] Хэргийн 40, 41 дүгээр тал

[4] Хэргийн 54 дүгээр тал

[5] Хэргийн 22 дугаар тал

[6] Хэргийн 28-30 дугаар тал