Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар  2020/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

   2020        09        16                                     2020/ШЦТ/180

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч В.Батдэлгэр,

 шүүгдэгч *******, нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Сод-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2031002020141 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овогт Ганбаатарын Сод-Эрдэнэ, Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Хүдэр” суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өмнөговь аймагт хувийн уурхайд оператор хийдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн 6-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/МП92060919 /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрчим” нэртэй амралтын газарт 2020 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдан биед нь дээд хоёр шүдний булгаралт, уруулд шарх гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрчим” нэртэй амралтын газарт 2020 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдан биед нь дээд хоёр шүдний булгаралт, уруулд шарх гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулах, гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сод-Эрдэнийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* манай найзыг цохиод өдөөд байхаар нь би боль гэж хэлээд муудалцаж түүнд хөнгөн гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 5,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******ын 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байшин дотор Сод-Эрдэнэтэй би жаахан муудалцаж байсан. Самданжигмэд бид хоёрыг жаахан үгээр идээд байхаар нь би гадагшаа гарах гэж байгаад түүний толгой руу нь араас зөөлхөн хальт гараараа алгадахад, тэр миний өөдөөс босож ирээд бид хоёр байшингаас гараад зодолдсон. Болдоо миний араас хүрч ирээд намайг бооход өөдөөс Сод-Эрдэнэ миний шүд рүү цохиод үүдэн хоёр шүд унасан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч *******ийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Золбаяр “миний шүд уначихлаа” гэхээр нь утасны гэрэл авч ирээд харсан чинь түүний дээд талын хоёр үүдэн шүд уначихсан байсан. Намайг гарахад Аззаяагийн найз Болдоо нь Золбаярын араас боосон байдалтай байсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******гийн 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би зодоон болох үеэр унтаж байсан болохоор хэн нь хэнийг зодсоныг сайн мэдэхгүй байна. Золбаяр, Сод-Эрдэнэ нарын ярианаас л хоорондоо маргалдаж, зодолдсон болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ын 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би архи уухын хувьд уучихсан байсан, гэхдээ өөрийн гэсэн ухаан мэдрэлтэй, өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан юм. Ер нь бол Золбаяр нэлээн согтчихсон байсан байх. Сод-Эрдэнэ, Золбаярыг гараараа л цохисон байх. Тэрнээс тэнд гартаа ямар нэг зүйл бариагүй байсан юм. Сод-Эрдэнэ Золбаярыг олон удаа ч цохиогүй, нэг удаа л цохисон байх. ...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Золбаяр Содоо гэдэг залуутай гэнэт маргалдаад гадагшаа гарцгаасан юм. Гэхдээ би үйл явдлыг сайн харж чадаагүй. Тэгээд намайг гадагшаа гарахад Золбаяр шүд рүүгээ цохиулаад газар суучихсан, Содоо гэдэг өндөр залуу Самданжигмэд Болдоо хоёр нь хорьчихсон зогсож байсан юм. Яг юунаас болж маргалдаж зодолдох болсныг би сайн мэдэхгүй байна. Намайг амралтын байран дотор байхад гадаа орилоон чарлаан болсон. Тэгээд гайхаад гарахад Золбаяр амаа дараад газар суучихсан Содоо гэдэг залууг Болдоо гэдэг залууг Болдоо Самданжигмэд гэдэг хоёр хориод зогсож байхаар нь би Содоо гэдэг залуу нь Золбаярыг цохисон байна гэж ойлгосон юм...” гэх мэдүүлэг[6],

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6399 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. *******ын биед дээд 2 шүдний булгаралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 9. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 11.Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[12], 12. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Сод-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь шүүгдэгчээс хохирол төлбөрт 5,000,000 төгрөг авсан ба гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Сод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сод-ЭрдэнийГ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сод-Эрдэний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******д  анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 09-10 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 14 дүгээр  тал

[7] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[8] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 03 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 42 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 47-48 дугаар  тал